...
...

Д.Ганбат: Нийтээрээ латин үсэг рүү орвол яасан юм бэ

УИХ-ын чуулган эхэллээ. Долоо хоног бүрийн Баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар цөөнхийн бүлгийн сонирхсон сэдвээр Ерөнхий сайд болон, Засгийн газрын сайд нар мэдээлэл өгдөг билээ.

Энэ долоо хоногт “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Манай ард түмэн эрхэм баян эрдэм ном дээдэлдэг. Гэтэл сүүлийн 10 гаруй жилд боловсролын асуудал хүнд болсон. Нэг сайд гарч ирээд шавь төвтэй боловсрол гээл явсан. Дараа нь нэг сайд гарч ирээд кембриж гэж байснаа үнэтэй юм байна гээд больсон. Л.Энх-Амгалан сайдыг овоо юм хийнэ гэж харж байсан ч нэг шийдвэр тань таалагдаагүй. Хувийн сургуулийн хувьсах зардлыг хассан үйлдэлтэй санал нийлэхгүй байна. Боловсролыг үнэтэй, чанартай байлгах хэрэгтэй. Монгол хүүхэд шиг ачаалалтай хүүхэд байхгүй. Монгол бичиг, латин үсэг, кирилл үсэг гэх мэт олон зүйл сурна. Монгол Улсын хоёр дахь хэл Англи хэл болно гэж нэг хэсэг явсан. Одоо нийтээрээ латин үсэг рүү орсон зөв юм биш үү. Цахим хөгжил, цахим сургалт гээд яриад байх юм. 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-10 сар болж байна. Энэ хугацаанд Боловсролын баг хуулийг өргөн барьсан. Хуулийг Ардын намын хууль, Ардчилсан намын хууль гэж ярьж болохгүй. С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь гэх мэт АН-ын гишүүд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хуулийг өргөн барихын өмнө АН-ын бүлгийн хурал дээр орж мэдээлэл өгч байсан. 

Өнөөдөр сугалаа сугалж хүүхдээ цэцэрлэгт өгч байсан. Тиймээс таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж, чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох ёстой. Багшаа сургадаг, цалин, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ тогтолцоонд хөгжүүлэх нь чухал юм. Хамгийн бага цалинтай хүмүүсээс хамгийн өндөр үр дүн нэхэх хэцүү. Сургууль цэцэрлэгийн томилгоо хэт улстөрөөс хамааралтай байгаа. Архангайд хүүхдээ зодсон багшаас эхлээд багш нарын ёс зүйн асуудал гардаг ч Боловсролын яам бол шүдгүй арслантай адил байгаа. Энэ бүхнийг Боловсролын багц хуулиар шийдэж өгөх юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ