...
...

Малчид өвөлжөөгөө өмчлөх нь зөв үү?

   Сүүлийн үед  бэлчээрийг малчдад эзэмшүүлж, өвөлжөө, хаваржааг нь өмчлүүлэх асуудал хэдэнтээ сөхөгдөж ирсэн. Малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газраа өмчилж авах сонирхолтой ч бэлчээрийг нийтийн эзэмшил хэлбэрээр үнэгүйгээр ашиглах сонирхол нь давамгайлдаг байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 180 мянган малчин өрх байдаг бөгөөд тэд  өвөлжөө, хаваржаагаа өмчилнө гэж үзвэл кадастрын зураглалыг гаргахгүйгээр шийдэх нь эргээд хүндрэл үүсгэх талтай гэх болгоомжлол бий гэнэ. Мөн түүнчлэн  Улсын хэмжээнд 5268 лиценз олгогдсоноос 4205 хайгуулын, ашиглалтын 1063 лиценз байдаг бөгөөд нйит 265 суманд лиценз олгогджээ. Энэ нь малчдын бэлчээрт  ашигт малтмал олборлогчид халдах болсон нэг хэлбэр юм.  Зөвхөн Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 шахам хувь нь лицензтэй учир  малчдын хувьд хэзээ малаа бэлчээрлэх газаргүй болж хөөгдөх бол гэж түгшиж суудаг бололтой. Өнөөдрийн байдлаар тус аймагт 10870 өвөлжөө, хаваржаа байгаагийн 8089 нь 566,23 га газарт эзэмших гэрчилгээ авчээ. Энэ нь өвөлжөө, хаваржааг гэрчилгээжүүлэх ажил 70 гаруй хувьтай байна гэсэн үг. Дунджаар 5949 малчин арилжааны гурван банкинд мал, өвөлжөө, хаваржааны газраа барьцаалан 16421,6 сая төгрөгийн зээл авсан байна. Үүнээс гадна Хаан банкны өрөнд нийт малын 40 гаруй хувь буюу 20 гаруй сая мал байдаг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд Ховд аймгийн Дуут сум 3000, Дарви сум 2000 малаа өрөндөө туулгах дээрээ тулж байсан.  

Эерэг ба  сөрөг тал

Саяхан Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ  малчдын өвөлжөө, хаваржааны газрыг бүртгэлжүүлэх ажил эхлүүлсэн байна. Малчдын өвөлжөө хаваржааны газрыг бүртгэлжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосноор малчдын ниймийн асуудлыг шийдэхэд түлхэц болох сайн талтай. Гэвч сөрөг тал нь малчид Хаан банкны өрөнд  малаа тушаадаг  байдлаасаа салахын тулд өөрөөр хэлбэл өр, зээлээ хаахын тулд  өмчилж авсан  өвөлжөөгөө  үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тавьж  эхлэнэ.  Түүгээр ч зогсохгүй  уул, уурхайн лицензтэй эздэд өндөр үнээр худалдах  боломжийг ч алдахгүйг хичээнэ. Ингэснээр лицензтэй гадаадын иргэд тэр битгий хэл мянгат малчин болох шахаж буй Хятад иргэдийн өмчлөлд  очих магадлал бүр ч ихсэх нь  гарцаагүй юм. Үүнийг аль эрт олж харсан БНХАУ-ын  "Чингис хаан" кинонд Эзэн хааны дүрийг бүтээсэн Өвөрмонголын жүжигчин Баасан:   “Малчдад газрыг нь өмчлүүлснээс болж малчид хэдэн бор цаасаар уул уурхайн компаниуд болон хятадуудад газраа алдаад малаа бэлчээх газаргүй болж байна”  гэж анхааруулан хэлж байсан билээ.  Өвөрмонголын малчдын газарт тариачид нь шунаж, зодолдож  буй талаар мэдээлэл ч гарч байсныг санаж байгаа байх.  Одоо малчид газраа банкинд барьцаанд тавиад эхэлнэ. Дараа нь зээлээ төлж чадахгүй алдана. Банк хэнийх вэ?  Тэгээд ч  банкны эзэд дандаа  гадных байдаг гээд эдгээр үйл явц бүгд  уялдаад ирлээ.

УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлд “Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг эзэмших эрхийг зохион байгуулалтад орсон малчдын холбоо нөхөрлөлд нэг удаа үнэгүй олгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээрийн газрыг тодорхой болзол гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгжид нэг удаа үнэгүй эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны бэлчээрийг эзэмшүүлэхдээ Засгийн газраас баталсан журмаар зохицуулж байхаар тусгасан аж. Өвөлжөө, хаваржаагаа  малчид  өмчлөх эрх зөв болов ч  хэдий хэмжээний газрыг зөвшөөрөх, нэг өвөлжөөн дээр ах дүү гээд хоёроос гурван өрх байгаа тохиолдолд хэнд  өвөлжөөг  өмчлүүлэх,  ямар нэгэн зээлийн барьцаанд хураагдах тохиолдолд яах вэ, уул уурхайн лицензтэй ойрхон байвал гэх зэрэг маргаантай асуудал их бий тул тэр бүгдийг зохицуулсан хуулийг  сайн судлаж байж шийдэх байх гэж УИХ-д  найдна.  

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Дугтуй

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Улаанбаатар хотод газар өмчлүүснээс болж хот доторшавааралдсан, нар хаасан, баас, шээстэй булангуудтай байшин гэхэд хэцүү орон сууцнууд чихэлдээд босоод ирсэн шүү дээ. Хөдөө малчдад газар өмчлүүлбэл хятад тариачид орж ирээд удахгүй хар тамхи тариалах биз....

Онцлох мэдээ