...
...

Н.Түвшинбаяр “Чингис хаан” одон хүртлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж,  Төрийн ордны Баганат танхимд зочдыг угтах улаан хивсний ёслолд оролцоод  Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр  Монгол Улсын Консерваторийн оюутнууд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдлага дор Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг", “Монголын тал нутаг“дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

Энэ 2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 11 хүнийг шагнаад байгаа бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон байна.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ