Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийг ялгах, ойролцоо төрлийн зарим гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал зайлшгүй хөндөгдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд 221 дүгээр зүйл болох "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн захиргааны зөрчлийг шинээр нэмж тусгасан байна. Захиргааны зөрчлийн диспозицийг "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол” гэж заасан байна. Энэ захиргааны зөрчлийн шийтгэлийг шүүгч оногдуулах бөгөөд 7-30 хоногийн хугацаатай баривчилж, албадан сургалтанд хамруулахаар тусгасан байна.
ЗХТХ-ийн 4 дүгээр зүйл болох захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээнд /5 дах хэсэг/ "албадан сургалтад хамруулах” гэсэн шийтгэлийг нэмж,нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэхээр, 16-56 цаг хүртэл хугацаатай байхаар заасан. Энэхүү нэмэгдэл шийтгэлийн хугацаа нь 7-30 хоногийн баривчлах хугацаанаас хамаарах бөгөөд өдөрт 2 цагаас ихгүй байхаар "Албадан сургалтанд хамруулах шийтгэлийг хэрэгжүүлэх журам”, "Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрт” тус тус заасан байна. Дээрх журмыг хуулиар эрх олгосны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталсан. "Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” хуулийн 3 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр албадан сургалтад хамруулах шийтгэлийг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд хэрэгжүүлэхээр /З дугаар зүйлийн 3.6/, албадан сургалтыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн гүйцэтгүүлж болохоор /З дугаар зүйлийн 3.7/, энэ шийтгэлийг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар /З дугаар зүйлийн 3.8/ тус тус заасан байна.
Практикт ЗХТХ-ийн 21 дүгээр буюу "Танхайрах” захиргааны зөрчлөөр шалгаж, шийдвэрлэж ирсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд гарсан зарим үйлдлийг ЗХТХ-ийн 221 дүгээр зүйл болох "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн зүйл, хэсгээр шалгаж, шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг тодорхой ялган зааглаж бичсэн тул хэсгийн байцаагч, хэв журмын байцаагч, хэрэг бүртгэгчээс захиргааны хэрэг бүртгэлтийн материалыг хуульд заасны бүрдүүлж, шүүгчээр шийдвэрлүүлнэ.
Хууль тогтоогчоос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулиудад 2016 оны 12 сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Эрх бүхий цагдаагийн алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас шалгасан эрүүгийн хэргийг хянах явцад Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл "Тарчлаах” болон шинээр нэмж оруулсан 1201 дүгээр зүйл "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хэрхэн ялган зүйлчлэхэд дараахь шинжийг харгалзан үзнэ. Үүнд:
1.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн байх
2.байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаардана.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд тайлбар оруулсан бөгөөд "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгохоор заажээ. Үүнд дараах хүн хамаарна: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь эрх мэдлийн хувьд нэгнээсээ харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгддэг онцлогийг анхаарах нь зүйтэй юм. "Тарчлаах” гэмт хэргийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаа байхыг шаардахгүйгээр энэ гэмт хэргээс ялгагдана.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалахын тулд ЭБШХ-ийн 72 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 76 дугаар зүйлийг бүхэлд өөрчилсөн бөгөөд урьд нь "эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” гэсэн албадлагын бусад арга хэмжээг "Тодорхой эрхийг хязгаарлах” арга хэмжээ болгосон байна. Албадлагын энэхүү арга хэмжээ авах үндэслэл, журмыг "сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, гэрч, хохирогчид нөлөөлөх үндэслэлтэй бол тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түр хугацаагаар шүүх, прокурор, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр тогтоол гарган хязгаарлаж болно.” гэж өөрчлөн найруулсан байна.
ЭБШХ-ийн 76 дугаар зүйлийн 76.2-т оруулсан нэмэлтэд "Тодорхой эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авахдаа тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгааг тогтоолд нэг бүрчлэн заана.” гэсэн тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас ирүүлж байгаа эрүүгийн хэрэг, тогтоолтой танилцаж батлахдаа дээрх үндэслэл байгаа эсэхийг шалгана.
Түүнчлэн ЭБШХ-ийн 76 дугаар зүйлийн 76.8 -д "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид энэ хуулийн 76.1-д заасан албадлагын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна.” гэснийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад анхаарвал зохино. Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйл "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хэргийг шинээр нэмж тусгахдаа гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хууль тогтоогчоос албадлагын энэхүү арга хэмжээг өөрчилсөн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлд Прокурорын байгууллагын чиг үүргийг заахдаа "Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина” гэсэн байна. Цаашид прокуророос "Хүнийг санаатай алах”, "Амиа хорлох нөхцөл, байдалд хүргэх” гэсэн зүйл, хэсгээр шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт хяналт тавих явцдаа гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн шалтгаан нөхцлийг бодитой тогтоож, энэ тухай танилцуулга, дүгнэлт бичиж хэвших шаардлагатай.
Мөн энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т эрх олгож заасны дагуу "Хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг Улсын ерөнхий прокуророос Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталсан болно. Энэхүү журамд гомдол, мэдээллийг шалгахаас авахуулаад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогчийн аюулгүй байдлыг хангах, прокуророос ямар эрх хэмжээтэй оролцох талаар тусгайлсан зохицуулалтууд туссан болно. Иймд хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан гарсан журам, заавруудтай сайтар танилцах, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд
Эх сурвалж: Prokuror.mn