...
...

Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импорт нэмэгдэх боломж бүрдэж байгаа

Монгол Улсын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байгаа талаар “Улаанбаатар Төмөр Зам”-ын дарга Х.Хэрлэнгээс тодруулж асуулаа.


-Та Монгол улсын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэгэн хэсэг УБТЗ-ын даргаар томилогдоод дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа товч танилцуулахгүй юү?

-Тиймээ, “Улаанбаатар төмөр зам” ХНН бол яах аргагүй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Намайг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр ажлаа хүлээж авахад БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн  боомтоор хагас болон битүү вагонтой ачааг  хүлээж авахаа зогсоож, зөвхөн чингэлэгт ачаа авахаар шийдвэрлэсний улмаас галт тэрэг солилцоо багассан, экспортын ачааны хэмжээ үлэмж хэмжээгээр буурсан хүнд үе таарсан.

Байдал хэвийн үед Хятадын талтай хоногт 14 хос галт тэрэг хүлээлцдэг байсан бол тухайн үед хоногт дөнгөж найман хос галт тэрэг хүлээлгэн өгдөг болтлоо багасаад байсан. Үүнээс шалтгаалан УБТЗ-ын тээврийн орлого тасарч, санхүүгийн эрсдэлд орсон хүнд үе байлаа. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бодлогын шинжтэй дараах дөрвөн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрлээ. Үүнд:

Нэгдүгээрт: Ажлаа аваад хамгийн түрүүнд миний анхаарлыг татсан асуудал бол Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны байдал байсан. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд өртөө нь хоногт 20 хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай байхад Хятадын төмөр замын Эрээн өртөөний нэвтрүүлэх хүчин чадал ердөө л 14 хос галт тэрэг байна. Бидний зүгээс Монгол Улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд олон жил саад, шалтгаан болж байгаа тус асуудал буюу Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замыг өргөтгөн шинэчлэх ажлыг шийдэж өгөхийг “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ын дарга Дай Хунд тавьсан. Улмаар Хятадын төмөр замын зүгээс бидний хүсэлтийг хүлээж авч Эрээн өртөөний өргөн, нарийн царигийн парк тус бүрт хүлээн авч, явуулах таван замыг уртасгах, хүлээн авч, явуулах тус бүр нэг зам шинээр барих, цаашлаад Эрээн-Жинин өртөө хоорондын замд таван шинэ зөрлөг барих, нэг зөрлөгийг өргөтгөхөөр шийдвэрлэж Хятад нөхдүүд маань бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэхүү томоохон ажлыг энэ оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг хятадын тал бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү бидний олон жил хүсэн хүлээсэн Эрээн өртөөний галт тэрэг солилцоо, тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадал нэмэгдсэнээр  Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудал техникийн хувьд шийдэгдэж Замын-Үүд боомтоор нэвтрэх Монгол Улсын экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм.

Хоёрдугаарт: Мөн Монгол Улсын хойд хил болох Сүхбаатар-Наушки хилийн боомтод дээрхтэй төстэй асуудал бий. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 14 хос галт тэрэг байхад Оросын төмөр замын Наушки өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 10 хос галт тэрэг байгаа. Энэ оны хоёрдугаар сард ОХУ-д ажиллах үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров болон тус нийгэмлэгийн удирдах нөхдүүдтэй уулзаж ярилцан, хүсэлт тавьж харилцан ойлголцсоны үр дүнд олон жил шийдвэрлэж чадаагүй Наушки хилийн өртөө болон Наушки-Улаан-Үүд хоорондын замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлэхээр шийдүүлж чадлаа. Энэ ажил хийгдсэнээр Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10-14 болж нэмэгдсэнээр Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ огцом өсөх боломжтой болно.

Гуравдугаарт: Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд шийдсэн өөр нэг чухал асуудал бол УБТЗ-ыг санхүүгийн хүндрэлд хүргэж байгаа тээврийн тарифын алдагдлыг багасгах, улмаар ашигтай болгох чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд 11 төрлийн ачааны тээврийн тарифыг индексжүүлэхээр боллоо. Ингэснээр УБТЗ-ын санхүүгийн алдагдал жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгөөр буурах боломж бүрдэж байна.

Дөрөвдүгээрт: УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, манай төмөр замчид төдийгүй Монголын ард түмний 30 гаруй жил мөрөөдөж ирсэн гол замынхаа хажуугаар хоёрдогч зам барьж хос замтай болох ажлыг эхлүүлж байна. Энэ жил хос замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож Замын-Үүд-Шаргын овоо хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг эхлүүлсэн. Одоо зураг, төсөв бэлэн болоод байна. Энэ ажлыг бид өөрсдийн 100 хувийн хүч хөрөнгөөр хийнэ. Цаашдаа хос зам барих ажил эрчимтэй үргэлжлэх болно.

Дээрх дөрвөн томоохон ажлуудыг зохион байгуулж, шийдвэрлэснээс гадна манай төмөр замчид энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа Замын-Үүд боомтын хилийн “0” цэгээс чингэлэг татан авч, бүс нутгийн ложистикийн төвд төвлөрүүлэн ачаа хүлээн авагч нарт олгох, тээвэрлэх нийгмийн өмнө тулгамдсан, хариуцлагатай ажилд идэвхтэй оролцож байна. 

-Та ажлаа хүлээж аваад дөрвөн сарын дотор бодлогын шинжтэй, өргөн цар хүрээтэй маш чухал ажлуудыг хийж эхлүүлжээ. Цаашдаа УБТЗ-д хийгдэх техникийн шинэчлэлт, хийхээр төлөвлөж байгаа бусад ажлаасаа танилцуулахгүй юү?

-Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрчимтэй өсөж байгаа өнөө үед УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм. Япон улсаас 1990-2000 онд Монгол Улсад олгосон Мон-П1, Мон-П2 зээл, зээлийн хүү, алдангийн асуудлыг шийдэхийн тулд УБТЗ ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар хоёр талаас хөрөнгө оруулах саналыг манай Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт тавьсан. Тус санал ОХУ-ын талаас дэмжигдэж оросын талаас УБТЗ-д хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор гол замын зүтгүүр, ачааны хагас болон тавцант вагон нийлүүлэхээр болсон.

Мэдээж үүний зэрэгцээ одоо байгаа замынхаа шинэчлэл, засварын ажлыг тогтмол эрчимтэй явуулах болно. Нэмж хэлэхэд ОХУ-ын нутгаар Монголын ачааны вагонуудыг аялуулах асуудлыг “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагуудтай ярилцаж байна. Энэ асуудлыг шийдсэнээр манай үндэсний компаниуд экспорт, импортын ачаагаа тус улсын Алс Дорнод дахь боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн КОВИД-19 цар тахлын үед хоёр жил гаруй хугацаанд аялаагүй байсан. Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн зорчиг­чийн галт тэргийг аялуулж эхлүүлэх тухай Оросын талтай зөвшилцсөн бөгөөд удахгүй энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. УБТЗ-ын тухайд зорчигчийн галт тэрэг аялалд гарах бэлтгэлээ бүрэн хангасан байгаа.

Б.МӨРӨН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ