...
...

”Би хэрхэн ажилладаг вэ?” Стратеги академийн захирал, цөмийн физикч А.Ундраа

Өнөөдрийн манай зочин бол дөнгөж 29 насандаа цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан, АНУ-ын Ливерморийн Үндэсний Хүрээлэнд судлаач, Станфордын их сургуульд профессороор ажиллаж явсан дэлхийн хэмжээний эрдэмтэн эмэгтэй. Тэрээр 2009 онд Монголдоо буцан ирж, Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гадаад Харилцааны Сайдын зөвлөх, Гадаад яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Сайдын зөвлөх зэрэг олон хариуцлагатай ажил албыг хашиж байгаад 2014 оноос одоогийн ажилдаа шилжжээ. “Азийн 21 залуу удирдагч”-ийн нэг А.Ундраа доктор үндсэн ажлынхаа хажуугаар Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2009 онд “Монголын Залуу Манлайлагчид Хөтөлбөр”-ийг санаачилж байв. Ингээд өнөө цагийн шилдэг эмэгтэй лидерүүдийн нэг түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro, ажил дээрээ суурин Dell
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Системтэйгээр 
Сошиал хуудсууд: Агваанлувсангийн Ундраа (фэйсбүүк), Агваанлувсан Ундраа (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Судлаач хүн учраас асар их мэдээлэлтэй харьцдаг. Физикчээр ажилладаг байхдаа өглөө гараад орой үр дүн нь гарчихдаггүй, уйгагүй олон жил ажиллаж байж үр дүн нь гардаг ажил удаан хийсэн учраас урт хугацааны төлөвлөгөөтэй, системтэй ажилладаг болсон. Тодорхой асуудлын талаар судалгаа хийлээ гэхэд дам болон шууд холбоотой бүх мэдээллийг эхлээд цуглуулна. Хүмүүсийн хийсэн судалгаанаас миний судалгаатай холбогдох нь юу байна гэх мэтээр тэр их мэдээллийг ангилж, өөрийн болгоно. Дараа нь асуудлын гүн рүү орно. Тэр их "ой" дотор төөрөхгүйн тулд зорилгоо толгойны мухарт тээж, тийш очих замд тулгарсан асуудал бэрхшээлүүдийг туулах болдог. Энэ нь урт процесс байдаг учир их тэвчээр шаарддаг.Бодлогын судалгааны хувьд ямар асуудлууд байна вэ, тэдгээрийг ямар аргаар яаж шийдэх вэ гэх мэтээр мэдээллийг системчилдгээрээ физикийн судалгаатай төстэй.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Физикчээр ажиллаж байхдаа ер нь програмист маягаар ажилладаг байлаа. Онолын загварчлалын програм, модулиудаа unix үйлдлийн систем дээрээ өөрөө бичдэг байсан. Манай судалгааны хүрээлэн стратегийн ач холбогдолтой том байгууллага байсан учраас Blue Gene хэмээх АНУ-ын хамгийн хурдтай компьютер дээр ажилладаг байлаа. Сүүл рүүгээ Mac үйлдлийн систем рүү шилжиж ажилласан.
Бодлогын судалгаа хийж эхэлснээс хойш судалгааны ажлууд, сэтгүүл, товхимлууд л ажлын гол хэрэгсэл болж дээ. SPSS гээд социологийн судалгааны анализ хийдэг нэг програм дээр ажилладаг.
Сошиал орчинд мэдээж ажиллана. Сошиал медиа аппуудыг өөрөө мэдээлэл түгээхээсээ илүү мэдээлэл авахдаа түлхүү ашиглаж байна. 

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Машинд явж байхдаа утсаар ярих, имэйлээ дотроо бодож төлөвлөж явж байгаад хурдан буулгах зэргийг хэлж болно. Харин одоо удирдах ажил хийж буй хүний хувьд хүмүүст ажил даалгах нь цаг хамгийн ихээр хэмнэх байх. Судлаач хүн болохоор урьд нь бүхнийг өөрөө хийдэг, тэгэхгүй бол сэтгэл ханадаггүй байлаа. Гэвч удирдах ажилтны хувьд бүгдийг өөрөө хийгээд явах боломжгүй. Ер нь сүүлийн үед аливаа ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх нь урлаг юм байна гэж бодох болсон шүү. Дарга, цэрэг, хөгшин, залуу, ямар ч хүнд урам хэрэгтэй байдаг юм билээ. Хүмүүсийг зөв цагт нь урамшуулж, зэмлэх болбол тан тунг нь тааруулах нь ажлаа сайн явуулах нууц болчихоод байна гэж хэлж болно.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлаа хоёр долоо хоногоор нь төлөвлөж, дэвтэр дээрээ хөтөлдөг. Эхлээд хийх ажлуудаа том жижиг гэлтгүй бүгдийг нь бичээд, дараа нь чухлаар нь эрэмбэлнэ дээ. Миний хийдэг ажлууд дийлэнхдээ тэр өдөртөө дуусдаггүй, хэдэн өдөр дамнаж хийдэг ажлууд байдаг тул нэг жагсаалт гаргавал хэдэн өдөр тэрийгээ ашиглана. Давхар календарь ашиглаж, цаг нартай ажлуудыг, уулзалт сэлтээ тэмдэглэдэг. Сүүлийн үед Google Calendar-ийн сануулга (reminder)-ийг ашигладаг болоод байгаа. Ийм цаг товлох уулзалтууд олон. Олон цагийн бүсэд байдаг хүмүүстэй, эмэгтэй лидерүүдтэй онлайн уулзалт (conference call) хийх болдог. Эдгээрийг зохицуулах нь заримдаа амаргүй ч цаг гаргаад ярилцахад орон зай, цаг хугацааны аялал хийж байгаа юм шиг таатай байдаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шийдэхэд хэцүү ажлыг цөөн хүний хүрээнд хамтран хэлэлцээд, хүмүүсээс хамгийн сайн санаа шийдлүүдийг нь гаргуулж, улмаар зөв зүйтэй хамтын шийдвэрийг гаргах тал дээр өөрийгөө үнэлдэг. 
Ахуй амьдрал дээр бол маш хурдан хоол хийж чадна. Манай гэрийнхэн цуйванд дуртай. Хамгийн сайнаар, хамгийн хурднаар цуйван хийх аргуудыг байнга туршиж эрэлхийлж явдаг. Бэлэн гурил ашиглахгүй бүх материалаа шинээр нь бэлдэж хийдэг.Хурдтай гэснээс одоо эргээд харахад боловсролын тал дээр би их л довтолгосон байдаг юм. Өөрөө их яарсандаа ч биш цаанаасаа л тэгж таарсан. Анх 6 настай сургуульд орж, 16-тай их сургуульд элсэж, 18-тай ээж болж, 21-тэй их сургуулиа төгсөж, 22-той магистраа хамгаалж, 23-тай Итали руу сургуульд явж, 24-тэй дахин магистр хамгаалж, 25-тай АНУ руу докторт яваад 29 насандаа доктороо хамгаалж байлаа. 14-тэй байхдаа БНМАУ-ын Сайд нарын зѳвлѳлийн тогтоолоор Монголын сурагчдын онцгой авьяасыг эрт илрүүлэн эрчимтэй хѳгжүүлэх зорилгоор байгуулагдсан МУИС-ийн дэргэдэх Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шалгаран сонгогдож тэтгэлэгтэй суралцсан, 22-той магистр хамгаалахдаа бас л Монголын анхны магиструудын нэг болсон зэрэг сонирхолтой түүхүүд бий.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Сүүлийн жил хагасын хугацаанд би Стратеги Академийн захирлаар ажиллаж байна. Энэ бол 1955 онд анх байгуулагдсан, 5 жилийн төлөвлөгөө байх үед эдийн засгийн төлөвлөгөө гаргах, социалист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байсан байгууллага. 1990-ээд оноос хойш өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор нам, улс төрчдийн рейтингийн судалгаа, нийгмийн суурь судалгаа, бодлогын судалгаа хийдэг, мөн намын гишүүдийг манлайллын сургалтуудад хамруулж чадавхжуулдаг байгууллага болсон юм. Бодлогын судалгааны ийм байгууллагыг баруунд think tank гэдэг. Тэгэхээр Монголын ууган тинк танк гэж хэлж болох байх. Манайх Германы Фридрик Гибертийн сантай, мөн Шведийн ижил үйл ажиллагаатай нэг тинк танктай гадаад хамтын ажиллагаатай. Ер нь хөгжлийн бодлогыг тодорхойлж төрийн бодлогод тусгагддаг бодлогын судалгаа гэдэг бол Станфордын их сургуульд би Олон улсын бодлогын судалгааны чиглэлээр хичээл зааж байсан. Энэ салбарт 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. 
Үүний зэрэгцээ манлайлал, засаглал гэсэн өөрийн сонирхдог сэдвүүдийн дагуу байнга л идэвхтэй ажиллаж байдаг. Монголын Залуу Лидерүүд Хөтөлбөрийг (MYLP) 2009 онд санаачилснаас хойш гадаадад суралцаж буй 160 орчим залуус энэ хөтөлбөрт хамрагдаж, жил бүр дэлхийн аль нэг хотод чуулан, 2-3 өдрийн турш шилдэг экспертүүдээс номын дуу сонсож, тухайн газрынхаа тэргүүлэх их дээд сургуультай танилцаж, нэг анги хамт олон болцгоосон. Өдгөө тал хувь нь их сургуулиа төгсөөд голдуу Монголдоо ирж амжилттай ажиллаж байна. 
Эмэгтэйчүүдийн манлайллын тал дээр С.Оюун гишүүний хамт 2012 онд Олон Улсын Эмэгтэй Удирдагчдын Форум (International Women Leaders Forum)-ыг зохион байгуулах санаачилгыг гаргаж, тэр маань амжилттай ажил хэрэг болж, миний удирдаж асан МонАме Шинжлэх Ухаан Судалгааны Тѳв, Зориг Сан, АНУ-ын Азийн Сантай хамтран 2012 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо дэлхийн олон орны 100 гаруй шилдэг эмэгтэй лидер хуран цугларсан чуулга уулзалтыг зохион байгуулж, АНУ-ын Тѳрийн нарийн бичгийн дарга Хатагтай Хиллари Клинтонирж хүндэтгэлийн үг хэлж байв. Түүнчлэн Эмэгтэй Захирлуудын Нийгэмлэг (Women Corporate Directors) хэмээх дэлхийн томоохон байгууллагын Монгол дахь салбарыг жилийн өмнө байгуулан ажиллаж байна. 3500 орчим гишүүнтэй, 70-80 салбартай, нийт 8.5 их наяд долларын хөрөнгийг хянадаг эмэгтэйчүүдийг багтаасан маш том байгууллага байдаг. Энэ байгууллагад манай эмэгтэй захирлууд нэлээд бий. Ер нь засаглал гэдэг зүйл нэн чухал зүйл. Толгой сайн байж хөл хаашаа явахыг шийднэ. Улс ч бай, компани ч бай, клуб ч бай, засаглал л бүхнийг шийддэг.

Стратеги Академи үндсэн 10 ажилтнаас гадна дэргэдээ 30 гаруй судлаачдыг нэгтгэсэн зөвлөлтэй.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Дэргэдэх судалгааны байгууллага нь учраас намын бүх л зүйлтэй нүүр тулан ажилладаг. Монголын улсын ууган намын хувьд орчин цагт их өөрчлөгдөж, аливаад шинэлэг сэтгэлгээгээр ханддаг болсон, байгууллагын дотоод ардчилалд сайн боловсорсон гэж боддог. Нөгөө талаар хуучинсаг сэтгэлгээ, арга барил бас бий. Ажиллаж эхэлсэн эхэн үед бодлогын судалгааны талаар ойлголтгүй цөөнгүй хүнтэй тааралдаж, тайлбарлах ойлгуулах гэж нэлээд цаг авдаг байлаа. Сүүл рүүгээ харин энэ талаарх хүмүүсийн ойлголт нэмэгдэж байна.Түүнчлэн хийдэг ажлаа хүмүүст хэлэхэд намын талаарх өөрсдийн үзэл бодлоор шууд хүлээж авах хандлага нэн түгээмэл байдаг. Ардын Намын хувьд шууд коммунист гэж ойлгох гэдэг ч юм уу. Гэтэл энэ нам үзэл санааны хувьд коммунист биш социал демократ болоод 26 жил өнгөрч байх жишээтэй. Хүмүүсийг ажиглахад дийлэнх нь намуудын үзэл баримтлалыг мэдэхгүй, мэдье гэж эрмэлзэхгүй байх шиг. Аль ч намыг дэмждэгггүй гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь өөрийн үзэл баримтлалыг мэдэхгүйгээс тэгдэг болов уу.

ТА ЗАЛУУ БҮСГҮЙЧҮҮДЭД ХАНДАЖ ЗӨВЛӨГӨӨ ХЭЛНЭ ҮҮ?

Залуу бүсгүйчүүдийн хувьд хэдийд гэрлэх вэ гэдэг нь чухал асуудал байдаг. Ялангуяа ажилдаа амжилттай яваа бүсгүйчүүд хайр дурлал, гэр бүлийг хойш тавих хандлага нэлээд ажиглагдаж байна. Эхлээд төдөн жил ажиллана, тэгж сурна, тэгээд хүнтэй сууна гэх болж. Өөртөө нэг жор зохиочихоод түүндээ тааруулж амьдрах гээд байна уу даа гэж харагддаг. Миний хувьд энэ тал дээр өөрийгөө хэтэрхий хорих нь зөв үү гэж эргэлздэг. Хайрлаж дурлаад таарсан хүнээ олоод нийлбэл хамтдаа улам л өндөр амжилтанд хүрэх байх гэж боддог. Тэгэхээр өөртөө хайрлаж дурлах эрх чөлөөг өг. Нэг хүн таалагдсан ч энэ мэдрэмжээ дарсаар байгаад магадгүй заяаны хань болох хүнээ алдчих ч юм билүү, хэн мэдлээ. Энэ бол байгалийн жамаараа, цаг нь ирэхээр шийдэгдэх асуудал гэж боддог юм.

Нэмж хэлэхэд, өөрөө би эрт хүүхэд гаргаж, 29 настайдаа доктор хамгаалсан болоод тэр юм уу, залуучуудыг өөрийгөө бага залуу гэж гололгүй зорилго тэмүүлэлтэй, аливаа ажилд манлайлж байгаасай гэж хүсдэг.

ТА ФИЗИКЧИЙН ХУВИАР САЛБАРТАА ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН ХҮН. ЭНЭ ТАЛААРАА ЖААХАН ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

МУИС-ийг төгсөөд би 1996-97 онд ЮНЕСКО-гийн тэтгэлэгт хѳтѳлбѳрт шалгарч, Итали улсын Триест хотноо Олон Улсын Онолын Физикийн Тѳвд Их энергийн физикийн чиглэлээр суралцан магистр хамгаалаад, Монголдоо ирж нэг жил багшилсан. Тийш явахынхаа өмнө жил нь бас нэг жил багшлаад байсан ба тэнхмийнхээ хамгийн залуу багш нарын нэг байлаа. Тэгээд 1998 онд АНУ-ын Хойт Каролинагийн улсын их сургуульд докторантурт суралцан, 2002 онд цөмийн физикийн ухааны Ph.D. докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан ажил маань салбарынхаа шилдэг бүтээлээр шалгарч, АНУ-ын Нэнси Поллокийн нэрэмжит шагналаар шагнуулж, түүнээс хойш анагаах ухаан, мэдээллийн технологи, үнэт цаасны зах зээлийн зэрэг салбарт хэрэглэгдэж байлаа. 
2002-2007 онд би АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний Хүрээлэн буюу АНУ-ын лазерийн гол лабораторид судлаачаар ажиллаж, судалгааны баг удирдан АНУ-ын Эрчим хүчний яамны "Онц тэргүүний судалгааны шагнал" хүртэж байв. 2007 онд АНУ-ын Станфордын их сургуулийн Олон Улсын Аюулгүй байдал хамтын ажиллагааны төвд судлаач болох эрхээр (Science Fellow) шагнуулж, дараа нь Станфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагааны төв болон Олон улсын бодлого судлалын тэнхимд профессороор ажилласан. Судалгааны ажил хийх хугацаандаа олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 60 гаруй бүтээл хэвлүүлсэн маань олон улсын тэргүүлэх зэргийн сургуулиудын дунджаас 2-3 дахин ихдээ орно. Энэ хугацаанд Америк, Орос, Хятад, Япон, Норвеги, Чех, Гуатемала, Щвейцарь зэрэг орнуудад уригдан илтгэл лекц уншсан байдаг. Станфордын сургуульд багшлахын зэрэгцээ судалгааны ажил хийж, Африк тивийн өмнѳд хэсгийн улс орнуудын цахилгаан шугам сүлжээний бат бэх байдлын болон эрсдэлийн шинжилгээ хийж, санамсаргүй матрицын онолын арга боловсруулан “Ухаалаг цахилгаан шугам сүлжээний (Smart-grid) анализийн арга” сэдэвтэй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн маань цөөнгүй оронд ашиглагдаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ нэг их сонсдоггүй. Харин амрах үедээ, чухал ажлын ард гарсны дараа дуртай хөгжмөө чанга тавих сайхан байдаг шүү. Рахмоновын 3-р симфони бол тийм үед миний сэтгэлийн чавхдасыг хөнддөг хөгжим. Бас найз Нарангийнхаа дуунуудыг тавих дуртай. Патти Смитэддуртай, намтар номыг нь уншиж байсан. Металикагийн концертыг хүртэл үзэж байсан шүү. Гэх мэтчилэн бүх л төрлийн хөгжмийг сонсдог боловч жазз, удаан темптэй хөгжимд илүү юм шиг байгаа юм. Мөн монгол ардын дуунуудын үгэнд дуртай.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ном бол яах аргагүй өнөөгийн бие хүнийг минь төлөвшүүлэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл. Нөхөр бид хоёр 3500 орчим ном бүхий номын сантай. Физикийн сурах бичгүүд гэхэд л асар олноороо бий. 
Би хэд хэдэн ном зэрэг эхлүүлдэг дадалтай. Ийш тийшээ явахдаа байнга ном авч явна. Ялангуяа онгоцонд бол ном их уншина. Уран зохиол, шүлэг найраг унших дуртай. Одоо Г.Мэнд-Ооёо гуайн "Гол ус тунгалагших цаг"-ийг харж байна. Саяхан Өмнөд Африкийн Нобелийн шагналт зохиолч Коетцэгийн номыг уншсан. 10 гаруй настай байхдаа Арбатын хүүхдүүд зохиолыг мөн ч олон уншсан даа. Саша, Вара хоёрын дурлал сэтгэлд гүн шингэсэн байдаг юм. Энэ зохиолоос Оросын 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үйл явц харагддаг. Мөн "Мастер Маргерита хоёр" зохиол гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Харин Жон Стэйнбэкийн зохиолууд Америкийг ойлгоход надад тусалсан. Монгол зохиолчдоос бол Д.Нацагдоржийг богинохон наслахдаа ямар агуу бүтээлүүдийг үлдээсэн юм бэ гэж биширдэг. М.Цэдэндорж, П.Нямлхагвын шүлгүүдэд дуртай. Жавахарлал Неругийн "Охиндоо бичсэн захидлууд"-ыг гайхалтай ном гэж боддог. Намайг долоон настай байхад аав ээж минь авч өгч байсан. Охин Индра Гандид нь гүнзгий нөлөөлж, ирээдүйд Ерөнхий сайд болох замыг нь зассан, дэлхийн түүхийн талаарх энэ ном намайг өөрийн бодолтой болж төлөвшихөд нөлөөлсөн гэж боддог. 1984 онд Индра Гандиг нас барахад жигтэйхэн уйлж билээ. Мөн “Нэрт эрдэмтдийн амьдрал” намтарчилсан номонд гардаг, багадаа өнчирсөн ч хэцүү бүхнийг даван туулж физик болон химийн салбарт хоёр удаа нобелийн шагнал авсан цорын ганц хүн болж түүхэнд үлдсэн Мари Кюри гэх агуу эмэгтэйн түүх намайг эрдэмтэн болоход нөлөөлсөн гэж болов уу.

Түүний ширээн дээр байсан номууд

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би нээлттэй хүн. Хүмүүс надтай ярьж суухаараа нарийн нандин зүйлсээ ярьдаг. Хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг учраас итгэл даахуйц санагддаг юм болов уу даа. Бас нэлээд мэдрэмтгий хүн учраас хүмүүсийн эмоцийг харж мэдрээд тохирсон зүйлийг нь хэлж ярьдаг байх. Гэхдээ нээлттэй гээд тийм яриа, нүүрэмгий гэсэн үг биш. Залуу байхад олон хүнийхээ өмнө гарч ярихдаа их ичдэг байлаа. Харин үүнийг даван гарахад багшлах ажил их чухал нөлөөтэй байсан гэж боддог. Сүүлд нэг шавьтайгаа уулзахад "Та анх багшаар ирснийхээ дараа самбарын өмнө гарахаараа ичээд улайчихдаг байсан" гэж хэлж байна лээ. Өөрийгөө ялж байж л хүнд мэддэг зүйлсээ ойлгуулж таарна шүү дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Эрдмийн ажил хийдэг байсан үедээ шөнөөр их ажилладаг байлаа. Шөнийн 3, 4 цаг хүртэл ажиллаад өглөө 9, 10 цаг гээд сэрдэг байсан. Харин оффисын ажил хийдэг болсноос хойш 12-7 хооронд унтаж байгаа байх. Гэхдээ үе үе орой унтаж орой сэрэх гээд байдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Кино үзээд суучихна даа. Киноны улаан хорхойтон. Нэг киног 40-50 удаа үзсэн удаа бий. Киног давтаж үзэх бүртээ анализ хийж үздэг. Энэ киног цаагуураа юу хэлэхийг зорив, энэ дүрээр юу хэлэхийг хичээв, хэрвээ роман зохиолоосоо ялгаатай бол яагаад ингэж зөрүүтэй хийв гэх мэтээр. Жишээ нь Breakfast at Tiffany's киног өнгөц үзэхэд нэг сайхан хүүхний тухай гараад байгаа юм шиг боловч кинон дунд гардаг гол дүрийн хүүхний "Чи чөлөөтэй нисэж байх шувууг торонд хийчихээд байна. Чи надад хайртай юм бол яагаад намайг торонд хийх гээд байгаа юм бэ, намайг нисгэ л дээ" гэсэн үгээс үзэхэд л гоо үзэсгэлэнгээс илүү өөрийнхөөрөө байх эрх чөлөөний тухай өгүүлснийг нь харж болно. Анх энэ дүрд Мерилин Монрог төсөөлж байсан ч найруулагч нь эмзэг бөгөөд хүчирхэг жүжигчин байх ёстой гээд Одри Хекбурнийг сонгож байсан юм билээ. Киноны тоймуудыг бас нэлээн уншина. Күросавагийн кинонуудад их дуртай. Вино уун найзуудтай суух, кофе уун цонхоор ширтэх дуртай. Хувцасны дизайн, тэр дундааsustainable fashion (eco fashion) сонирхдог. Гэрийнхэнтэйгээ аялах дуртай. Монголынхоо хөдөө нутгийг диваажин гэж боддог доо. 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

ОЛОН ЗАЛУУЧУУД "ТА МИНИЙ ҮЛГЭР ДУУРИАЛ АВДАГ ХҮН ШҮҮ" ГЭЖ ХЭЛЭХЭД ИХ УРАМ АВДАГ. ЗӨВЛӨГӨӨ АВЪЯ ГЭЖ ИРЭХЭД НЬ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ТҮҮНИЙГ МААНЬ АЖИЛ АМЬДРАЛДАА ТУСГААД АМЖИЛТТАЙ ЯВАХАД НЬ БҮР Ч ИХ УРАМШДАГ. ӨНӨӨГ ХҮРТЭЛ ОЛОН САЙХАН ЗАЛУУСЫН МЕНТОР, ЗӨВЛӨХ НЬ БАЙЖ ИРЛЭЭ. ЕР НЬ ЗАЛУУЧУУДТАЙ ОЙР БАЙДГААСАА ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ БАЙХ. МОНГОЛЫН ЗАЛУУ ЛИДЕРҮҮД ХӨТӨЛБӨРӨӨРӨӨБАХАРХАЖ, НАСАН ТУРШДАА ЭНЭ ХӨТӨЛБӨРТӨӨ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ ЯВАХЫГ ХҮСДЭГ ЮМ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аавын минь "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Санаа зөв бол заяа зөв" зэрэг зөв санаатай, зөв хандлагатай байх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан үгс багын хүмүүжилд эергээр нөлөөлсөн гэж боддог.Ажлын талбарт нэг багшийн маань "Зорилго тодорхой байх нь амжилтын үндэс" гэж хэлж байсан нь их хэрэг болсон. Дээр хэлсэнчлэн асар их мэдээлэл дунд төөрөхгүй байхад зорилго л тусалдаг. Энэ үгийг би бага зэрэг өөрчлөөд "Зорилго тодорхой бол зам шулуун" гэж хэлэх дуртай. 

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Оюун ухааны академийн Х.Хатанбаатарыг оруулбал сонирхолтой байж магадгүй. Мөн Deloitte-ийн Д.Ончинсүрэнг санал болгож байна. Монгол дахь дэлхийн аудитын 4 том компанийн нэг нь л монгол захиралтай нь Deloitte юм.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ