...
...

Б.Батхуяг: Хүүхдийг унтуулж байгаад шинжилгээнд оруулах нь хариу зөв гарахад нөлөөлдөг

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч Б.Батхуягтай хүүхдийн MRI буюу соронзон үелзүүрт томографи шинжилгээний талаар ярилцлаа.


-Анагаах ухаанд MRI буюу соронзон үелзүүрт томографи нь өвчнийг нарийн түвшинд илрүүлдэг чухал шинжилгээний нэг гэгддэг. Шинжилгээний тухай товчхон тайлбарлаж өгнө үү?

-MRI шинжилгээг ихэвчлэн хавдрын болон мэдрэлийн эмгэг түүнчлэн гэмтлийг илрүүлж оношлох зорилгоор хийдэг. Толгойны гэмтэл, ясны гэмтэл зэргийг тоймчилж компьютероор хардаг. MRI нь нарийвчилсан байдлаар эдийн түвшинд шинжилдэг. Жишээлбэл, хавдрыг илрүүлэх, хавдрын үе шатыг тодорхой харуулдаг.

-Танай эмнэлэг хүүхдийг унтуулсны дараа соронзон үелзүүрт томографийн шинжилгээнд оруулдаг болсон гэсэн. Ингэж шинжилгээ өгөх нь ямар давуу талтай вэ?

-Төлөвлөгөөний дагуу болон яаралтай үед MRI шинжилгээ авч байна. Хүүхдийг аль ч нөхцөлд унтуулгатайгаар шинжилгээнд хамруулж байгаа. Яагаад хүүхдийг унтуулдаг вэ гэхээр энэ шинжилгээгээр нэг эрхтнийг харахад л ойролцоогоор 30 минутаас нэг цагийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд хүүхэд ямар нэг хөдөлгөөн хийснээр шинжилгээний хариу буруу гарах эрсдэлтэй байдаг. Түүнчлэн MRI шинжилгээг өндөр дуу чимээнд, хүчтэй соронзон долгион ялгарч байхад хийдэг учраас хүүхдийг унтуулсны дараа хийвэл илүү тохиромжтой.

-Нэг цаг хөдөлгөөнгүй шинжилгээнд орно гэвэл хүүхдийн хувьд аргагүй хэцүү юм байна?

-Тийм ээ. Жишээлбэл, толгойны MRI зураг авахад дунджаар 40 минут болдог. Зураг авч байх явцад хавдар зэрэг өөрчлөлт харагдах юм бол дахин лавшруулж үзнэ. Энэ тохиолдолд хугацаа сунгагдана гэсэн үг. Зургийг дандаа хэсэгчилсэн байдлаар авна. Толгойн зураг дангаараа, дөрвөн мөчний зураг дангаараа, нурууг хүзүү, сээр гээд нарийвчилж авдаг. Тэгэхээр аль түвшинд авах шаардлагатайг заавал эмчээр оношлуулаарай. Зарим эцэг, эх дур мэдэн хүүхдийнхээ зургийг авахуулъя гэдэг нь маш буруу. Жишээлбэл, хүүхэд ор болон мориноос унаж гэмтсэн тохиолдолд дур мэдэн шинжилгээнд орохоор ирдэг.

-Тэгвэл унтуулахгүйгээр шинжилгээ авдаг газрууд байдаг гэсэн үг үү?

-Зарим тохиолдолд ухаангүй байгаа хүүхдийг шууд шинжилгээнд оруулдаг. Дөрвөөс дээш насны эцэг, эхийнхээ үгийг сайн сонсдог томоотой хүүхдүүд хөдөлгөөнгүй хэвтэж чаддаг. Ер нь шинжилгээнд орохдоо багадаа 30 минут хөдөлгөөнгүй хэвтэх ёстой.

-Унтуулгаа яаж хийдэг вэ?

-Хагалгаанд хэрэглэдэг унтуулах бодисын тариаг хүүхдийн судас руу хийдэг. Уналт, таталтын эсрэг эм уудаг хүүхдүүд нойрсуулагч эмэндээ дасал болсон байдаг учраас арай их тун ордог талтай. Тариаг их тунгаар хийх тохиолдолд амьсгал зогсох эрсдэл бий. Иймээс тунгаа зөв тохируулах хамгийн чухал. MRI бол маш том соронзон орон учраас хүүхдийг бодисоор унтуулсан байж  чагнуур, тоног төхөөрөмж юу ч үгүй ороод эмч нар өөрийн мэдрэмж, хараа, сонсголоороо, судас барьж хүүхдийн амьсгалыг тоолж зургийг авдаг.

-Шинжилгээнд орохын өмнөх зөвлөгөөг хэлнэ үү?

-Хүүхэд уушгины талаасаа болон хооллолт талаасаа асуудалгүй байж эмчийн заавар, зөвлөгөөг сайтар мөрдөх хэрэгтэй. Уушгины талаасаа асуудалгүй гэхээр хүүхэд огт ханиадгүй, амьсгалын дээд зам ямар ч саадгүй байх ёстой. Жишээлбэл, хоёр настай хүүхэд унтуулга хийхээс өмнө ойролцоогоор 26 удаа амьсгалдаг байлаа гэхэд унтуулга хийсний дараа амьсгалын тоо цөөрч 18-20 болдог. Цөөрсөн амьсгалыг бүтэн авахуулахын тулд амьсгалын зам цэр, нусгүй байх ёстой. Бүтэн амьсгалаа авч чадаж байж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ хангана. Хэрвээ хүчилтөрөгчийн хангамж буурвал тархи үхжих хүртэл аюултай. Хоёрдугаарт, хоол сойсон байх ёстой. Тиймээс бид хүүхдийн шинжилгээг өглөө 09:00-10:00 цагт авдаг. Бага насны хүүхдийн хоолыг удаан сойх хэцүү учраас тэр. Жишээлбэл, хөхний сүүгээр хооллодог хоёр настай хүүхдийн сүү нь ойролцоогоор 4-6 цагийн хооронд шингэдэг. Бантан зэрэг махан хоол 6-8 цагт шингэж, бүхэл махан хоол 8-10 цагт шингэдэг гэж үздэг. Тэгэхээр хүүхдийг шөнө аль болох сэрээхгүйгээр шууд унтуулах хэрэгтэй. 11:00-12:00 цагийн хооронд оройтож унтуулбал сайн.Толгойн MRI-д ороход хүүхэд эгц дээш харж хэвтдэг. Ингэснээр ходоодонд байгаа агууламж буцаж дээш гараад уушги руу орчихвол уушгины бөглөрөл үүсгэх аюултай. Тиймээс хоол сойх нь маш чухал. Мөн MRI шинжилгээнд орохын өмнө заавал мэдээгүйжүүлгийн эмчтэй уулзаж зөвлөгөө аваарай.

-Хэд хүртэлх насны хүүхэд MRI шинжилгээнд орох боломжтой вэ?

-Ой хүрээгүй хүүхэд бага зэргийн эрсдэлтэй. Учир нь,MRI буюу соронзон орны тунел рүү орчихдог учраас, эмч хүүхдэд хүрэхэд хэцүү болно. Хүүхдийн амьсгалыг тооцож гаргахад хэцүү болдог. Нэгээс дээш насны хүүхэд орвол зүгээр хэдий ч нярай болон ой хүрээгүй хүүхдийг яаралтай шинжилгээнд оруулах шаардлагатай үед эцэг, эхэд эрсдэлийг тайлбарлаж өгөөд шинжилгээнд амжилттай оруулсан тохиолдол олон байгаа.

-Шинжилгээнд оруулж болохгүй заалт байдаг уу?

-Шинжилгээнд тухайн өвчнийг оношлуулах гэж орж байгаа учраас тийм өвчтэй хүүхэд орж болохгүй гэсэн заалт байхгүй. Хөл, гартаа суулгац суулгуулсан хүмүүс буюу металл эдлэлтэй хүүхэд, том хүн MRI шинжилгээнд орж болохгүй.

-Шинжилгээгээр олон төрлийн өвчний оношийг илрүүлдэг үү?

-Маш олон төрлийн өвчнийг оношилдог. Хүүхдийн уналт, таталт,сонсгол харааны бэрхшээл, хавдар, үеийнхнээсээ хөгжлийн хоцрогдолтой байх зэргийг нарийн оношилно.

-Олон удаа унтуулгад орохоор мартамхай болдог гэж зарим хүн ярьдаг. Мэдээгүй­жүүлэхэд эрсдэл гайгүй юу?

-Шинжлэх ухаан талаасаа олон удаа унтуулга буюу мэдээгүйжүүлэлтэд ороход мартамхай болдог гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тийм батлагдсан тохиолдол одоогоор алга. Цусанд эмийн бодис ороод хоргүйжүүлээд буцаад гарах процесс учраас гаж нөлөөгүй.

-Шинжилгээнд орсны дараа юунд анхаарах вэ?

-Хүүхдийг шинжилгээнд орсны дараа сэхээний тасагт хоёр цаг хянадаг. Хоёр цагийн дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг тиймээс хүүхдийг ганцааранг нь явуулахгүй, хоол бага багаар өгөх хэрэгтэй. Хоол удаан сойсон хүүхдийн ходоод бага зэрэг агшсан байдаг учраас гэнэт их идвэл бөөлжих шинж тэмдэг илэрдэг.

-Шинжилгээний хариу хэр удаж гардаг вэ?

-Яаралтайгаар хариу авна гэвэл хоёр цагийн дотор, энгийн үед тухайн өдөртөө шинжилгээний хариу гарна.

-Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Толгой, хүзүүний MRI шинжилгээ 200-450 мянган төгрөгийн хооронд үнэтэй байдаг. Харин унтуулга хийхэд 100 мянган төгрөгийн үнэтэй. Манайх сүүлийн үеийн тоног төхөөрөмж, унтуулганы бодисыг хэрэглэдэг. Гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хичээдэг.

-Шинжилгээнд орохын тулд их хүлээх үү?

-Ихэвчлэн яаралтайгаар хүүхдүүд ирдэг. Хүүхдэд гэнэт өвчин эмгэг өөрчлөлт илэрдэг учраас яаралтай шинжилгээ хийх хэрэгтэй болдог. Тиймээс өглөөний цагийг хүүхдэд зориулж хадгалж байдаг. Зарим өдрүүдэд өнөөдөр ирсэн хүүхэд маргааш шинжилгээнд орох тохиолдол бий. Том хүмүүсийн хувьд 6-7 хоног дараалал хүлээх тохиолдол ч бий.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ