Монголын сэтгүүл зүйн салбарт 85 нас хүртлээ ажиллаж яваа СГЗ, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмээ гуайг мэдэхгүй, танихгүй хүн Монголд байхгүй. Тэрээр Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 103 жилийн ойн үеэр “Алтан өргөмжлөл” хүртсэн юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.
-Сайн байна уу? Амбасэлмаа гуай, танд Цагаан сарын болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Мөн Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ой тохиож байгаад бас баяр хүргэе. Өнөөдөр та “Алтан өргөмжлөл” хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцна уу?
-Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 103 жилийн ойн тохиож буй өнгөтэй сайхан жилийн гэрэлтэй энэ өдөр бол Монгол Улсын хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжиж байгаагийн маш тод гэгээн түүхт өдөр гэж ойлгож байна. Энэхүү 103 жилийн ойн бараг талд нь шахуу ажиллаж байна. Ингэж ажиллахдаа радио, телевиз, сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зэвсгээр бичих оролдлого хийж явсныг минь үнэлж, хүндэлж “Алтан” өргөмжлөлийг гардуулсанд маш их баяртай байна. Миний хувьд нас өдөр болсон ч гэсэн энэ байгууллагын сэтгүүл зүйн хөдөлмөрт өчүүхэн бие, сэтгэлээ зориулсаар байх болно гэж амлалт, үүрэг өгч байна.
-Та энэ олон жил, насаараа сэтгүүлзүйн салбарт сэтгэл зүрхээ зориулж явсан ахмад сэтгүүлч. Монголын сэтгүүлчдэд хандаж мэргэжлийн ур чадварын юунд нь анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна вэ?
-Юуны өмнө уншигч, үзэгч, сонсогчидтой уулзаж явдаг сэтгүүлчид ард түмний сэтгэл, оюуныг мэдэрч явдаг байх ёстой. Тэр тусмаа малчдын хотол хонин дунд нь, үйлдвэрийн машины дэргэд нь, хаана бол хаана тэдэнтэй хамт байж, ажил хөдөлмөрийн амт шимт, арга ухаан, тэр их оюуны сан хөмрөгөөс суралцаж явах нь сэтгүүлч бидний ажлын амин сүнс юм гэж боддог. Би хэдийгээр өндөр настай ч уулзаж байгаа хүмүүсээс суралцаж ч явдаг. Тэмдэглэлээ хөтлөсөөр байдаг. Тэд бол бидний хөдөлмөрийг үнэд төдийгүй амт оруулдаг. Сэтгүүлч та бүхэндээ, залуу уран бүтээлчдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Их амжилт хүсье.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Huduunii muusain alban haagchid, malchdyg mun ch ih zovooj baisan hun shuu