...
...

МЕГА ТӨСӨЛ-6 буюу НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ төсөл

        Монголчууд бид одооноос л нүүрсийг бүрэн таньж эхэлж байна. Худалч хүнд 100 шахам жил нүүрс олборлож, нийслэл хотоо “Утаанбаатар” хэмээн нэрлэгдэх хүртэл нь энэ “Хар алмаз” хэрэглэж ирсэн гэхэд харьцангуй хожим түүний үр өгөөжийг ухаарч байгаа явдал юм. Дэлхий дахин эм үйлдвэрлэлээс эхлээд ган хайлах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэтчилэн нүүрсээр 10 гаран нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн арав гаран өөр янзаар гаргаж байна гэсэн үг. Техник технологи хөгжөөд гангийн үйлдвэрлэлд нүүрс хэрэглэхээс татгалзаж эхэлж байгаа өнөө үед өөрсдөө түүнээ аятайхан ашиглаж, гадаадын элдэв төрлийн импортын хараат байдлыг багасгах цаг болсон. Засгийн газар ч эрчим хүчний үнийг хямдруулж, байгальд ээлтэй түлш нийлүүлэх санаачлага гарган ажиллаж мега гэх нэршилд багтсан олон төсөл урагшилж байгаагийн эсвэл байсны зарим нь MCS-ийн Багануурт, МАК-ийн Адуунчулуунд баригдах нүүрс шингэрүүлэх төсөл юм.  Энэ хоёроос гадна Цэцэнсмайнинг-ийн Цайдамнуурын, Монголын аж үйлдвэрийн корпорацын Төгрөг нуурын нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн боловсруулалт, ТЭЗҮ хийгдэж байна. Нүүрс боловсруулна, шингэрүүлнэ, хийжүүлнэ гэж өмнө нь төлөвлөхдөө нэлээд алсын зайнаас, барьцгүй, барагцаагүй ярьдаг байсан бол өнөөдөр төслүүд бодит байдлыг олж эхэлж байна.

        “Багануур” нүүрс шингэрүүлэх төсөл нь 100% импортын хараат шингэн түлшний тодорхой хувийг эх орондоо үйлдвэрлэх, Улаанбаатарын гэр хорооллыг хийн түлшээр хангаж улмаар агаарын бохирдлыг бууруулах, болж өгвөл энэ утааны асуудлыг бүр мөсөн шийдвэрлэх гэсэн  хоёр том зорилготой юм. Багануурын уурхай өнөөгийн хэрэглээний өсөлтөөр тооцоолж үзэхэд 50-60-н жил ашиглагдах нөөцтэй. Тиймээс хэрэв нүүрс шингэрүүлнэ гэж үзвэл энэ уурхайн нас улам богиносно. Багануурын уурхайн нөөц ашиглагдаж дууссан тохиолдолд харин өөр уурхайгаас түүхий эдээ зөөх шаардлага үүсэх юм байна. Анх 2010 оноос өмнөд Солонгосын POSCO болон манай талаас MCS грүпп Канадын нүүрснээс шингэрүүлсэн хий үйлдвэрлэх инженерийн Hatch компаниар эдийн засгийн судалгаа хийлгэснээр Багануурын нүүрсээ шингэрүүлэх төсөл эхэлсэн. 2013 оны 8-р сарын 25-нд Өмнөд Солонгосын POSCO гангийн үйлдвэрийн удирдлагууд Монгол Улсын MCS групптэй Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 2 тэрбум тонн нүүрсээр шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хамтын ажиллагааг эхлүүлсэн гэдгээ албан ёсоор зарласан. POSCO- гийн Монгол дахь салбар болох Baganuur Energy Corporation-ий захирал Вон Канг Хигийн төлөвлөснөөр дээрх нэр бүхий хамтын төслийн хүрээнд жилд 450,000 тонн дизел түлш болон 100,000 тонн байгальд ээлтэй пропаны төрлийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахаар тооцоолжээ. Гуулин улсын эрхэмсэг ноён Вон тэр үед “энэхүү шингэрүүлсэн хийний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очсоноор Монгол Улс нь дэлхийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн салбарт гол гүүр болох болно” хэмээн мэдэгдэж байлаа. MCS-POSCO нарын хамтын төсөл нь Монгол улсад анхных биш бөгөөд Германы бизнесийн акулуудын нэг ThyssenKrupp Uhde нь 2012 онд тухайн үед хийгдсэн эдийн засгийн судалгаан дээр үндэслэн нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах төслийг хэрэгжүүлж эхлэхээр засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ хийж байсан. Энэхүү гэрээгээр ThyssenKrupp Uhde компанийг нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах болон коксжих нүүрс угаах үйлдвэрийн технологийн ерөнхий гэрээлэгчийн хувьд Монголд нэвтрүүлэхийг нь дэмжсэн байдаг.Уг төсөл нь Монголын Үйлдвэрлэлийн Корпорацтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд энэ нь үндэсний томоохон корпорац буюу нэгдэл юм. Монголын засгийн газрынхан ThyssenKrupp-тай нүүрснээс шингэрүүлсэн хйи гаргаж авах технологийн талаар 2009 оноос ярилцаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Германд албан айлчлал хийж байх үеэс эхтэй ч ThyssenKrupp өөрсдөө анхан шатны судалгааг 2007 оноос хийж иржээ. Монголчууд жилдээ ойролцоогоор 1 сая тонн дизел түлш импортолдог бөгөөд энэ нь үйлдвэржилт болон авто машины тооноос хамаарч жил бүр нэмэгдсээр байна. Тосны хэрэгцээ ойролцоогоор 2012 оны 800.000- с 2020 онд 3.5 сая тонн болж өсөх хандлагатай байгаа нь бусад бүтээгдэхүүний хэрэгцээ даган төдий чинээгээр нэмэгдэхийг харуулж байна.Монгол Улс нь хэдийгээр 2.4 тэрбум тонн газрын тосны батлагдсан нөөцтэй гэж тогтоогдсон ч цаашдаа тогтоогдсон ордуудыг олборлоход ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой болоод байна. Түүнчлэн олборлох нэг төхөөрөмжтэй, олборлосон газрын тосоо БНХАУ-д шууд экспортолдог Монгол улсын хувьд бүгд тогтоогдсон нөөцөө ашиглаж эхлэхээс өмнө дотоодын нефтийн хэрэгцээгээ бүрэн хангах асуудлаа тогтвортой шийдэлд хүрч шийдэх нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Монголын нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 60%-г дизел эзэлдэг бөгөөд, POSCO болон MCS-н төлөвлөж буйтай ижил хүчин чадалтай 3 ба түүнээс дээш тооны нүүрснээс шингэрүүлсэн хий үйлдвэрлэх үйлдвэрүүд баригдаж байж дотоодын хэрэгцээг дундаж хэмжээнд хангаж эхлэх юм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр газрын тос эсвэл нефтийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамаагүй бага байгаа нь иймэрхүү үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнийг удаан хугацаанд тогтвортой барих магадлалтай юм. Багануурын нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь эдийн засгийн болон стратегийн ач холбогдлын үүднээс Фишер-Тропшийн технологийн аргаар нүүрс хийжүүлэн дизель, хийн түлш гаргаж авах нь Монгол улсын хувьд хамгийн ач холбогдолтой, эдийн засгийн үр ашигтай гэж тогтжээ.  Фишер -Тропшийн технологиор гаргаж авах түлшний чанар нь ирээдүйд нэвтрүүлэх “Евро-6” стандартаас ч илүү сайн чанартай байна гэж үзэж байна. Шингэрүүлсэн хий нь манайд өдгөө хэрэглэгдэж байгаа LPG-тэй адил бөгөөд хэрэглээний туршилтыг сүүлийн 3 өвөл гэр хорооллуудад туршиж, сайн үр дүн үзүүлээд байгаа юм. Төлөвлөгөөний дагуу бол 2014-2016 оны хооронд хөрөнгө оруулалт, техник технологийн асуудлыг шийдвэрлээд 2017 оноос барилга угсралтын ажлуудыг эхлүүлэн 2019 онд үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орох төлөвлөгөөтэй явж байсан. Байсан гэсний шалтгаан нь “Энержи Ресурс”-ийн асуудлаас үүдээд MCS-д хөрөнгө оруулалт босгох асуудал хүндэрсэн байх ёстойг хэлж буй хэрэг. Монголын хамгийн баян эрхэм гэгдэх Ж.Оджаргал захиралын хувьд 2 тэрбум долларын өртөгтэй энэ төсөлд тэрбум доллар гаргах үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нүүрсний хамааралтай төсөлд хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж буй олон улсын чиг хандлага ч энэ төслийг тойрохгүй дайрч байгаа нь тодорхой.

        Багануурын болон Адуунчулууны нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн цогцолборууд нь аль аль нь хоёр тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардах лужгар ажил. Харамсалтай нь энэ хоёр ашиглалтад ороод ч нефтийн импорт гэх дарамтын хараат байдлаас төр салахгүй. Ямартаа ч Монгол улс хэрэгцээнийхээ томоохон хувийг эх орондоо үйлдвэрлэж, ашиглаж чадаж байна гэдэг утгаараа бол энэ том төслүүд бол нийгэм эдийн засгийн үнэлж баршгүй ач холбогдолтой. Нөгөө талаас энэ хоёр үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд Цайдамнуурын болон Төгрөг нуурын үйлдвэрийн төсөл урагшлах туршлага үлдэнэ. Хөрөнгө оруулалт татах нэр нүүртэй болно доо. Тавантолгойн өрөм хамж авсан гэгдэх Энержи Ресурс зах зээлийн судалгаа, чиг хандлагаа буруу тооцоолж үйл ажиллагааны хямралд өртөөд байгаа энэ үйл явдал Багануурын төсөлд хар сүүдрээ бүү тусгаасай.

МЕГА ТӨСӨЛ-1 буюу 25 жил дуншсан Эгийн гол

http://www.breakingnews.mn/c/r/23695

МЕГА ТӨСӨЛ-2 буюу Тавантолгой цахилгаан станц

http://www.breakingnews.mn/c/r/23808

МЕГА ТӨСӨЛ-3 буюу Оюутолгой

http://www.breakingnews.mn/c/r/24031

МЕГА ТӨСӨЛ-4 буюу Тавдугаар цахилгаан станц

http://www.breakingnews.mn/c/r/24172

МЕГА ТӨСӨЛ-5 буюу "САЙНШАНД АҮЦ" мөрөөдөлд үлдэх үү?

http://www.breakingnews.mn/c/r/24273

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • М Си Эс -ийг төр бодлогоор дэмжээд өрнөөс нь салгачихвал Монголын хөгжилд чухал хэрэгтэй.

Онцлох мэдээ