Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өчигдөр Хууль зүйн байнгын хороо болоод Хууль зүйн яам хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр Зөрчлийн тухай хуулийн торгох шийдвэрийг илүү тодорхой болгосон гэдгийг албаны хүмүүс хэлнэ билээ. Өөрөөр хэлбэл, тэдээс тэдэн төгрөг гэхгүй шууд л мөнгөн дүнг нь зааж өгсөн юм байх. Тухайлбал, гудамж талбайд нус цэрээ хаясан хүнийг 10 мянган төгрөгөөр торгох заалт ч Зөрчлийн тухай хуульд орж байгаа аж.
Зөв өө, зөв. Манайхан арай л дэндүү, төв талбай дээрээ хүртэл нусаа нийж, шүлсээ хаядаг. Талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд хэнэг ч үгүй шээгээд зогсч байх нь энүүхэнд. Монголчууд хотжоогүй байгаа нь үнэн. Хотжихын тулд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ бас дүрэм, журам ч хэрэгтэй. Аяндаа хотжино, шүлсээ хаа хамаагүй хаядгаа болино гээд хүлээвэл угаасаа худлаа. Тийм болохоор ямар нэг байдлаар хууль, журам байх нь зөв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэгдээ. Тийм болохоор ямар ч байсан нэг хууль, журам байвал зүгээр л байна.