...
...

Гэр бүлийн хүрээнд ч олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ "Халдвар Баянзүрх дүүрэгт голомтлон гарч байна. ЗӨСҮТ-ийн баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна. Тусгай дугаарын долоон утсанд иргэдээ хүлээн авч, зөвлөгөө өгч байгаа" гэлээ.

Мөн хөрш ОХУ-ын өвчлөлийн талаар анхааруулж, хил залгаа Тува, Буриад улс, Өвөр Байгаль, Алтайн бүгд найрамдах улсад халдвар байнга нэмэгдэх хандлагатай байгаа учраас эдгээр улстай хил залгаа аймгийн ард иргэд сонор сэрэмжтэй байж, хилийн ойр орчмоор явахгүй, гэртээ байх хэрэгтэйг хэлэв.

БНСУ-д халдвар тасралтгүй нэмэгдэж, 24 цагийн хугацаанд 1062 хүн халдвар авсан нь хамгийн олон халдвар илэрсэн өдөр байжээ. Тус улсын Өвчин судлалын төвийнхөн "Олон хүнийг цуглуулсан, бөөгнөрсөн үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбоотойгоор халдвар голомтлон тархаж байна. Сүмийн цуглаанд нийлж дуулах, үдэшлэг хийх, хүмүүс хоорондоо амттан хувааж идэх зэргээр өвчлөл нэмэгдэж байна" гэжээ. 

Манай улсад ч шинэ жилийн баяр ёслолыг хамтран хийнэ, зуслангийн байр түрээсэлж хийнэ гэсэн зар явж байгаа учир эдгээрийг хийхэд халдвар их тархдаг гэдгийг дэлхий дахины тохиолдлууд харуулж байгааг санаж, ухаалаг хандахыг ЭМЯ-наас зөвлөж байна. АНУ-д халдвар ихээр тархаж байгаа нь амны хаалт бага зүүж, олон нийтийг цуглуулсан хурал цуглаан хийж байгаатай холбоотой аж. Тус улсад гэр бүлээрээ олноор цуглах нь мөн халдвар голомтлон тархахад хүргэжээ. Шүлсний дуслууд агаарт байж, агаар дусал, амьсгалын замаар халдвар тархаж байгаа учир өвчлөл буурахгүй байна.

Өвчлөлийг бууруулах үндсэн энгийн зүйл бол гадаад, дотоод орчинд зай барих, дотоод орчинд ч амны хаалт зүүх, дугаарлаж зогсохдоо тэмдэглэгээ хийсэн газарт зогсох, ойр бөөгнөрөхгүй байх, хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлэх юм. Халдвар голомтлон тархаж байгаа энэ эгзэгтэй үед зай барихгүй бол халдварыг даван туулахад хэцүү болно гэлээ. Дэлгүүр, олон нийтийн газраар орохдоо бээлий өмсөж явах, хүний гар хүрч, бохирддог зүйлсийг цэвэрлэж байх хэрэгтэйг ЭМЯ дахин анхааруулав. Мөн өвдсөн нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байж, сэтгэл санаагаа тайван байлгах, дархлаагаа дэмжих, сайн унтаж амрах, хоол ундаа сайн идэж уух нь чухал юм. Коронавирус эдгэрдэг өвчин учир өвдсөн, хавьтал болсон хүмүүсээс сэжиглэх бус өөрийгөө хамгаалж, зай барин, амны хаалтаа зүүх нь чухал байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ