Монголын кино урлагийн салбарт хувь нэмрээ оруулахын тулд бор зүрхээрээ зүтгэж яваа цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг, зохиолч, найруулагч Л.Таванбаяртай ярилцлаа. Түүний Мөрөөдлийн зүгт (2008), "Үнэнээс хол" (2009), "Эзэнгүй бөгж" (2010), "Долоон бурхан харвадаггүй" (2011), "Улаан дөрвөлжин" (2012), "Хүдэн" (2014) зэрэг кинонуудтай бид аль хэдийн танилцжээ. Тэдгээр уран бүтээлээр нь түүнийг хэр чансаатай уран бүтээлч болохыг мэдэж болох юм. Ингээд түүний ертөнцөөр хамтдаа аялъя.

- Уран бүтээл өндөр үү. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна даа, эсвэл шинэ зохиол дээр сууж байгаа юу?
Уран бүтээл өндөр өө. Яг одоо гуравхан дүртэй цэвэр драм кино зохиол дээр ажиллаж байна. Удахгүй дуусаад энэ зунаас зураг авалтандаа орох байх. Продюсерууд нь захиалсан болохоор өөр нарийн ярьж болохгүй байна л даа
- Зохиолчдод аль улирал илүү таатай, гараас юм гарах нь илүү байдаг вэ. Надад бол хавар, зуны улирал юм хийж суухад хэтэрхий хайран санагдаад амраад, зугаалаад л баймаар санагддаг шүү?
Миний хувьд ялгаа байхгүй ээ. Зун бол харин ч хөдөө гадаа яваад, айл хунараар орж, сонин сайхан сонсож явах сайхан санагддаг.
- Кино зохиолын тал дээр тань шиг яг дагнаад явж байгаа өөр хүн би мэдэхгүй байна. Хэзээнээс кино урлагтай холбогдоод, салж чадахгүй болчихсон юм бэ?
Зохиол тал дээр дагнаж яваа зөндөө ах эгч нар, үе тэнгийнхэн, дүү нар байгаа. Би ч тэдэнтэйгээ л адил мөр зэрэгцэн зүтгэж яваа жирийн л нэг бичил элемент шүү дээ. Ер нь миний өөрийн мэргэжил угаасаа кино Найруулагч. Сургууль төгсөөд л Дарханы театрт ажилд ороод найруулагч, жүжигчдэд байдаг хуучны олон жүжгийн зохиолуудыг уншдаг байлаа. Хоёр жилийн дараа буцаад хотод ирэнгүүтээ ангийнхаа найзуудтай нийлж ЛОГИКФИЛЬМ студийг байгуулалцсан. Нэг ангийн 7 найруулагч. Тэгээд бид хэд ажил үүргээ хувааж авахад, би өөрөө зохиол бичиж байя гэж үүрэг амлалт аваад, тэгээд л клипний зохиолууд бичиж эхэлсэн дээ. Бид хэд нийтийн дууны клипийг зохиол болгох тал дээр түлхүү анхаарч ажилладаг байлаа. Ер нь нэг дууны 3-5 минутын зохиомжит, үйл явдалтай зохиол бол нэг киноны нэг бүлэг, эсвэл бүтэн бэсрэг кино гэсэн үг л дээ. Их дадлага болно. Тэгж явсаар байгаад л хүмүүс кино зохиол бичүүлэх захиалга өгч эхлээд, тэгээд л нэг мэдэхэд өөрөө дурлаад, сонирхоод, судлаад эхэлсэн дээ

- Монгол найруулагч, зохиолч нарын онцлог гэж байдаг байх л даа. Шинэ цагийн кино урлагийн хөгжил дэвшил, алдаа оноо нь юунд байгаа юм бол?
Байлгүй яахав. Нэг хэсэг алдагдсан байсан Монголын гэх арга барил, онцлог одоо эргээд сэргэж, шинэ өнгө аястайгаар байр сууриа олж байна. Өөрийн гэсэн өнгө аясгүй, шууд л Солонгос ч юм уу, барууны киног хуулаад тавьчихсан мэт кинонууд нэг үеэ бодвол цөөрч, уран бүтээлчид маань хуучин уламжлал дээрээ шинэ өнгө аясыг нэмж ажиллах хэрэгтэй юм байнаа гэдгээ эхнээсээ ойлгоцгоож эхэллээ. Уран бүтээлүүд дээр нь ч тусгалаа олоод чамгүй хугацаа өнгөрчихлөө. Алдаа гэвэл бий бий. Шууд гадны кино хулгайлна гэдэг чинь Монгол хүн тэндээс харагдахгүй л гэсэн үг шүү дээ. Учиргүй Робот гарч ирээд л Улаанбаатарын гудамжаар алхдаг кино хүртэл хийж үзлээ шүү дээ. Энэ чинь үзэгчдийн инээдийг хүргэхээс цаашгүй. Бид чинь харин эсрэгээрээ, унаган, натурлаг чанараа өдий хүртэл хадгалж үлдсэн цөөхөн үндэстний нэг. Тэгсэн атлаа хоцрогдсон гэж хэлж огт болохгүй. Тэгэхээр гаднаас биш, дотроосоо хайвал хэнд ч сонирхолтой санагдаж болох олон сэдэв бидэнд бий.
- Борооны дараах мөөг шиг олон кино дэлгэцэнд гарч байна. Мэдээж үндэсний кино үйлдвэрлэгч байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ шүүмжлэх хандлага ч их байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
Үзэгчид маань уран бүтээлчдээсээ илүү олон төрөл жанрын кино үздэг, сонирхдог, судалдаг, киночдоосоо илүү гадаад хэлтэй, мэдлэгтэй болчихсон байна шүү дээ. Жирийн худалдааны ажилчин залуу надад цоо шинэ мэдээллийг хүргэдэг гээд бод доо. Нуулгүй хэлэхэд манай зарим уран бүтээлчид үзэгчдээсээ хол хоцорчихсон, хэт хуучинсаг хэвээрээ үлдчихсэн. Гэтэл үзэгчдийн ертөнцийг үзэх үзэл бодол, уншиж судалсан нь, амьдралын гүн ухаан нь мань мэтийн жул киночдоосоо өндөрт гарчихсан байхад бид шүүмжлүүлэх байтугай, доромжлуулах нь зүйн хэрэг.
- Таны Хүдэн кино дэлгэцэнд гарсан. Мэдээж өөр олон кинонууд бий. Гэхдээ л би энэ киног илүү онцолмоор санагдлаа. Танд ч гэсэн Хүдэн илүү онцгой санагддаг уу?
ХҮДЭН миний хамгийн анхны өөрөө бие дааж хийсэн, дэлгэцэнд гарсан кино. Түүнээс өмнө ерөнхий найруулагчаар ажилласан нэг кино бий ч тэр хүмүүст огт хүрч амжаагүй юм. Хүдэн дээр би өөрийгөө сорьё, өөрийнхөө үзэл бодол, кино гэх ертөнцөд цаашаа яаж явах зам мөрөө олъё л гэж ажилласан.
- СУИС-ийн багш Х.Чойдогжамц гээд шүүмж судлаач залуу “Хүдэн”-гийн шүүмжийг бичсэн байсан. Та уншсан уу?
Ёстой сайн шүүмж байна лээ. Жинхэнэ ултай, миний бодсон өнцгөөс харсан, бас миний дотроо нууж явсан алдаануудыг яг олж харсан санагдсан. Хааяа уншдаг юм.
- Зохиолч хүнд сэдэв хамгийн чухал гэж би боддог юм. Тэр сэдэв хэрхэн төрдөг вэ?
Зохиолч хүнд сэдэв чухал ч кино зохиолоо бусад уран бүтээлчдэдээ ойлгомжтой бичих нь хамгийн гол зүйл юм. Зүгээр л нэг тайлбар, харилцан яриа бичих бол амархан. Харин зураглаач чинь, зураач чинь өөрийнхөө эцсийн хүчийг шавхартал дайчлах хэмжээний тийм үйл явдал бичих л хамгаас эрхэм. Жишээ нь үргэлжилсэн үг шиг уянгалаад байж болдоггүй, эсвэл найруулагчийн зохиол шиг кадр бичээд байж бүр болохгүй, бүр жүжигчдийн тоглолтыг өмнөөс нь зааж бичиж огт болохгүй. Тэгсэн атлаа зураглаач чинь уншаад: -Аан, би энд крупный кадр, энд бол деталь авах юм байна гэж бодохуйц ремарка буюу тайлбар бичих ёстой.

- Үзэх дуртай кино, найруулагчдаасаа нэрлээч. Жишээ нь дахин дахин үздэг кино байдаг уу, эсвэл таныг бишрүүлж, гайхашруулж, хор, шарыг чинь хөдөлгөсөн кино зохиол ч юм уу?
Оросын найруулагч Алексей Балабанов агсны кинонуудад дуртай. Ер нь тэр найруулагчийг шүтдэг. Мөн Оросын Андрей Звягинцев, Мексикийн Алехандро Гонсалес Иньярриту, Солонгосын Ким Ки-Дукийн кинонуудыг үздэг дээ. Англи Франц кинонууд бас их гоё. Ялангуяа Люк Бессоны бүтээлүүд их содон.
- Сайн кино, муу киног ялгах боломжтой юу?
Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө л ямар ч уран бүтээлийг дүгнэнэ шүү дээ. Жишээ нь би Ки-Дукт дуртай байхад огт таашаадаггүй хүмүүс ч зөндөө.
- Монголын найруулагчдаас таны бодлоор товойх хүн бий юу?
Би Сэнгэдоржийнхоо кинонуудыг үзэх их дуртай. Үеийнхнээсээ арай л түрүүлж алхаад байх шиг санагддаг. Бас Ганболд буюу Гитлер Тука ахын кинонууд их содон. Манай ангийнхан ихэнх нь зураглаач, 2-р найруулагч гээд ажлууд хийсээр удсан. Гэхдээ удахгүй үндсэн мэргэжлээрээ ажиллацгааж эхлэх байх. Бидний дунд алсдаа хийхээр ярилцсан ажлууд ч чамгүй бий. Ангийнхнаасаа бол мэдээж их зүйлийг харж, хүсч байгаа.
- Энэ л сайн боллоо доо гээд бодож явтал олон нийт, үзэгчид өөрөөр хүлээж авах тохиолдол гарч байв уу?
Наад асуулт чинь надад ёстой ахадсан асуулт байна. Ердөө гуравхан кинон дээр л ерөнхий найруулагчаар ажилласан хүн шүү дээ. Харин кино зохиолуудын хувьд бол магтаал ч сонсч байсан, шүүмжлүүлэх үе ч зөндөө.

- Кино урлагийн хөгжлийн төлөө уран бүтээлчид дангаараа л зүтгээд байх юм. Энд төрөөс ямар нэгэн дэмжлэг, туслалцаа хэрэг болох юм уу?
Тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг гэхээсээ илүүтэй татвар тал дээр, мөн гадагшаа боловсрол эзэмшүүлэх тал дээр тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлэх нь л том дэмжлэг байх даа. Үнэндээ бид чинь тогоондоо л өнхрөөд байгаа улс ш дээ
- Эцсийн эцэст бүгд элбэг хангалуун амьдрахын төлөө хичээцгээдэг шүү дээ. Үгүй юм аа гэхэд ямар нэгэн зүйлээр дутагдахгүй байхын тулд. Гэхдээ уран бүтээлч байна гэдэг, тэр дундаа Монголын урлагийн өнөөдрийн үнэлэмж ийм байхад уран бүтээлч хүн хангалуун амьдрах боломжгүй мэт?
Ганзо гээд киноны зураач ах маань хэлдэг нэг сайн үг бий. Бид зөвхөн Монголынхоо театруудад зориулж кино хиймээргүй байнаа гэж.
- Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хуучин цагт кино хийхэд бүх зүйлийг улсаас гаргадаг байсан гэсэн. Хуучны Монгол кинонуудыг үзэх ч сайхан шүү дээ. Тэгэхээр одоо энэ боломж хэрэв буцаад бий болбол?
Хуучин жилдээ 4-6 кино хийдэг, тэр нь уран сайхны зөвлөл, яам гээд л баахан шат дамжиж байж нэг юм дэлгэцэнд гардаг. Одоо ч бас зарим талаараа тэр хяналт хэрэгтэй л юм шиг санагддаг. Гэхдээ зөвхөн чанар талдаа шүү дээ. Одоо улсаас гэхээсээ илүүтэй мэргэжлийн продюсертэй кино урлаг л бидэнд хэрэгтэй. Киночид өөрсдөө флаш, DVD халааслаад хөдөөгүүр тэнэдэг цаг өнгөрчихлөө дөө.
Б.Энх-Уянга
breakingnews.mn