GUYS хамтлагийн шинэхэн уран бүтээл өнөөдөр цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан хамтлагийн дуучин М.Мягмартай уулзаж ярилцлаа.

- Өглөөний мэнд хүргэе. Уулзсандаа баяртай байна. Зүрх уучил дуунаас хойш нэлээд цаг хугацааны дараа гарч байгаа “THE LOVE” дууны маш гайхалтай постер өнгөрсөн 7 хоногт цацагдсан, хүмүүст ч үнэхээр хүлээлт үүсгэсэн. Өнөөдөр шинэхэн клипээ хүлээж авч үзэж байгаа хүмүүст таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр уран бүтээлийн талаар яриагаа эхлье дээ?
Чамд болон танай сайтын уншигчдад өглөөний мэнд хүргэе. Тийм, шинэ дуу маань цацагдаж эхлээд байна. Зүрх уучил дуунаас хойш бид тухтай шинэ уран бүтээлд орох цаг завгүй байлаа. Аялан тоглолт, гадагшаа дотогшоо явах ажил гээд хамгийн сүүлд цагаан сараар БНСУ-ын хотуудад тоглоод ирсэн. Энэ дуу 2016 оны GUYS хамтлагийн шинэлэг дүр төрхийг харуулах зорилготой.
Дээрээс нь 2017 онд манай хамтлагийн 20 жилийн ой болно.
Тэгэхээр ой угтаж хийх ажлуудын маань эхлэл юм. Дуу маань аль дээр гарсан, харин клиптэй нь цуг цацах гээд нөөгөөд байлаа. Одоо ингээд бэлэн болчихсон цацаж эхлээд байна.
- 2017 он GUYS-ийн хувьд Монголын рок попын ертөнцөд 20 жил болсоны ой тохионо. Ой угтсан эхний уран бүтээл цацагдчихлаа. Үүний дараа үзэгч фенүүддээ ямар бэлэг барихаар төлөвлөсөн бэ?
Тэр болгоныг дурдмааргүй байна л даа. Яагаад гэхээр сая цацагдсан уран бүтээл маань хүмүүст таалагдах нь уу гэдэг л бидэнд чухал. Гэхдээ 2017 оныг дуустал дараа, дараагийн ажлын төлөвлөгөө гарчихсан байгаа. Бид нэгэнтээ 20 насыг зооглож байгаа хамтлаг. Тэгэхээр хийж байгаа уран бүтээл маань нийгмийг сайн сайхан зүйл рүү хөтөлсөн, уриалсан байх ёстой. Энэ бол бидний уран бүтээлдээ баримдалдаг гол зарчим. Улс төрөөс авахуулаад нийгмийг бухимдуулж байгаа өчнөөн зүйлүүд байна.
Яахав, сайн муу нийлж байж сав дүүргэдэг хорвоо гэдэг.
Сайн зүйл нь ховордчихсон юм уу, сайн зүйлийг олж хардаг хүмүүс нь ховордчихсон юм уу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ хүн болгоны зүрх сэтгэлд бие биенийгээ хайрлах, юмыг өнгөлөг талаас нь олж хардаг билгийн мэлмий байдаг юм шүү гэсэн санааг ойлгуулах эхний уран бүтээл маань "THE LOVE" дуу байлаа.

- Миний хувьд GUYS уран бүтээлээрээ ч тэр, байгаа байдлаараа ч рок попын ерөнцийн гэрэл гэгээ нь юм шиг санагддаг. Магадгүй бусдад ч бас тэгж санагддаг байх. Жишээ нь өнгөрсөн үеийн уран бүтээлүүд байна, тэгэхээр эргээд харахад уран бүтээлийн чиг нь аяндаа л гэрэл гэгээтэй талруугаа орчихов уу, эсвэл хоорондоо ярилцаад нийгэмд үүнийг л хүргэе гээд ярилцаж, тохирсон зүйл байв уу?
Бид анх эхлэхдээ л сайхан хайрыг дуулж, уран бүтээлээрээ залуучуудтайгаа хамт алхаж ирсэн. Тэгэхээр манай хамтлагийн дуугаар өсөж торниж, өөрийнхөө дурсамжийг үлдээсэн тэр үеийн сонсогч фенүүдийнхээ өмнө нэгэнт хүлээсэн хариуцлагатай болжээ. Бие биенээ хайрлахын тухайд хүн болгон дуугараад нийгэмд хүргэж чаддаггүй бол, бидэнд байгаа гол зүйл нь дуу хөгжим, түүгээрээ дамжуулж хүмүүст сайн, сайхан зүйлийг хүргэх. Залуучуудаа дэмжиж, тэдний хувьд гэрэл гэгээ нь болж, итгэл, урам өгдөг зүйл нь байхын тулд л уран бүтээлээ чиглүүлээд явж байна.
- Танай хамтлагийн клипийг харахаар зохиол дээрээ их нарийн суудаг юм шиг санагддаг л даа. Мэдээж зураг авалт, дүр сонголт гээд бүгд их сонин содон байдаг. Үүн дээр мэдээж хамтдаа ажиллана биз дээ?
Бид нар мэргэжлийн уран бүтээлчид, 2001 онд СУИС-ийг кино драмын найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин гэсэн мэргэжлээр төгсөцгөөсөн. Тэгээд өдий хүртэл хугацаанд тайз дэлгэцийн салбарт нэлээд уран бүтээл дээр ажиллаж юу хийвэл болох, болохгүйг өөрсдийнхөө хувьд ялгаж, салгахтайгаа болчихсон. Тийм болохоор зүгээр нэг гоё юм хийе гэсэн сэдлээр биш гоё юм хийж болно, гэхдээ яг юу нь хүний оюун санаанд үлдэх ёстой юм гэдэг дээр илүү анхаарч ажилладаг.
GUYS хамтлагийн уран бүтээлээ хийх тэр зарчим, үзэл бодол, өнгө төрхнөөс авахуулаад өөрсдийн гэсэн имижийг бүрдүүлдэг байх.
Ялгаагүй нэг анги төгссөн, мэргэжлийн уран бүтээлчид болохоор бие биенийхээ санааг үгүйсгэх үедээ үгүйсгэнэ, дээрээс нь нэмж хачирлаад цэцэг ургуулах үедээ ургуулна тэгж нийлж байж л энэ уран бүтээлийг гаргаж ирж байгаа. Тэгээд зураг авалт, найруулагч, бүх ажлаа базаж хийх гээд гол ажлуудаа нэг, нэгээрээ дааж авдаг.
- Өнгөрсөн жил хуучны, уран бүтээлээ түр завсарласан гээд үзэгчдийн хувьд их хүлээлттэй байсан хамтлагуудын тоглолтын давалгаа болсон. Мэдээж танай хамтлаг ч бас тоглосон. Тэр үед нэг зүйл их онцгой байсан л даа. GUYS хамтлагийн логотой аксессуарнууд байсан. /бөгж, ээмэг, хүзүүний зүүлт, тэлээ/ Энэ зүйлүүдийг гаргах санаа анх яаж төрөв, мөн эдгээр зүйлс зөвхөн та дөрөвт л байдаг юм уу, эсвэл гадуур худалдаалж байгаа юу. Нэг ёсны GUYS нэрийн брэнд байсан л даа?

Энийг ярихаас өмнө нэг зүйлийн талаар эргээд дурсахад, дуу хөгжимд дуртай хэдэн залуус нийлээд хоббигоороо дуулаад, ажиллаж байсан. Тэгээд хэсэг хугацаанд тус, тусын уран бүтээлээ хийгээд завсардсан. Харин эргэж нийлэхдээ энэ бол дуу хөгжимд дуртай, сонирхол дээрээс бүтсэн ажил биш юм аа, энэ бол бидний бизнес юм байна. Бидэнд барилгын компани ч юм уу тийм хувийн бизнес байхгүйшдээ.
Тэгэхээр бидний хамгийн сайн хийж чаддаг буюу хамгийн сайн борлуулж чадах бүтээгдэхүүн бол бий болгосон энэ нэр хүнд, дуу, энэ брэнд байхгүй юу.
Энэ брэндийг зах зээл дээр байршуулахын тулд өөрийн гэсэн дүр төрхтэй, хаанаас нь ч харсан энэ GUYS-ийнх гэсэн илэрхийлэл байх ёстой. Тэр үүднээсээ хамтлагийн логон дээрээ шинэчлэл хийгээд гаргасан байгаа. Өнгөрсөн тоглолтууд дээрээ бид аксессуарны зүйлүүдийг хийсэн. Өнгөрөн оны 02.14-нд хийсэн тоглолт дээр бид зөвхөн өөрсдөө зүүдэг байсан бол 8 сарын тоглолт дээр энэ маань хувцасан дээр, өөр бусад өмсгөл, зүүсгэл дээр хийгдээд одоо фенүүдээс маань захиалж, маш ихийг хийлгэдэг болсон. Тодорхой үнэ ханштай, нөгөө талаасаа GUYS гэдэг маань зөвхөн дуу хуур биш загвар талруугаа орж ирж байгаа эхлэл юм болов уу гэж ойлгож байгаа. Одоо бол залуучуудын гангарах дуртай, зүүх дуртай эдлэл хэрэглэл болоод явж байна.
- Хамmлагийн нэр ингэхэд хэзээ өөрчлөгдөв өө, нэг мэдэхэд л 666 гэдгээ авчихсан байсан. Яг хэзээ өөрчлөгдсөнийг нь бол би санахгүй байна, яагаад 666 гэдгээ авах болов?
GUYS666 гэдэг нэрийг өгөхдөө бид 16,17-той жаахан хүүхдүүд байсан. Тэгэхээр хүүхдийн сонирхлоор, хөнгөмсөг, юмыг өнгөн талаас нь харж энэ нэрийг өгсөн бол 2006 онд одоо хэдүүлээ тэр үеэ бодвол нийгэмд байр суурь эзэлсэн залуучууд боллоо тэгэхээр 666-аа орхиж, GUYS гэдгээрээ явъя, хаанаас нь ч, хэн ч харсан бид залуус л юм чинь залуус гэдгээрээ явъя гээд тэгээд орхисон л доо.
- GUYS түр завсарлах хугацаанд та кинонд тоглосон. Мөн одоо киноны уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонссон. Тэр уран бүтээл дээр GUYS хамтлаг оролцож байгаа юу, эсвэл зөвхөн таны уран бүтээл юм уу?
Энэ уран бүтээлд GUYS хамтлаг оролцоогүй, зөвхөн би явж байгаа юм. Гэхдээ зөвхөн жүжигчнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа, манай Амараагийн кино л доо. Найзынхаа кинонд туслах, нөгөө талаасаа өөрийнхөө чаддаг зүйлээрээ оролцох гээд зураг авалт эхэлчихсэн явж байна.
- Шинэ клип цацагдчихлаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор GUYS хамтлаг ямар нэгэн зүйл хийх үү, нээлтийн өдөрлөг ч юм уу?
Барилдахаасаа таахалзана гэгчээр бид нээлт энэ тэр гээд сүржин юм хийхийг хүссэнгүй. Зүгээр энэ клип маш олон хүнд хүрэх ёстой. Тэр замыг бид засч өгч байна. Тэртээ тэргүй уран бүтээл явдагаараа явна, тодорхой хэмжээнд хүрэх замаараа хүмүүст хүрнэ. Харин хайрыг түгээе гэдэг дээр хүмүүс хэр зэрэг нэгдэж чадаж байна гэдгийг л бид харъя. Тийм ч учраас бид ийм клип гарах гээд байна гэдгийг хүмүүст хүргэсэн. Ерөнхийдөө хүмүүс бие биенийгээ хайрлах, хайрын тухай ойлголтыг бие биедээ өгөх, мэдээлэх гэдэг дээр маш их дутуу болчихсон.
Тэр дунд бид нарын үр хойч, ирээдүй болсон хүүхдүүд маань өнөөдөр хайрын тухай ойлголтыг бие биенээсээ, аав ээжээсээ, анд, найз нөхдөөсөө, ах эгчээсээ ерөөсөө авч чадахгүй байна. Өвөө эмээ нь өвөө эмээ шиг, аав ээж нь ч аав ээж шиг байж чадахгүй.
Өмнө хийсэн Зүрх уучил гэдэг уран бүтээл ч тэр. Бие биенийгээ уучилж амьдрья, эерэг сэтгэлгээг бий болгоё, нэг нэгнээ гоё хайраар хайрладаг байя гэсэн зүйлийг л дуугарсан. Өнөөдрийн цацагдаж байгаа энэ клипийг хүмүүсийн анхааралд хүрч болох нүд, чих, оюун ухаан гээд нөлөөлж болох бүх сувгаар нь л хүргэе. Хайраа бие биедээ түгээж, өдөр бүр бие биенээ хайрлаж байх ёстой, хайрлаж байна гэсэн тэр хандлагыг бий болгох ёстой, маргааш биш өнөөдрөөс, яг одооноос эхлэх ёстой юм байна гэдгийг ойлгуулах л бидний зорилго.

- GUYS хамтлаг уран бүтээлээрээ үргэлж хайрыг түгээдэг. Сонголтын хувьд ч үнэхээр содон байж чаддаг. Өнөөдрийн цацагдаж байгаа шинэ уран бүтээлийн гол дүрийн эмэгтэйг харахад ч гэсэн. Харин энэ дууны постер цацагдсаны дараа хүмүүс хоорондоо ярьсан, та бүгдээс ч их асуусан байх. GUYS кино хийх үү?
Кино гэвэл өөр ойлголт болоод явчихна. Хэрэв кино хийвэл бүр огт өөр жанрын, хамтлагт байгаа артистууд дээрээ түшиглэсэн, эд нарынхаа зан, характер дээр тулгуурласан илүү мэргэжлийн уран бүтээл хийнэ гэсэн бодсон зүйл байна. Энэ маань 2016,17 оныг дамнаж явах төлөвлөгөөтэй байгаа.
Гэхдээ заавал хайрын тухай байх албагүй.
Киноны сэдэв мэдээж маш өргөн цар хүрээн дотор явагдах ёстой. Тэр сонгосон сэдвээрээ нийгэмд бас л нэг эерэг сэтгэлгээ авчирсан, ирээдүйг зөгнөх, өнгөрсөнг эргэж харах гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр киног сонирхолтой, сонин содон хийнэ. Дээрээс нь бид өдийг хүртэл комэшл кинонд тоглоогүйн гол философи нь зүгээр нэг кино хийж мөнгө олох зорилготой хүмүүс биш ээ, хийж байгаа уран бүтээлээрээ нийгэмд бас өөр хандлагыг бий болгох, өөр дуу хоолойг хүргэх, Монголын кино урлагийн хөгжлийг нэг шат ахиулах гэсэн зорилготой, тодорхой хэмжээний амбийцтай явдаг учир энэ болгоныгоо л шингээсэн уран бүтээл хийнэ дээ.
- Та Ану хатанд Галданбошигт хааны дүрийг бүтээсэн. Түүнээс хойш түүхэн үйл явдалтай кинонд тоглох санал их ирсэн үү?

Кинонд тоглох саналууд ирсэн л дээ. Түүхэн, орчин үеийн гээд янз бүрийн л сэдэвтэй кинонууд байсан. Хамгийн гол нь хамтлагийн маань ажил түлхүү, шахуу байсан учир тэр болгонд нь орж амжсангүй. Аялан тоглолт гээд явчихаар хүний ажлыг алдах магадлал маш өндөр. Амжихгүй байж хүний кинонд орж, цаг хугацаагаар хүмүүсийн ажлыг алдаад яахав. Мөн хийх юм бол дорвитой уран бүтээл рүү орчихоё гэсэн нөгөө л нэг бодол байгаад байна.
- Одоо удахгүй аялан тоглолтоор явна гэж сонссон. Ямар оронд очих гэж байгаа вэ, тоглолтын маршрутаа сонирхуулбал?
Бид нар ноднин Хаврын баяраар Япон улсад тоглосон. Тэгэхэд Т.Ариунаа эгчтэй хуваарь таараад, хамтарсан тоглолт хийсэн. Түүний дараа бүтэн тоглолтыг чинь үзмээр байна гэсэн саналууд Японд ажиллаж, амьдарч байгаа залуучуудаас маш их ирсэн. Тэр дагуу бэлдэж, бэлдэж байгаад хуваарь маань энэ жилийн Хаврын баяр дээр яг тэр цикл нь тохиож байна. Очоод Токио болон Осака гэсэн 2 хотод тоглоно. Дараа, дараагийн яригдсан газрууд баайгаа, одоохондоо бэлтгэл ажлууд нь явагдаж байгаа болохоор албан ёсоор зарлах боломжгүй байна.
- Түрүү жил Нийслэлд 2 тоглолт хийчихсэн. Мөн Дархан, Эрдэнэт гээд том хотуудаараа явчихсан. Тэгэхээр энэ жил хотод тоглолт хүлээгээд хэрэггүй гэсэн үг үү?
Тийм, энэ жил ер нь тоглолт хүлээгээд хэрэггүй л болов уу. Бид ч амжихгүй байх, ер нь тоглолт хийнэ гэдэг маань тийм амар ажил биш шүү дээ.
Хүмүүст дандаа дуулдаг дуугаа ар, араас нь дуулаад л өнгөрдөг юм шиг санагддаг бол тэр тоглолтыг хийх гэж, тоглолтын зохион байгуулалт дээр ажиллах гэж маш их цаг хугацааг зарцуулдаг.
Тэгэхээр тэр бүх зүйлийг зангидаж хийнэ гэдэг хүссэний зоргоор бүтдэг, зүйл биш л дээ. Өнгөрсөн жил 2 тоглолт хийчихсэн, тэгэхээр энэ жил хийвэл арай илүү том, өргөн хүрээ хамарсан байх ёстой л доо. Хүн юмыг дандаа өмнөхөөсөө ахиулж, урагшаа давшиж байх ёстой гэдэг утгаараа. Тэгж бодохоор нэлээд их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, боломж бололцоо шаардсан ажил болчихоод байгаа юм. Мөн одоо гаргачихсан байгаа ажлын төлөвлөгөөгөө харахаар энэ дундуур амжуулж тоглолт хийнэ гэдэг бараг л боломжгүй.

- Цомгийн тухайд?
Цомог гарганаа, гэхдээ энэ маань их сонин ойлголт болчихоод байна. Компакт диск буюу CD маань дэлхий даяараа дижитал технологи руу шилжчихээд байхад бид нөгөө л нэг CD хэвлүүлээд, зардаг арга хэлбэрээсээ салж чадахгүй байна гэдэг нь манай улсын түвшинг тодорхойлоод байгаа юм Тэгэхээр цомог гаргах гэж улайрч, дайрах гэхээсээ илүү хүмүүст хүрсэн чанартай уран бүтээлүүдээ цомогт орох хэмжээний бүрдүүлчихье, тэрний дараа цомгоо ямархуу байдлаар, ямар хэлбэрээр гаргах уу гэдгээ шийдье гэсэн 2,3 хувилбар гаргачихаад байж байна. Өнгөрсөн “BEST OF GUYS” цомог маань 1500 ширхэг хэвлэгдсэн. Одоо гадуур худалдаалагдаад дуусчихсан. Жил гарангийн хугацаанд 1500 ширхэг CD худалдаалагдаж дуусч байна. Хэрвээ гадаадад байсан бол жилд хэдэн сая ширхэг CD зарагдах байсан бол, Монголд 1500 CD гэдэг бол үнэндээ бэлгэдлийн чанартай л зүйл. Тийм учраас энийг заавал хийх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй.
- Дараа жил GUYS 20 хүрнэ. Ер нь эрэгтэй хамтлагууд хамаагүй удаан оршин тогтнодог юм шиг санагддаг. Таны хувьд хамтлагийнхаа ирээдүйг юу гэж харж байна?
Анх хамтлагаа байгуулахдаа 10,20 жил болчихсон, дэлхийн улс орнуудаар тойроод ая дуугаа өргөөд явах юмсан гэж мөрөөдөж байсан. Эргээд харахад өнгөрсөн хугацаанд бодож байсан тэр мөрөөдөл маань биелээд явж байна.
Өнөөдрөөс урагшаа харахаар шүд ам нь уначихсан, хэл ам нь суларсан өвгөчүүл болсон хэрнээ одооныхоо дуунуудыг чадан ядан дуулаад явж байгаагаар бид хоорондоо ярьдаг.
Тэгэхээр үгүйсгэх арга байхгүй. Яагаад болохгүй гэж, үзэгчид хүсээд тэр үеийн дуунуудыг бид нараар дуулууъя гэвэл дуулж л таараа, тэр үед бид хүссэн хүсээгүй 18,9-тэй үеийнх шигээ Хайрын бүжгээ дуулаад явж л байна. Уран бүтээл гэдэг маань өөрөө хайр байдаг. Тэгэхээр тэр мөнхийн сэдэв маань хэзээ ч унтрахгүй байх. Тэр тусмаа манай хамтлагийн нэр биднийг үргэлжийн залуу чигээр нь авч үлдэх ганц хөрөнгө, соёлын өв минь юм. Нөгөө талаасаа бид мэргэжлийн жүжигчид. Тэгэхээр 50,60,70 хүртлээ Цог гуай, Мягмарнаран гуай, Цэрэндагва гуай шиг болчихсон нэг дүр бүтээгээд явж л байна.
- Харанга, Чингисхаан гээд хамтлагуудаар төсөөлбөл ойрын 20-25 жилдээ нээх санаа зовхооргүй л санагдаж байна шүү. За хоёулаа эргээд THE LOVE буюу Хайр гэсэн уран бүтээл рүү оръё. Хичнээн цаг хугацааг энэ дууны клипийг хийхэд зориулж, хэд орчим уран бүтээлчид оролцов, мөн гол дүрийн жүжигчин бүсгүйгээ хэрхэн сонгосон бэ?
Клипэнд зохиол, бэлтгэл ажил, зураг авалт гээд яг 14 хоногийг зарцуулсан. Гол дүрээрээ СУИС-ын кино драмын ангийн төгсөх курсийн оюутан Пүрэвжал гээд охинийг фотопроб хийж байгаад маш олон охидууд дундаас сонгосон. Зөвхөн энэ дүрийн утгыг илэрхийлэх биш бүжиглэх ёстой мөн дүрдээ ороод харагдах байдал, биеийн галбир, царай зүс нь ямар байх гээд тэр болгон дээр маш олон шалгуурыг тавьж байгаад сонгосон. Зураг авалтын масстай нийлвэл 40-50 хүн ажилласан гэж хэлж болно. Ер нь клипэн дээр иймэрхүү олон хүн ажилладаг л даа. Яагаад гэвэл дэлгэцийн урлаг чинь хамтын бүтээлшдээ. Хамтын бүтээлийг маш олон хүний оролцоо, маш олон хүний сэтгэл, дэмжлэгээр хийдэг. Тэр бүх хүмүүсийн дэмжлэгээр энэ клип маань анх харагдаж, төсөөлөгдөж байсан шигээ камерт буусан.
- Клипний постер үнэхээр өвөрмөц байж чадсан. Тэгэхээр энэ постерийг яг ингэж хийх санааг анх яаж гаргав, хүмүүс бараг шинэ кино гарах гэж байгаа юм уу гэж хүлээж авсан л даа?

Өнөөдрийн нийгэмд гарч байгаа дуу болгон нь бараг нэг киноны саундтрак болсон.
Цэвэр уран бүтээл гэж байхаа больсон, эсвэл нэг захиалгын чанартай, дуу гэж хэлэхэд ч хэцүү юмнууд гардаг болждээ. Гүндалай, Арго энэ тэр гээд.
Дуу хийнэ гэдгийг тэр хүмүүс яг юу гээд ч ойлгочихсон юм, мэдэхгүй. Бид нар тэрний эсрэг байр суурьтай байдаг учир хэн нэгэн, ямарваа нэг бараа бүтээгдэхүүнийг сурталчлаагүй цэвэр уран бүтээл хийхийг зорьсон. Гарж байгаа кинонууд нь ч гэсэн муухан клипнээс дутахааргүй л болчихоод байна. Хүмүүс уран бүтээл дээр тэгж хандаад байхад бид мэргэжлийн уран бүтээлчид байж нэг клипэн дээр хүртэл яагаад кино шиг ажиллаж болохгүй гэж, яагаад нэг кино групп ажиллаж байгаа юм шиг уран бүтээлдээ хандаж болохгүй гэж гэсэн бодлоор ажилласан. Тэр зорилгодоо хүрэх шат дараа нь энэ постер гарах, тэр олон хүмүүсийг ажиллуулах, мөн зориудаар клипний сценийг, тайз заслыг бэлдэх зэрэг шалгуур дээр авчирч байгаа юм. Клипэн дээр гарч байгаа машины сэгийг хүртэл мөнгөөр худалдаж аваад, хүссэн газраа зоож байгаад зургаа авах гэдэг юм уу яг анхнаасаа л бид нүдэндээ юу гэж буулгасан тэрийгээ хийхийн тулд байж болох бүх аргыг хэрэглэсэн.
- Удахгүй сонгууль боллоо. Хүссэн хүсээгүй хүн бүх үүнд анхаарч, анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр уран бүтээлч төдийгүй иргэн М.Мягмарт өнөөдрийн нийгэм ямархуу байдлаар нөлөөлж байна, нийгмээ юу гэж харж байна?
GUYS хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш 5 сонгуулийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд аль ч намых нь сурталчилгаанд явж л байсан. Тухайн үедээ амлаж байсан амлалт, уриа лоозон юу байдаг юм бүгд л хүн хулхидахын төлөө төрчихсөн юм шиг л байдагшдээ.
Магадгүй ажил хийж байгаа гэдгээр нь нийтэд нь авч үзвэл би энэ урлагийн салбарт 19 жил ажиллаа.
Улс төрийн салбарт яг 19 жил тасралтгүй ажиллаад яг өнөөдөр мэргэшсэн салбарын ажилтан болоод явж байгаа хүн байна уу гэвэл бас хэцүү л байх. Энэ нийгэмд би өнөөдөр хаанаас эхэлсэн билээ, хаана ирчихээд байгаа билээ, одоо хаашаа явах ёстой вэ гэдгээ зөв харж чадаж байгаа хүмүүс бол ажлаа хийгээд, өөрийн гэсэн голдирлоороо, төөрөг заяагаараа явж байна.
Миний хувьд улс төрийг сонирхож, орох дургүй. Яагаад гэвэл надад хангалттай анхаарлаа хандуулах, цаг заваа зарцуулах ажил, шалтгаанууд байгаа. Тэрийгээ хийгээд явахад улс төрд хөндлөнгөөс оролцоод явах илүүдээ гарсан цаг зав байхгүй.

- За уран бүтээлд нь амжилт хүсье, цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. 2017 он GUYS хамтлаг болон үзэгч фенүүдийн хувьд сайхан жил болно. Тэгэхээр тэр үед эргээд уулзъя?
Баярлалаа. Танай сайтын нийт уншигчид, мөн танай сайтын хамт олонд ч гэсэн цаашдых нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Эрүүл энх байх амьдралынх нь замнал нь хиргүй тунгалаг, цагаан байгаасай гэж ерөөе.
Монголчууд бие биедээ сайхан ерөөл өргөж амьдардаг улс байсан. Харин өнөөдөр хараалаар л их ярьдаг болж дээ.
Тэгэхээр ерөөл өргөж, ерөөл гэдэг утгаар нь маш өндөрт өргөж явах учиртай. Энэ бол өнөөдрийн амьдралын хэв маягийг өөрчлөх гэхээсээ илүү Монголчуудын эрт дээр үеэсээ уншиж ирсэн Биет бус соёлын өвийн нэг хэлбэр юм. Тэгэхээр монгол хүн л юм бол ерөөлийг нэг нэгэндээ хэлж байх хэрэгтэй. Ерөөл гэдэг маань яг ямар утга учиртай юм гээд үгийг нь судалж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгээд амжилтанд хүрэх гэж тэмүүлж яваа хүн болгоны хүсэл нь биелэх болтугай гэж ерөөе дөө.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn