Аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн салбар, түүний хөгжил байдаг. Тиймдээ ч бусад улс орнууд дотоодын үйлдвэрлэгч нараа түлхүү анхаарч, Дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгоход нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг.
Монгол Улсын үйлдвэржүүлэлтийн түүхэн хөгжлийг дараах үе шатуудад хуваан үзэж болох юм. Үүнд :
- 1921-1960 он: Үндэсний үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж Мал аж ахуй- Хөдөө аж ахуй-Аж үйлдвэрийн орон болсон үе.
- 1960-1990 он: Үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлж аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг хэрэгжүүлэх үе.
- 1990 оноос хойш: Зах зээлд шилжих шилжилт, үйлдвэржүүлэлтийн хямрал, үйлдвэржүүлэлтийг сэргээх бодлого, төлөвлөлтийн он жилүүд.
Эдгээр түүхэн хөгжлийг сийрүүлэн үзүүлбэл:
- 1924 онд Аж ахуйн яам байгуулж үүндээ улс орны эдийн засгийг хөгжүүлэн удирдах үүрэг, аж үйлдвэрийн асуудлыг давхар хариуцуулсан байна.
- 1930-аад он хүртэл модны үйлдвэр, шохой тоосгоны завод, дизель цахилгаан станц, төмрийн завод, ноос угаах механикжсан фабрик зэрэг үйлдвэр, газруудыг шинээр байгуулсан нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх анхны гараа болсон гэж хэлж болно.
- 1921-1940-өөд онуудад улсын үйлдвэрийн газруудыг өргөтгөх, шинээр байгуулах, хөдөө орон нутагт хоршоолсон гар үйлдвэрүүдийг олноор бий болгон бэхжүүлэх, хувийн гар урлалыг дэмжих бодлого явуулсны зэрэгцээ гар үйлдвэрийн ерөнхий хороо байгуулж, дээрх үйлдвэрүүдэд төр засгаас зээллэг олгох, тэднийг албан татвараас хөнгөлөх зэргээр эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлж байсан байна.
- 1929 оны 6 сард Зөвлөлт-Монголын хоорондын харилцааны үндсэн зарчмуудын талаар хэлэлцээр байгуулсан нь түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хэлэлцээрээр Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ЗХУ-аас тусламж үзүүлэх, геологи хайгуулын ажил явуулахаар тохиролцож, манай улсын аж үйлдвэрийн анхны цогцолбор болох Аж үйлдвэрийн комбинатыг асар богино хугацаанд барьж 1934 онд ашиглалтанд оруулсан нь Монголд хөнгөн аж үйлдвэр үүсэж хөгжих үндэс нь болсон юм.
- 1940-өөд оны аж үйлдвэрийн хөгжилд төмөр зам, авто машины сайжруулсан зам чухал түлхэц болсон ба уул уурхайн аж үйлдвэрийн салбар анх бүрэлдэж бий болсон байна. Зөвлөлтийн тусламжтайгаар өнгөт металл, гянт болд, жонш, газрын тос олборлох уурхай, баяжуулах үйлдвэрүүд шинээр бий болсон байна.
- Түлш-эрчим хүчний баазыг бэхжүүлэх талаар нэлээд амжилт олсноор цахилгаан дамжуулах шугам сүлжээг өргөтгөн үйлдвэрүүд болон уул уурхайн хүнд хүчир гар ажиллагааг механикжуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсон ба хөдөө орон нутагт нүүрсний уурхайнуудыг түшиглэн жижиг оврын цахилгаан станцуудыг байгуулсан байна. Мөн хүнсний аж үйлдвэрийг хурдацтай хөгжүүлж аж үйлдвэрийн биеэ даасан салбар болгон өөрчилжээ.
Аж үйлдвэрлэлийн салбарыг ерөнхийд нь хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр гэж хуваан үзэж болох юм.
Хүнд үйлдвэрийн салбарт: Химийн, уул уурхайн машины,үйлдвэрлэлийг багтаан үзэж болно. Манай улсын хувьд энэ салбарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Багануурын уурхай, Налайхын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон газрууд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол-Оросын хамтран байгуулсан анхны уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан тус үйлдвэр нь Австралийн “Бейтмэн Инженеринг”, “Пэсифик Оур Техноложи”, Их Британийн “Брүк Хант”, АНУ-ын “Фелпс Дож” корпораци, “Кей-Ди Инженеринг” компани, Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч компаниудтай хамтран ажилладаг байна. “Эрдэнэт” үйлдвэр жилд 25 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
Хөнгөн үйлдвэрийн салбарт: Оёдол, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл багтах ба манай улсын хувьд “Арьс ширний үйлдвэр”, “Эрдэнэт” хивсний үйлдвэр, “Улаанбаатар хивс”, Дарханы нэхийний үйлдвэр, ноос ноолуурын “Говь” компани зэрэг томоохон газрууд бий.
“Говь” ХКомпани нь үйлдвэрийнхээ техникт шинэчлэл хийж, Япон улсын Shima Seiki фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат сүлжих машин 20, Италийн Complett фирмийн холбож оёх машинуудыг суурилуулж, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 1000 гаруй өнгийн ноолуураар орчин үеийн загвар дизайнтай сайн чанарын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа манай тэргүүлэгч компанийн нэг юм.
Хүнсний үйлдвэрийн салбарт: Манай улсад 1400 гаруй хүнсний үйлдвэр байдаг гэсэн тооцоо бий. Үүний дотор дотооддоо төдийгүй гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээрээ танигдсан үйлдвэрлэгч компаниуд цөөнгүй бий. Тухайлбал, "АПУ" ХХК, “Спирт бал бурам” ХК, Германы технологиор ундаа, жүүс үйлдвэрлэгч “Витсамо” компани, “Витафит” компани, “Сүү” ХК, “Атар Өргөө”, Өгөөж ХКомпаниуд юм.
Манай улсын хэмжээнд 50 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс дотоодын томоохон үйлдвэрүүд дангаараа улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрсээр нэлээд хугацааг үджээ. Нэг хэсэг улс "уул уурхай л жинхэнэ баялаг, Монголыг хөгжүүлнэ" хэмээн үндэсний үйлдвэрлэгч нараа нэг хэсэг хаясан. Харин баялгийн зөв хуваарилалтгүйгээс болж уул уурхайгаасаа ашиг олох нь бүү хэл бөөн өрөнд орж дууссан. Харин энэ жилийн хурал цуглаан, чуулганаар "аж үйлдвэр л жинхэнэ улсын төсвийг бүрдүүлэх баялаг юм байна" гэх хандлага бий болжээ. Оройтсон ухаарал бүү байгаасай хэмээн найдна. Өдий олон жил төрд байдгаа өгөөд барчихсан үндэсний үйлдвэрлэгч нартаа саалийн үнээндээ ханддаг шигээ өвс тэжээлийг нь хэзээ нэг ахиухан өгдөг болох юм бол доо. Хэрэглээнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан орон өнөөдөр хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас авч байна. Дэлхий нийтийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүх хэрэглээгээ дотоодоосоо авч байсан бол мөнгөний хомсдолд орох аюул ч нүүрлэхгүй байх байлаа.
Үүн дээр "гутлаар" жишээ татъя л даа.
Дэлхий дээр жилд 25 тэрбум гутал үйлдвэрлэгддэг. Үүний 50 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэдэг ажээ.
Харин 25 тэрбумын тал буюу 12,5 тэрбум гутлын ердөө 10 хүрэхгүй хувь нь л арьсан гутал байдаг гэх. Ингэж бодохоор манай улс руу БНХАУ-аас арьсан гутал орж ирдэг гэх ямар ч магадлал байхгүй болж байгаа юм. Мэдээж 10 хүрэхгүй хувиар арьсан гутал үйлдвэрлэчихээд жижиг зах зээлтэй манайх шиг улс руу биш, худалдан авагчийн чадвар өндөр, гадны зах зээл рүү гаргах нь ойлгомжтой шүү дээ. Хэдий хэр үнэтэй байх нь ч ойлгомжтой. Харин манай улсын зах, худалдааны төвүүдээр 80-150 мянган төгрөгийн үнэтэй Хятадын "арьсан" гэх тодотголтой гутал худалдаалагддаг. Арьс ч гэж дээ, үнэндээ цэвэр арьс огт биш шүү дээ. Түүнийг манай улсын иргэдийн талаас илүү хувь нь худалдаж авч өмсдөг. Урд хөршөөс бараа оруулж ирэхдээ татвар төлдөг иргэд ч цөөн биз. Хэдийгээр ар гэрээ тэжээх гэж яваа ч Монгол төгрөгийг огт чанаргүй гутал, бараагаар сольж оруулж ирж байгаагаа хэчнээн хүн ойлгодог бол. Нөгөө талаар хэрэв үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилладаг төртэйсөн бол ийм асуудал аль эрт алга болж болох байлаа. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг зах, худалдааны төв, арай дөнгүүр гэж нэрлэгддэг 3, 4-р хорооллын дэлгүүрүүдээр ч дан Хятад бараа зардаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Харин тэр Хятад гутлын оронд яг тийм үнээр Монгол цэвэр арьсан гутлаа авч өмсөж яагаад болохгүй гэж. Төр засаг нь үндэсний хэдэн үйлдвэрлэгч нараа анхаардаггүй юм бол жирийн иргэнээсээ л өөрчлөгдвөл ямар вэ. Та хонон өнжин, ядарч зүдэрч олсон хэдэн төгрөгөө Хятадын зах зээл рүү биш Монголдоо үлдээнэ гэдэг ирээдүйн хөгжлийн эх байж болох юм. Эцэст нь та үндэсний үйлдвэрлэгч нарынхаа лангуугаар нэг өндийгөөд үзээрэй.
Б.Энх-Уянга
www.breakinnews.mn
Больж больж
Uchigdur tohiroond hvrch chadaagvi ychiraas Ebe nobshiin hiij bga ajil.
Ойлгомжтой одоо ажилаа эхлэж байгаан байна