...
...

Ч.Отгонбаяр: Техник хэрэгслээ шийдвэл МОНГОЛЧУУД дэлхийд гарах БОЛОМЖТОЙ

Өнөөдөр Монголын анхны бүрэн хэмжээний 3D “Мора” анимейшн кино нээлтээ хийлээ. Уг киног бүтээхийн тулд "Amjilt Animation Studio" продакшны хамт олон хоёр жилийн турш итгэл сэтгэлээр шаргуу хөдөлмөрлөж байж бүтээснээ хэлсэн юм.

 

Товч агуулга: 

Нийт 22 дүр 28 объекттой тус киноны үйл явдал нь өнөөгийн Улаанбаатар хотод өрнөнө.

Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж хүндэтгэдэггүй зохион бүтээгч залуу “Мора” гэдэг нисдэг робот бүтээнэ. Гэтэл бизнесмэн Томоо өөрийн роботдоо хийхээр тэр төхөөрөмжний үйлдлийн системийг авахыг санаархаж эхэлнэ. Харин Тэргэл Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болно. Гэвч гэнэт Мора-ийн үйлдлийн систем алдагдаж, Шүрээ сураггүй алга болж, Томоо байшингийнхаа тагтан дээрээс унаж гэмтнэ. Энэ хэрэгт өмнөх найз бүсгүй нь бас сураггүй алга болж байсан гэсэн шалтгаанаар Тэргэлийг сэжиглэнэ. Энэ бүхэн ээдрээт хэрэг чухам яаж өрнөж төгсөх тухай энэ кинонд өгүүлнэ. “Мора” бүрэн хэмжээний анимейшнд СТА, жүжигчин Н.Ялалт, UBS телевизийн дуу оруулагч н.Нямбаяр, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан, NTV телевизийн дуу оруулагч н.Болормаа, Жүжигчин Г.Гомбосүрэн нар дуу оруулжээ.

Киноны нэр: МОРА

Метраж/үргэлжлэх хугацаа/:  1 цаг 15 минут

Төрөл: 3D анимэйшн

Ерөнхий продюссер: Жаргалсайханы Шижир
Кино зохиолыг: Г.Анхбаяр
Киноны ерөнхий найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр

Зураач: Эрдэнэ-Очирын Бүрэнтөгс, Эрдэнэ-Очирын Жавхлантөгс,

Ахлах аниматор:  Батжаргалын Эрдэнэ-Очир, Алтантариагийн Тамираа, Эрдэнэ-Очирын Бүрэнтөгс,

Аниматор:  Түмэннасангийн Сүхбаатар, Эрдэнэ-Очирын Жавхлантөгс, Бямбажавын Золзаяа, Энхбаатарын Даваадорж, Даваагийн Банзрагч , Тогоотөмөрийн Самбуудоньд,

Дууны найруулагч:  Ганбаатарын Цэрэн

Дууны оператор: Баттулгын Батболд

Дуу оруулсан жүжигчид: Намсрайн Ялалт, Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн

Хэлэх санаа: Хүн хэзээ ч өөрчлөгдөж болно харин өөрчлөгдөхөд ямар нэгэн шалтгаан байхад л хангалттай.

Товч агуулга: Нийт 22 дүр 28 объекттой тус киноны үйл явдал нь өнөөгийн Улаанбаатар хотод өрнөнө.


 

"Мора" анимейшний ерөнхий найруулагч Ч.Отгонбаяр:

Танд эрдмийн баяр болон уран бүтээлээ нээж байгаа энэ сайхан өдрийн баярын мэнд хүргье. Өнөөдрийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

- Үнэхээр сайхан өдөр тохиож байна. Өнөөдөр бол эрдмийн баяр. Монголын мянга мянган хүүхэд баяр хөөрөөр дүүрэн байгаа. Бидний хувьд ч маш их баяртай байна. Учир нь бид Монголын анхны “Мора” бүрэн хэмжээний 3D анимейшнийг бүтээж үзэгчдийн хүртээл болгож, киноныхоо нээлтийг хийж байна. Анх энэхүү уран бүтээлийг Шижир захирал санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд “Мора” анимейшний дундаас нь орж ирж ажилласан. Ерөнхийдөө энэхүү анимейшнийг бүтээнэ гэдэг ой тоонд минь нэг л багтаж өгөхгүй байсан. Гэтэл өнөөдөр маш том ажлын ард гарч чадсандаа баяртай байна. Энд хүрэлцэн ирж бидний баяр хөөрөөс хуваалцаж байгаа нийт үзэгчдэдээ маш их баярлалаа.

Анхны анимейшн гэдгээрээ онцлогтой шүү дээ. Энэ талаар?

- Ер нь яг анхных гэж хэлж болохгүй. Анхны бүрэн хэмжээний 3D D кино гэвэл зохино. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд 40 хүртэлх жилийн түүх байгаа. Яахав 20 жил тасарсныг эс тооцвол. Тиймээс богино урт аль аль нь хийгдэж байсан ч гэсэн бүрэн хэмжээний, 3D  гэдэг утгаараа анхных болж байгаа юм. 

Кино бүтээхэд хүндрэлтэй тал нь юу байсан бэ?

- Юуны өмнө боловсон хүчин дутагдалтай байлаа. Олон мэргэжилтнүүд байсан ч үндсэн анимейшн мэргэжилтэй хүн цөөн байсан нь нууц биш. Мөн техник, тоног төхөөрөмжийн тал дээр хүндрэлтэй байсан. Бид бүх зүйлсээ бэлдсэн ч гэсэн сүүлийн шатанд шаардлагатай том төхөөрөмж хэрэгтэй болсон. Ихэвчлэн Монголын хүүхэлдэйн кинонууд яг энэ байдлаас болж зогсдог. Бид энэ бүхэнд тууштай зүтгэсний эцэст өнөөдөр киногоо үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод зогсож байна.

Нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ?

- Нийтдээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаа. Графикч, найруулагч, дууны найруулагч, дуу оруулагч , зохиолч, маркетингийн баг гэх мэт.

Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

- “Мора” анимейшны дараа “Хар луу” хэмээх үлгэрийн сэдэвтэй анимейшн төлөвлөгдсөн байна. Дүрүүдээ тодорхойлж зургийн ажилдаа орсон байна.

Монгол анимейшн бүтээл дэлхийн хэмжээнд гарахын тулд хэр их хугацаа шаардлагатай гэж таны хувьд харж байна вэ?

- Бид нар техникийн асуудлаа шийдчих юм бол хурдацтай хөгжих боломжтой. Манай СУИС-ын РТМУС-д тусгай анимейшний чиглэлийн мэргэжлийн анги байдаг. Одоо ер нь боловсон хүчин ч сайжирна. Үүний хажуугаар  техник болон дэмжлэг туслалцаа, санхүү гэсэн асуудлуудыг шийдэх юм бол дэлхийд гарахад боломжгүй зүйл байхгүй гэж миний хувьд бодож байна.

Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимейшнийг бүтээсэн хамт олондоо зориулж юу гэж хэлмээр байна?

- Манай баг үнэхээр тууштай, сэтгэл зүрх нэгтэй ажиллаж чадсан. Та нараараа маш их бахархаж байна. Анхны бүтээл учраас алдаа оноо байж магадгүй. Гэхдээ итгэл сэтгэлээр дүүрэн хамт олон та нартай ажиллахад үнэхээр таатай байлаа. Шижигнэсэн сайхан залуучууддаа илүү их ажлын амжилт хүсье. Өнөөдрөөс илүү ололт амжилт биднийг хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна.

Бэлтгэсэн: А.Хишигдэлгэр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ