АНУ-ын Үндэсний тагнуулын газрын ерөнхий захирлын цахим шуудан, гар утасны мэдээлэлд нэвтэрсний хариуцлагыг Cracka гэх бага насны хакерчин хүү хүлээсэн байна. Мөн тэрээр түүний эхнэрийн цахим шууданд нэвтэрчээ.
Үүгээр ч зогсохгүй сурагч хүү тагнуулын газрын дарга Жэймс Клэпперын утасны дуудлага болгоныг Калифорнийн “Палестины эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн” гэх байгууллагын утсанд хүртэл холбон өгчээ. Энэ хийсэн зохисгүй үйлдлээ хакерчин хүү “Палестин улс эрх чөлөөтэй болж, та бүгд ямар ч гэм зэмгүй хүмүүсийг алахаа зогсоохыг хүсч байна” гэж тайлбарлажээ.
АНУ-ын Үндэсний тагнуулын газрынхан дээрх явдлыг үнэн баттай болохыг нотлон харуулсан юм. Cracka хүү өнгөрсөн оны аравдугаар сард Тагнуулын төв газрын тэргүүн Жон Бреннаны цахим шууданд нэвтэрснээрээ алдаршсан бөгөөд Crackas with Attitude бүлэглэлд харьяалагддаг.
Хожим нь тэдний хулгайлж авсан зарим захидлуудыг алдарт WikiLeaks сайт нийтэлсэн ба энэ бүлэглэлийн гишүүд нь бүгд дунд сургуулийн сурагчид юм.
Б.Мягаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250