Японы Хоккайдо арлын ууланд төөрч, зургаан хоногийн турш эрлийн ажиллагааны дүрд олдсон хүү эмнэлгээс гарчээ.
Таноока хүү өнгөрөгч баасан гаригийн өглөө ойд байрлах цэргийн дадлагын овоохойгоос олдсон юм. Түүнийг Хакодатэ хотын эмнэлэгт хүргэжээ.
Сургууль дээрээ байхдаа хүү нь хүний машиныг мод чулуугаар цохиж хэрэг тарьсныг сонсоод ихэд уурссан эцэг хүүгээ машинаас буулгаж шийтгэсэн нь эл явдлын эхлэл болсон юм. Харин эцэг эх нь олон нийтийн жигшил зэвүүцлээс эмээхдээ хүүгээ жимс түүж яваад төөрсөн мэтээр цагдаад мэдүүлсэн байна.
Хаягдсан Таноока гэр бүлийнхнийхээ араас явсан ч зүг чигээ алдан 5 цагийн турш уйлж сульдатлаа алхжээ. Азаар замд нь овоохой таарч давхарлан тавьсан матраасны дундуур шурган унтсан аж. Бяцхан хүү тэндээсээ холдолгүй хүлээхээр шийдсэн нь зөв байлаа. 6 хоногийн хугацаанд багахан ус олж уусан бөгөөд юу ч идээгүй гэнэ.
Хүү шингэний дутагдалд орж, хоёр кг турсан байдалтай /22 кг жинтэй байсан/ олдсон ч дархлаа сайтай байсан нь түүнийг илүү муу зүйлээс хамгаалж чаджээ. Хүүд нисдэг тэрэгний болон зэрлэг амьтдын дуу чимээ зөвхөн сонсогдож байсан гэнэ.
Такаюки Таноока хүүдээ хандан “Аав нь хүүдээ ийм хэцүү зовлон үзүүллээ. Аавыгаа уучлаарай” гэхэд хүү “Та бол сайн аав. Таныг би уучилж байна” гэснийг аав нь телевизээр ярьсан юм.
Энэ явдалд хэрэг үүсгэхгүй гэдгийг цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Харин хүүхэд хамгаалах төвийнхөн хүүд ямар нэг сэтгэцийн эмгэг бий болсон эсэхийг шалгахаар болсон гэнэ.
Харин хүү өчигдөр өглөө эцэг эхийн хамт тус эмнэлгээс гарсан байна. Тэднийг эмнэлгийн эмч, сувилагчид үдэн гаргаж өгөв.
Эмнэлэгт цугласан сэтгүүлчдэд “Би зүгээр ээ. Бэйсбол тогломоор байна” гэж хүү хэлсэн байна.



Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
xerbee xvv vxsen bol ene muu gd bga xvn dyrst uax bcim bol aztai xvv bna teneg etseg gexees oor uy gex be