Шинэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш нэр, хаяг өөрчлөх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан зарим хөтөлбөрийн нэрийг нь өөрчлөн үргэлжлүүлснээс гадна зарим уул, ус, албан байгууллагын нэрийг хүртэл өөрчилсөн билээ. Тухайлбал,
§ Хамтын тэтгэврийн тухай хуулийг НАСНЫ ХИШИГ
§ Сайн оюутан хөтөлбөрийг ОРЛОГОТОЙ ОЮУТАН
§ Чингисийн талбайг СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
§ Хүүхдийн мөнгийг ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ
§ Хэнтийн нурууны нэрийг БУРХАН ХАЛДУН
§ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
§ Сургалтын зээлийн санг БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
§ Батлан хамгаалахын их сургуулийн нэрийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль гэх мэтчилэнгээр өөрчилж, нэрэнд нэлээн ач холбогдол өгөх болов.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрынхны хувьд нэр солих ажил нь их чухал юм байх. Энэ бүхэн нь нэр солих болсон тайлбараас нь тодрон харагдана. Жишээ нь, Батлан хамгаалахын их сургуулийн нэрийн өмнө “Үндэсний” гэдэг үг нэмснээр Монгол Улсын батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоотой болох гэнэ. Түүнчлэн “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдүүлнэ гэж үзжээ. Үнэхээр нэг үг нэмээд эсвэл хасаад тухайн байгууллага, аж ахуй нэгж, төсөл хөтөлбөрийн ажил нь урагшилж, сайжирдаг бол сайн л байна. Харамсалтай нь бодит амьдрал дээр тийм биш шүү дээ.
“Нэрийг нь өөрчлөөд үйл ажиллагаа нь сайжирчихсан” гэх аж ахуйн нэгжийн тухай сонсоогүй л юм байна. Тэр тусмаа төрийн байгууллагын шүү. Тийм байхад энэ Засгийн газар “Нэр солихоос өөр ажил хийхгүй байна” гэж шүүмжлүүлэлгүй яах юм бэ.
Ажил ч гэж дээ. Нэр, хаягийг хуралдаан болгоноороо ийн өөрчилж байгаа нь цаанаа учиртай. Энэ чинь “мөнгө угаах” нэг төрлийн бизнес л юм. Сайндаа ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрынхан нэр томъёон дээр анхаараад байгаа юм биш.
Та бод доо. Засгийн газрын нэг төсөл хөтөлбөрийн нэрийг солилоо гэхэд дагаад бүх тамга тэмдэг, бичиг баримтыг нь өөрчлөх шаардлага үүснэ. Наад зах нь тухайн төсөл хөтөлбөрийн удирдлагын нэрийн хуудсыг хүртэл солих шаардлага гарнаа даа. Тэр болгоныг солихын тулд төсвийн мөнгөөр хэн нэгэн эрх мэдэлтний хэвлэх газар, тамга тэмдэгний үйлдвэрийг “угжина” гэсэн үг.
Одоо жишээ нь, Батлан хамгаалахын их сургуулийн нэрийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болгосноор тухайн сургуулийн хаалганы хаяг шошгоноос авахуулаад хамаг тамга тэмдэг нь солигдож таараа. Энэ бүхний урсгал зардлыг улсын мөнгөөр л хийнэ.
Цаашлаад яривал их юм бий. Хүүхдийн мөнгийг Хүүхдийн мөнгөн тэтгэмж нэртэй болгосон гээд хуучин дэвтрийг нь актлаад шинэ дэвтэр хэвлээд улс, нийслэл дүүрэг, баг хорооны халамжийн хэлтсээр тараах нь тодорхой. Мэдээж, тэр олон мянган дэвтэр хэвлэх өртгийг татвар төлөгчдийн халааснаас л “суйлах” нь гарцаагүй. Ингээд бодохоор нэр томьёонд анхаарч буй мэт харагдах Засгийн газрын цаад санаа нь төсвийн “мөнгийг саах” нэг төрлийн хэлбэр л байгаа юм. Ийм байхад эдийн засгийн хямралыг даван туулах, төсвийн алдагдлыг бууруулах тухай бодоод ч хэрэггүй санагдана.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn