...
...

Дэлхийн Шим мандлын сүлжээн дэх Говийн их дархан газар

Алтайн нурууны өвөрт орших Говийн их дархан   газрыг улсын тусгай хамгаалалтад авсны 40 жилийн ой энэ наймдугаар сарын эхний  өдрүүдэд тохиов.     

Анх 1975 онд АИХ-ын зарлигаар байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт энэ газрыг тусгай хамгаалалтад авснаар их дархан газар байгалийн үзэсгэлэнт өнгө төрхөө хадгалж үлдэн эдүгээ хүрчээ. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор   дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад  баталгаажуулсан байна. Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нийт 4.633.300 га нутгийг хамран орших их дархан газар   хэмжээгээрээ дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгуудын 15 дугаарт ордог. Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан, дэлхийд ховордсон ан амьтнаар элбэг энэ газар нутгийг  дархлан хамгаалж байгаа нь бүс нутгийн  байгаль, экологийн хамгаалалд асар том хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Их говийн дархан газрыг 1991 онд дэлхийн  Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлж, дэлхийд данстай болгожээ. Шим мандлын нөөц газрын сүлжээнд багтах шалгуур нь онцгой сонирхолтой, унаган төрхөө алдаагүй  байгалийн бүрдэл газар, талбайн хувьд харьцангуй том, экологийн сургалт, судалгаа явуулж, шим мандалд гарч буй өөрчлөлтийг судлах түшиц газар байхуйц  зэрэг ажээ. Нэгэнт Шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан бол олон улсын шинж чанартай дархан газар болж байгаа бөгөөд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд зарим үйл ажиллагааг удирдан явуулдаг. Говийн их дархан газрын хамгаалалтын захиргаа 1984 онд  уг  дархан газрын  “А” хэсэгт, 2009 онд “Б” хэсэгт тус тус байгуулагджээ.  Монголын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын анхдагч болох “А” хэсгийн захиргаа өнөөг хүртэл  арвин  их  туршлага хуримтлуулж, боловсон  хүчин,  техник  тоног,төхөөрөмжийн хувьд бэхэжсэн байна. БОНХАЖЯ-ны  Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас цаашид хамгаалалтын захиргаадыг   шилэн кабельд холбох, сайн чанарын унаа техник хэрэгслээр хангах,  боловсон хүчнийг мэргэшүүлэх зэрэг олон ажил хийхээр  төлөвлөж байгаа нь Говийн их дархан газарт үр өгөөжөө өгнө гэж тус хамгаалалтын захиргааны хамт олон олзуурхаж байна.  Тус хамгаалалтын захиргаа нь холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтлэг үйл ажиллагаа явуулахаас гадна орчны бүсийн зэрлэг амьтны байршил, шилжилт хийх боломжтой булаг ус, баянбүрдүүдэд эргүүл  шалгалт зохион байгуулах, заган ойн нөөц тархац нутгуудад хяналтын пост байгуулах, ашигт малтмалын илэрц бүхий газруудад эргүүл шалгалт  хийх, иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж байна. Тус  хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны чухал нэг хэсэг нь   орон нутаг, орчны бүсийн сумдын иргэд,хилийн цэргийн ангиудад  байгаль орчныг хамгаалах чиглэлээр сургалт явуулах юм. Орчны сумдын сургуулиудын  байгаль   хамгаалах клубын үйл ажиллагааг дэмжин, туршлага судлах, хүүхдүүдийг  багаас нь   үзэсгэлэнт сайхан байгалиа хайрлах ухаанд сургах зорилгоор жил бүр  чуулган зохион байгуулж хэвшсэн байна.   Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа нь мөн  Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газрын хамгаалалт, менежментийн ажлыг давхар хариуцан гүйцэтгэдэг. Ээж хайрхан ууланд  ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас аялал жуулчлалын аятай таатай орчныг бүрдүүлэхэд мөн анхаарч ажиллаж байгаа ажээ. Алдарт Сэгс цагаан богд, Атас, Ингэсийн сүрлэг өндөр ууланд  аргаль, янгир дүүлж, зах хязгааргүй үргэлжлэх Захуй зарман, Хар сайр, Цэнхэр номингийн говьдоо  хавтгай, хулан уралдахыг  харж, энэ сайхан бүхнийг хамгаалж байгаагаа жаргал гэж үздэгээ хамгаалалтын захиргааны хамт олон ярьж байна. Дөчин жилийн түүхтэй уг хамт олны дундаас   Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Чулуун,  Ч.Ванхүү, Байгаль орчны гавъяат ажилтан О.Доржраа,  мөн төрийн дээр шагнал   “Алтан гадас”  одонт Б.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Г.Нисэххүү, доктор Г.Базар, А.Авирмэд, А.Хауланбек, Б.Мижиддорж нарын  олон алдар гавьяатнууд төрөн гарчээ.

Хятадын баруун хойт болон Монголын орны баруун өмнөд хэсэг Алтайн өвөр говьд  цөөн тоотой үлдэж хоцорсон хавтгай тэмээ үржүүлгийн төвийг тус хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж, өнөөдөр сүргийн тоог 29-д хүргээд байна. 2015 онд зургаан  ботго хүлээн авсан нь хавтгай үржүүлгийн түүхэнд тэмдэглэхүйц тоо аж.  Английн хавтгай хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Захуйн баянүрдийн “Захын ус” хэмээх задгай устай газарт 60 га газар хашаалан, хавтгай тэмээ үржүүлж байна.  Харин Говийн их дархан газрын “Б” хэсэгт  тахийн сүрэг үржиж, тоо толгой нь  140-ийг давжээ. Мөн олон улсын баавгай нийгэмлэгтэй хамтран мазаалай баавгайн экологийн судалгааг 2005 оноос  хийж,  сансрын дохиололт хүзүүвчийг давхардсан тоогоор 22 мазаалай баавгайд  зүүгээд байна. Олон улсын тахь групптай хамтран хулан адууны судалгааг хийж байгаа ажээ. Түүнчлэн МУИС-тай  хамтран говийн нэн ховор, ховор амьтныг зурган индексийн аргаар судлах, хоёр нутагтан мөлхөгчдийн судалгаа хийх  зэрэг эрдэм шинжилгээний ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна.   Уг дархан газарт мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, ирвэс, аргаль, янгир зэрэг олон улсын болон Монголын улаан номонд орсон амьтад нутаглаж байна. Говь, цөлийн бараг бүх ургамал, ашигт малтмал, эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэц, түүхийн дурсгалт зүйлсээр нэн баялаг тун ч баян нутаг юм.

Т.Үлэмж

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ