...
...

УИХ-ын дарга М.Энхболд “Оюутолгойн” гэрээг цуцалж, алдсан нэр хүндээ сэргээх үү

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн топ сэдэв Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын дуулианы талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн явдал байлаа. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн Швейцарийн Прокурорын газраас мэдэгдсэн юм.

Тэгвэл тус мэдээлэл гарсны даруйд Сангийн сайд асан С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Монгол Улсын АТГ, Швейцарын холбооны Мөрдөх товчоотой хамтраад шалгаж байгаа. Үнэн зөвийг олох нь гэдэгт баярлаж байна. Чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж Оюутолгойн гэрээг хийсэн. Сайн гэрээ болсон. Надад одоо Швейцарт нэг ч данс байхгүй Швейцарь дахь 10 сая ам.долларын Монголын нэр бүхий бизнесмэнийх” гэж мэдэгдэв.

Тэгвэл үүний маргааш нь дөрвөн намын дарга нар мэдээлэл хийж, “Оюутолгойн гэрээг яаралтай цуцлахыг” тэд шаардсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Оюутолгойн гэрээг ил тод болгох хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболдод алдсан нэр хүндээ Оюутолгойн гэрээг цуцалж сэргээх боломж байна. Тэр хүн өнөөдөр ард түмэнд “нэргүй” байгаа. Үүнийгээ засах боломж түүнд ирээд байна” гэж хэлэв.

Үүнийг ойлгосон уу гэлтэй УИХ-ын дарга М.Энхболд маргааш нь Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдсон байна.

Ш.Адъяамаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ