...
...

Хаврын баяр - Майн 1-нээ дурсах өдөр

Майн нэгний баяр эртнээс улбаатай. Эрт дээр үед хүмүүс газраа хагалж, үр суулгасны дараа тэдний хаврын их ажил талаар бололгүй, сайн ургац авахын төлөө майн нэгнийг ёслон тэмдэглэдэг байжээ. 19-р зууны дунд үе гэхэд энэ баяр маш өргөн хүрээтэй тархаж хязгаар нутгийнхан тэмдэглэдэг болсон байна.

Харин Майн нэгний баярыг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг болсон эх үүсвэр нь АНУ-д 1886 онд болсон үйл явдалтай холбоотой аж. 

Бидний нэрлэж заншсанаар “Майн-1” буюу “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд анх удаа олныг хамарсан жагсаал цуглаан хийж, ажлын найман цагтай байхыг шаардан тэмцсэнээр эхэлсэн  байна. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрөөр дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлал тогтсон аж.

1890 онд Варшавын 10 мянган ажилчид, 1886 онд буудуулсан Чикагогийн жагсагчдын дурсгалд зориулж ажил хаялт зарласан байдаг. Хорьдугаар зууны эхэн гэхэд “Хувьсгалт майн нэгний” баярыг олон улсад өргөн тэмдэглэж эхэлжээ.

 Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг манай хойд хөрш Орос улсад 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон байна. 1917 онд Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж, “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байж.

Харин Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаал гаргаснаар манай оронд "Майн баяр"-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм.

Манай орны хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан, баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байсан билээ.  Энэхүү тэмдэглэлт үйл явдалд оролцож байсан ахмад үеийнхний дурсамжаас сийрүүлбэл:

“Улаанбаатар хотод “Дэлхийн эв санааны нэгдлийн өдөр” хэмээн тэмдэглэдэг байсан. Энэ өдрөөр энгийн ард иргэд уриа лоозон барин жагсаж, Сүхбаатарын талбайгаар “Майн нэгэн мандтугай” хэмээн хашгирч, их сүртэй жагсдаг байсан. Энэ бол хөдөлмөрчдийн маш том, сайхан баяр байж билээ. Одоо энэ баяр үндсэндээ мартагдсан байна. Энэ баяраар бүх нийтээрээ амардаг байсан ч бүх хүмүүс баярт идэвхтэй оролцдог байв. Майн баяр бол тэр үеийн хамгийн гэгээлэг бас чөлөөтэй баяр байсан. Төр засгийнхан нь ард иргэдийнхээ үгийг сонсоно. Хөдөлмөрчид нам засагтаа баярлаж талархах зүйл, болж бүтэхгүй зүйл гээд төр засаг хөдөлмөрчид хоорондын үзэл бодлоо солилцох бас нэгэн завшаан байсан даа. Харин өнөөдөр энэ байдал шал өөр болсон байна” гэжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Одоо угаасаа улс орныхоо төлөө ажиллаж байгаа биш, тэмдэглэх ч боломжгүй л дээ...

  • ogloo ert bosoh gej tam

  • 19 -р зууны сүүлээс дэлхий даяар тэмдэглэж ирсэн хөдөлмөрчдийн тэмцэл, баярыг манай " ардчиллагчид" нэртэй довонгосоо цааш юм үзээгүй тэнэгүүд зөвхөн социализмын баяр гээд ойлгоод хорьчихсон . Уг нь манай ҮЭвлэлийн гэх энэ олон байгууллагууд хөдөлмөрчдийн эрх ашгийг жинхэнэ хамгаалдаг юм бол 1990 оноос хойш өөрсдөө санаачлан жил бүр " Майн -1 " -нийг тэмдэглэж , хөдөлмөрчдийн тайван жагсаал, цуглаан өнөөг хүртэл зохион байгуулж байх ёстой байж дээ.

Онцлох мэдээ