Тун удахгүй буюу хэдхэн сарын дараа ЭЕШ болох гэж байна. Энэ талаарх мэдээллийг Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас тодрууллаа.
- Энэ жилийн элсэлтийн шалгалт өмнөх жилүүдээс ямар талаараа онцлог вэ?
- Одоо болох гэж буй ЭЕШ нь дараах зүйлсээрээ онцлог болно. Тухайлбал, Монгол хэл бичгийн шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа эхний өдөр авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400-р тогтоож, 2,5 жилийн хугацаатай батламж олгоно. Мөн хариултын хуудсанд бага зэрэг өөрчлөлт орж байгаа. Даалгаврын 80 нүхтэй байсан бол цөөлсөн. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын санамжуудаа томруулж ойлгомжтой болгосон.
- Жил жилийн шалгалтанд оролцогчид буруу хариулт сонгож тэрийгээ засч чадахгүй тохиолдол олон. Энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
- Шалгуулагчид шалгалтынхаа гүйцэтгэлийг хариултын хуудсан дээр балын харандаагаар бөглөх хэрэгтэй. Энэ нь техник технологийн шинэчлэлтүүд хийгдсэнтэй холбоотой. Шинээр авсан машин нь балын харандаагаар бөглөснийг уншдаг. Тэгээд ч олон улсын стандартад балын харандаагаар ЭЕШ-ыг бөглөдөг. Өмнө нь хар, цэнхэр үзгэн балаар бөглөдөг байсан нь буруу хариулт сонгосон бол засах боломжгүй болдог, хоёр хариулт сонговол хүчингүй болох гэх мэт асуудалтай байсан. Харин балын харандаагаар бөглөх нь хариултаа гэмтээлгүйгээр болгоомжтой балруулдаж засах боломжтой болж байгаагаараа онцлог.
- Шалгалтын материалуудад өөрчлөлт орсон уу?
- Монгол хэл бичгийн шалгалтад өнгөрсөн жилүүдийнхтэй ижил материалууд ирнэ. Харин монгол хэл бичгийн шалгалт дээр монгол бичиг буюу Уйгаржин бичгийн даалгавруудын эзлэх хувь нэмэгдсэн. Мөн англи хэл, орос хэлний хичээлүүд дээр сонсох чадварын шалгалт нэмэгдэж орж ирнэ. Өмнө нь уншаад, бичээд бөглөдөг байсан бол энэ удаад сонсоод ойлгосноо бичих бөглөх даалгаврууд орж ирэх болно. Бусад хичээлүүдэд онцын өөрчлөлт ороогүй.
- Шалгалт болох өдөр товлогдсон уу?
- ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур авна гэсэн товыг яам руу явуулсан байгаа. Яамнаас хариу ирэхээр шалгалтыг хэзээ, хаана, хэдэн цагт, ямар хичээлээр авахыг нь зарлана.
- Төгсөгчид хэдэн хичээлээр ЭЕШ өгөх ёстой гэсэн тоо заасан уу?
- Манайхаас ямар ч тоо заадаггүй. ЭЕШ-ийн 10 хичээл байгаа. Хүүхэд сургуульд ороход өөрт нь хэрэгтэй гэсэн хичээлээрээ шалгалт өгч болно.
- ЭЕШ өгөх хичээлээ буруу сонгосон тохиолдолд засах боломж бий юу?
- Бүртгэлийн хугацаанд хүүхдүүдийн анхаарах зүйл нь хэрвээ өгөх гэж байгаа шалгалтаа буруу юм уу дутуу сонгосон тохиолдол байж болно. Буруу сонгосон тохиолдолд бол ямар ч өөрчлөлт хийх боломжгүй. Харин дутуу сонгосон бол манайд өргөдөл гаргаж хичээлээ нэмэх боломжтой. Мөн хувийн мэдээллээ засах гэж ярьдаг. Регистрийн дугаараа буруу оруулах, овгоо дутуу оруулах гэх мэт. Тухайлбал, Баярмаа гэж бичихэд нэг “а” үсгийг нь орхих энэ мэт алдаа гардаг. Үүнд өөрчлөлт оруулахыг хүссэн хүмүүст дахин долоо хоног сунгаж өгөх тохиолдол бий.
- Шалгалтыг ямар сургуулиуд дээр авахаар болсон бэ?
- Аймаг, орон нутгийн хувьд бол аймгийн төвийн нэг сургууль нь шалгалтын төв болдог. Тэр шалгалтын төв дээр шалгуулагчдаа цуглуулж шалгалтаа авдаг. УБ хотын хувьд дүүрэг дүүргийнх нь харъяаллаар сургуулиудыг хуваарилж, ойролцоо шалгалтын төвүүдээр авдаг. УБ хотод 20 орчим шалгалтын төв ажилладаг. Дүүргүүд ямар сургуультай хамтарч ажиллах гэрээ байгуулснаас хамаарч шалгалтын газрыг тогтдог. Өнгөрсөн жил МУБИС, Хүмүүнлэг, Хууль сахиулах, Батлан хамгаалах гэх мэт сургуулиудад шалгалтыг авсан. Манай сайт дээр шалгалтын төвүүд болон суудлын хуваарийн талаар мэдээлэл гардаг.
- Өнгөрөгч 2015 онд жил жилийн дунджаас харьцангуй бага хүүхэд ЭЕШ өгсөн. Энэ жилийн хувьд хэдэн хүүхэд ЭЕШ өгөх судалгаа гарсан бэ?
- Энэ оны төгсөгчид дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэнэ. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жилийн багцаагаар ажиглаад үзэхэд 40 гаруй мянган хүүхэд шалгалтанд оролцоно гэсэн тооцоо байна. Энэ нь өмнөх оны шалгуулагчдаас эрс өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Мөн хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмэлтээр сүүлийн үеийн, дэвшилттэй ЭЕШ-ын машин нэмж авч байгаа.
- Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгүүлч: Б.Янжиндулам
эеш зохион байгуулдаг ганц газар шүү дээ. Бүтэн жил бэлдэж байгаад хийдэг ажлаа хэл амгүй хийгээрэй. Бусад үед нь юу хийгээд сууцгаадаг амьтад юм бэ? ЭЕШ зохион байгуулдаг сонгодог гоё хувилбар байж болно ш дээ. тийм юм хийх толгой наана чинь алга даа. Надад л лав үзсэн, харсан гоё санаа байж л байна. Нэг нь дарга нь болоод, нэг нь ахлах нь болоод, нөгөө нь мэргэжилтэн нь болоод тэнэгтээд явж л байхгүй юу. Нүдээ нээ. Ажилдаа сэтгэлтэй ханд.