...
...

Дуучин Нара: Надад тэгж согтуу хүний өвөр дээр шалдан суусан юм байхгүй

УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн цагаасаа эхлэн сайн муу үгс олонтаа сонсож, өдгөө бараг дөжрөх шахаад байгаа дуучин М.Нарантуяа буюу Нара “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт оролцохдоо ийн өгүүлжээ. Өөрийнх нь зүс царай, хувцас хунарыг илэрхий дуурайсан Ганбууш буюу Н.Ган-Од саяхан нэгэн бичлэгтээ “Чам шиг ширээний хүүхэн сонгогдвол согтуу самурай төрийн минь толгойд сандайлна. Чи над шиг зовлон үзсэн юмуу. Өрх толгойлсон ээжүүдийн зовлонгоор битгий өөрийгөө хаацайл” гэж ирээд л баахан дайрч давшилсан билээ. Энэхүү бичлэгийг түүнд олон хүн илгээсэн ч өдийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй дуучин бүсгүй “Ганбуушийг би зэмлэхгүй, харин бүр өрөвдөж байна. Өдий 60 нас гартлаа  нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, гадуурхагдан доромжлуулж, маш их зовлон бэрхшээлийг туулж ирсэн хүн гэж би хувьдаа боддог.

Харамсалтай нь энэ хүн улс төрийн захиалгат ажилд дүр бүтээж байна гэж харсан. Надад энэ Ган-Од гэдэг хүнийг үзэн ядах, өсөрхөх ямар ч шаардлага байхгүй. Яахав энэ хүн өөрөө эмэгтэй хүн байх, эх хүн болох, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох асуудлыг байгалиараа мэдэхгүй учраас тэгж хэлж чадаж байгаа юм. Үнэхээр эмэгтэй хүн байж, төрж үзсэн бол хэдэн ч төгрөгөөр худалдагдахгүй байсан биз. Гэхдээ ингэж захиалгат ажил хийснээрээ санхүүгийн асуудал нь сайжирч, байр савтай болж чадсан бол үүнд миний бага ч гэсэн буян орох байх. Харин надтай өдөр бүр хамт амьдарч, миний хүүгийн эцгийн талаар арван хуруу шигээ мэддэг байсан юм шиг тийм худал үг зохиосон хүмүүсийг гайхаж байна. Би итгэсэн, хайрласан, уучилсан, хүлээсэн учраас л энэ хүүхдийг гаргасан. Миний хүү цэвэр хайран дундаас төрсөн. Өнөөг хүртэл би хүүгээ бүтэн хайраар өсгөж байгаа. Хэрэв том болоод надаас энэ бичлэгийн талаар асуувал юу гэж хэлэх вэ...

За энэ ч яахав. Энэ хүний хэлээд байгаа тэр халтуурны ажлуудаасаа би татвар төлж ирсэн. Үнэнийг хэлэхэд, би тийм их эрэлт хэрэгцээтэй дуучин байгаад овойж оцойсон орлого олж байсангүй. Миний хувьд өнөөдөр албан ёсоор хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Ганбууш гэдэг хүнийг шүүх гэсэн юм биш. Тэрний цаана хэн үүнийг захиалсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүний нэр төрд халдаж, үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биш үү. Би үзэл бодлынхоо төлөө л тууштай явж байгаа. Түүнээс биш Ганбууш эгчийн амьдрах орон зайг нь булаагаагүй. Энэ хүн 60 нас хүртлээ ямар амьдралаа замнасан юм, бүү мэд. Тэр яриад байгаа ширээний хүүхэн гэдэг ажлыг нь би бас мэдэхгүй байна. Ганбууш эгчийг маш олон хүн зүхэж байна лээ, гэхдээ энэ бол тэрний буруу биш. Монголын нийгэм үнэхээр хүнд хэцүү байна. Мөнгөний төлөө хүн өөрт хэрэгтэй болон хэрэггүй олон зүйлийг хийх дээрээ тулсан энэ бохир нийгмийг өнөөдөр хэн бүрэлдүүлсэн юм бэ. Тэгвэл энэ бүхнийг бид эрүүлжүүлэх цаг нь болсон гэж бодож байна” хэмээн энэхүү нэвтрүүлэгт оролцохдоо албан ёсоор тайлбар өглөө.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)

Онцлох мэдээ