...
...

Барилгын салбарыг гацаанаас гаргах талаар зөвлөлдлөө

Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын салбарын компаниуд, арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж банкны өр зээл, улсын төсвийн санхүүжилт оройтсон зэргээс үүссэн санхүүгийн хямралыг хэрхэн давах, салбарын зогсонги байдлыг сэргээх талаар санал бодлоо хуваалцсан уулзалт өнөөдөр БХБЯ-ны байранд боллоо. Уулзалтад банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 40 гаруй хүн оролцов.   Өнөөдөр зах зээл дээр 15 мянган борлогдоогүй орон сууц байгаа бөгөөд борлуулалт муу байгаагийн гол шалтгаан нь орлого нь хүрэлцээтэй иргэдийн худалдан авалт ханасан түүнчлэн арилжааны банкууд улс төрийг ажиж сонгууль хараад суучихснаас зээл хумигдчихаад байгаа гэдгийг оролцогчид  уулзалтын үеэр онцлон хэлж байсан юм.

Энэ хүнд үед барилгын компаниудад  арилжааны банк зээл олгохгүй байгаа нь  хямралтай зэрэгцэн бүр хүнд байдалд оруулж байгаа гэдгийг ч мөн хэлж байлаа. Иймд барилгын салбарыг гацаанаас гаргах улмаар эрэлтийг дэмжсэн бодлого явуулахыг салбарын яамнаасаа хүслээ.
 

Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ: Барилын салбар өнөөдөр өрийн гинжин сүлжээнд орсон, эдийн засгийн хямрал  болон төрийн тогтворгүй байдал зэргээс үүдэж энэ салбарт тулгамдсан асуудал  ихээхэн хуримтлагдсан байна. Өнгөрсөн долоо хоногт  би МХАҮТ-д  60 гаруй бизнес эрхлэгчтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтаар бизнес эрхлэгчид  олон асуудлаар санал гомдлоо хэлсэн. Тухайлбал, арилжааны банкууд дээр гол асуудал байна, зээл авахад хүндрэлтэй,  барилгын салбарт зээл олгохгүй  байна.  Мөн арилжааны банктай  олон жил хамтран ажиллаж явсан ч  ажил маань зогсонги байдалд орж өөр банктай хамтрах тохиолдолд заавал гурван сар тогтвортой гүйлгээ хийсэн буюу тогтвортой харилцсан байх ёстой гэсэн нөхцөл шаардлагыг тавьж байна.Мөн "Хөгжлийн банк", "Чингис бонд", "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрөөс  авсан энэ зээлүүд төлөгдөх боломжгүйгээр зогсонги байдалд орж найдваргүй зээлдэгч  болж хувирч байна. Түүнчлэн 0.4 хувийн хүүтэй олгогдсон зээл арилжааны банкууд дээр нэмэгдэж 1.4 хувийн  хүүтэй  болж өсөн арилжааны банкууд  өссөн хувиар биднээс шаарддаг боллоо  гэдэг асуудлууд их яригдсан  л даа.

Гэхдээ бид өнөөдөр хэн нэгэнд буруу  өгөхөөс илүүтэй  хамтран гарц, шийдэл  юу байна вэ гэдгийг  олоход өнөөдрийн уулзалтын гол зорилго оршиж байна.

Барилгын салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээл эдийн засгийн  хямралтай байдалд  жинтэй хувь нэмэр оруулж байгаа учраас  энэ зогсонги байдалд орсон,  эдийн засгийг гацаалтаас гаргахад    өөрсдийн хувиа оруулж байгаа  бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол  нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Иймээс хамтын шийдвэрээр гарц, гаргалгааг олж  цаашлаад төр засагт  хүргэх  мөн Монгол банктай хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд харилцаагаа улам өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлэх ийм л шийдлийг  хайсан уулзалт хийж байна.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Болортуяа: “Барилгын салбар, банкны салбарт хэрэгжиж буй хууль эрх зүйн орчны хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих ямар гарц шийдэл байгааг бид судаллаа. Эрэлтийг дэмжих, борлогдоогүй байгаа

барилгуудын 30 хувийн урьдчилгааг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудалд санал нэгдэж чадлаа.

Иргэдийн дунд 10 хувийн урьдчилгаатай болгох хүлээлт үүсчихсэн байгаа учраас 20 хувийг барилгын компани мөнгөн хэлбэрээр байршуулаад, түүний дараа банк 90 хувийн зээлийг олгож болох гарцыг ярьсан. Гол нь манай мөрдөж байгаа ипотекийн зээлийн ерөнхий журамд энэ асуудал боломжгүй болчихоод байна. Зах зээлд борлогдоогүй 15,000 гаруй барилга байгаа бөгөөд эдний 20 орчим нь хувь нь 80 м.кв-аас том хэмжээтэй юм.

''Кон инженерс''компаний инженер Н.Дудаарий:Хөдөө ногоон хотхон байгуулах сайхан газар нутаг их байна. Хот руу бөөн бөөнөөрөө шавааралдаад байдаг нь харамсалтай.Тиймээс шинэ суурьшлын бүсүүдийг сайн дэмжих хэрэгтэй байна. Энэ асуудал дээр банкуудын бодлого нь  дэд бүтэц гэж яриад байдаг. Энэ бол буруу. Монгол орон маань өргөн уудам ямар гоё нутагтай билээ. Хэсэг хэсгээр нь хотхонууд  бий болгох бүрэн боломжтой ш дээ.

Ган хийц компани: Үнэ тогтворжуулах гэх мэт төслийн зээл авсан ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань борлогдохгүй хашаандаа хэвтэж байна. Эргээд зээлийн хүү төлөлт, хугацаа гээд асуудал болоод байгаа. Зээлийн хугацааг хойшлуулах, хүүг бууруулах ямар боломж байна вэ?

 

Бүти барилгын компаний ерөнхий захирал Г.Батжаргал: Эдийн засаг хямралд орсон энэ үед үйлдвэрлэл зогссон гэдэг нь бүх банкуудад тодорхой. Тухайлбал манай компанийн хувьд Голомт банктай  хамтран ажиллаж ирсэн.  Бид одоо  барилгын материал үйлдвэрлэх ямар ч боломжгүй болоод гацаанд орчихсон байна. Манай Бүти компани төр засгаас явуулж буй бодлогыг дэмжин ажиллаж Буянт-Ухаа 1,2 төслүүд дээр хамтарч ажиллалаа. Гэвч Төрийн орон сууцны корпараци барилгаа хүлээж авсан мөртлөө санхүүжилт хийгдээгүйгээс болж  дараа дараагийн шаталсан хөрөнгүүд дээр зээлүүд гараад ирдэг. Би хоёр үндсэн санааг л хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт,  Хөгжлийн банкны “888”төслийг түр зогсоох  буюу эдийн засгийг сэргэтэл хойшлуулмаар байна. Банкууд бидэнтэй хамтарч ажилладаг нь үнэн л юм чинь гарах гарцуудыг хайгаач ээ.  Бид нар мөнгөө авах ёстой гэсэн л байр сууринаас хандаад байгаа болохоос биш энэ тулгараад байгаад асуудлыг яаж  хамтдаа нийлж хойшлуулах зэрэг компаниудаа дэмжсэн бодлого баримтлахгүй байна.

Заавал хаалгаа тогшуулж орох гээд байдаг, банкууд өөрсдөө компаниудын хаалгыг тогшоод орж ирж  яагаад болдоггүй юм бэ. 

 

 Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Иргэд 10 хувийн урьдчилгаа төлөхөд банкнаас зээл олгох боломж өнөөгийн нөхцөлд байхгүй.

Монголын Ипотекийн Корпорацийн зүгээс 30 хувийн урьдчилгаа төлбөр төлнө гэж шаарддаг.

Барилгын компани 20 хувийг байршуулах асуудал тухайн арилжааны банкнаас хамаарна. Энэ бол тухайн банкны өөрийн эх үүсвэрээс гаргах зээл байна байх.  МИК-ийн стандартын дагуу урьдчилгаа 30 хувь байх ёстой байдаг” гэсэн юм. Арилжааны банкуудын хувьд хадгаламж эзэмшигчийн 15 хувиас дээш хүүтэй зээл олгох боломжтой бөгөөд дүрэм журмынхаа дагуу явах ёстойг барилгын салбарынханд хэлсэн юм.

 

“Очир тэнхлэг” компаний захирал: Д.Цэндмаа: Өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал бол банкнаас  тодорхой хэмжээний зээл авах гэхээр

барилгын компаниудад ямар ч зээл өгөхгүй гэсэн журамтай гэх хариултаар  ам тагладаг.

Юу хийх гээд байгааг нь ч мэдээгүй байж шууд ингэж хэлдэг. Энэ шалтгаанаас үүдэж манай компани өнгөрсөн долдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулсангүй.  Мөн нөгөө талаас тендер шалгаруулалтын талаар яамнаас мэдээлэл авмаар байна. Концессын ажилд жижиг компаниуд орох боломж нөхцөл алга. Тиймээс тендерийн болон концессын хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол  жижиг компаниудын хувьд дээшээ гарч ирэх боломжгүй байна.  Тиймээс энэ асуудлыг яам эргэн  харж үзмээр байна.

 

“Голомт банк” байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал: Орон сууцны 5 хувийн зээл саяхан батлагдлаа. Гэвч энэ нь зах зээлд баригдсан байгаа байрнуудаас маш  цөөхөн хувь нь  л хамрагдахаар байна. Мэдээж банк барилгын компанид зээл олгохгүй гэх ойлголт нь буруу юм.  Та хэдийн маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүн авахгүй бол банк өөрөө бүтээгдэхүүн худалдан авч чадахгүй. Зах зээл дээр ашиглалтанд бүрэн орсон, гэрчилгээ нь гарсан бэлэн орон сууц маш  их байна. Гэвч худалдан авагчдын зүгээс урьдчилгаа төлбөр дээр асуудал үүсээд гацаад байна. Үүнийгээ дагаад  барилгын компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй, банкны зээл төлөлт төлөгдөхгүй, эргүүлээд банкууд зээлээ олгохгүй гацаанд орчихоод байна. Тиймээс худалдан авагч нартай л маш сайн нийлж бодлогоо гаргах нь зүйтэй юм.

Арилжааны банк бол дайсан, барилгын компани сайн тал гэх биш бид  нэг завин дээр сууж байгаа нэг баг.

 

NCD group Б.Хүрэлхүү: Бодит худалдан авах чадвар дээр эрэлтийг бий болгох асуудал байна. Өөрөөр хэлбэл зарагдаагүй үлдсэн, илүүдэлтэй орон сууцнууд  их байгаа.  Өнгөрсөн жилээс хойш яригдсан урьдчилгаа 10 хувь болно мөн 5 хувийн зээл олгож эхэлнэ гэх сургаар иргэдийн дунд хүлээлт бий болсон.  Үүнээс үүдэж бодит худалдан авах чадварт эрэлтийг яаж бий болгох вэ гэдэг  бодлогыг  бид гаргах хэрэгтэй.  Эрэлт бий болоод худалдан авалт хэрвээ сайжирвал барилгын компанийн борлуулалт сайжрах мөн дагаад зээлээ төлнө,  эргээд барилгын материал үйлдвэрлэгч компаниудын ажил зогсохгүй явах боломжтой. Ихэнх барилгын компаниуд арилжааны банкуудад зээлтэй байгаа.  Барилга  бол зээл, худалдан авагчийн санхүүжилт болон компанийн өөрийн  санхүүжилт гэсэн гурван зүйлээс тогтдог.  Гэтэл өнөөдөр барилгын компаниудад хүндээр тусаж байгаа асуудал бол  банкуудаас авсан хүүтэй зээлийн дарамт байна. Үүнийг банкуудын холбооны зүгээс  компаниудад боломж олгох байдлаар хугацааг нь  сунгах асуудлыг ярилцаж өгөөч гэж хүсмээр байна.

Ямартаа ч яамны зүгээс урьдчилгаа төлбөрөөс гадна таван хувийн зээлийн шинэ суурьшлын бүсийг тогтоох, цаашлаад борлогдоогүй байгаа байруудыг оролцуулах асуудлыг дэвшүүлэн тавихаар болжээ.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ