...
...

Гавьяат эмч Б.Эрдэнэбилэг: Хараа муутай хүн эргээд ертөнцийг тодоор харах шиг сайхан зүйл үгүй

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, нүдний эмч Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагаа “Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж явдаг” хэмээн эхлүүлсэн юм.


 

– Та өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдсандаа туйлын их баярлаж байна даа. Энэ бол миний гэр бүл, хамт олны хамтын үр дүн гэж бодож байна. Эмнэлгийн эмч, ажилчид нойр хоолоо мартаж, идэвх зүтгэлтэй, мэргэжилдээ үнэнч ажиллаж, ард иргэдээ хамгаалж байгаад талархаад баршгүй.

-Анх нүдний нарийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? Яагаад заавал нүдний эмчээр ажиллах болов?

-Би сургуулиа 1978 онд төгсөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 6 жил ажилласан. Тэр үеэс нүдний нарийн мэргэжлийн эмчээр ажиллахаар шийдэж, өдгөө 43 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа хурдан өнгөрдөг юм байна. Би одоог хүртэл нүдний эмч болоход асар их нөлөө үзүүлсэн багш нартаа баярлаж явдаг. Мөн миний гэр бүлийн хүн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон, хувийн хэвшлийн эмч, ажилчид бүгдэд нь маш их талархаж явдаг. Нутгийн олондоо аз жаргал, эрүүл энхийг хүсье.

-Эмчийн мэргэжлийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

-Хүнийг эмчилнэ, эрүүл болгоно гэдэг бол эмч хүний гол зорилго байдаг. Өвчиндөө шаналсан, ядарсан хүмүүст эрүүл энхийг авчирч, баяр баясгаланг бэлэглэж байдаг тийм сайхан мэргэжил. Би үүгээрээ үргэлж бахархаж явдаг. Хараа муутай хүн эргээд ертөнцийг тод, томруунаар харах шиг сайхан зүйл үгүй. Энэ бол тэр хүнд маш том аз жаргал. Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж, талархаж явдаг даа.

Нүд бол бүгдийг тольдох мэлмий. Тэр ч утгаараа маш эмзэг эрхтэн. Монгол Улсад нүдний үзлэг, оношилгооны салбар харьцангуй сайн хөгжиж байгаад эмч хүнийхээ хувьд баярлаж явдаг. Сүүлийн үед гадаад, дотоодод энэ чиглэлээр төгссөн залуучууд олширч, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь сайшаалтай. Анх сургуулиа төгсөөд нүдний эмчилгээ оношилгооны талаар өөрийнхөө чадах чинээгээр бүх зүйлийг судалж, сурч байсан. Одоо бол тэр үетэй харьцуулшгүй сайхан болсон байна.

– Нүд бол маш чухал эрхтэн. Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд дэлгэцийн хамааралтай болох, хараа муудах асуудал харьцангуй их боллоо. Эмч хүний хувьд үүн дээр зөвөлгөө өгөхгүй юу?

-Бид интернэт, ухаалаг гар утас, техник технологийн эрин үед амьдарч бана. Үүнтэй холбогдуулан хүүхдийн нүдний хараа муудах явдал маш их боллоо. Байнгын ойрын хараатай, цаг наргүй утас ширтэх нь хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүсийн нүднй хараа нь муудах гол хүчин зүйл болж байна. Үүнээс сэргийлэхийн тулд харааны эрүүл ахуй ялангуяа тодорхой хугацаанд утастай харьцах, эцэг эхчүүд анхаарах зэрэг анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ