Хэдэн жилийн өмнө “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т хоригдож байгаад ялаа дуусгаад эх орондоо ирсэн Т гэх эмэгтэйгээс ярилцлага авч байлаа. Тэрбээр хар тамхины хэргээр эгч, дүү хоёр хамтдаа хоригдож буй тухай болоод харамсалтайгаар эл хэрэгт холбогдсон талаар өгүүлж байв. Т-ийн ярьснаар эгч дүүс бусдын дайсан ачааг юу гэдгийг нь мэдэлгүй авч яваад БНХАУ-ын хуулийнханд баригдаж, насан туршдаа хоригдох ялаар шийтгүүлсэн гэж байв. Хожим сонсох нь ээ, эгч нь шоронгийн чанга дэглэмийг давж чадалгүй нас барсан, харин дүү нь ялтан солилцох гэрээгээр Монголдоо ирсэн гэдэг. Эгч, дүүс 20-иодхон насандаа ийм хэрэгт холбогдсон бөгөөд “Хар тамхи”-ны хар гайгаар хамаг амьдралаа балласан бодит жишээ байлаа. Яг үүн шиг Монголын маш олон иргэн харамсалтайгаар хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Үүгээр зогсохгүй өөрсдөө “Хар тамхи” хэрэглэх нь элбэг болжээ. Үүний талаар Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор (Sc), профессор, АШУ-ны Академийн гишүүн, Академич Л.Эрдэнэбаяр дараах судалгааг гаргажээ.
Монгол Улсад бүртгэгдсэн солиорох эмгэгүүд
Монгол улсад зонхилон тохиолдож буй мансууруулах бодисын талаар товч өгүүлье.
-Морфин. Энэ бол морфэй гэдэг үгнээс гаралтай грек үг юм. Опиумын найрлаганд багтдаг наркотик нөлөөтэй бүх алколоидуудыг морфины уламжлалууд гэж нэрлэдэг. Морфин ба түүний уламжлалууд бол өвчин намдаах үйлчлэл бүхий хүчтэй мансууруулах бодис юм. Морфиныг бага тунгаар хэрэглэхэд булчин суларч, мэдрэл тайвширч, сэтгэлийн баясал цэнгэл эдлэнэ. Өвдөлт намдана. Бас уйтгар гуниг, айдас түгшүүр, уур хилэн, бачимдал бухимдал, мэтийн сэтгэлийн сөрөг хөдлөл буюу сэтгэлийн зовинол бүхэн түр хугацаагаар тайлагдана. Морфиныг их тунгаар хэрэглэхэд мэдээ алдана, нойр хүрч зүүрмэглэнэ, зүүдлэнэ, зүүд нойрондоо “диваажинд” очиж цэнгэл жаргалд умбаж, гариг ертөнцөөр аялах мэт мансууралд автдаг.
-Героин. (диацетил- морфин). Хүний эрүүл мэндэд асар их хортой, гүнзгий мансуурал үүсгэдэг. Наркотикуудын нэг бол героин юм. Героиныг үйлдвэрлэх байгалийн түүхий эд бол опиум юм. Энгийн химийн аргаар опиумаас морфиныг морфинаас герионыг гарган авдаг. Наркотик эм бодисын тухай 1961 оны Нэгдсэн Конвенцоор, бас ДЭМБ болон НҮБ -ын наркотик бодисын асуудал эрхэлсэн комиссоос героинийг ямар нэг зорилгоор үйлдвэрлэхийг бүр мөсөн хориглосон шийдвэрийг гаргасан билээ. Хэдий тийм боловч героиныг үйлдвэрлэх арга нь энгийн, бас хэрэглэхийг хүсэж байгаа наркомануудын тоо гэмт этгээдүүдийн дунд өргөн тархжээ. АНУ болон Баруун Европын орнуудад опиоидуудын дотроос героинд донтох өвчин элбэг тохиолддог. Монголд дээрх хоёр төрлийн мансууруулах бодис байна гэдгийг хэвлэлээр их бичиж байна. Монголчуудын дунд допингуудын талаар яриа үүсэх нь элбэг байдаг.
-Допинг (Doping) гэдэг нэршил нь наркотик өгөх (хэрэглэх) гэсэн утгатай англи үг юм. Өөрөөр хэлбэл бие сэтгэцийнхээ үйл ажиллагааг түргэн богино хугацаанд сэргээж, алжаалаа тайлж, ажлын чадвараа дээшлүүлж, биеийн тамирын амжилтаа ахиулах зорилгоор тамирчдын хэрэглэж буй психостимуляторуудыг болон бусад эм бодисуудыг допинг (сэргээш) гэж хэлээд байгаа юм. Дашрамд өгүүлэхэд тамирчид допинг хэрэглэхийг олон улсын биеийн тамирын байгууллагууд хориглосон байдаг. 1987 онд олон улсын олимпийн хорооноос гаргасан допингуудын нэрсийн жагсаалтад 99 нэрийн эм бодисыг оруулсан байна.
-Лизергид Галлюциногенүүдийн дотроос индол агуулсан алколоидуудын бэлдмэлүүд жишээлбэл, лизергинийн хүчлийн бэлдмэлүүд онцгой байрыг эзлэнэ. Хөх тариа болон амуу тарианы түрүү буюу ац цэцгэнд мөөгөнцөрийн алколоидуудыг гидролизийн урвалд оруулах замаар лизергинийн хүчлийг ялган авна. Түүний уламжлалууд олон янз байдаг. Тэдний нэг бол лизергинийн хүчлийн диэтиламид юм. Энэ бол синтетик гаралтай галлюциногенүүдийн сонгомол телөөлөгч юм.
Лизергинийн хүчлийн диэтнламидыг товчоор ЛСД-25, химийн нэрийг N,N- диэтиллизергамид гэдэг. Энэ бодисын тухай Швейцарийн доктор Альберг Хоффмани солиорол үүсгэх (галлюционоген) чадвартай болохыг тогтоосон билээ. ЛСД25-ийг хүнд хэрэглэхийг хориглох шийдвэр гарах хүртэл хугацаанд түүнийг АНУ, Герман, Франци болон Европын орнуудад хяналтгүй ашигласны улмаас түүнд мансуурах донтон элбэгших хандлагатай байна.
-Ингалянтууд. (Inhalants) Ингаляция амьсгал авах гэсэн утгатай латин үг. Найрлагандаа толуол, ацетон, трихлороэтан, перхлорэтилен, трихлороэтилен, 1,2-дихлоропропан, эфир, нитроксил, амилнитрат, галогенчлагдсан нүүрстөрөгч зэрэг сэтгэц идэвхит бодисыг агуулсан, үнэрлэх хэлбэрээр хэрэглэхэд төв мэдрэлийн системд нөлөөлж мансуурал үүсгэх чадвартай химийн бодисууд юм.
Сүүлийн үед манай өсвөр үе хүүхэд залуусын дунд энэ үзэгдэл газар авах хандлагатай болсон. Ийнхүү амьсгалын замаар дамжин уураг тархинд нөлөөлж мансуурал хийгээд хараат байдлыг үүсгэдэг сэтгэц идэвхит химийн бодисуудыг донтох эмгэг судлалд ингалянтууд гэдэг. Мансуурлын эсрэг тэмцэх стратеги, конценцийг миний бие аль эрт 2000, 2005, 2010 онд тус тус боловсруулж ном, гарын авлага болгон гаргасан. Сүүлийн үед Монгол улсад Олон төрлийн Сэтгэц идэвхит эм бодист донтох хавсарсан эмгэг илэрч байна.
Никитон ба кофеиныг оролцуулахгүйгээр бусад төрлийн хоёроос дээш тооны сэтгэц идэвхит бодисыг нэгэн зэрэг зургаан сараас дээш хугацаагаар хэрэглэн мансуурч байгаа тохиолдлуудыг олон тооны сэтгэц идэвхит бодист донтох өвчин хэмээн нэрлэдэг. Энэ эмгэг сэтгэц идэвхит бодист донтох өвчинрүү хувьсан шилжиж болно. Жишээлбэл, опиоидод донтох өвчин каннабиноидод донтох өвчнөөр буюу кокаинд донтох өвчнөөр, бас архинд донтох өвчин опиоидод донтох өвчнөөр буюу барбитуратад донтох өвчнөөр солигдож байна. Ийм хувьсалыг сэтгэц идэвхит (мансууруулах) бодист донтох өвчний хувирал гэдэг. Иймд мансууруулах бодистой тэмцэх төр засгийн бодлого зайлшгүй шаардлагатай байна.
Сэтгэцэд нөлөөлөх бүх л бодис мансууруулах бодисы тоонд орно
Сүүлийн жилүүдэд сонин хэвлэлүүдэд Хар тамхи гэж бичигчид олширлоо. Ямар бодисыг хар тамхи гэж тооцож байгаад дүн шинжилгээ хийж үзэхэд Монголчууд бид дараах ойлголттой байдаг бололтой.Үүнд:
-Дийлэнх хүмүүс зөвхөн опийн бүлгийн эм, бодисуудыг хар тамхи гэж тооцдог аж. Цөөн хэсэг нь бүх наркотикуудыг, тухайлбал, опиоид, каннабиноид, кокаин гурвын аль алиныг хар тамхи гэж тайлбарлаж байна. Бүр цөөн хэсэг нь наркотик, сэтгэц идэвхит, сэтгэц нөлөөт гэсэн хоорондоо ялгаатай үйлчлэлтэй өөр эм бодисыг хар тамхи гэж үзжээ. Мансууруулах бодис, хар тамхи хоёрыг ижил утга (синоним)-тай нэр томъёо гэж ихэнх нь үздэг байна.
Миний үзэж байгаагаар бүх сэтгэц идэвхит бодис нь мансууруулах бодисууд юм. Уламжчалт ойлголтоор опиоидын төрлийн эмийг хар ярианд хар тамхи гэж ярьж, бичиж заншсан байна. Өөрөөр хэлбэл, натураль опиоид, синтетик опиоид хоёрын аль алиныг хар яриагаар хар тамхи гэж хүмүүс нэрлэдэг юм байна. Хар тамхи гэдэг бол албан ёсны бичиг баримтад хэрэглэмээр шинжлэх ухааны нэр томъёо биш, харин хүмүүс хоорондоо хар ярианы хэллэгээр ингэж ойлголцдог болох нь эндээс тодорхой харагдаж байна.
Эмнэлгийн бус зориулалтаар тогтмол байнга удаан хугацаанд хэрэглэхэд эмгэг хэрэгцээ бий болж сэтгэцийг түр зуур баясгах, тайвшруулах, мансууруулах хэлбэрээр хүний бие сэтгэцийг эрхшээлдээ оруулдаг эм бодисуудыг сэтгэц идэвхит бодис гэж сүүлийн үеийн судлаачид бичиж байна.
Мансууруулах (сэтгэц идэвхит) бодис мөн эсэхийг анагаахын, нийгмийн, хуулийн гэсэн гурван хэмжүүрээр тогтоодог.
Анагаахын хэмжүүр. Сэтгэц идэвхит бодис хэрэглэсэн хүний уураг тархинд давамгайлан үйлчилж мансуурал гэж нэрлэх сэтгэцийн өвөрмөц байдлыг үүсгэдэг чадвартай эм, бодис, бэлдмэлүүдийг анагаах ухааны үүднээс мансууруулах бодис гэж нэрлэдэг.
Нийгмийн хэмжүүр. Уг эм, бодисыг хэрэглэсэн этгээд ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдож улмаар нийгэмд хор хохирлыг учруулвал нийгмийн шинжлэх ухааны үүднээс мансууруулах бодис гэж үздэг.
Хуулийн хэмжүүр. Эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэхийг хориглосон эм, бодис, бэлдмэлүүдийн нэрсийн жагсаалтад оруулж тооцсон бодисыг хууль зүйн хувьд мансууруулах бодис гэж тооцдог. хууль эрхийн бичиг баримт цөөнгүй бий. Сэтгэц идэвхит чадвартай олон тооны эм бодис бий. Эдгээрийг дотор нь:
-Наркотикууд, Сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодисууд. Олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит бодисууд гэж гурван бүлэгт ангилж үзэж болно.
-Наркотикууд. Наркотик эм бодисын тухай 1961 оны Нэгдсэн Конвенцийн I, II, III ба IY жагсаалтад бүртгэгдсэн, олон улсын хяналтанд байгаа сэтгэц идэвхит эм бодисуудыг наркотик гэж нэрлэдэг юм.
Сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодисууд. Сэтгэц нөлөөт бодисын тухай 1971 оны Конвенцийн I, II, III, ба IY жагсаалтанд бүртгэгдсэн, олон улсын хяналтанд байгаа эм бодисуудыг сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодис гэж тооцно. Наркотик эм бодисын тухай 1961 оны Конвенцийн болон сэтгэц нөлөөт бодисынтухай 1971 оны Конвенцийн үйлчлэлүүдийг хамтатган Дэлхийн хөгжилтэй улс орнууд наркотик бодисын олон улсын хяналтын систем бий болгожээ. Манай улс энэ системд нэгдэн орсон байна. Энэ утгаар нь авч үзвэл сэтгэц нөлөөт бодисын тухай 1971 оны Конвенцийн I, II, III, ба IY жагсаалтанд бүртгэгдсэн бодисуудыг наркотик эм, бодис гэж тооцож болно.
-Олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит эм, бодисууд гэдэгт мансууруулах үйлчилгээ үзүүлэх чадвартай авч наркотик эм бодисын тухай 1961 оны Нэгдсэн Конвенц, 1971 оны Конвенцийн бүртгэлд ороогүй сэтгэц идэвхит бодисууд тухайлбал, бидний сайн мэдэх архи, тамхи, ахуйн хэрэглээний бусад бодисууд ордгийг хүмүүс мэдэх ёстой юм.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Torol zuileer shan reklamdchih yuma, yamar ch olon sn taltain