Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа "Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавх, уялдаа холбоог бэхжүүлэх" төсөл, хөтөлбөрт прокурорын байгууллагаас төлөөлөн долоон прокурор хамрагджээ..
Уг төсөл нь 2016 оны 02 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн ба энэ хугацаанд сургалтын хөтөлбөр боловсруулж гарын авлага материал гарган сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар өөрсдийн боловсруулан бэлтгэсэн хөтөлбөр, гарын авлагын дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 03-н хүртэл хугацаанд нийт 250 прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч нарыг хамруулсан сургалт зохион байгуулсан байна. Нийгэмд хурцаар хөндөгдөж байгаа асуудал болох Гэр бүлийн хүчирхийллийн талаарх төсөлд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхантай тухайн сэдвийн хүрээнд хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-"Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавх, уялдаа холбоог бэхжүүлэх" төслийн талаар сонирхуулаач, төслийн онцлог юу байв?
-Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаны үндсэн дээр "Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг нэг жилийн хугаацаатай хэрэгжүүлсэн.
Уг төсөл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд эхний шатанд салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг дэргэдээ мэргэжлийн экспертийн багийг ажиллуулан боловсруулсан юм.
Үүний дагуу шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их сургууль зэрэг 5 байгууллагаас сонгогдсон 33 сургагч-багш нар 2016 оны 6 дугаар сард болсон сургагч-багш бэлтгэх сургалтанд амжилттай хамрагдаж Монгол Улсын эрх зүйн орчин, олон улсын туршлага зэргийг судалсаны үндсэн дээр ГБХ-тэй тэмцэхэд хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтнууд болон шүүгчийн оролцоо сэдэвтэй мэргэжлийн гарын авлагыг хамтран боловсруулж байна.
Түүнчлэн дээр дурьдсан таван байгууллагын төлөөллийн сургагч-багш нар гарын авлагын агуулгад орсон сэдвийнхээ хүрээнд 200 алба хаагчдад хичээл заасан ба прокурорын байгууллагаас нийт 50 прокурор сургалтанд хамрагдаж, сертификат авсан байгаа.
-Прокурорын байгууллагыг төлөөлж уг төслийн сургагч багшийн сургалтанд хамрагдсаны хувьд олж авсан мэдлэг, мэдээллээ хяналтын ажилдаа хэрхэн ашиглан, хэрэгжүүлж байна?
-Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Дүүргийн прокурорын тушаалаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэргийг хянахаар томилогдон ажиллаж байна. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалд судалгаа, үнэлгээ дүгнэлт хийх арга барилд суралцсан байдалдаа түшиглэж, Хан-уул дүүргийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан" гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2015, 2016 оны 08 дугаар сарын байдлаар судлаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал, дүүргийн аль хороонд тухайн төрлийн гэмт хэрэг зонхилон гарч байгаа зэргийг нэгтгэн энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлд дүгнэлт хийлээ.
Дүүргийн Цагдаагийн хэлтэс болон байгууллагын цахим бүртгэлд бүртгэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой гэмт хэрэг түүний шийдвэрлэлтийн тоон мэдээг он тус бүрээр нь авч үзвэл 2015 онд нийт 127 хэрэг үйлдэгдэн гарснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлж, 120 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Харин 2016 оны 08 дугаар сарын байдлаар нийт 87 хэрэг үйлдэгдэн гарснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, 77 хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэргийг түдгэлзүүлж, ажиллагаанд долоон хэрэг байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хэрэг буюу 54 хувиар нэмэгдсэн байгаа юм.
-Судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлуудын талаар тодруулаач...
-Судалгаагаар ХУД-ийн нутаг дэвсгэрт 2015, 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн ЭХ-ийн 99 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн 97 хувь нь эрчүүд байгаа талаарх тоо гарсан байгаа.
Харин хүчирхийлэл үйлдэх үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 43 хувь нь эрүүл, согтуу аль үед, 31 хувь нь эрүүл байхдаа, 26 хувь нь согтуудаа дарамталж, хүчирхийлдэг байдал харагдаж байгаа юм.
Хосуудын дундах хүчирхийллийг хэн нь үйлдэж буйг судалж үзэхэд 47 хувь нь албан ёсны гэрлэлтийн баталгаатай нөхөр, 32 хувь нь гэрлэлтийн баталгаагүй ч хамтран амьдрагч, 21 хувь нь салсан нөхөр нь байдаг. Бид судалгаандаа хүчирхийлэл үйлдэгчийг насны байдлаар ангилж үзсэн. Ингэхэд 21 хувийг 18-30 насныхан, 47 хувийг 30-45 насныхан, 24 хувийг 45-60 насныхан, найман хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Боловсролын түвшингийн хувьд дээд боловсролтой нь 34.2 хувь, тусгай дунд есөн хувь, бүрэн дунд 27 хувь, бүрэн бус дунд 18 хувь, бага боловсролтой 11 хувь, боловсролгүй 08 хувь байна.
-Хүчирхийлэл үйлдэгчид ихэвчлэн өөрт ямар хамааралтай хүмүүст энэ үйлдлээ гаргаад байна. Ер нь хүүхэд, эмэгтэйчүүд энэ хэргийн хохирогч болох тал их байдаг шүү дээ.
-Бидний судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон нийт 214 хүний 139 нь албан ёсны эхнэр, 65 нь хамтран амьдрагч, 10 нь хүүхэд байгаагаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд ихэнхдээ хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа нь харагдаж байгаа юм.
Түүнчлэн анхаарал татсан нэг асуудал бол хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд холбон зуучилсан, хандсан талаарх мэдээлэл байхгүй байна.
Хүчирхийлэл үйлдэгдэгчид тухайн хүний бие махбодь, сэтгэл санаанд нь нөлөөлж байгаа байдал түгээмэл байгаа бөгөөд гэр бүлийн харилцаанаас хамаарч үргэлжилсэн хугацаа нь харилцан адилгүй байдаг учир нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчид учрах аюулын зэргийн түвшинг тогтоогоогүйгээс хүчирхийлэлтэй харилцааны түүх, мөчлөг зэргийг бүрэн тогтоох боломжгүй.
-Та бүхэн нэгэнт энэ гэмт хэргийн чиглэлээр судалгаа хийсний хувьд ер нь юунаас үүдэж гарч байна гэж үзэж байгаа вэ?
-Энэ хэрэг маань өөрөө гэр бүлийн хүрээнд, бидний хэлдэгээр цоожтой хаалганы цаана үйлдэгддэг шүү дээ. Судалгаанд хамрагдсан хэргүүд болон төслийн явцад авч хэрэгжүүлсэн тоо баримтуудаас харахад тухайн төрлийн гэмт хэрэг гарахад архидалт, хардалт, ажилгүйдэл, мөнгө, санхүүгийн байдал зэргээс үүдэлтэй байгаа нь харагдаж байгаа л даа.
Түүнчлэн бид тухайн хүний эзэмшсэн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал нь гэр бүлийн хүчирхийллийн суурь болох эсэхийг авч үзэхэд хүчирхийлэл үйлдэгчийн 20 хувь дээд боловсролтой, 40 хувь нь бүрэн дунд, 10 хувь нь бүрэн бус дунд, 30 хувь бага боловсролтой хүмүүс байгаа ба ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд 30 хувь нь ажилтай, 30 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 40 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаагаас харахад гэр бүлийн хүчирхийлэл нь хүчирхийлэл үйлдэгчийн боловсрол, мэргэжлээс төдийлөн хамааралтай бус гэж дүгнэж болохоор дүр зураг харагдаж байгаа юм.
Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 56.4 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна. Ер нь бол эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэхгүй байх нь хүчирхийлэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс улам хараат байдалд байх нөхцлийг бий болгож байгаа юм л даа.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байна гэж та үзэж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, холбогдох хууль тогтоомжууд нь хоорондоо уялдаагүй, хуулийн тодорхой заалтуудыг хэрэглэхэд учир дутагдалтай, иргэдийн хуулийн талаарх мэдлэг, ойлголт сул зэрэг нь хууль үр дүнтэй хэрэгжих боломжийг хязгаарладаг л даа.
Олон хохирогчид гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдралаа хэвийн зүйл гэж ойлгож байгаагаас гадна хуулийн хамгаалалтыг авах боломжтой гэдгээ мэддэггүй бол хуульчид бид өөрсдөө ч хуульд тусгагдсан хамгаалалтын аргуудыг тэр бүр ашиглаж чадахгүй байна.
Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиас илүүтэй Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэдэг л дээ. Хохирогчид гэмтэл учирсан тохиолдолд бид гэмтлийн зэргээс хамаарч эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зөвхөн тодорхой нэг тохиолдлыг шалгаж байгаа нь учир дутагдалтай байгаа юм л даа. Энэ нь Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын хуулийн аль алинд нь ч гэр бүлийн хүчирхийллийн талаар тусгай заалт байдаггүйтэй холбоотой. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай батлан гаргах нь зүйтэй юм.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
төр засаг нь ажил ч олоод өгөхгүй арчаагүй төртэй байж
ХҮҮХДҮҮДЭЭ ХАРАХ НЬ АЖИЛ БИШ ТИИМ ҮҮ