Хоёулаа 25 настай аав Дастин, ээж Сиарра нар хоёр хүүтэй юм. Ахыг нь Бью гэдэг бөгөөд гурван настай. Харин түүний дүү 7 сартай Бэнтли Ёодер ховор төрлийн төрөлхийн тархины эвэрхийтэй төржээ.
Хосуудад зүрх шимшрэм мэдээг жирэмсэн үеийн хүйс тодорхойлох эход харсан эмч анх тэдэнд хэлсэн аж.
“Эмчийн хувхай цайсан царайнаас би ямар нэгэн зүйл тохиолдсоныг мэдэрсэн” гэж ээж Сиарра ярьжээ.
Эмч нар 22 долоон хоног эхийнхээ умайд амьд байсан нь гайхамшиг. Гэлээ ч тархины үйл ажиллагаа доголдолтой учир төрлөө ч удалгүй нас барна. Эсвэл тархины дутмагшлаас мэдрэхгүй, өвдөхгүй, сэтгэл хөдлөлгүй хүүхэд төрөх болно. Хамгийн зөв сонголт нь үр хөндөлт гэж эцэг эхэд нь ойлгуулж байв.
Харин аав ээж хоёр нь үр хөндүүлэх тэр орой эмнэлэг рүү явахыг хүссэнгүй.
“Эх хүний зөн совин минь түүнийг амьдарч чадна гэж хэлээд байсан юм. Харин одоо үр хөндөлт хийлгээгүйдээ баярлаад ханахгүй нь. Түүнийг анх хараад ямар их хайр хүрсэн гээч. Тэр хүүхдүүдийн л адил уйлж, тийрч, амьсгаадаж байсан” гэж ээж нь ярьжээ.
Бэнтлиг төрснөөс хойш эцэг эх хоёр нь 36 цаг унтаагүй юм. Учир нь тэд хүүгийнхээ биеийг муудах вий гэж айж байлаа. Бэнтлиг дөрвөн долоо хоног хүртэл тэд ингэж амьдарчээ.

Бэнтлигийн тархийг Бостоны хүүхдийн эмнэлгийн эмч нар 4 сар судалсны эцэст тэдэнд эдгэрэх магадлал байгааг хэлсэн юм.
Хүүгийн тархины эвэрхий улам томорч хагарах аюултай байсан тул цорын ганц сонголт нь хагалгаа хийлгэх байв.
5-р сарын 24-нд 40 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг 3-D модель дээр туршилт хийсний дараа хүүд хагалгаа хийсэн байна.
"Мэс ажилбар нь тархины зөвхөн гадна талаас тайрах хагалгаа биш юм. Бид асар их хүчин чармайлт гаргасан" гэж Проктор эмч ярьсан бол харин Жон Миэра эмч хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүг өсч том болохын хэрээр тархи нь хэвийн болно гэж найдаж байна. Тархины эд эсийн 90 хувь нь гавлаасаа гарсан байсныг аварсан гэсэн юм.
Бэнтли маш саваагүй бас инээмтгий хүүхэд бөгөөд ахтайгаа хамт байх дуртай гэнэ.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn