...
...

С.Зоригийн хэрэг ЗАДАРЧ, хэргийг ДАХИН ШАЛГАХААР боллоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ оноосон байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд уг хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдал болон прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ. Хэргийн зарим материал төрийн нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулж, шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргаж, суллах шийдвэрийг гаргасан байна. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр давхан ял сонссон тул тэрхүү ялын хугацааг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн гэх тодотголтой хэрэг задарч, хэргийг дахин шалгахаар болж байна. 

Батлан даалтад гарч, суллагдахаар болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд ял оноосон. Түүнчлэн улстөрчдийн зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг захиалгаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр ял оноосон хэр нь захиалагчийг нь олж тогтоогоогүй гэх шүүмжлэлийг хэлж байгаа юм. 

Тиймдээ ч энэ долоо хоногийн эхээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой асуудлаар ам нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж "мэдэгдсэн" бол Хотын дарга асан Э.Бат-Үүл эсрэгээрээ Ц.Нямдоржийг С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой гэж мэдэгдээд байгаа билээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ