Монголын Морин Спорт Уяачдын холбооны (ММСУХ) тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталжээ.
Аймаг, сум бүр өөрсдийн дур зорго, хүсэл сонирхлоор янз бүрийн хэмжээ хийц, өнгө зүстэй малгайн залаа, жинс хэрэглэх, түүгээр дамжуулан бэл бэнчингээ гайхуулах хандлагтай болсон тул ийнхүү зохицуулах болжээ. Улс, аймаг, сумын цолтой уяачдын малгай, малгайн тэмдэг, залаа, жинс хэрэглэх тухай цолны эрэмбээр журамлан заасан байдаг. Журмыг улс аймаг, сумын цол авсан бүх уяач хэлбэрэлтгүй дагаж мөрдөх учиртай аж.
Тухайлбал, Монгол Улсын Тод манлай уяач бол монгол үндэсний жанжин малгай, өвлийн цагт дөрвөн талт үстэй тоорцог малгай өмсөх ба малгайдаа гурван морины толгойн дүрс бүхий, алтаар шармалдан өнгөлсөн, цул мөнгөн жинстэй байна. Жинсний дундаж жин 200 гр аж. Мөн малгайдаа, дугуй хэлбэртэй 2 см-ийн голчтой, домогт хүлэг Хонгор зээрдийн дүрс бүхий алтаар шармалдан өнгөлсөн цул мөнгөн тэмдэг зүүнэ. Тэмдэгний дундаж жин 90 гр байх гэнэ. Мөн малгайдаа цулгуй улаан өнгөтэй, 30 см хүртэлх урттай хос залаа хадаж улс, бүсийн уралдаанаас авсан түрүүний тоогоор тод шар өнгөтэй нарны дүрс хадна. Харин дотор залаан дээр шигшмэл, улс, бүсийн уралдаанаас авсан айргийн тоогоор тод цагаан өнгийн хавирган сарны дүрс хаддаг байна.
Харин Монгол Улсын Манлай уяач бол малгайн жинсний морин толгой нь ганц байх ба бусад заалт нь ижил юм.
Ийнхүү цолны эрэмбээр малгайн чимэг буурсаар Сумын алдарт уяач бол тухайн сумынхаа уяачин мэдгийг жанжин малгайдаа хадаас өөр залаа, жинс зүүхийг хориглосон байдаг аж. Гэвч энэхүү журам заалтууд бүрэн дүүрэн мөрдөгддөг эсэх нь одоо хэр нь эргэлзээтэй.
Г.Лхагва
Эх сурвалж Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250