Эгч дүү хоёр Нандиа хоршин дуулж, уянгалаг сайхан хоолойгоороо олон нийтийн анхаарлыг татаж, залуусыг байлдан дагуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.
"Явах тухай би одоо ярихгүй
Учир нь чи надад ойрхон байна
Чиний тухай бодлыг минь хэн ч зөвтгөхгүй" хэмээн дуулах тэднийг зарим хүмүүс ихэр хэмээн эндүүрэх нь бий. "МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн үеэс урлагийн каррьераа эхлүүлсэн эгч дүүс одоо "X Vit" хамтлагийн дуучид болж, уран бүтээлээ туурвиж байгаа. Өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрсөн томоохон хэмжээний баярын уулзалтын үеэр дуучин Г.Нандин-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
Сүүлийн үед ямар уран бүтээл гаргасан бэ?
- Оны өмнө “Сэрүүн зүүд” хэмээх цомгийн гурав дахь дуу цацагдсан. Одоогийн байдлаар дөрөв, тав дахь уран бүтээл дээрээ ажиллаж бичлэгэнд ороход бэлэн болоод байна.
Та хоёрын хувьд анх хэзээнээс “Х Vit” хамтлагт харьяалагдах болсон бэ?
- Анх 2007 оноос хамтарч ажиллаж эхэлсэн.

Хамтрах болсон шалтгаан?
- Хуучин “X Vit” хамтлаг нь эрэгтэй дуучинтай байсан боловч гадаад руу явах шаардлагатай болсноор эмэгтэй дуучин агентлагтаа хайж байсан юм. Бид хоёрын хувьд МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын тэмцээнд оролцоод дөнгөж дуусч байсан юм. Ерөнхийдөө хүмүүс биднийг хамтлаг дуучдын ард бакал хийдэг гэдгээр нь мэддэг байсан. Тухайн үед бид хоёр одоогоор UB ᠋palace-ийн “Flower night club”-д гэрээтэй ажиллаж, дуулдаг байсан. Тэр үед манай хамтлагийнхан ирж үзээд хамтарч ажиллах санал тавьснаар “X Vit” амьд хөгжмийн хамтлагийн эмэгтэй дуучид болсон. Гэхдээ тэнцсэн гэсэн хариу тийм ч хурдан ирээгүй. Бидний дуулахыг ирж сонсчихоод нэлээн хэд хоног сураггүй байх үед бид хоёр “яг гологдчихсон байна даа” гэж бодож байтал хамлагийнхан маань эргээд холбогдсон юм. Ажил ихтэй байсан учир шууд хариу хэлж чадалгүй хэсэг хугацааны дараа холбогдсон юм байна лээ. /инээв/
Анх хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ?
- Жаахан байхаасаа л дуулж эхэлсэн дээ. Хоёулахнаа гэртээ үлддэг, ээж маань биднийг түгжээд явчихдаг учраас хамтдаа дуулж, бүжиглэж цагийг өнгөрөөдөг байсан. Бид хоёр анх 1991 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Дуучин Ариунаа, Сараа гэсэн хүмүүс шүүгчээр суудаг байсан үе гэж хэлж болно.
Анхны уран бүтээл юу байсан бэ?
- Анх 2000 онд уран бүтээл хийж үзсэн. Гэхдээ ихэвчлэн хип хоп хамтлагтай хамтарч дуулдаг байсан. Яг дангаараа хоёр уран бүтээл хийсэн ч түүнийгээ олон нийтэд цацаагүй. Гэхдээ одоо явдаг “Дээс”, “Маленькая страна” гэх мэт хүүхдийн дууны кассетны бүх дууг бид хоёр дуулж бичүүлж байлаа. Ер нь ихэнхдээ хамтлаг дуучдын ард бакал хийдэг эсвэл дахилт дуулдаг хүүхдүүд байж дээ.
“X Vit” хамтлагт орсноос хойших хамгийн дуртай уран бүтээлээ нэрлэвэл?
- Бүх дуу л сайхан. Гэхдээ мэдээж анхны уран бүтээл “Чимээгүй хайр” илүү их ойрхон санагддаг. Тэр дууг зохиож байсан процесс нь гоё ч юм шиг. Клипэн дээр манай дүү Г.Нандинсувд төрөх дөхчихсөн нэлээн том гэдэстэй байх жишээтэй, их л адал явдалтай бүтсэн дуу.
“Чимээгүй хайр” дууны үеэр таны дүү жирэмсэн байсан учраас хүмүүс хүүхэдтэй гэр бүлтэйг нь мэддэг шүү дээ. Таны хувьд хэдэн хүүхэдтэй вэ?
- Би одоо найман настай охинтой, ганц бие ээж. Хүмүүс ер нь клипнээс үүдэлтэй намайг хүүхэдтэй гэж боддоггүй байх. Миний хувьд ээж аав, охинтойгоо цуг амьдардаг.
Та ямар мэргэжилтэй вэ?
- Би СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Цэнгээнт бүжгийн “Улаансарнай” хамтлагийн гишүүн ба МУГЖ, дуучин Т.Ариунаа эгчийн ард 15 жил тасралтгүй бүжиглэсэн. Одоо “Gokd’s Gem”-д багш дасгалжуулагчаар ажиллаж байна.

Амьд хөгжмийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
- Долоо хоногт хоёр удаа хамтлагийн гишүүд тус тусын ажлаа дуусгаад буюу 21-23 цагийн хооронд хийдэг.
“X Vit” хамтлагийн ойрын зорилго?
- Юуны түрүүнд уран бүтээлчдийн зүгээс энэ ондоо багтааж СD-гээ дуусгана гэсэн зорилготой байна. Цаашдаа илүү их олонд хүрсэн олон сайхан дуутай болох, зөвхөн Монголдоо биш цаашлаад гадаадын соёл урлагт хүчээ сорих гэх мэт хэтийн зорилго бий.
Таны бусдаас ялгарах онцлог гэвэл?
- Онцлог гэвэл би дүүтэйгээ дуулдаг. Хоёулаа дуулахдаа нэг хүн шиг бие биенийгээ мэдэрч чаддаг. Хэрвээ өөрсдийгөө болсон, сайн дуулдаг гэж боддог байсан бол аль эрт итгэлтэйгээр уран бүтээл хийж эхлэх байсан. Бид урлагт илүү их бэлдэж, суралцахыг хичээсэн. Гэхдээ юм гэдэг цаг хугацааны эрхээр аяндаа л бий болдог юм шиг санагдаж байна. Одоо л биднийг дажгүй дуулдаг гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг болоод ирэхээр бид хоёр илүү их итгэлтэй дуулж эхэлж байгаа гэж хэлж болно.

Танай хамтлагийн зүгээс хүмүүнлэгийн ажилд хэрхэн оролцдог вэ?
- Ер нь амьд хөгжмийн хамтлаг нийгмийн хариуцлагын тал дээр сайн ажилладаг гэж би боддог. Хавдартай хүүхдүүдэд зориулсан эсвэл өвчтэй хүнд зориулсан ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн хорих дээр тоглолт хийх гээд цаг хугацаа арай давчуудсан учир хийж чадаагүй. Гэхдээ цаашдаа бол мэдээж хийнэ.
Монгол уран бүтээлчдээс хэнийг шүтэн биширч ирсэн бэ?
- Яг замналыг нь бодоод үзэхээр тэр энэ гэж хэлэх их хэцүү. Бүгд л маш их хөдөлмөрлөж байж өөрсдийн каррьертаа хүрч, нийгэмд эзлэх байр суурьтай болдог. Гэхдээ би ганцаараа дуулдаг дуучдыг үнэлдэг. Ганцаараа бүх юмаа хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Ер нь бол Т.Ариунаа эгчтэй удаан хугацаанд хамтарч ажилласан учир их хүндэлдэг. Түүнээс суралцсан, олж авсан зүйл их бий. Цагаа барьдаг, хэзээ ч ажлаа хойшлуулдаггүй, дутуу бэлтгэлтэй тайзан дээр гардаггүй гэх мэт суралцах зүйл ихтэй хүн дээ.
Та соло уран бүтээл хийнэ гэж боддог уу?
- Тэр талаар ёстой бодож байгаагүй. Бүжиглэх талаар л бодож байлаа. Одоогоор хамтлагийн уран бүтээлээ номер нэгт тавиад байгаа.
Та хоёрт уран бүтээлийн эрч хүч өгдөг хүн хэн бэ?
- Ээж маань. Манай ээж бид хоёрыг урлагийн зам руу оруулсан. Дандаа л хөтлөөд явж байдаг. Өдрийн хоолыг нь бэлдээд л авч явдаг, тэмцээн уралдаанд оролцоход гоёлын хувцсыг нь оёод л ямар ч үед бидний ард зогсдог. Одоо ч мөн адил үргэлж биднийг дэмжиж, урамшуулдаг хамгийн эрхэм хүн бол бидний хайртай ээж.
Ярилцсанд баярлалаа. Танд урлагийн өндөр амжилт хүсэе.
Баярлалаа. Танай хамт олонд ч бас амжилт хүсэе!
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn