...
...

Тогтвортой хөгжил, Тэгш оролцоо: Нийгмийн Ардчиллын үзэл баримтлал

Нийгмийн Ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VII чуулганд НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн тавьсан илтгэлийг хүргэж байна.

Нийгмийн Ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VII чуулганы зочид, төлөөлөгчид эрхэм хүндэт эмэгтэйчүүд та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчлэхийн  ялдамд түүхэн 25 жилийг хамтдаа бүтээсэн, алдаа оноо амжилт бүтээлээ дүгнэн өнгөрүүлэх ойн баярын мэндийг хүргэе!

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл- Энэ бол нийгмийн ардчиллын суурь үнэт зүйл. Эрх чөлөөтэй байхын утга учир бол нийгэм болон төрийн зүгээс хувь хүний амьдралд дур зоргоор оролцохгүй байх явдал байдаг бол шударга ёс нь хуулийн өмнө төдийгүй, нийгмийн гарал үүсэл, гэр бүлийн байдал, өмч, жендерийн ялгаатай байдлыг үл харгалзан хүн бүхэнд адил тэгш боломж олгоход оршдог. Харин эв нэгдэл нь нэг нэгэндээ туслахад хэзээд бэлэн хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Эв нэгдэлтэй байх нь нийгмийг нэг цул, нэгдэлтэй болгож байдаг ач холбогдолтой. Тиймээс Нийгмийн ардчиллын суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч намын тухайд Тогтвортой хөгжил, Нийгмийн шударга ёс гэдэг нь бодлогын суурь зарчим болж байх учиртай юм.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны идэвхитэн сонгуультан эмэгтэйчүүд бидний үзэл баримтлал чиг баримжаа үүгээр тодорхойлогдож байдаг болохоор энэ удаагийн их хурлыг “Тогтвортой хөгжил-Тэгш оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.



“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ТЭГШ ОРОЛЦОО”
 

Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм.

2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оны 1 сарын 1-нээс албан ёсоор Дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн. “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл болж дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлыг хөндсөн Нийгэм, эдийн засаг, байгаль орчны асууудлыг хамарсан 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэх Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг  2016 оны 2 дугаар сард УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан тул МАН-ын засгийн газарт  дэлхий нийтийн өмнө тавигдсан зорилгыг эхлүүлэх түүхэн үүрэг оногдсон бөгөөд цаашид энэхүү хэрэгжилтийг хангах, зорилгодоо амжилттай хүрэхийн тулд тогтвортой ажиллах  хэрэгцээ шаардлага ч үүсээд байна.

Тогтвортой хөгжлийн зорилт нь 2016-2030 оныг хамрах 15 жилийн хугацаанд хэрэгжихдээ 5 элементийг хамруулна. Үүнд: Хүн төрөлхтөн / People/, Эх дэлхий /Planet/, Хөгжил цэцэглэлт /Prosperity/, Энх тайван /Peace/, ТХЗ-н төлөөх түншлэл /Partnership/ зэрэг багтаж байна.

Энэхүү дэлхий нийтээр эвлэлдэн зорьсон хүн төвтэй Нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг бүхэлдээ агуулсан бодлого болох Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд оролцох институцийн дунд Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллагын оролцоо өндөр  байхыг чухалчилсан байдаг юм. Тиймээс МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны гишүүд дэмжигчид та бид онцгой анхаарал хандуулан, идэвхи санаачлагатай манлайлан оролцох оролцоог хангах шаардлагатайг цохон тэмдэглэхийг хүсч байна.



ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТУУД
 

Дэлхий нийт нэгэн зорилго дор нэгдсэн Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дахь хэсэгт  бидний байнга анхаарал хандуулж ажилладаг Жендэрийн тэгш байдлыг хангах зорилтууд багтсан байна. Үүнд,
 

  • Бүх эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох
  • Албан болон хувийн хүрээнд бүх эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх, түүний дотор хүний хулгай наймаанд өртөх, бэлгийн болон бусад хэлбэрээр дарлах мөлжих явдлыг таслан зогсоох,
  • Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах,
  • Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн эмэгтэйчүүдэд эдийн засгийн тэгш эрх, түүнчлэн газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох шинэчлэлийг хэрэгжүүлэх,
  • Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хүчирхэгжүүлэх зорилгоор боломжит технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх явдлыг сайжруулах
  • Бүх түвшинд жендерийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах зэргийг заасан байдаг.


Тогтвортой хөгжлийн энэхүү зорилгыг биелүүлэхэд УИХ дах эмэгтэйчүүд бид идэвхи санаачлагатай ажилласан бөгөөд түүний бодит үр дүн, ажил хэрэг болсон. Эмэгтэйчүүд бид аливаа асуудлыг системтэй цогцоор шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчин болон тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг албан ёсоор баталгаажуулах явдал нэн чухал байдаг. 
 

  1. Та бүхэн санаж байгаа байх, Монгол улс Жендэрийн бодлого үйл ажиллагаандаа ухралт хийж 2012 онд тус Жендэрийн үндэсний хороог Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яамны бүтцийн нэгж болгосон байсан. Тэгвэл 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Ийнхүү дахин бие даасан бүтэц зохион байгуулалт, байр суурьтай болсноор чиг үүрэг хүлээсэн Төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагатай хамтран үр дүнтэй ажиллаж байна.
     
  2. Гэр бүл хүүхдэд залуучуудын асуудлыг цогцоор нь харах, шийдэх шийдлийг гаргаж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгон үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.


    ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТУУД
     

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын 10 дахь хэсэгт бидний өнөөдрийн чуулганаар анхаарал хандуулахаар зорьсон Тэгш бус байдлыг бууруулах зорилго орсон бөгөөд дараах зорилтуудыг тавьсан байна. Үүнд,
 

  • 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах,
  • 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих,
  • Ялгаварлан гадуурхсан хууль журам, бодлого, зан заншлыг халж, энэ талын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар тэгш боломж бололцоог бүрдүүлж, тэгш бус байдлыг бууруулах,
  • Санхүү, цалин, нийгэм хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, тэгш байдлыг аажмаар хангах,
  • Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх,
  • Улс орны үндэсний төлөвлөгөө, хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгцээ шаардлага өндөр байгаа улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнууд, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орнуудад өгөх хөгжлийн албан ёсны тусламж, оруулах санхүүгийн урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих,


Дээрх зорилтуудын агуулга, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж үзэх цаашлаад Нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг улс төрийн ууган хүчин МАН-ын эмэгтэйчүүд бид 100 жилийн түүхэн ойгоороо дэлхийн бодлого зорилгыг идэвхийлэн дэмжигч хэрэгжүүлэгчид байх нь  геополитикийн хувьд хөгжиж буй орны байр суурийг бататгах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, МАН-ын тухайд чиглүүлэн манлайлагчид байх алсын хараа, ажил хэрэг болгох түүхэн боломж мөн нийгмийн хэрэгцээ шаардлага болох чиг хандлага  байна гэж харж байна.



ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ЭРИН

 

Эмэгтэйчүүд та бидэнд хийж бүтээх, судлан хэрэгжүүлэх олон ажил байгааг дээрх байдлаас олж харахын зэрэгцээ нийгмийн хүсэн хүлээж буй хэрэгцээ шаардлагыг хангахад ямар сорилт бэрхшээлүүд тулгарч болохыг заавал тооцон үзэж бэлдэх нь бидний үүрэг болоод байна. Тогтвортой хөгжлийн зорилтын Жендэрийн тэгш оролцооны зорилтууд дундаас Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хүчирхэгжүүлэх зорилгоор боломжит технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх явдлыг сайжруулах зорилт, мөн дэлхий нийтийн дижитал шилжилтэд анхаарал хандуулахгүй байх аргагүй билээ.

 Өнөөдөр энэ тухай хүн бүхэн ойлголттой болж дор бүрнээ дүгнэлт хийж дэлхийн улс орнууд аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод байна. Бид ч мөн адил энэхүү шилжилтэд бэлдэх Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал түүний үр дагавар, сорилт бэрхшээлийг урьдчилан тооцсон байх нь чухал юм. Миний бодлоор харин ч бидний өмнө тулгарч буй энэхүү томоохон, түүхэн шилжилтийг дэлхийн хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах боломж, орон зай, цаг хугацааг товчлон хөгжих гарааны цэг гэж харж байна. Тиймээс эмэгтэйчүүд та бид идэвхийлэн эхлүүлэх, манлайлах тэгш оролцоог хангах , өөрсдийгөө бэлдэх цаг үе бол өнөөдөр мөн.

Дэлхий нийтээр яригдаж буй “Z generation”  буюу Z үеийнхэн  орчин үеийн цахим ертөнцөд "мэндэлсэн" гэж хэлж болно. Шинэ мянганыхантай харьцуулбал "Z" үеийнхний дунд "Интернет донтогчид"-ын тоо 25%-иар өндөр байдаг. Мөн тэдний 40% нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг байна гэдэгтэй хүн бүр санал нийлж байна. Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран "Z" үеийнхэн илүү даяарчлагдсан болж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна. Мөн 35-аас дээш насны иргэдийн үзэж буйгаар "Z" үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. Тиймээс бид 2020 он гэхэд нийтлэг үзэл суртал, нэгэн зорилготой жинхэнэ даяарчлагдсан онлайн нийгэмлэгийг олж харах магадлалтай юм хэмээн судлаачид дүгнэж байна.

Цаашид бидэнд тулгарах эдгээр  сорилт бэрхшээлийн өмнө эмэгтэйчүүд бид бэлэн үү?

Нүүр тулан ирсэн эдгээр сорилтыг  даван туулахад та бид бодлого, шийдвэр, хамтын оролцоог хангаж чадсан уу?

Хэрэв бэлэн биш бол эмэгтэйчүүд та бидний оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа өмнөх бүх үеэс илүү ухаалаг, илүү хурдан, илүү мэдрэмжтэй байхыг шаардаж байна.

Иймд нэг талаас ээжүүд нөгөө талаас бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд та бид дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэрч,  алсыг харах чадвартай, асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатай, эх оронч үзэл эхийн сэтгэлээр асуудалд хандах нэн чухал болоод байна.

Ингээд эцэст нь НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан 5 жилийн хугацаанд намын манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран хийж бүтээсэн, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг 6 цуврал альбом /ном/ хэвлүүлж, та бүхнийхээ гар дээр хүргүүлсэн байгаа учир өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн чухал ач холбогдол бүхий бодлогын түвшинд хийгдсэн ажлуудаа товчлон хүргэе. Үүнд,
 

2014 он: Орон даяар “Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа”-г хийж, үр дүнг танилцууллаа.

2015 он: Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагуудтай харилцаагаа өргөжүүллээ.

2016 он: Парламентад 12 эмэгтэй гишүүн сонгогдов.

2017 он: “Эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал” бодлогын хүрээнд орон нутаг, дүүргийн намын гишүүн эмэгтэйчүүдийг сургалт, арга хэмжээнд хамрууллаа.

2018 он: “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА” НАМЭХ-ны Удирдах ажилтны бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

2019 он: Үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн Эмэгтэйчүүдийн байгууллага боллоо.


Дээрх бодлогын түвшний ажлуудыг хийж бүтээхэд гар бие нийлэн хамтран ажилласан бүх эмэгтэйчүүддээ дахин талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд та бидний үнэт зүйл, эрхэм үүрэг 

Эмэгтэйчүүд та бид нийгмийг хөдөлгөгч хүч, залуу үеэ сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч улс орныхоо соёлын өвийг тасралтгүй тээн үргэлжлүүлэгчид байх ёстой.

Эмэгтэйчүүд та бид улс орныхоо оюуны чадавхийн шавхагдашгүй нөөц үнэт  капитал нь байх ёстой.

Эмэгтэйчүүд та бид амьдралын эхлэл,  та биднээс бүх зүйл эхтэй. Тиймээс үг, үйлдэл, ойлголт, хандлагаа зөв байлгаж үлгэрлэн манлайлах нь энэ нийгмийг бүхэлд нь зөв болгох суурь  үнэт зүйл юм.

Тиймээс эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл-ээ эрхэмлэн дээдлэгч, эерэг зөв бүхнийг түүчээлэн түгээгч нь байж  Эх орон, ард түмэн, үр хүүхдүүддээ гэрэлт ирээдүйг бий болгох эх хүн, эмэгтэй хүн болж төрсөн хувь заяаныхаа эзэн болж, амаргүй бөгөөд гэгээн их үйлийнхээ төлөө бие, хэл,сэтгэлийн эерэг хүч бүхнээ нэгтгэн хамтдаа зүтгэцгээе, эмэгтэйчүүдээ. 

Эмэгтэйчүүдийн хүчээр нийгмээ илүү сайхнаар өөрчилж чадна гэдэгт итэлтэй байна! Анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ