Өдөр бүр зөвхөн нэг чиглэлд 50-60 микро явдаг. Тэгвэл үүрийн таван жингээр эхэлдэг микроны амьдралын хэв маяг хэрхэн үргэлжилдэг талаар та бүхэнд хүргэхээр ханын материал, хороолол, 100 айл чиглэлийн жолооч эмэгтэй О.Байгалмаатай уулзуулж байна.
Анх хэдэн оноос хойш микро барьж эхэлсэн бэ?
- Анх гэвэл 2001 оноос гэсэн үг их сургуулиа төгсөөд ажиллаж байгаад тухайн үед цомхтголд өртөж ажлаасаа гараад л зах зээлд өртөж жолооч болохоор шийдсэн юм.
Таны үндсэн мэргэжил юу?
- Би эмч мэргэжилтэй.
Сайхан мэргэжил шүү дээ. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй вэ?
- Миний үед эд зах зээл цэцэглэж, олон төрийн болон хувийн байгууллагууд ажилтнаа цомхтгож байсан үе. Хүн бүр л өөрсдийн хийж чадах, болох ажлуудаа хийцгээж амьдарч эхэлсэн. Би ч гэсэн тэдний нэг.
Одоо мэргэжлээрээ ажилладаг байж дээ гэсэн харуусал бий юу?
Хааяа нэг бодох үе байдаг. Гэхдээ дандаа тэгж бодоод харамсаад явдаггүй. Өнөөдрийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг.
Та хөдөө орон нутагт жолооч хийж байсан уу?
Мэдээж хийлгүй яахав. Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд нийтийн тээвэрт явдаг байсан.
Хотод жолоо барих хөдөө барих хоёрын аль нь илүү сайхан бэ?
Ер нь бол хөдөө шүү дээ. Учир нь холын замд минь түгжрээ бөглөрөл, уур бухимдал, стресс, олон гэрлэн дохио гэж үгүй. Урт холын замд бодлоо чилээж, зохиолын дуугаа сонсоод рулиэ мушгиад явах их сайхан байдаг. Яахав хотын хувьд болоод л байдаг юм. Өдөр болгон өглөө 4 эсвэл 5 цагт босоод л ажилдаа гарна орой 7 гээд л буучихдаг.
Өдөрт нийт хэдэн рэйс хийдэг вэ?
- Өдөртөө 4 их үедээ 5 рейс хийнээ. 5 рейс хийнээ гэдэг бол ер нь маш хүнд.
Яг одоо харж байхад маш олон микронууд хойно урдаа гараад л сүлжилдэж байна. Энэ олон тэрэгнүүдээс хэрхэн өрсөж хүнээ авдаг вэ?
- Өглөөдөө 50-60 микр шугаманд гардаг. Энэ олон микронуудтай авхаалж самбаа буюу хэн чадаж байгаа нь л хүнээ аваад явдаг. Давхардалгүй урд микроноосоо хугацаагаа жаахан татах, гарцаар гарж байгаа хүмүүсийг хүлээх гээд л.
Микроны жолооч нарыг ааш муутай гэж ярих хүмүүс цөөнгүй шүү дээ. Энэ тал дээр ямар үзэл бодолтой явдаг вэ?
-Би энэ үзэлтэй огтхон ч санаа нийлдэггүй юм. Дээхнэ үеийн жолооч нарыг харах юм бол ихэнх нь дээд боловсролтой төлөв төвшин хүмүүс байдаг. Харилцааны соёл, ёс зүй гэдэг бол хувь хүний ухамсрын л асуудал. Хэн нэгэн харанхуй бүдүүлэг байлаа гээд бүх хүн тийм биш л гэсэн үг.
Өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?
- Ер нь хүн л хүнийг эвддэг юм шүү дээ. Зорчигчид өөрсдөө эхлээд онцгүй зан ааш гаргана, элдвээр хэлнэ. Цагдаа нар олон асуудлаар зогсоох, торгох гээд сөрөг тал их гардаг л юм.
Таны өдөр тутмын ажилд янз бүрийн л хүмүүстэй харилцах хэрэг гардаг байх. Тэгвэл таны нүдээр залуучууд хэрхэн харагддаг вэ?
- За энэ чинь их хэцүү асуудал шүү. Залуучууд их залхуу санагддаг. Учир нь хоёр гуравхан алхам яваад л суучих газар заавал хажууд нь очиж зогсохгүй л бол суудаггүй. Гэтэл өвдөг эрүү нь нийлчих шахсан эмгэн микроны араас гүйх нь холгүй ирээд л суудаг.
Таныг анх микрийн жолооч болж байхад танай шугаманд нийт хэдэн эмэгтэй жолооч байсан бэ?
- Анх 2001 онд шүү дээ. Тэр үед манай шугаманд нийт 5 эмэгтэй жолооч байсан. Харин одоо 10 гаруй жолооч байгаа шүү. Бүгд л сайн жолоо барьдаг.
Эрэгтэй эмэгтэй жолоочийн ялгаа гэвэл?
- Эмэгтэй жолооч эрэгтэй жолоочийг бодвол илүү нямбай, нухацтай машин барьдаг юм шиг санагддаг. Ялгаа нь ердөө л тэр.
Олон эрчүүдтэй ажиллах хэр санагддаг вэ?
- Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын ганц охин. Багаасаа л эрэгтэй хүмүүстэй өссөн. Ажил амьдрал дээр ч эрэгтэй хүмүүстэй ойрхон байгаа хүн. Яахав хэдэн муу шугамын эрчүүдээ дийлээд сурчихсан юм шиг л санагддаг. Эрэгтэй хүмүүстэй ажиллах их амар санагддаг юм даа. Шалчганах зангүй шулуухан амар хүмүүс учир ойлголцоход их хурдан байдаг. Тэдэнд маань нэг л хэцүү үе бий. Тэр бол тэдний согтуу байх үе /инээв/
Таныг эмэгтэй гэж дээрэлхэх, шахах явдал байдаг уу?
- Үгүй тэгж дээрэлхүүлж явахгүй шүү дээ. Эмэгтэй микрийн жолооч гэхээрээ л муу жолооч гэсэн үг биш. Адилхан л хүнээ аваад, аятайхан явна.
Айл гэрийн эзэгтэй хүн эрт ажилдаа гараад орой ордог гэхээр ар гэрийн амьдрал хэрхэн үргэлжлээд байна вэ?
- Би хоёр хүүхэдтэй. Том охин минь тусдаа гарсан. Одоо бага охинтойгоо амьдардаг. Яахав их л ядардаг. Ар ажилд хүндрэл гарах үе цөөнгүй бий. Өдөрт 40-50 мянган төгрөгний төлөө л өдөржин машины руль мушгиж байгаа шүү дээ. Бидэнд амралтын өдөр гэж байдаггүй. Хүчээр л амарна шүү дээ. Ганц амрахаараа л хамаг юмаа амжуулахыг хичээдэг.
Шантрах үе гардаг уу?
-Гарна аа. Гэхдээ алийн болгон шантрахав дээ. Эмэгтэй хүн дайчин л байх хэрэгтэй.
Ууган эмэгтэй жолооч хүний хувьд одоо үеийн жолооч нарт хандаж юу гэж хэлмээр байна?
- Таны ажил бол олон нийтийг аюулгүй тээвэрлэх. Энэ үүргээ л хэзээ ч мартаж болохгүй. Олон нийтийн буруу ойлголттой явдаг харилцааны соёл дээрээ сайн анхаараарай л гэж хэлэх байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
дайчин эмэгтэй байна . аз жаргал эрүүл энхийг хүсье. биеэ бодоорой хөө
ХАЛТАЙСАН НОВШ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ОГТ МЭДЭХГҮЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО, НУС ЦЭРЭЭ ХАА ХАМААГҮЙ ХАЯНА, МАШИНЫ НЬ АРД ЯВБАЛ УТААНД НЬ ХОРДОНО. ЭНЭ МИКРОНУУДЫГ ЯАЖ ОНОШИЛДОГ ЮМ БОЛ ОО.