...
...

О.Цэнд-Аюуш: Болор цомоос энэ жил би юу ч хүлээгээгүй

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өнгөрсөн хагас сайн өдөр "Сүлд" чуулгад болж өнгөрлөө. Эгшиглэнт эхийн ивээлд багтаж айргийн тавд олонтаа орж, аман хүзүүнд хэдэнтээ орж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч бол О.Цэнд-Аюуш билээ. Ид жагссан, ир нь ханасан эр хүн шиг 38 дахь удаагийн яруу найргийн наадамд онгод нь халгисан, оюун нь тэгширсэн билэг танхай 30 найрагч оролцож шүлгэн хүлгээ уралдуулсан билээ. Энэ удаагийн наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж Янжинлхамын хишиг хүртлээ. Тус наадамд яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд орсон юм. Болор цомын эзэн О.Цэнд-Аюуштай ярилцлаа.


-"Болор цом" наадамдаа ява­хад нь хэн ташуур өгч үдэв дээ?

-Манай гэр бүлийн хүн Завхан яваад сар гаран болж байна. Манай хүн Завханы Тэлмэн сумын хүн л дээ. Бага жаалтайгаа нутагтаа жаахан ажилтай байгаа. Хоёр ихэр маань аавыгаа мордуулж өглөө. "Аав нь үдээс хойш хүрээд ирнэ. Хоол ундаа хийгээд, гэр орноо цэвэрлээд байж байгаарай" гэж хэлсэн өөр юу хэлэх вэ дээ. Миний хоёр хүүхэд "Сайн уралдаарай, аав аа" гэж л хэлсэн дээ.

-Өмнөх өдөр нь догдлонгуй байв уу, сэтгэлд нь ямархан халгиа цалгиа мэдрэгдэв дээ. 12 дахь жилдээ оролцлоо шүү дээ?

-Олон жил оролцлоо доо. Өмнөх өдөр нь догдлолгүй яах вэ, хүмүүс янз бүрийн сэтгэлийн долгионтой байдаг байх. Агуу их Д.Урианхай, Т.Галсан, П.Бадарч, Б.Лхагвасүрэнгийн тоосоо өргөж байсан алтан дэвжээн дээр гарах гэдэг жижигхэн юм биш шүү. Догдолж л байлаа шүү дээ. Гэхдээ энэ жил ёстой юу ч хүлээгээгүй дээ /инээв/. Түүнээс өмнө гайгүй оролцчих юм сан гээд юм юм л мөрөөдөж л байсан байх. Бурхны ном дээр байдаг даа "Хүний юу ч хүлээгээгүй үед юм ирдэг юм даа" гээд. Өөрийгөө чөлөөлчихсөн байсан. "За, Цэнд-Аюуш минь, нэг их догдлоод яах вэ дээ"  л гэж өөртөө хэлсэн. 12 жил уралдана гэдэг хөгшин морины тоонд орно биз дээ. Барианаас нэг их сайхан эргэх чинь гоё шүү дээ. Сайхан уралдлаа даа.

-Шинэ уран бүтээлийн ганзага мялаах дөхсөн дөө?

-Хоёр уран бүтээлээр ганзага мялаана даа. Наймдугаар сард л номоо боох байх. Яруу найраг, богино өгүүллэгийн хоёр ном юм. Цар тахал уран бүтээлч бидэнд нөлөөлөөд байх юу байх вэ. Яруу найраг гэдэг өөр юм байна. Юу бууна, тэрийг базаж аваад л буулгачихдаг байж. Яг нидэр дээрээ өгүүллэгийн ном гэдэг чанга юм байна. "Аглагт гэрэлтэнэ" яруу найргийн номоо хэвлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэдэн өгүүллэг нухсан чинь зохиолчдыг их хайрладаг боллоо. Гэхдээ хайрлах зохиолч их цөөхөн л дөө. Зохиолчийн хөдөлмөр гэдэг нарийн нандин юм байдаг юм байна. Яасан айхтар яс янгинамаар хөдөлмөр юм бэ. Ёстой нэг чөмгөө дундартал гэдэг үг чинь тэнд тохирмоор юм байна. Энэ хөдөлмөр дунд нулимс, хөлс, баяр, хөндүүрэл бүхий л зүйлээ дайж байна даа.

-Хүн гэдэг хаанаас эхэлсэн, хэн байснаа дурсахгүй өнгөрч боломгүй байх, ямархуу хүүхэд байв даа?

-Би чинь их муу шавь болохоор олон багштай. Манай аваргууд бүр гуравдугаар ангиасаа шүлэг оролдож эхэлсэн байдаг юм байна лээ. Би чинь долоодугаар ангиасаа шүлэгтэй нөхөрлөж эхэлсэн. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд Балт гэж багш байлаа. Монгол хэл, уран зохиолын багш л  даа. Аатай өвгөн шүү дээ. Одоо бурхандаа мордсон доо, хөөрхий. Тэр хүн "Миний хүү, чамд авьяас байх шиг байна, шүлгээ оролдоод байгаарай" гэж хэлж билээ. Тавдугаар ангид ордог жил дээ, өсвөр насандаа л явж байж. Ээж минь алсыг бодсон юм уу, яасан юм мэдэхгүй, нэг удаа "Миний хүү ер нь эмээ дээрээ оч доо" гэж цуутын цагаагч гүү шиг унагадаа захиж хэлсэн сэн. Хойд аавтайгаа жаахан таарахгүй байсан юм даг уу даа. Гэхдээ миний аав муу хүн байгаагүй ээ. Миний эмэг эх Баянгийн Жаргал гэж 90 шахаж байгаа эмгэн бий. Эмээгийнхээ дэргэд хүн болсон доо. Би нэг л юмыг баттай хэлнэ. Би сайн яруу найрагч биш, гэхдээ сайн хоньчин шүү /инээв/. 10 жил хонь хариулсан. Хонины бэлчээр дээр жаахан юм сараачиж бичиж байгаад, нүүрэн дээрээ малгайгаа тавиад л хээр унтаад өгдөг байлаа. Нэг бол тошлой жимс түүж  иднэ. Нэг бол уулсыг, үүлсийг ширтэнэ.

-Эмээ нь сайхан насыг зооглож байгаа буурай байна. Эмээдээ цомын эзэн болсон гэдэг баяртай мэдээгээ дуулгахад юу гэж байх юм дээ?

-Наадмын өглөө бүхэн уралдах гэж байгаа морьд гэдэг арай ондоо байдаг юм. Эмэг эх рүүгээ залгаад л "Хүүгийнхээ төлөө залбираарай" гэж хэлдэг. Эмэг эх маань өргөлөө өргөж, арц хүжээ уугиулаад, "Буурал хайрхандаа залбирчихлаа шүү" л гэдэг. Буурал хайрхан маань манай удмын шүтэж ирсэн хайрхан. Цаана нь Их хайрхан гэж том уул бий. Наана нь Отгонтэнгэр гэж том уул бий. Хайрхаддаа мөргөж сөгдөөд л явдаг юм. Манай эмэг эх их жаатай эмгэн бий. Өвгөн аав минь Аръяа гэж хөгшин байсан. Нутаг усныхан минь мэднэ дээ. Эмэг эх минь нэг удаа "Би хүүхэд өсгөж сүйд болж байгаагүй. Долоон хүүхэд төрүүлээд аавынх нь өвөр рүү хийгээд л орхичихдог байсан. Харин гал дээр гарсан ганц зээгээ энгэр дээрээ өсгөсөн дөө" гэж байна. Тэр нь би юм. Агуу их уран зохиол гэж яриад яах вэ дээ. Энгийн юм гэдэг чинь өөрөө агуу шүү дээ. Хүн гэдэг төрсөн нутгийнхаа сайхныг тухайн үедээ хараад халиагаад бахдаад байдаггүй, дэргэд байх л юм гэж боддог юм байна. Хожим алсын алсад  суухдаа, уудлаад ухаад суух нь ээ сэтгэлд улам айлсаж, амьсаж ирдэг юм байна. Нэг түүх ярихад эмэг эх минь намайг нэг удаа "Хүү минь, чи хонины бэлчээр дээр унтаад байна гэх юм, хий хор дайрчих вий" гэхэд нь би "Энэ миний төрсөн нутаг л юм бол хүүгээ хорлохгүй" гэж хэлж байсан шүү. Өнөө маргаашийн нэр алдар, эд хөрөнгө яах вэ, хүний амьдрал гэдэг огт өөр юм байна. Байгаагаараа байх  сайхан юм. Амьхандаа сайн аав байхыг хичээдэг шүү.

-Хүнд бусдаас өөр байгаагаа мэдрэх, тайлж боломгүй зүүд, зөнгийн мэдрэмж гэдэг зүйлийг мэдрэх тэр мөч, тэр мэдрэмж ямар байдаг вэ?

-Бага байхаас л нэг зүүд эргэдэг байлаа. Их ээ хайрханы орой дотор нэгэн онго шүтээн байх юм. Өндөр нум сумны хоёр, гурван хуруу зузаан тоосонд хүрч байгаа ч юм шиг. Бурхдынх юм уу, хаадынх юм уу булш бунхан харагддаг юм. Барзантай уулын орой л надад харагдаад байдаг юм. Тэр зүүдэнд үзэгдэгч гэрэлт бунхан, онго шүтээн энэ олон хайрхадын хаахнаа юм бол гэж бодоод л уулсын орой ширтээд явдаг юм. Би гэдэг Хүннү гэдэг үүтгэлдээ дэндүү нандин эрхэм ханддаг. Санаандгүй зүйл гэж огт байхгүй.  Өөрийн сайндаа бид төрөөгүй, эртний сайхан ерөөлөөр мэндэлсэн. Өмнөх цаг үед амьдарч байсан өвгөдийнхөө хүч хөлс, амины үнээр бид энэ цаг үед амьдарч байгаа гэж боддог доо. Монгол гэдэг бусдаас хахь ондоо үндэстэн юм л гэж өдөр бүр сэрж мэдэрдэг дээ.

-Энэ үндэстэн хаашаа явж байна гэж танд бодогддог вэ, жаахан улстөржвөл?

-Хүнд итгэл найдвар гэж юм байдаг. Гурван сая гаруйхан хүнийг сайн сайхан байлгачихаж магадгүй байх гэсэн итгэл найдвар бий. Айл бүхэн хашаандаа тансаг байшин орд харштай, хүн болгон үнэтэй машин унах чинь жинхэнэ амьдрал мөн үү дээ. Хүн төрөлхтөнд туулах ёстой даваа гэж байна. Бид туулах ёстойгоо л туулж байх шиг байна. Тэр давааны цаана илүү сайхан зүйл биднийг угтаж буй биз ээ. Би Х.Баттулга Ерөнхийлөгч асны фен биш л дээ. Гэхдээ та мундаг байлаа. Шинэ Ерөнхийлөгч маань тангаргаа өргөлөө. Та бас мундаг байна байх аа. Нэр төртэйхэн ажил­лаад, буухдаа араасаа ард түмнээрээ баяр бахархлын нулимстай үдүүлээрэй гэж хүсэж байна.

-Зүүднээс улбаалаад улс төр руу ороод явчихлаа. Төр засаг маань утга, уран зохиолын салбартаа хэр ээлтэй байна гэж боддог вэ?

-Казакстан тэргүүтэй улс орны утга уран зохиолын хөгжлийг хараад байхад дэмждэгээ дэмждэг юм байна лээ. Эд материалын дэмжлэг яах вэ, бодлогын дэмжлэг чухал даа. Хүний жаргал гэдэг сайхан бүтээл унших, сайхан зүраг харж таашаах, сайхан хөгжим сонсож уярах шүү дээ. Аз жаргал гэдэг чинь л энэ юм шүү дээ. Түүнээс биш үнэтэй машин унаад, хахаж цацсан мөнгө төгрөг биш юм шүү дээ. Амьдралын эгшин хором бүхнийг сэтгэл дүүрэн л байхад энэ гуравхан сая хүн эвтэй найртай орших юм даа.


-Таны үеийн шижигнэсэн сайхан яруу найрагчид утга уран зохиолын ай савд хүч түрэн орж ирсэн. Үзэг нэгт үе тэнгийнхээ нөхдийнхөө тухай сэтгэлээ дэлгэн хуучилвал?

-Өөрийнхөө үеийг өргөмжилж, ирээдүй үеэ өргөж, өнгөрсөн үеэ дээдэлж явбал болно доо. Нэг айдас надад төрлөө. Хятадын залуу зохиолчдын уран бүтээлийн эмхэтгэлийг уншлаа. Монгол туургатны уран зохиол гэдэг нийтлэг эрх ашгийг бодохгүй бол бид хөрш зэргэлдээ орнууддаа цохиулаад алга болох нь ээ. Залуу зохиолчдод нэг зүйлийг хэлэхэд нүүдлийн соёл иргэншил гэдэг хаана ч байхгүй зүйл. Нэгээс нөгөө рүү нүүж байдаг ард түмний тэр нэг сэтгэлийг бичээд өгөөч ээ. Хүмүүний зүрх сэтгэлийг хөглөөд, Нобелд нүүдэлчний сэтгэлгээг тунхаглаад гараад ирэх боломж бидэнд байна шүү дээ.

-Нүүдэлчний сэтгэлгээг үнэр­түүлээд байгаа үеийн найрагчдаасаа хэнд нь илүү горь найдлага тавьж байна вэ?

-Би нэр цохохгүй. Өмнөх үеийнхэн минь нийгмийн шилжилт хөдөлгөөн, нийгмийн тогтолцоонд баригдаж байсан. Харин бидэнд агуу их эрх чөлөө байна шүү дээ. Өөр, өөрийнхөө өнгөөр дуулцгаая. Гоё эвтэй байцгаая. Бидэнд одоо хүсэл шунал хэрэггүй. Мэдээж уран бүтээлийн хүсэл шунал бол илүү их байх ёстой.

-Цөөхөн хэдхэн бүсгүй найрагчдынхаа тухай ямар бодол тээж явдаг вэ?

-Эмэгтэй хүн яруу найрагч, уран бүтээлч байна гэдэг маш хэцүү. Хорин хэдтэй  цэл залуу байхдаа гал дөл шиг асаж байснаа хүний эхнэр, хүүхдийн эх болцгоодог. Тэгээд л уран бүтээлээ орхичихдог нь маш харамсалтай санагддаг. Хэрвээ, эр хүн та яруу найрагчийн эр нөхөр болж байгаа бол эр хүн шиг байгаарай. Янжинлхамын ивээлд багтсан яруу найрагч бүсгүй гэдэг заавал эр хүний хувцсыг угаагаад, хоолыг хийгээд л анир алдрах хүмүүс биш ээ. Бурхнаас өгөгдөлтэй авьяаслаг бүсгүйтэй та учирсан бол авьяас чадварыг нь өнгөлж гэрэлтүүлээрэй. Хайр халамжгүй эр нөхөртэй учраад ямар сайхан суу билэг тэнд унтарч байгааг хэн мэдэх юм бэ. Бид цөөхөн хэдэн бүсгүй найрагчдаа харам, хайртай юм шүү дээ.

-Бүсгүйчүүдийн тухай сэдэв нэгэнт хөндсөнийх. Бүсгүй хүний гоо сайхан хийгээд дотоод сэтгэлийн мөн чанарын тухай яриа дэлгэе л дээ?

-Миний хань гэж Г.Ганчимэг гэж шар хүүхэн бий. Анх 2007 онд яруу найрагч А.Баяржаргал ах маань танилцуулж байлаа. Зохиолчдын хороонд "Цог" сэтгүүлд ажиллаж байлаа. Нэг л өдөр нэг сайхан сэтгүүлч охин ороод ирсэн. Тэр миний амьдралын хань болсон доо. Миний хань "Би чамайг хашаанд хориод яах вэ дээ. Чиний сэтгэл юуг таашаана, түүнийгээ л бич. Амьдрал гэдэг чинь арай ондоо зүйл юм шүү дээ. Чи мэдэх байлгүй дээ" гэж хэлсэн. Бүтээнэ туурвина гэдэг сэтгэлээ хөглөх, сэтгэлгээний эрх чөлөө юм. Гоо сайхан хаа байна, түүнээс сэтгэлээ хөглө. Энгийн сайхан хүн бай гэж хэлмээр байна. Нэг л зүйлийг баттай хэлэхэд энүүхэнтээ Шар тэнгис, Гуулин улс, Цагаан хэрмийг давж явахад ганц сайхан бүсгүй нүдэнд тороогүй дээ. Түүгээр 17 хоног аялахад шүү дээ. Гэтэл Монголд 17-хон секунд гараад алхахад л тэнгэрийн дагина шиг бүсгүйчүүд гэрэлтээд, гунхаад л гараад ирдэг юм. Манай монгол охид аргагүй л Гоомаралын удам тэнгэр заяат бүсгүйчүүд юм даа. Дуу алдмаар.

-Та бүхний араас хүч түрэн орж ирж байгаа залуу сайхан найрагч дүү нартаа юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Энэ миний үг биш ээ. Агуу их Арлааны Эрдэнэ-Очир ахын маань хэлсэн үг л дээ. "Миний дүү нар дөмөгхөн бай" л гэж хэлдэг байсан юм. Дээр нь "Монгол хүний сайхан жудаг гэж бий" гэж хэлдэг. Бид бие биеэ чи агуу, би агуу гэх ямар ч шаардлага байхгүй уншигчид гэдэг мэргэн шүүгчид бий шүү. Ирээдүй цаг үеэ дандаа бодож явдаг даа. Тэд л биднийг шүүнэ шүү дээ.

-Та Болор цом авах торгон мөчид "Яг энэ мөчид энд Арлааны Эрдэнэ-Очир гэдэг хүн бий гэж итгэж байна, та намайг өдий зэрэгт хүргэсэн шүү" гэж баярын нулимстай хэлж байсан. Тэр хүмүүний тухай сайхан дурсамжаа хуваалцана уу?

-Зарим нэг улс "Эрдэнэ-Очир оо, чиний тэжээсэн гөлөгнүүд намайг барьж идлээ" гэж хэлж байсан юм гэнэ лээ. Тэгсэн Очир ах "Үхсэн, та нарт тэжээх гөлөг ч байхгүй юм чинь" гэж хэлж байсан юм гэнэ лээ. Би муу шавь учраас олон багштай гэж хэлсэн дээ, агуу их Ш.Дулмаа, Ц.Түмэнбаяр, Г.Мэнд-Ооёо багшаасаа номын дуу сонсож байлаа. Ц.Түмэнбаяр багш маань зэвүүн зохиолч доо. Тийм л зэвүүн л байх хэрэгтэй. Олон сайхан хүнтэй танилцуулсан даа. Нэг удаа А.Эрдэнэ-Очир ахтай намайг танилцуулж байлаа. "Энэ хүүхдийг чи ав, алгадна уу, аргадна уу чи өөрөө мэд" гээд намайг тушаасан. Ах маань аргаддаг хүн биш шүү дээ. Гараараа биш үгээрээ алгаддаг байхгүй юу. Дөрвөн хоног намайг нойргүй суулгаж байсан шүү дээ. Намайг "Цог" сэтгүүлд ажиллуулсан. Намайг явсан чинь "За, энэ хүүхэд эргэж ирэхгүй байх" гэж л дээ. Тэгсэн би хүрээд ирэхгүй хаачих вэ /инээв/.

А.Эрдэнэ-Очир ах маань "Авсыг минь мөрлөх хөвүүдийн минь мөр ч тэгшрээгүй байна, ир ч тэгшрээгүй байна" гэж тэнгэрт дэвшихийнхээ өмнө бичиж байсан даа. Нэг их удаагүй Завхан яваад ирье гээд л гэнэтхэн яваад өгсөн дөө /хоолой нь зангирав/. Би очоод алтан шарилыг нь аваад ирье гэсэн боловч эмчийн үзлэгээр миний эрүүл мэнд тэнцээгүй. Зүрхний хэм өндөр, даралт өндөр гарсан. С.Баттулга, Н.Минжинсайхан тэргүүтэй миний андууд надад амьгүй болсон ахыг минь авчирч өгсөн. Ах минь  уяраад л, дуулаад л, инээгээд л, хөөрөөд, хөгжөөгөөд л, наргиад л явдаг байсан. Тэр хүнийхээ тэргүүн дээр зогсоод нүүрнийх нь хэвийг авах гээд нүүрэн дээр нь шавар түрхээд зогсож байхад "Аюуш аа хүүдий минь ээ, наад шавраа нүүрэн дээрээс аваач ээ" гэж хэлээд босоод ирэх юм шиг санагдсан шүү. Би хийгээд бидний үеийнхэн таны ачаар өдий зэрэгтэй яваа шүү. Та минь догшин ноён хутагтын хойд дүр номхон ноён хутагт байлаа шүү. Нэг л мэдэхэд гурван жил болжээ. Алтан-Өлгийд ахынхаа газрыг нь эргэхэд алтан шарил дээр нь тариан түрүү ургасан байж билээ. Их бэлгэшээлтэй. Ах маань "Байгаа үедээ эр хүн шиг л бай, удахгүй л бид байхгүй болно шүү дээ" гэж хэлдэг байсан даа.

Би чамд нэг нууц хэлэх үү. Эмэгтэй хүн гэдэг чинь чанга юм байна аа, хамаг нууц яриулчихдаг юм байна...

-Тэг л дээ...?

-Миний аав чинь шүлэг бичдэг  хүн байсан юм шүү дээ. Нэг удаа Сүхбаатарын угшилтай ассан шатсан яруу найрагч Ай.Төмөр-Очир ахын номын нээлтэд очоод гэртээ анх удаа халмагхан оров оо. 20-хон настай амьтан байлаа шүү дээ би. Ээж минь өглөө нь бантан хийж байна аа. "Миний хүү анх удаа халангар орж ирлээ, хаана ингэж халангартаад ирэв" гэж асуулаа. Тэгэхээр нь би "Хүү нь Сүхбаатар аймгийн их яруу найрагч Ай, Төмөр-Очир гэдэг хүний номын найран дээр очсон" гэв ээ. Гэтэл ээж минь "Чиний аав чинь..." гэснээ таг дуугаа хураачихав. Би ч гэнэт сэжиг аваад ээжээсээ асуусан л даа. "Хүү нь эрийн цээнд хүрч байна, аавын минь тухай надад хэл ээ" гэлээ. Миний аав Ишигээ Дамдинсүрэнгийн Содовоо гэж Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хүн байдаг юм байна. Энэ тухай сонсоод Очир ахдаа хэллээ. Очир ах маань Ай.Төмөр-Очир ах дээр ч дагуулж очлоо. Мэнд-Ооёо зохиолч дээр ч мөн очлоо. Тэгсэн аав маань Ооёо ахын шавь нь болж таарлаа. Аавынхаа багшид шавь оръё гэж зориглоод шавь орсон. Сүхбаатар аймгаар Г.Мэнд-Ооёо абугатай "Сувдан сондор" аялалын журмаар явах аз тохиолоо. Онгон сумаар явж байтал Мунгаа гэж хүн таарлаа. Тэр хүн миний аавыг таньж таараад, намайг хараад л шууд "Яг аав байна" гээд таниад босоод ирсэн дээ.  Аав минь Онгон сумын Шарга бүрдний элс гэдэг газар төрж, 2000-аад оны үед бурхан болжээ. Би чимээгүйхэн алхаад талын дэрсэн дунд суугаад асгартал уйлсан даа. Хожим яруу найрагч Г.Лхагвадорж анд маань Цагдаагийн архиваас аавын минь гурван үеийн намтрыг олж өгсөн дөө. Гурван үеийн намтрыг хараад эцэг өвгөддөө, Алтан овоо, Шилийн богддоо сүслэн залбирсан даа. Би аавынхаа талын нагац ах нартайгаа уулзсан даа.  Яг л өөрийгөө толинд харах шиг л болсон доо. Хараад л мэлмэртэл уйлчихсан. Элэг сэтгэл гэдэг ийм сайхан. Ай.Төмөр-Очир ах сүүлд нь хошигноод Аюушийгаа Отгонтэнгэр, Шилийн богд хоёр тав, тавин хувиар хувааж авна гэсэн шүү /инээв/.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ