“Монгол Алтайн мөнх цэвдгийн булш Монголын Пазырыкийн соёл” тусгай үзэсгэлэнгээр Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн судалгааны экспедицийн олж илрүүлсэн онцгой сайн хадгалалттай археологийн олдворуудыг гол болгон олон нийтэд толилуулж байна. Энэхүү экспедици нь гурван орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны маш амжилттай жишээ болох юм.
2004-2006 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт ажилласан Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн экспедици одоогоос 2400 жилийн өмнө буюу төмөр зэвсгийн түрүү үед хамаарах эртний нүүдэлчдийн оршуулгын дурсгалуудыг малтан судалжээ.
Эдгээрийн дотор Олон Гүүрийн гол -10 цогцолборын 1-р булшнаас онцгой сайн хадгалалттай бүтэн оршуулга, хүн ба адууны хагас занданшсан оршуулга, мод, арьс шир, үслэг эдлэл, эвэр зэрэг органик эдлэлүүд илэрчээ.
Жирийн булшнаас огт илэрдэггүй эдгээр олдворууд Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох юм.
Тухайлбал, Олон Гүүрийн булшны үстэй дээлтэй адилтгах олдвор хилийн чанадад ердөө ганц хоёрхон байгаа бол мөн булшнаас илэрсэн модон нум одоогоор мөн үеийн нүүдэлчдийн ертөнцийн цорын ганц нум байна.
Энэхүү булшнаас илрүүлсэн органик эдлэлүүдийг Орос, Германы мэргэжлийн лабораториудад сэргээн засварлаж хадгалалтын нөхцлийг хангасан билээ.
Анх нээгдсэнээс нь хойш 10 жилийн дараа Монголын олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа эдгээр олдворууд нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох төдийгүй Монголын соёлын бүрдэл хэсэг мөн билээ. Монголын нутагт Пазырыкийн соёлын дурсгалыг малтсан нь 2006 оны дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэгээр нэрлэгджээ.
Мөн тус үзэсгэлэнд 2005-2013 онд Баян-Өлгий аймагт ажилласан Монгол-Францын хамтарсан судалгааны экспедицийн малтсан Пазырыкийн булшны их хэмжээний олдвороос заримыг дээжлэн олон нийтэд үзүүлж байна. Тухайлбал, Хатуу, Сыргаль, Бага Түргэний голын булшнаас гарсан модон сав суулга, гоёл чимэглэлийн зүйлсийг онцлон дурдах нь зүйтэй.
“Монгол Алтайн мөнх цэвдгийн булш. Монголын Пазырыкийн соёл” тусгай үзэсгэлэнд Монголын Пазырыкийн соёлыг төлөөлөхүйц 30 иж 180 гаруй олдворыг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэн 2016 оны 5-р сарын 27-ноос 6-р сарын 27-ны хооронд Монголын Үндэсний музейд олон нийтийн хүртээл болох юм.



Эх сурвалж:Breakingnews.mn
Vzne ee
Zaaa ochoj vzne ee
Очиж сонирхоно оо