...
...

Б.Очирхуяг: МУИС-ийн нэрийг хууль бусаар ашиглаж байгааг нотолсон эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсан

Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хооронд үүссэн нэрийн маргаан иргэдийг төөрөгдүүлж, асуудал дагуулаад байгаа билээ. Эл асуудлаар МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуягтай ярилцлаа.


-Сүүлийн үед эцэг, эхчүүд болон оюутнуудыг төөрөгдүүлж, тэр хэрээр хариулт нэхэж байгаа маргаан бол хоёр сургуулийн МУИС, МҮИС гэх нэршил болоод байна. Энэ маргаан яг хэзээнээс эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Цахим болон зарим хэвлэлээр МУИС, МҮИС-тай холбоотой мэдээлэл цацагдаж, тэр хэрээр иргэдийг төөрөгдүүлж байгаа нь үнэн. МУИС-ийн хувьд өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Холбогдох дүрэм журмын хүрээнд асуудлыг шийдэхийг зорьж, маргаанд цэг тавихын төлөө ажиллаж ирлээ. Энэ ч утгаараа үүсээд байгаа маргаан, асуудалд тодорхой хариулт, байр суурийг илэрхийлэх нь зөв байх. Өөрөөр хэлбэл, иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй юм. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л мэдээлэл явлаа. Хамгийн гол нь, огт үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл их байна. Тухайн нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2013 онд Монголын үндэсний их сургууль /МҮИС/ гэх нэрийг авч үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж байна. МУИС-ийн зүгээс 2016 онд нэрийн асуудлаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр 2017 онд гарсан. Энэ шийдвэрийн талаар илтэд худал мэдээлэл их гарч байна даа.

-Хэд хоногийн өмнө Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн зүгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Та тэр мэдээллийг сонссон, үзсэн биз дээ?

-Тийм ээ.

-Хоёр сургуулийн хоорондох нэрийн маргаан шүүхээр шийдэгдсэн гэх утгатай зүйлийг ярьсан. Өөрөөр хэлбэл, танайх шүүх дээр ялагдчихсан юм биш үү. Тэдний өгсөн мэдээлэл хэр бодитой вэ?

-Монголын үндэсний их сургууль худал, ташаа мэдээлэл өгсөн. Хэвлэлийн бага хурлынхаа үеэр уг асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэгдсэн гэх зүйлийг ярьж байна лээ. Нэрийн оноолт, давхцал байхгүй гэх утгатай мэдээллийг хэлж байна билээ. Тухайн сургуулийн өмгөөлөгч гэх хүн нь тэгж ярьж байсан. Өмгөөлөгч хүн ийм илт ташаа, худал ярьж, мэдээлэл түгээж болохгүй л дээ.

-Яг ямар шийдвэр гарсан юм бэ. Эсвэл маргаан одоог хүртэл эцэслэгдээгүй, шүүхийн шатандаа яваа юм уу?

-Манайхаас 2016 оны арван хоёрдугаар сард нэрийн асуудлаар шүүхэд хандсан. Харин шүүхийн шийдвэр нь 2017 оны гуравдугаар сард гарсан. Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн нэр болон МҮИС гэсэн нэр давхцаагүй гэсэн шүүхийн шийдвэр огт гараагүй. Харин уг асуудалтай холбоотойгоор хуулийн дагуу маргаан үүсгэх хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан юм. Нэрийн давхцал бий эсэх талаар шүүх хуралдаан болоогүй, харин энэ асуудлыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан.

-Тэгэхээр хоёр сургуулийн хооронд үүссэн маргаан шүүх дээр эцэслэгдээгүй болж таарах нь ээ?

-Тийм ээ, энэ маргаан шүүхийн шатанд эцэслэгдээгүй. Шийдвэрийг нь та бүхэнд харуулж болно.

-Та бид хоёрын яриа зөвхөн баримтад тулгуурлагдаж яригдах ёстой. Та санал нийлнэ биз дээ?

-Санал нэг байна. Холбогдох бүх баримтыг танд өгнө.

-Оюуны өмчийн газарт хандаж үзсэн үү. Хэрэв хандсан бол хэзээ. Тэд яг ямар хариулт өгөв?

-УБЕГ-аас анх нэр өгөхдөө давхардуулахгүй байх ёстой, үүрэгтэй. Энэ тухай холбогдох хуульд тодорхой заасан байгаа. Энэ бол тэдний ажил нь юм. Харин гадаад нэр, барааны тэмдэгтийн тал дээр Оюуны өмчийн газар шийдвэр гаргах эрхтэй байгууллага. Монгол Улсын их сургууль /МУИС/ бол 17 төрлийн барааны тэмдэгт эзэмших эрхтэй, эзэмшдэг. Энэ дунд Монгол Улсын их сургууль гэсэн нэрээс гадна одоо яригдаж, асуудал дагуулаад буй MNU гэдэг товчлол, Mongolian National University гэсэн дэлгэрэнгүй хувилбар зэрэг нь Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн оюуны өмч юм.

-Тэгэхээр Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийнхан танай нэрийг зээлж, хууль бус хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэсэн үг үү?

-Яг тийм. Манай талаас өнгөрсөн оны есдүгээр сард дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулах хүсэлт гаргасны нэг нь Оюуны өмчийн газарт хандсан хүсэлт юм. Бид өнгөрсөн оны долоодугаар сард Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст гомдол гаргасан байдаг. Учир нь, манай сургуулийн 2012 онд авсан Англи нэрийн товчлол болон дэлгэрэнгүй нэрийг Монголын Үндэсний их сургууль хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн тул гомдол гаргасан.

-Та бүхний гомдолд ямар хариу ирүүлсэн бэ?

-Манай гомдлын дагуу Оюуны өмчийн газраас шалгасан байдаг. МҮИС-ийн ашиглаж буй MNU болон Mongolian National University гэсэн нэр нь Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн оюуны өмч мөн болохыг баталсан. Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр манайд хариу мэдэгдсэн. Тэр хариуд "Монгол Улсын их сургууль нь MNU нэр товчлол болон тэмдэгтийг эзэмшиж байна. Харин Монголын үндэсний их сургууль нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь тогтоогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулиар торгох шийдвэрийг оногдуулж байна" гэдгийг тодотгосон байсан. Нэг үгээр хэлбэл, MNU гэх нэр товчлол нь Монгол Улсын их сургуулийн оюуны өмч болохыг тогтоосон байдаг. Гэтэл Монголын үндэсний их сургууль манай сургуулийн нэр, товчлол, барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүй, хууль бусаар хэрэглэж, ашиглаж байна гэж ойлгож болно.

-Танайд өнгөрсөн оны аравдугаар сард яг дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан бичиг ирсэн байдаг. Тэнд яг юу гэж бичсэн байдаг юм бэ?

-Бидний зүгээс Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/ гэх асуудал дээр улсын, үндэсний гэдэг нэр томьёо, хэлцийн хувьд ямар утгатай вэ гэдгийг шинжлэх ухааны түвшинд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Энэ бол үндсэндээ Монгол хэлтэй холбоотой үг, үсгийн талаар албан ёсны тайлбар хийдэг газар нь гэж ойлгож болно. Бид өнгөрсөн оны есдүгээр сард асуудлыг хөндөж тавьсан. Улсын, үндэсний гэх үгийн утга агуулгыг тодорхой болгосон гэх үү дээ.

Бидэнд 2020 оны аравдугаар сарын 13-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас албан ёсны хариуг ирүүлсэн. Тэрхүү албан ёсны тайлбарт улсын, үндэсний гэх үгс хоорондоо утга агуулга ижил байна гэж үзсэн. Энэ хоёр үг бие биенээ төлөөлнө гэж тайлбарласан байдаг. Англи хэлний тайлбар дээр хүртэл нэг утгыг илэрхийлж байна гэдгийг тодотгосон байсан. Улсын, үндэсний гэдэг нь ижил болж таарч байгаа юм. Дээр нь, МУИС, МҮИС гэдэг нь үг бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй гэдгийг тайлбарласан. Хуульд зааснаар ижил төстэй гэж андуурагдах нөхцөл байдал хэлэгдэхээр үг зүйн үгс гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан, түүнийгээ ч албан бичигтээ дурдсан байдаг.

-Бас ШӨХТГ-т хандсан байдаг. Тэдний зүгээс Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль тавьсан гэдгийг сонсож байлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өрсөлдөөний тухай хуулийг үндэслэж ШӨХТГ-т хандсан, асуудлыг хөндөж тавьсан нь үнэн. Нэрийг оноож өгөхдөө хэд, хэдэн хуулийг зөрчсөн. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан юм. Гомдлын хариуг 2020 оны тавдугаар сард ирүүлсэн.

-Ямар хариу ирүүлсэн байдаг юм бэ?

-ШӨХТГ-аас МУИС, МҮИС гэх товчилсон үг нь ижил төстэй байна гэж үзсэн. Оюуны өмчийн газраас олгосон бараа, тэмдэгтийг МУИС эзэмшиж байгаа нь үнэн болно, Өрсөлдөөний тухай хуульд зааснаар "Бусдын шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны тэмдэгтийг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлахыг хориглоно" гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн.

-Өнгөрсөн хугацаанд оюутнуудын дунд Монгол үндэсний их сургууль /МҮИС/-ийг Монгол Улсын их сургууль /МУИС/-тай андуурч элссэн тохиолдол гарч байсан уу?

-Гарч байсан, нуух зүйлгүй. Манайх руу орох гэж байгаад андуураад Монголын үндэсний их сургууль руу орчихлоо гэж эцэг, эхчүүд хүртэл ирж л байсан. Ийм тохиолдол цөөнгүй бий шүү. Дээр нь, энгийн нэг жишээ хэлье. Аливаа их, дээд сургуулиуд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийг зайлшгүй хийлгэдэг. Үүний тулд байгууллагын магадлан итгэмжлэлийн тайланг тухайн байгууллага өөрсдөө хийж Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүргүүлж, энэ зөвлөлөөс шинжээч томилж, үйл ажиллагааг нь үнэлдэг. Дүгнэлт гаргадаг.

Энэ жилийн хувьд Монголын Үндэсний их сургууль тайлангаа явуулсан. Тэр тайлан дээр олон улсад манай сургууль 11986-д эрэмбэлэгдэж байна гэжээ. Тухайн тайландаа өгсөн сайт нь манай сургуулийн сайт байдаг, хайлтаар нь гарч ирдэг. Харин тайланд үнэлгээ хийсэн шинжээчид “Хайлтын системд өгөгдсөн линкээр хайлт хийж үзэхэд МУИС-ийн албан ёсны сайт гарч ирж байна” гэх дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний их сургууль манай сургуулийн нэрийг хууль бусаар эзэмшиж, дараа нь манай цахим сайтыг ашиглан олон улсад эрэмбэлэгдэж байна гэсэн үг. Үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж яриад байгаа юм. Энэ мэт яриад байвал олон зүйл бий.

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийг луйвар хийж байна, нэрээ буцааж авна гэж мэдэгдсэн. Сургууль нь ч тэр, сайд нь ч тэр нэгнээ шүүхэд өгч байх шиг байна. Хамгийн гол асуулт. Одоо цаашид яах вэ. Гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ. Энэ маргаанд хэрхэн цэг тавих вэ, хэзээ дуусах асуудал вэ?

-Маш энгийнээр хэлэхэд Улсын бүртгэлээс бүртгэлд засвар хийх шаардлагатай, цуцлах ёстой. Хоёрдугаарт, улсын болон үндэсний гэх нэрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж, бодлогын түвшинд зохицуулалт хийх ёстой. Энэ бол зөвхөн ганц сургуулийн асуудал биш юм аа. Цаана чинь үндэсний гэх тодотголтой хэд, хэдэн сургууль байна шүү дээ. Төрийн шийдвэр хэрэгтэй л гэж хэлэх байна.

-Хэр хугацаа шаардагдах бол оо?

-Тэр хугацааг хэлэх боломжгүй. Энэ тодорхой түвшинд засагдах ёстой юу гэвэл засагдах ёстой. Улсын, үндэсний гэдэг нэрийг хэн, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг төрөөс зохицуулж өгөх шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ