...
...

Т.Мөнх-Алдар: Амьдрах ухаан, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг төрүүлэхийг зорьдог

 Их амралтын үе дуусч хичээл сургууль гээд л нөр их ажлын улирал болох есөн сар айсуй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийг сураглаж хаана, ямар сургуульд оруулах вэ гээд л  хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Иймээс манай сурвалжлах баг дэлхийд ганц гэгддэг Оюун ухааны музейн дэргэдэх “Оюуны оньс” бүрэн дунд сургуулийг зорилоо. Монгол хүний оюун ухаан,  алсын хараа, холч сэтгэлгээ ямар агуу болохыг тус сургуулийн хамт олноос би олж харсан юм.

Ингээд төрөл бүрийн шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулж ойлгуулах их  үйлсэд ханцуй шамлан ажиллаж буй  “Оюуны оньс” бүрэн дунд сургуулийн захирал Т.Мөнх-Алдартай цөөн хором ярилцлаа.

 

-Гадаад хэл,  математик, сэтгэхүй хөгжүүлэх  сургалттай “Оюуны оньс” бүрэн дунд сургуульд суралцах сурагчдын бүртгэл хэдийнээ эхэлсэн байна. Сургуулийнхаа талаарх тодруулгыг манай уншигчдад хүргэхгүй юу?

-Оюун ухааны музейн харъяа “Оюуны оньс” бүрэн дунд сургууль маань энэ жил гурав дахь хичээлийн жилдээ элсэлтээ авч байна. Сургалтын тухайд Монгол хүний ур ухааныг шингээсэн сэтгэхүй хөгжүүлэх үндэсний тоглоом наадгайд тулгуурлагддаг.  Өөрөөр хэлбэл, өөрийн түшиц музейн 26 жилийн хугацаанд бүтээсэн 11 мянга гаруй сэтгэхүй хөгжүүлэх, оньсон тоглоом болон  ардын уламжлалт тоглоом наадам, шатар, ой тогтоолт, цээж бодолт зэрэг бие бялдар,  оюун ухааныг хөгжүүлэх баруун, зүүн тархины дасгалуудтай хослуулан тусгайлан боловсруулсан  нэмэлт хөтөлбөрүүдтэй гэдгээрээ нэлээд онцлогтой.

 

 

-Оюун ухааны музейн харъяа “Оньсхон” цэцэрлэгийн тухайд?

-Манай цэцэрлэг 12 дахь жилдээ  үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн тэргүүний цэцэрлэг. Ой гурван сараас таван нас хүртэлх хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг. Сургуулийн өмнөх насны цөм хөтөлбөрөөс гадна мөн л оньсон тоглоом, ой тогтоолт, шатар даам зэргийг нэмэлтээр ордог. Монгол үндэстний сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадгайгаар  хүүхдийнхээ сэтгэхүйг нь хөгжүүлэхийн тулд манай цэцэрлэгийг эцэг эхчүүд их зорин ирдэг. Бид цэцэрлэгийнхээ нэрэмжит “Оньсон шатар” уралдааныг дүүргийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгаа. Мөн манай хүүхдүүд дүүрэг болон нийслэлээс зохион байгуулагддаг олон уралдаан тэмцээнд өндөр үзүүлэлтүүд үзүүлсэн байдаг.

 

-Танай сургуулийн онцлог, давуу тал?

-Дэлхийд ганц Оюун ухааны Олон улсын музейн харъяа сургууль учир нэлээд онцлогтой.  Үндсэн буюу цөм хөтөлбөрийн хичээлүүд орохоос гадна  Монгол үндэстний оюуны дархлаа болсон сэтгэхүй хөгжүүлэх оньсон тоглоом  болон ардын уламжлалт  бусад тоглоом наадгайг тусгай  хөтөлбөрийн дагуу ордог.  Нэмэлт сургалт буюу “Ардын уламжлалт тоглоом наадам, Сэтгэхүй,ой тогтоолтын хичээлийн сурах бичгүүдээ бид өөрсдөө зохион сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна.  Түүнчлэн сүүлийн хоёр жилд манай сургуулийн хүүхдүүд  улсын,  олон улсын хэмжээний математикийн болон бусад уралдаан тэмцээнд маш амжилттай оролцож байгаа нь бидний ажлын үр дүн юм даа.

 

-Нэмэлт хөтөлбөр гэдгийг тодруулж хэлбэл?

 Оньсон тоглоом, ой тогтоолт, шатар, даам,  гадаад хэл, математикийн гүнзгий, спорт гимнастик гэсэн нэмэлт хичээлүүд үүнд багтдаг.  Бусад сургуулиас манай сургууль бага зэрэг ачаалалтай  гэж хэлж болно. Нэгдүгээр анги нь өглөө  9 цагаас ороод өдөр 14:30 цагт  тардаг жишээний.

Хичээлийн нэг жил дуусахад хүүхэд маань  40-50 төрлийн  оньсон тоглоом эвлүүлж сурсан байдаг.

Мөн арваад төрлийн хөлөгт тоглоом түүнчлэн рубикийн шоо болон спорт өрөлт зэрэг дэлхийн бусад орнуудын сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг тоглож сурсан байдаг. Бид  хичээлийн жилийн дундуур  эцэг эхчүүддээ зориулан дөрвөөс таван удаагийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулдаг. Хүүхдүүд нь яг нүдэн дээр нь илт хөгжиж байгаа учраас  үүнд ч  тэдний зүгээс сэтгэгдэл өндөр байдаг шүү.

 

 

 -Нэмэлт хөтөлбөрүүдийнхээ сурах бичгийг өөрсдөө эрхлэн бэлтгэдэг гэхээр нэлээдгүй судалгаа шинжилгээн дээр үндэслэгддэг болов уу? 

-Тэгэлгүй яахав.  Бид  сурах бичгүүдээ олон хүний  уйгагүй хөдөлмөрөөр бүтэн жилийн  турш бэлтгэн гаргадаг.  

Ардын уламжлалт тоглоом наадгайг хүүхдэдээ ойлгомжтой байлгах үүднээс маш нарийн чимхлүүр ажлууд явагддаг. Жишээ нь бид 108 шагайгаар алаг мэлхийг хэрхэн өрөх зэргийг сурах бичигтээ энэ мэт ойлгомжтойгоор зурагладаг учир “хүүхдийнхээ сурах бичгээс ч гэсэн эцэг эхчүүд маань өөрсдөө их юм сурч байна” гэж байнга хэлдэг юм.        

 

-Оюуны дахин давтагдашгүй бүтээлүүдтэй Монголын үүх түүхийг хадгалсан Оюун ухааны олон улсын музейг түшиглэн  яагаад бүрэн дунд сургууль болон цэцэрлэг байгуулахаар болов?

 Музей маань 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд Монголын анхны хувийн музей юм. Нийт 150 гаруй улс орны оюун ухааны 11000 орчим оюуны дахин давтагдашгүй бүтээл тавигдсан байдаг. Мөн урлагийн бүтээлүүдийг оньсоор хийсэн нь зөвхөн Монголд л байдаг.

Ертөнцийн долоон гайхамшгийг оньсоор хийхээс эхлээд оньсон сансрын хөлөг, оньсон гэр, оньсон хүн, оньсон сүм хийд, байшин барилга гээд гайхамшигт олон бүтээлүүд бий.

Эцэг эхчүүдийн зүгээс  хүүхэд багачууд маань монголын уламжлалт тоглоом наадгайгаа мэдэхгүй байна, мартаад байна. Тийм учраа үүнийгээ нийтийн хүртээл болгоно уу гэдэг хүсэлтүүд бидэнд их ирсэн л дээ. Тэгээд  судалгаа хийсний үндсэн дээр 2005 онд анхныхаа  “Оньсхон”  цэцэрлэгийг, 2009 онд хоёр дахь цэцэрлэгээ байгуулж байсан түүхтэй. Харин 2014 онд “Оюуны оньс” бүрэн дунд сургуулиа байгуулсан.  Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн  хүсэл сонирхол дээр үндэслэгдэж байгуулагдсан  цорын ганц боловсролын байгууллага гэж хэлж болно. Цааш цаашдаа сургуулиа улам өргөжүүлэх болоод олон улсын сургалтыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй бид ажиллаж байна.

-Хичээлийн бус цагаараа бусад сургуулийн хүүхдүүд оньсон тоглоом болон бусад сэтгэхүй хөгжүүлэх сургалтанд нь  суух боломжтой юу?

- Бидэнд яг энэ төрлийн хүсэлтүүд их ирдэг учраас бид сургалт явуулдаг. Хичээлийн гадуур манай багш нар оньсон тоглоом болон хоцрогдол арилгах сургалт, шатрын сургалтуудыг тус тус явуулдаг байгаа.

 -Хүүхдийн хүмүүжилд оньсон тоглоомын ач тус хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлдэг. Хүүхийн оюуны бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг болохыг сэтгэлзүйчид баталсан байдаг. Оньсон тоглоомын тухайд хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлдэг.  Шатар тоглодог хүн олон нүүдлийн цаадахыг хардаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл оньсон тоглоомыг тоглож байхад хүүхэд  бодит зүйлийг олон талаас нь хараад үүнийг яаж эвлүүлэх үү гэж бодсоор байгаад нэгдүгээрт сууж сурдаг. Хоёрдугаарт аливааг олон талаас нь эргэцүүлэн бодож сурдаг. Мөн тэвчээртэй хүн болдог зэрэг давуу талуудыг оньсон тоглоом тоглож  сурснаар  хүүхэд эзэмшдэг.

 

-Гадныхан оньсон тоглоомыг их сонирхдог гэж сонсож байсан л даа?

-Тийм ээ. Бид гайхамшигт үзмэрүүдийнхээ үр дүнд дэлхийн 60 гаруй орны олон улсын чанартай 90 шахам үзэсгэлэн, яармаг, үүний дотор ЮНЕСКО –ийн чуулган, тив дэлхийн найман экспод амжилттай оролцож, олон улсын үзэсгэлэнгийн Гран при, алт, хүрэл медаль, хүндэт жуух гээд олон улсын 10 гаруй шагналаар удаа дараалан шагнагдсан. Тиймээс  музейг үзэх гэж олон орны жуулчид, зочид төлөөлөгчид зорьж ирдэг. Ялангуяа Оросууд их сонирхдог шүү. 2001 оноос хойш манай музей дэлхийн Оньс судлалын академтай хамтран ажиллаж байна.  Тус академийн бага хурал жил болгон дэлхийн аль нэг улсад зохион байгуулагддаг. 2004 онд манай улсад зохион байгуулагдахад  “Монгол улс оньсоороо дэлхийд нэг номерт орсон юм байна аа”  гэж үнэлсэн байдаг.

Яагаад гэхээр Монголын нүүдэлчин соёл  оньсыг үүсгэсэн. Учир нь нүүхийн тулд бүх зүйл нь задардаг байхаас гадна зөөхөд хялбар аргаар загварчлагдсан байдаг. Монгол гэр гэхэд л оньсон барилга.

Тийм болохоор Монголчууд оньсыг амархан ойлгодог, сэтгэхүй нь хөгжсөн ард түмэн байнаа гэж тодорхойлсон байдаг юм.

 

-Та бүхэн  ямар чиглэлийг суралцагчдадаа эрхэм  болгодог вэ?

-Суралцагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж  “Бүтээлч сэтгэлгээ - Амьдрах ухаан” гэсэн уриан дор  тэднийг  “Зөв монгол хүүхэд“ болгон төлөвшүүлэхэд анхаарч сургалт, хөдөлмөр, тоглоом наадгайгаар мэдлэг боловсрол, авьяас билгийг нь нээн эзэмшүүлэх эрхэм зорилготойгоор хичээнгүйлэн ажиллаж байна.  Бид зүгээр нэг цаастай ажиллаад байхаас илүүтэй юмханаар юм хийчихдэг оюунлаг, бүтээлч иргэнийг төрүүлэхийг зорьдог.

 

 

 

 

 

Ярилцсанд баярлалаа

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Хэнээч хамааралгүй өөрөө өөрийгөө аваад я хаач амьдарч чадах ухаан Монгол хүнд байгалаас заясан юм шүү дээ энэ бол Монгол хүний нүүдэлчин нарын цусанд байдаг чадвэр Модоор гэр хийгээд үхэр тэргээ хөтлөөд балар шугуй эзгүй талд ч амьдарах чадвартай хүмүүс бол Монгол хүмүүс Энэ чадвар нь Монгол хүнийг хэт хүлээлтэй тэсвэртэй болгосоноос болоод Төрийн эрх мэдлээ хулгайч нарт өгч байдгаа алдаад ажигүй явуулаж байна

Онцлох мэдээ