...
...

Сүлд чуулгын “Монгол минь амгалан байна” тайлан тоглот боллоо

Цагдаагийн Сүлд чуулга нь 2017 оны 03 дугаар сард шинэчлэн зохион байгуулагдаж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, иргэдэд соёл урлагаар үйлчлэх, тэднийг соён гэгээрүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх цогц өдөрлөгийг улсын хэмжээнд 43 байгууллагад зохиож, зөвхөн энэхүү өдөрлөгийн хүрээнд 300 гаруй, нийтдээ 1000 гаруй удаагийн урлагийн тоглолтоор цагдаагийн алба хаагч иргэдэд үйлчилсэн байна.

Тус чуулга 2017 оноос хойш 1 хөгжимчин, 2 бүжигчин, 4 дуучин нийт 7 уран бүтээлчийн бие даасан тоглолтыг зохион байгуулж “Үргэлж тантай хамтдаа” уран бүтээлийн нэгдсэн тоглолт, үлээвэр найрал хөгжмийн “Police band” дан хөгжмийн уран бүтээлийн тоглолт бүжгийн “Хан Уялага” зэрэг 9 удаагийн урлагийн бүрэн хэмжээний тоглолтыг цагдаагийн алба хаагчид болон иргэд олон нийтэд зориулан өргөн барьсан билээ.

 

Сүлд чуулгын уран бүтээлчид “Монгол минь амгалан байна...” уран бүтээлийн нэгдсэн тайлан тоглолтооөнгөрсөн баасан гарагт /2019.01.11/ тус чуулгынхаа байранд хийлээ. Энэхүү тоглолт нь дахин байгуулагдсанаас хойш чуулгын дуучид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ уран бүтээлийн тайлангаа иргэд олон түмэнд хүргэж байгаагаараа онцлог юм.

Сүлд чуулгын Уран бүтээлчид мэргэжлийн ур чадвараа сорьж улсын болон олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцож ирсэн билээ. Зөвхөн дуучдын гаргасан амжилтаас дурьдхад,

2017 онд МУГЖ, уран сайхны удирдагч, цагдаагийн хошууч Г.Ариунбаатар  Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны Романсын төрөлд тэргүүн байр, дуучин, цагдаагийн ахлах ахлагч, МУСТА Г.Дарханбаатар ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Олон улсын эстрадын дуу дуулаачдын “Белый месец” уралдаанд амжилттай оролцож, шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарсан.

Чуулгын дуучин, цагдаагийн ахлах дэслэгч, МУСТА Ц.Амарболд 2017 онд СССР-ийн Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын V уралдааны III байр, ОХУ-д зохион байгуулагдсан СССР-ийн Ардын жүжигчин, профессор Д.Л.Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XII уралдааны III байр, “Лучший бас” шагнал, МУ-ын Хөдөлмөрийн баатар, АЖТШ Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаанд оролцож III байр, 2018 онд БНХАУ-ын Нингбо хотын Ард түмний засгийн газраас зохион байгуулсан олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдааны "Тэргүүн байр" эзлэж, Хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийг хүртсэн юм.

Монго Улсын Төрийн соёрхолт, УГЗ, Тэргүүн зэргийн “Чингис хааны одон”-т хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаанд дуучин цагдаагийн дэд ахлагч Г.Ганшагай III байр эзэлсэн зэрэг амжилт гаргалаа.

 

 

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ