...
...

Б.Батдолгор: Хөдөлгөөн бүрийг утгажуулна гэдэг үнэхээр гайхалтай

Ээжийн эрх охин 6 настайгаасаа хойш бүжгийн урлагт дурлаж өнөөдрийг хүртэл хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явж буй "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч "Тэгэрийн хүмүүн" хамтлагийн бүжигчин Б.Батдолгортой уулзаж түүний урлаг уран сайхны сонин хачнаас хуваалцлаа. Тэрбээр хайртай дотны бүх хүмүүстээ зориулан биеийн уран хөдөлгөөнөөр сэтгэлээ илэрхийлэхдээ хэнээс ч илүү аз жаргалтай байдаг гэдгээ хэлсэн юм. Өдөр бүр завгүй өнгөрч, ажлууд давхцаж ядрах үе цөөнгүй байдаг ч ээжийгээ бодохоор эрхгүй нэг ажлаа хийх урам ордог хэмээн инээмсэглэн ярихдаа хэнээс ч илүү аз жаргалтай байлаа. 

Б.Батдолгор саяхан "K-Pop" ковер бүжгийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн байсан. Энэ талаар яриагаа эхлүүлье.

- Тийм ээ энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын IHC аялал жуулчлалын компаниас жил бүр зохион байгуулдаг "K-Pop" ковер бүжгийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн. Үүний үр дүнд тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан.

Тэмцээний хувьд 8 дахь жилдээ зохион байгуулагдсан шүү дээ. Өрсөлдөөн ширүүн байсан уу?

- Тус тэмцээн энэ жилийн хувьд маш өргөн хүрээтэй зохион байгуулагдсан. Өрсөлдөөн ширүүн байсан гэж хэлж болно. Гэхдээ бэлтгэл сургуулилт сайн байсан учраас өөртөө их итгэлтэй байсан. Ер нь болчих байх гэж л бодож орсон. Зорьсондоо хүрсэндээ маш их баяртай байна.

Бяцхан шавь нар нь оролцож тусгай байранд орсон байсан. Багшийн эрдэм шавьд гэдэг шиг их сайхан үйл явдал болжээ.

- Тэгсэн. Авьяас хүүхдийн ордны бүжигчид маань мөн оролцсон. Тэмцээнд оролцсон хамгийн жаахан хүүхдүүд байлаа.

Тодруулбал?

- 5-7-р ангийн 5 хүүхэд. Ихэнх нь 3-4 жил бүжгээр хичээллэсэн хүүхдүүд. Миний хувьд Авьяас хүүхдийн ордонд багшлаад 4 жил болж байна.

Б.Батдолгор их сургуулиа төгссөнөөс хойш юу хийж байгаа вэ?
-  Сургуулиа төгссөнөөс хойш хоёр газарт бүжгийн багшаар ажиллаж байна. Мөн хэлний бэлтгэлд явж, фитнессээр хичээллэж, хувиараа тоглолтуудад оролцоод л байж байна даа.

Яагаад бүжигчин болохоор шийдэж энэ мэргэжлийг сонгосон бэ?

- Би багаасаа л энэ урлагт сонирхолтой байсан. Бүжиглэж эхэлснээс хойш 14 жил өнгөрсөн байна. Хүүхэд байхдаа л ямар нэгэн хөгжим явж эхлэхэд дуулахаас илүүтэй биеэрээ хөдлөх үед өөрийгөө илэрхийлж байгаа мэт мэдрэмж төрдөг байлаа. Үүнээс л үүдэлтэй бүжгийн урлагт татагдаж энэхүү гайхамшигтай мэргэжлийг сонгосон. Хүсэл мөрөөдлөө сонгоход гэр бүлийн жижиг эсэргүүцэлтэй нүүр тулгарч байсан ч асуудлыг шийдэж өнөөдрийг хүртэл энэ урлаг дотор амьдарч сайн сайхныг болон саад бэрхшээлийг мэдэрч явдагтаа маш их баяртай байдаг.

Жижиг эсэргүүцэл гэж байна. Ямар асуудал гарч байсан талаар тодруулахгүй юу?

- Миний аав "Эрэл" компанийн үүсгэн байгуулагч дөрвөн инженерийн нэг Ж.Батсүх гэж геодезийн инженер мэргэжилтэй хүн байсан юм. Аав минь надад өөрийн мэргэжлээ өвлүүлэн үлдээх сонирхолтой байсан ч миний хүсэл тийм биш байлаа. Ээжийн маань хувьд намайг урлагийн хүн болгох сонирхолтой. 10 настай байхад миний аав тэнгэрт хальж бурхны оронд очсон юм. Энэ үед ээжид маань бишгүй л хүнд байсан. Тэгээд дотроо ганц охиноо эцгийнх нь хүслээр мэргэжлийг нь өвлүүлэх шийдвэр гаргаж намайг бүжгийн дугуйлангаас минь гаргасан юм. Би жаахан байсан ч гэсэн бүжиг гэдэг зүйл үнэхээр намайг татаж өөртөө дурлуулчихсан л байсан. Тухайн үед надад маш муухай санагдаж өөрийн нэг зүйлээ алдчихсан юм шиг л байлаа. Тэгээд ээждээ хандан “Би бүжгээр амьдарч чадна. Та надад итгэж болох уу? Би энэ урлагаас салж чадахгүй” гэж хэлсэн. Үүнээс хойш ээж маань надад бүрэн дүүрэн итгэл хүлээлгэж үргэлж миний ар тал болсоор ирсэн дээ. Өнөөдөр ч гэсэн яг л энэ хэвээр байгаа.

Гайхалтай. Та өөрийн сонголтоо 10-хан настай байхдаа хийчихсэн юм байна шүү дээ.

- Тийм ээ. Энэ салбарт ажиллах хүсэл мөрөөдлийг минь ээж маань л дэмжсэнээр би өнөөдөр бүжигчин гэдэг нэрийг зүүж яваа юм.

Урлагийн хүний гэр бүл гэдэг амар биш шүү дээ. Гэтэл ээж тань үргэлж чамайг дэмжиж, түшиг тулгуур болдог талаар хэллээ. Ээжийнхээ талаар ярихгүй юу?

- Тэгэлгүй яахав. Миний ээж үнэхээр гайхамшигтай эмэгтэй. Түүнд ямар нэгэн зүйлд шантрах, гутрах сэтгэл зүй байдаггүй. Үргэлж сэтгэл санаа нь ч бэлтгэгдсэн байдаг. Жаахан байхаас өнөөдрийг хүртэл миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, тэмцээн уралдаанд оролцоход ар талыг минь хариуцсаар ирсэн. Би тайзан дээр, бэлтгэл дээрээ ер нь бүжиглэх бүртээ ээждээ зориулан бүжгэлдэг. Тэр намайг бүжиглэж байхыг харахдаа хамгийн их аз жаргалтай эмэгтэй болж хувирдаг. Хүний амьдрал үргэлж сайн сайхан байдаггүй шүү дээ. Үүнтэй адил би үргэлж ээжийгээ инээлгэж баяртай байлгаж чаддаггүй. Уурлуулах үе зөндөө байдаг. Тэнэг хүний гэмшил нь хойноо гэдэг шиг хожим нь л дэмий зүйл ээждээ хэлснээ ухаардаг. Танай сайтаар дамжуулан “Ээждээ маш их хайртай шүү. Та бол миний амьдралын утга учир” гэж хэлмээр байна. Түүний талаар ярихаар сэтгэл минь хөдөлж хоолой зангирчихдаг юм. Ёстой гэм биш зан юм шиг байгаа юм аа.  

Тэгэлгүй яахав. Ээж аав мөнхийн сэдэв. Тэдний нөр их хөдөлмөрийг үгээр илэрхийлэх хэцүү. Таны хувьд бүжигчин гэдэг мэргэжлээр ажиллаж амьдарч байна. Олон саад бэрхшээл тулгардаг биз?

- Мэдээж амархан мэргэжил гэж хаана ч байхгүй. Бүжигчин хүн, урлаг соёлын хүн гэдэг бусдаас алхаа гишгээ биеэ авч явж байгаагаараа их ялгагдах шаардлага гардаг. Ерөнхийдөө сайн сайханд бусдыг уриалан дуудахын тулд өөрсдөө үлгэрлэх хэрэг гардаг л гэсэн үг. Яахав өдөр бүр бэлтгэл сургуулилт хийнэ ядарна, гэр бүлдээ цаг зав гаргаж чадахгүй байх зэрэг асуудал өчнөөн тохиолддог. Тухайн үед өөртөө л үнэнч байхыг хичээдэг. Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулж, хайртай хүмүүсээ бодоход л ямар ч саад бэрхшээлийг туулаад гарах чадалтай болчихдог юм. Гэхдээ миний нас бага байна. Би өөрийгөө илүү их асуудалтай нүүр тулж, тэдгээрийг даван гарсны дараа л сая нэг бүжигчин гэдэг нэрийг бүтэн авч явна гэж боддог.

Энэ бодолд тань суралцах, мэргэжлээ дээшлүүлэх гэх мэт зүйлс багтдаг уу?
-  Тийм ээ. Би сургуулиа энэ хавар төгссөн. Төгсөлтийн ажлаа Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэн “Тэргэл сар” бүжгэн жүжгийг тавьсан. СУИС хэмээх Монгол Улсын томоохон сургуульд таван жил сурахдаа эрдэмтэн багш нараасаа их зүйлийг сурсан. Төгсөх үедээ, бүжгэн жүжгийн ажлынхаа ард гарсан үед ээ л багш нарын байнга хэлдэг байсан зүйлийг бага ч гэсэн ойлгосон юм. Тухайн үед илүү их сурч мэдэх, бүжгийн урлагийн зовлон жаргалыг мэдрэх олон жил байгаа даа гэж бодсон. Түүнээс хойш залуу насандаа маш сайн сурч боловсорч мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэл төрсөн.

Бүжгийн урлагийн хамгийн их таалагддаг зүйл нь юу вэ?

- Дотоод сэтгэлээ биеийн хэлэмжээрээ илэрхийлэх буюу үггүйгээр ярих нь хамгийн сайхан. Хөдөлгөөн бүрийг утгажуулна гэдэг бол үнэхээр агуу гайхалтай зүйл шүү дээ.

Амьдралдаа баримталдаг зарчмаасаа хуваалцаач?

- Бусдын л адил их ерөнхий зүйл баримталж амьдардаг. Жишээ нь өглөө бүр босоод ус уух, эерэг зүйл бодох, ажлаа төлөвлөх, эрч хүчтэй, тууштай байх гээд л эхэлдэг юм.  Хүн ер нь ямар ч мэргэжилтэй байж болно. Мөн ямар ч замаар алхаж болно. Бүгд л ажиллаж хөдөлмөрлөж, амьдралын алтан цагаа үр ашигтай зүйл хийж өнгөрүүлж байдаг. Магадгүй харьцангуй ойлголт ч байж болох юм. Хамгийн гол нь хүн бүр л энэ насандаа эрдэнэт хүний биеийг олоод төрчихсөн юм чинь аз жаргалтай байхын тулд тууштай байх нь маш зөв зарчим болох байх гэж бодогддог.

Таны хувьд одоо 20 настай. Их сургуульдаа 16 настайдаа элсэн орсон гэсэн үг үү?

-          Тийм ээ. 2017 оны 6 сард их сургуулиа төгсөж бакалавраа хамгаалсан юм.

Мундаг байна. Энэ бол маш том давуу тал шүү дээ. Бүжгийн багшаар мөн ажилладаг гэхээр их л олон зүйл амжуулах шаардлага гардаг байх?

- Баярлалаа. Тэгэлгүй яахав, тийм үе цөөнгүй гардаг шүү. 

Бүжгийн багшаар ажиллаад бяцхан шав нар чинь амжилт үзүүлэх үеийн мэдрэмж сайхан биз?

-Үгээр илэрхийлэшгүй сайхан байдаг юм билээ. Сүүлд орсон тэмцээнд шавь нар маань тусгай байрт шалгарсан. Тухайн үед сэтгэл хөдлөл дээд цэгтээ, бахархах сэтгэл эрхгүй төрж байсан. Хамгийн бяцхан оролцогчид хэрнээ маш сайн бүжиглэж заал дүүрэн хүмүүсийг дуу алдуулж байгааг харах гайхамшигтай мэдрэмж байлаа.

Биднийг ярилцах үед түүний бүжгийн дугуйлангийн сурагч ирсэн юм. Энэ үеэр бяцхан бүжигчнээс багшийнх нь талаар яриа авснаа хүргэж байна.

107-р сургуулийн 5д ангийн сурагч, “Авьяас” хүүхдийн ордны сурагч У.Бямбасүрэн:

Б.Батдолгор багш дээрээ хэзээнээс бүжгээр хичээллэж эхэлсэн бэ?

- 2015 оноос хойш гурван жил хичээллэж байна. 7 настайгаасаа.

Багшийнхаа талаар ярихгүй юу?

- Миний багш их зөөлөн, эелдэг зан ааштай. Бүжгийн хичээлдээ очиход их сайхан байдаг. Дасгал хөдөлгөөн, хөгжмийн хэмнэл бүрийг анх багш маань зааж зөвлөж сургасан.

Чамаас өөр багшийнхаа удирдлага дор хэчнээн хүүхэд бүжгээр хичээллэдэг вэ?

- Надаас гадна 30 гаруй хүүхэд хичээллэдэг. Ихэнх нь 2,3 жил хичээллэж байгаа.

Багшдаа хандаж юу гэж хэлмээр байна?

- Багшаараа маш их бахархдаг шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ер нь багшлах үедээ юуг илүү анхаардаг вэ?

- Бүжгийн талаарх бүх л зүйлийг үнэн бас чанартай зааж сургах ёстой шүү гэж л өөртөө байнга сануулдаг. Худлаа зааж л болохгүй. Сайн заахын тулд өөрөө ч бэлтгэл сургуулилтаа чанартай байлгах шаардлага гардаг даа.

Бүжгийн урлаг бол залуу насны мэргэжил гэгддэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Энэ яриа олны дунд байдаг түгээмэл хэллэг, үзэл бодол. Олны яриа оргүй биш. Үнэхээр л бүжгийн мэргэжил 20 жилийн турш л тухайн хүндээ дадал болдог. Түүнээс хойш тайзнаас илүү бүжиг дэглэлт дээр ажиллах нь илүү зүйтэй байдаг юм болов уу л гэж боддог.

Таны үеийн хүмүүс найз нөхөдтэйгөө уулзах цаг их гаргадаг. Тэгвэл Б.Батдолгор нэг л амждаггүй мэт санагдлаа.

- Үнэн. Бүжгийн урлаг хүнээс маш олон зүйл золиослохыг шаарддаг. Гэр бүл, хайртай хүн, найз нөхөд гээд л. Тэдэнтэй өнгөрүүлэх аз жаргалтай цаг заваа бүжгийн бэлтгэл, зааланд завгүй өнгөрөөдөг. Энэ нь тийм ч муу биш гэсэн хааяа бас бэрхшээл болдог талтай. Тодруулбал бүжгийн төлөө гэсэн чин хүсэлтэй нас бага над шиг охины хувьд хичээл зүтгэл шаргуу хөдөлмөр өдөр бүр байх ёстой нь зөв ч гэсэн ээжтэйгээ ахтайгаа, найз нөхөдтэйгөө байх нь ховор болоод ирэхээр хааяа гунигтай байдаг.

Танаас урлаг үүнээс ч том зүйл золиослохыг хүсвэл яах вэ?

- Үүнээс том гэдгийг би дотроо гэр бүлээ орхиод алс хол суралцах, бие даах гэж ойлгож байна. Яг энэ бодол зөв бол би үүнийг хийх л болно.

Ярилцсанд баярлалаа. 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ