...
...

Нацагийн Жанцанноров: Манай төрд “Мандухай сэцэн хатан” киноны Сатай сайд л үгүйлэгдээд байна

Breakfast Time булангийнхаа энэ удаагийн дугаарт Төрийн хошой шагналт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урьж оролцууллаа.

  • Сайхан урин цаг ирж байхад ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд их баяртай байна. Хоёулаа яриагаа яг жилийн өмнө та юу төлөвлөж байсан, өнөөдөр тэрхүү төлөвлөсөн зүйлийнхээ юуг нь бүтээж, амжуулж чадсан тухайгаас эхлье дээ?

Хүнд нэг доголдол гэх юм уу, дутагдал гэх юм уу, эсвэл зөвхөн миний шинж үү мэдэхгүй. Нэг асуудал байна аа. Нас нэлээд яваад ирэхээр тийм юм хийх ёстой байж, ийм юм хийх хэрэгтэй байж, тийм юм хийвэл болох байж гэх зүйл маш их хуримтлагдсан байдаг юм байна. Залуудаа яагаад үүнийг хийчихээгүй юм. Уг нь үүнийг хийчихсэн бол болох байж дээ гэдэг ч юм уу. Энэ нь төлөвлөж чаддаггүйтэй холбоотой байсан уу, эсвэл амьдралыг танин мэдэх туршлага өөрөө шинэ сэдлүүдийг өгч байна уу. Маш их зүйл хийх ёстой гэж одоо мэдрэгддэг юм. Миний баяртай байгаа нэг явдал бол надад хийх юм маш их байгаа юм байна. Жаахан гунигтай байгаа нь энэ их юмыг би хийж амжих уу гэдэг байна. Хүн нэг мэргэжлээрээ олон жил нүдээд ирэхээр хүч жаахан сулардаг юм байна. Ухаан бол гайгүй. Шинийг бодох, сэдэхийн талаар доройтчихдоггүй юм байна. Яг л хэвээрээ.

Бараг залуугаасаа ч илүү мэдэрч, илүү ухаардаг юм шиг.

Жишээлбэл, хуучин бол төгөлдөр хуур дээр огт анзаарахгүй дөрвөн цаг таг суучихдаг байсан , одоо 20 минут болоод жаахан амрахгүй бол болохгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд би нэлээн юм амжуулсан. Миний сүүлийн 30 жил бодож байгаа зүйл бол монгол туургатаны соёлын нэгдлийн асуудал. Буриад, Монгол, Тува, Өвөр Монгол гээд байна шүү дээ. Тэд бол өөрсдийн гэсэн эх оронтой, гэхдээ үндэстэн бол нэг байгаад байна. Үндэстэн бие биенээ үгүйлэх, цангах, дутах явдал байна. Ер нь Монгол Улсын хувьд үндэстний соёлын нэгдлийг цаашдаа их анхаарах ёстой. Би чадлынхаа хэрээр хийнэ. Өвөрмонголын Дэдмаа гэж их алдартай дуучин байдаг. Түүнд “Хайр шингэсэн тоорой” гээд хөгжимт жүжиг бичиж өгсөн. Тэр нь одоо хавар болох “Гэгээн муза”-д шалгарсан байна лээ. Хэрвээ Дэдмаа багш мөнгө төгрөг олоод наашаа ирвэл “Гэгээн муза”-д орно. Тэр бол нэлээн том бүтээл болсон. Мөн энэ жил шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр хоосон байгаагүй. СУИС-ийн хөгжмийн урлагийн профессорын багийг удирдаж байгаа. Бид одоо “Монголын хөгжмийн урлаг”-ийн нэвтэрхий толин дээр сууж байна.

Энэ бол их том ажил.

Одоо бол онолын нэр томъёонууд гарчихсан, орох бүтээлүүд гарчихсан, хүмүүсийн мэдээлэл гарсан, ерөнхий бичлэг дуусчихсан, багш нараа удирдаад эмхлэх, чиглүүлэх ажил л үлдээд байна. Түрүүний ярьсан дээр хэлэхэд бид Буриад дууны сайхныг төв монгол, Ордос дууны сайхныг, халх дууны сайхныг, хөгжмийг, эсвэл утга зохиолын бүтээлийг сайн мэдрэхгүй, ойлгохгүй салангид их олон жил болжээ. Үүний сэтгэлгээг л их ойртуулах хэрэгтэй байна. Ойртуулчих юм бол ерөнхий сэтгэлгээ нь Монгол гэсэн том соёл босч ирэх ёстой гэсэн ойлголттой байна. Дараа нь гэвэл манай дуулаачдын дэг сургууль бол үнэтэй дэг сургууль болох шинжтэй. Жишээлбэл, Амартүвшин, Ариунбаатар гээд байна шүү дээ. Бүгд СУИС-ийн бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр Монголчуудын дуулдаг дэг сургууль дэлхийд их өвөрмөц юм байна, тийм учраас дуучид нь гарч ирэх гээд байна гэж ойлгодог. Оролдсоор байгаад үндэсний уламжлалт ардын дуу гэж томъёолж сурсан 12 дууг зургаан бүтэн хоолойгоор найруулж саяхан тавьлаа. Гайгүй болсон гэж найдаж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр гадагшаа тэмцээнд явахад хоёр юм уу, гуравдугаар шатандаа үндэсний урын сан дуулах ёстой байдаг. Тэгэхээр заавал төгөлдөр хуурыг мэргэжлийн их өндөр түвшинд бичихгүй бол гадаадын төгөлдөр хуурч тоглоно, асуудалтай шүү дээ. Жишээлбэл, Ариунбаатар дээд шагналыг нь авсан Англид болсон уралдаанд хоёрдугаар шатандаа миний “Чиний минь нулимс” гэдэг романсыг дуулаад, Шаравын “Монголын тал нутаг”-ийг дуулаад дуугаар нэгдүгээр байр авсан. Тэгэхээр ардын дуу гэж нэрлэдэг үндэсний уламжлалт дуунуудыг тийм түвшинд найруулж, дуулах шаардлага байгаа юм. Энэ бол дахиад монголын соёл урлагийг дэлхий дээр гаргахад хийж байгаа ухамсартай үйл ажиллагаа л даа. Боломж олдвол зургаан дуучнаа төгөлдөр хуурчтайгаа дагуулаад Улаан-Үүд, Хөх Хот, Тувад очоод тоголчих бодолтой байна. Тэдэнд эдгээр дуунуудын хувилбар байгаа. Тэгэх юм бол монголын дуулаачдын дэг сургууль нэлээн дээшээ явахад нь тус нэмэр болж магадгүй гэж бодоод концертоосоо урд CD-ийг нь хэвлүүлсэн, номыг нь гаргачихсан. Иймэрхүү л байдалтай байна даа.

  • Тува, Буриад, Өвөрмонгол дуунуудын онцлог байгаа гэсэн. Энэ онцлог гээд байгаа зүйлүүд маань одоо л эргэн сэргэж эхэлж байгаа үе гэж би харж байна. Өмнө цагт ямар байсныг та илүү мэдэж байгаа байх. Мөн тэдгээр дуунуудын илүү нарийн онцлог, сайхны тухай ярьвал?

Өмнө нь Евроцентрист үзэл буюу өрнөд төвлөх үзэл гэж байсан л даа. Өөрөөр хэлбэл, соёл урлагийн хөгжлийг өрнөдийхөн л хөгжүүлж байна, бусад нь бол дорой хөгжилтэй. Өрнөдийхөн дэлхийн сонгодгийг бүтээдэг, тэдэн рүү тэмүүлж байна. Европ бол оюун мэдлэгийн төв юм аа гэсэн ойлголт байсан. Энэ ойлголт монголд бага хэлбэрээр бий болсон байсан. Монголын урлагийн төв нь халх баримжаатай урлаг. Бусад нь бол дагалдах, хөдөөний, сайн дурын, эсвэл зөвхөн монгол угсаатныхаа түвшинд л дуулагддаг. Халх маягтай соёл бол дагуулж байгаа, тэд хоцрогдсон гэсэн албан ёсны биш ч гэлээ ийм үзэл санаа байсан. Жишээлбэл, хэлэнд гэхэд ойрад, өвөрмонгол, буриад аялгаар ярихад шоолох маягтай. Хошин шогийнхон гэхэд тэр аялгуудыг шоолж, алиалж, нэг талаасаа тоглоомын маягтай дорд үзэж байгаа хэлбэр байхгүй юу. Ялгаа байхгүй, дуу хөгжим мөн тийм байдалтай байсан. Гэтэл тэд нарт хөгжөөгүй гэж хэлж болох ч хөгжлийн үндсэн түлхүүр байсан. Үүнийг одоо ухаарч мэдэж байгаа юм.

  • Одоо гэдэг нь хэдий цаг үеэс гэсэн үг вэ?

Одоо гэдэг нь 1989 оноос гэсэн үг л дээ. ЗХУ-д Горбачев гэж дарга байсан. Тэр өөрчлөн байгуулалт гэж нэг юм хийсэн, манайх авсан. Тэр өөрчлөн байгуулалт манайхыг шинээр харах боломж олгосон юм. Түүнээс л жаахан явсаар байгаад 1990 оноос гайгүй болсон. Гэхдээ одоо нөгөө  тийшээ хэлбийх хандлага илүү болчихоод байгаа юм.

  • Нөгөө тийшээ гэдэг нь...?

Ерөөсөө Монголчууд л дэлхийн бүх соёлыг бий болгосон юм бишүү ч гэх шиг. Монголчууд л анхны хүн юм уу хаашаа юм. Монголчууд л бүхнийг нээсэн, бүхнийг чадсан, хөх толботой, тэнгэр заяатай, Чингисийн үр сад энэ тэр гээд хөөрөөд явчихна. Бид бол Буриадтай, Баядтай, Өөлдтэй, Дөрвөдтэй, Туватай ийм баян үндэстэн. Энэ баялгаа уурхай гэж үзээд үүнийгээ маш зөв ашиглах юм бол дэлхийд оюун санааны их хүчтэй гарц бий болгох боломж байгаа. Буриад дууны аялгыг халх маягийн хөгжмийн зохиолчид сайн судлах, халх маягийн дуучид буриад дууны аялгыг судлах, дууг нь судлах зэрэг бол ерөнхийдөө монгол үндэстний чадварыг дээшлүүлэх боломж байгаа юм. Тийм учраас л би энэ соёлын нэгдлийг бүгдээрээ халх, буриад дуу дуулахын нэр биш, энэ олон алаг эрээн зүйлийг нэг шанаганд хийж нэг том оюуны сан бүтээх гэж хэлээд байгаа юм. Хэдий чинээ буриадыг халхууд илүү сайн мэдэрнэв төдий чинээ буриадаа ойлгохоос гадна өөрийгөө илүү сайн товойлгож чадна. Өвөрмонголыг хэдий сайн мэднэв төдий чинээ халх дуугаа хөгжүүлэх боломжтой.

Би хэлний жишээ хэлье л дээ. Ренчин Бямбаев, Чой.Лувсанжав, Бадраа энэ  тэр гээд монгол хэлийг, монгол соёлыг амь насаараа хамгаалдаг хүмүүс. Тэд доод тал нь гурван хэлээр сайн ярьдаг, бичдэг, зургаан хэлээр ойлгодог, уншдаг, арван хэдэн хэлээр толь бичиг хараад гарчиглачихдаг тийм хүмүүс байсан. Тэгэхээр хүний соёлыг ухаарахын хэмжээгээр өөрийнхөө соёлыг бэхжүүлэх аргыг сайн мэдэрч эхэлж байгаа юм. Монголчуудын 13 нас хүртэл гадаад хэл заах хэрэггүй гэдэг бол нэг санаа л даа. Гэхдээ ер нь ийм жижигхэн хүн амтай, геополитикийн хувьд ийм нөхцөл байдалд байгаа орчин үеийн монгол хүн бол хуучин монгол бичгээрээ гарцаа байхгүй сайн уншдаг, бичдэг, кирил бичгээрээ ойлгодог, хоёр хөршийнхөө аль нэг хэлийг маш сайн мэддэг, хоёуланг нь мэдвэл бүр сайн хэрэг. Юнескогийн үндсэн хэлнүүдээс нэгээр нь ярьдаг, ойлголцдог, уншдаг ийм монгол улсын иргэн байхгүй бол их зовлонтой. Хэл сурах байдлыг хориглох явдал байхгүй. Хэлнээс гадна сэтгэхүй гэж нэг юм бий. Сэтгэхүйг тодорхойлогч нь хэл мөн л дөө. Гэхдээ үндсэн тодорхойлогч нь биш. Тэр сэтгэхүйг нь монгол хүн шиг байлгах боловсролын тогтолцоо бий болох хэрэгтэй. Түүнээс биш хэл сурахыг хязгаарлах асуудал байж болохгүй. Яагаад гэвэл, хэдий чинээ олон хэл мэднэ төдий чинээ л баян болно ш дээ. Өөрийнхийгөө ч баяжуулж чадна. Хятад хэл сайн мэддэг хүн бол хятад хэлэн дотор чинь монгол үг тэгж орсон юм байна, эсвэл бууз гэдэг үг чинь нээрээ хятад үг байна шүү дээ гэж ухаарч эхэлнэ. Тэр чинь хэлээ хамгаалах дархлаа сууж л байгаа гэсэн үг.

  • Бууз, хуушуур зэрэг үгнүүд бүгд монгол үг биш. Ингээд яриад ирэхээр нэг хэсэг нь монголд монгол гэх зүйл байхгүй, бүгд гадных юм байна гэх нэг ойлголтыг өгдөг. Хоёрдугаарт, геополитик яриад эхлэхээр зарим нэг нь хэл сурч яадаг юм, монголоороо олигтой ярьдаггүй юм байж гэх зэргээр дайрдаг. Тэгэхээр бид чухам яах ёстой гэсэн үг вэ?

Ер нь ямар хэлээр хэлд орно түүгээрээ л сэтгэнэ шүү. Тийм учраас багадаа гадаад хэлээр хэлд ороод, дараа нь монгол болно гэдэг тэр бол хэцүү. Хүн хэлд орохдоо монголоороо хэлд орж, монголоороо ертөнцийг ухаарч, тэгж байж дараа нь хэл сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол бусад хэлээр хэлд орвол төрөлх хэл нь болно ш дээ. Сэтгэлгээ нь тийм л гэсэн үг. Яагаад гэвэл үгээр дамжиж, дүрслэл, бодомж ирнэ биз дээ. Монгол хүүхдийг монгол байлгая гэвэл монгол хэлээр хэлд оруулах хэрэгтэй. Тэгээд ертөнцийг монголоор ухаардаг болгох хэрэгтэй. Тэр нь долоо байна уу, таван нас байна уу хамаагүй. Тэгсний дараа гадаад хэл сурах хэрэгтэй. Үүн дээр би хатуу ингэж боддог. Яагаад гэвэл, ямар хэлээр хэлд орж, ухаан орновюмыг ялгаж салгаж, таньдаг болно тэр нь үндсэн сэтгэлгээний хэв мөн.

Дараа нь хэдэн хэл сурах нь хүний асуудал.

Хэл сурч яах юм бэ гэсэн хүмүүсийн үзэл байдаг гэж хэлсэн. Ийм байж болохгүй ээ. 19, 20-р зуунд байж болно. Одоо хил дээр хилчин буу үүрээд зогсож байгаа л болохоос тэнгэр хэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, бүх улс орнууд хэлгүй болсон, хил хязгааргүй болсон. Газар нутгийн хил бол байна, манаад зогсож байна. Америкт болж байгаа зүйлийг шууд л гар утаснаасаа харна шүү дээ. Тэгэхээр бид Америк, Хятад, Японтой нэг талбай дээр тоглож байгаа байхгүй юу. Хэдийгээр улсын хил байгаа боловч хамт нэг талбай дээр тоглож байна. Нэг талбай дээр тоглож байгаа улс бие биенээ ямар нэг хэмжээгээр ойлгох ёстой биз. Ойлгохын тулд ганцхан монгол хэлээр явахгүй ш дээ. Ямар ч арга байхгүй. Ганцхан монгол хэлтэйгээ байна гэдэг 21-р зуунд байж болохгүй зүйл. Хэрвээ нүхэнд орж үхье гэвэл тэгээд ганцаараа үхэхээс яахав.

Хуучин сэтгэлгээний байр суурьнаас өнөөдрийн зүйлийг шүүнэ гэдэг бол их аюултай.

Жишээлбэл, 60,70,80-аад онд, одоо ч гэсэн манай эмэгтэйчүүд гадаадад сурч, амьдарч байхдаа гадны хүмүүстэй үерхэж, гэр бүл болоод нутагтаа хүүхдээ дагуулаад ирсэн өчнөөн олон хүн бий. Хөөрхөн бор царайтай хөвгүүд, охид байна. Шар толгойтой, том нүдтэй ч байна. Тэр байтугай олимпод ч, дуулаачийн урлагт ч амжилт гаргаад явж байгаа улс байна. Тэд чинь Монгол Улсын иргэд байхгүй юу. Тэд эх орондоо хайртай гэж ярина. Эх орныхоо төлөө бокс тоглож байна гэж ярина. Эх орныхоо төлөө дуулж байна гэж ярина. Монгол хэлээр хэлд орцгоосон. Манай С.Зориг байна. Тэгэхээр 21-р зуунд чи Хятадын эрлийз, Төвдийн эрлийз, эрлийз л байвал эх орон ч бус үзэлтэй байна энэ тэр гэдэг бол ёстой л хүний эрхэнд халдаж байгаа хэлбэр. Өөр цустай л байвал эх оронч биш байна гэчих гээд. Тэр дуулж байгаа охид, спортод амжилт гаргаж байгаа хөвгүүд эх орон гэж бодож байхад өөр цустай л холилдсон байвал эх оронч бус байна гэж болохгүй биз дээ. 13-р зуунд тэгж ярьж болох асуудал. Тэгж ярих ч хэрэгтэй. 17-р зуунд ч болно. Гэхдээ би эрлийз хурлийз хүмүүс манай улсын төрийг удирдах эрхтэй гэж хэлж байгаа юм биш шүү. Эх орон гэж юу юм бэ? Орос эх орон гэж байгаа 100 гаруй үндэстэнтэй. Хятдад 56 үндэстэн байна. Тэгээд л БНХАУ-ын иргэд, эх орон гээд яваад байгаа байхгүй юу. Үндэстэн, энэ бол эрлийзийн тухай асуудал биш. Манайд болохоор цус холилдсон л бол эх оронч биш. Ер нь тэгээд эх орон ч гэж юугаа яриад байгаа юм.

  • Яг энэ талаар танаас асуух гэж байлаа. Эх оронч, эх оронч бус хүн гэж тэгээд яг хэнийг хэлэх вэ. Үндсэрхэг үзэл, үндэстний үзэл зэрэг нь юугаараа ялгаатай юм?

Эх орон гэж сүүлийн үед орчуулагдаж орж ирсэн үг байх аа. Өлгий нутаг, нутаг л гэх байх. Хэрвээ Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг орчин үеийнхээр хөрвүүлбэл “Миний эх орон” гэдэг шүлэг байхгүй юу. “Миний нутаг” гэж байгаа нь ердөө л “Галуут” нуурыг хэлээгүй. Одоогийн ойлголтоор бол Нацагдоржийн “Миний нутаг” бол Багануурын тийшээх Галуут нуур байхгүй юу. Уг нь Нацагдоржийн хувьд нутаг чинь Монгол Улсыг хэлээд байгаа юм. Эх орон, эх оронч үзэл гэдэг үг ерөнхийдөө цэргийн гаралтай, цэргийнхний үг шүү. Оросын Патриот гэсэн үг шүү дээ. Родина гэдэг үг бол манай өлгий нутаг, төрөлх гэсэн үг. Страна нь бол улс орон гэсэн үг. Тэгэхээр эд нарыгаа сайн ялгаж, салгаж сурах хэрэгтэй.

Эх оронч үзлийг Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгтэй дүйлгээд ойлгох ёстой болно л доо. Миний нутаг гэж байгаа нь Миний эх орон гэж байгаа юм байна аа гээд. “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон гэдэг”. Өөрөөр хэлбэл Миний төрсөн нутаг ч миний эх орон, монголын сайхан орон ч миний эх орон гэж хэлж байна шүү дээ. Чамд сэтгэл хангалуун байх орон зай өгч байгаа юм. Чи соёлын хувьд нэгдмэл байгаа. Чи үүнийгээ би байхын салшгүй үндэс нь мөн гэж үзэж байгаа үзлийг л эх орон гэж үзэх ёстой болж байна. Монголд эх оронч бус хүн байхгүй байгаа биз дээ. Улс төрчдийн эх оронч, эх оронч бус гэж яриад байгаа нь үнэн чанартаа тэр агуулгыг хөөсрүүлсэн, сурталчилгааны хэлбэр лүү орчихоод байгаа юм.

Хуучин бол дайн тулаанд амиа өгөөд, дайснуудыг хиар цохисон энэ тэр гэхээр арга байхгүй эх оронч гэдэг үгийг үүнд хэрэглээд байсан байхгүй юу. Үнэхээр эх оронч баатар хүн гэж. Түүнийг одоо нутаг гэдэг үгээр сольсон бол бид цөмөөрөө эх орончид. Их нарийсгаад үзвэл бид хоёр л байгаа. Би байгаа, миний эх орон байгаа. Би байхгүй бол эх орон эзэнгүй. Тэр байхгүй бол би ерөөсөө нүхгүй огтоно гэсэн үг. Одоо бол би маань гурван сая байгаа шүү дээ. Гурван сая хүмүүс л би байгаа нь энэ монгол газар нутаг байгаагийн гавьяа, монгол газар нутаг байгаа нь би байгаагийн гавьяа гэж ухаарах ёстой юм. Надаар миний эх орон дуусна. Миний үр хүүхдэд өөрийнх нь эх орон бий болно. Д.Пүрэвдорж гуайн нэг шүлэг байдаг даа, гэрээсээ гараад сум орлоо, гэрээн би саналаа, сумаасаа аймаг орлоо сумаан би саналаа, аймгаасаа хот орлоо аймгаан би саналаа эндээс хил алхаад эх ороноо бүхлээр нь саналаа гэдэг. Харин шударга, шударга бус хүн гэж байж болно. Гэхдээ шударга бус хүнийг эх оронч бус хүн гэж хэлж болохгүй. Шударга бус чинь өөр асуудал, эх орон ч өөр асуудал. Мөн шударга юм яриад байгаа хүнийг эх оронч хүн гэж болохгүй. Тэгэхээр эх оронч бус хүн гэдэг бол жинхэнэ тэр тагнуул хийгээд, урваад, өөр өлгий нутгийн төлөө яваад байгаа хүнийг л хэлнэ. Түүнээс биш гуйлга гуйж байгаа, гутал хийж байгаа, алт ухаж байгаа, уурхай олж байгаа хүмүүс цөмөөрөө л эх орончид шүү дээ.

  • Бид жаахан байхдаа дөрвөд, баяд, урианхай зэрэг дуунуудыг мэддэг байлаа. Дуу хөгжмийн хичээл дээр ч заадаг байсан. Одоо энд тэнд яваад сонсохоороо энэ нөгөө “Хэдэн гялаан хонь”байна, тэр байна гээд мэддэг юм. Харин одооны хүүхдүүд тэрийг бараг л мэдэхгүй. Хэлд ороод л гурав, дөрөвтэйгөөсөө гадаад дуу дуулаад сурчихдаг шиг байгаа юм?

Өөрийнхөө дараачийн үеийхэнд өөрийнхөө залуу байсан бүх зүйлсийг тулгаж болохгүй л дээ. Яагаад гэвэл, цаг урагшаа явчихсан. Нийгэм өөр тийшээ явчихсан. Дэлхийн олон улсуудын харилцаа өөрчлөгдсөн. Мэдээллийн орон зай, орчин шал өөр болсон. Миний бага байх үеийн, манай хүүхдүүдийн, манай үр ач нарын үе тэнгэр газар шиг ялгаатай. Тийм учраас би өөрийнхөө багад сурч байсан шиг аав ээж үлгэр ярьж өгсөнгүй гэдэг ч юм, яг таг шахаад байж болохгүй.  Бид боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, иргэншлийнхээ утга учрыг ойлгож байж сонгох ёстой. Цэвэр нүүдэлчин иргэншлийнхээ шаардлагыг одоогийн суурьшсан соёл иргэншилд шахаж болохгүй. Жишээлбэл, тун саяхан нэг зураг твиттэрт явна лээ. Хөдөөнөөс ирээд байранд орсон, тэгээд хогоо тагтаараа гаргаад шидчихэж байгаа юм. Энэ бол бидний хуучин сэтгэхүйгээр шинэ орчинд амьдарч чадахгүй байгаагийн нэг хэлбэр. Соёлын асуудал, хүүхдийн хүмүүжил ч тэр хүн болох ерөнхий  үйл явц ч тэр иргэншлийнхээ утга учрыг олохоос эхэлнэ. Хотожсон байна, хөдөөгийн уламжлал байна. Бидэнд яг Англи, Америк шиг суурьшсан уламжлал байхгүй. Гэтэл тэдэнтэй ижил, байшин барилгатай суурьшсан амьдрал байгаад байдаг. Хөдөө мал маань байгаад байдаг. Нөгөө нүүдлийн соёл гээд байдаг чинь шүү дээ. Үүнийгээ хадгалах шаардлага байгаад байдаг. Тэгэхээр бид бол суурин буюу хотожсон соёл иргэншил, нүүдлийн гээд байгаа соёл иргэншил холилдчихсон, гууль ч биш, зэс ч биш соёл иргэншилтэй болчихоод байгаа юм. Бидэнд боловсролын, хүмүүжлийн, гэр бүлийн өөрийн гэсэн том тогтолцоо шаардлагатай.

  • Та нүүдлийн гээд байгаа соёл иргэншил гэх юм. Бид чинь өөрсдийгөө нүүдлийн соёл иргэншилтэй л гэдэг шүү дээ?

Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол их маргаантай ойлголт л доо. Тэгж яриад сурчихсан юм. Яриад сурчихаараа үгнийхээ агуулгыг эргэж хардаггүй. Бид нар ямар цыганууд юм уу.

  • Үхэр малаа туугаад л, гэр бараагаа ачаад л, нэг газраас нөгөө газар луу нүүгээд байгаагаа л нүүдэллэж байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Үгүй гэж үү?

Би түүнийг чинь нутаг сэлгэх гэдэг үгээр солих гээд байна. Миний төрсөн нутаг Дулаан-Уул, Шарын гол, Сангийн далай гэж байна.  Миний хэчнээн үе тэр сав газраас гараагүй. Хаашаа ч нүүгээгүй за юу. Нэг өвөлжөөн дээр 1000 жил өвөлжсөн байна. Эцэг дээдэс маань тэр л ууланд оршоогдсон байна. Хаашаа нүүсэн юм, хаашаа ч нүүгээгүй. Орхонд байж байгаад Туулд нүүгээгүй. Туулд байж байгаад Хянган руу нүүгээгүй. Тэндээ л 1000 жил байсан. Хаашаа ч нүүгээгүй, нутаг сэлгэсэн. Нутаг сэлгэхдээ нутаг сэлгэе гэж хүн бодоогүй. Эрхэлдэг  аж ахуй нь мал, мал нь тэнгэртээ харьцдаг. Тэнгэрийн хур, тэнгэрийн аашнаас шалтгаалаад нутаг сэлгэж байсан. Тэгээд буцаад л өвөлжөөндөө эргээд ирнэ. Тэгэхээр би бол нутаг сэлгэсэн суурьшмал соёл иргэншил гэж хэлэх гээд байна. Цыганууд яадаг билээ? Оросод болохгүй бол Италь руу яваад өгнө. Орос эх орон нь биш, Италид очоод суурьшчихна. Болохгүй бол Мексик рүү яваад өгнө.

  • Та бид хоёрыг ингээд яриад эхлэхээр хүмүүс гайхна даа. Өнөөх аль ч шатанд яригддаг нүүдлийн гэдэг үг маань байхгүй болчих гээд л...?

Чи бид хоёрын энэ ярьж байгаа зүйл цоо шинэ ойлголт. Би саяхан Их сургуулийн эрдэмтдийн семинарт яг энэ асуудлыг хөндөж тавьсан. Тэгээд энэ үзэл санааг сайн баталгаажуулж эдийн засаг, улс төрийн бодлогод их чухал нөлөөлж болохоор зүйл байна гэж ярьж байна лээ. Энэ бол миний хэлээд байгаа санаа. Үүнтэй холбогдуулаад нийгмийг, шинжлэх ухаанд хийж байгаа ангиллуудыг эргэж харах хэрэг гарна. Жишээлбэл, хүний нийгмийн хоёр үндсэн ангилал, шатлал байна. Нэгдүгээрт, хэн нь хэнийхээ эзэн байснаар шаталж байна. Хүй нэгдлийн үед хэн нь ч хэнийхээ эзэн нь байж чадаагүй. Тэгээд боолын нийгэм. Өөрөөр хэлбэл, боолын эзэн, боол хоёрын харилцааны үеийг хэлж байгаа юм. Дараагаар феодол, хамжлагат хоёрын харилцаа. Капиталист нийгэм гэхээр хөрөнгө эзэмшигч, хүнд өөрийгөө худалдаж амьдарч байгаа хоёрын харилцаа. Социализм гэдэг бол тэгш хувааж иднэ гэсэн ойлголт байсан. Ингээд хэн нь хэнийхээ эзэн бэ гэж ангилдаг нэг нийгэм байж. Нөгөө ангилал нь байгалийг хэрхэн эзэмшиж, хэн нь илүү эзэмших вэ гэсэн хүчний ангилал байна. Тэр нь чулуун зэвсгийн үе. Төмөр зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, тэгээд механик, автомат гээд явна. Технологийн үе гэсэн үг л дээ. Энэ бол хэдий чинээ хүн юм устгаж чадах вэ, хэдий чинээ байгалийг хурдан хүн эзэмших вэ гэсэн зэвсгээр ангилсан ангилал. Энэ хоёроор явсан. Гэтэл өөр ангилал яагаад байж болохгүй гэж.

  • Тэгвэл таны бодож байгаа өөр ангилал юу юм бэ?

Хүн төрөлхтөн байгалийн бүрэн эрхшээлд байсан үе. Дараа нь байгалиа танин мэдэлцэх үе буюу байгаль хүн хоёрын төгс зохиролын үе. Энэ бол аж үйлдвэрлэл хөгжихөөс өмнөх үе л дээ. Дараа нь байгалийн эзэн байх гэсэн хүний үзэл санаа. Үүний төгсгөлийн үе шат дээр бид явж байна гэж хэлэх гээд байгаа юм.

  • Та тэгэхээр энэ бол хүн төрөлхтний төгсгөл, мөхлийн үе гэж хэлэх гээд байна уу. Эсвэл бид цааш үргэлжлэх үү?

Одоо үргэлжлэхээрээ юу руу тэмүүлж байна вэ гэхээр ногоон хувьсгал, эко систем рүү. Энэ өндөрлөг дээрээс хүмүүс байгалийн эзэн болох гэсээр байгаад бид өөрсдийгөө устгах гэж байгаа юм байна. Байгалийн эзэн байж бид чадахгүй юм байна гэдгээ мэдлээ. Эргээд бид байгальтайгаа шинэ шатанд төгс зохицох руу шилжих юм шиг байна. Ингэж үзэх юм бол дахиад улс төр, эдийн засаг, соёл гээд бүх зүйлийг эргэж харах шаардлагатай болно. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд өнөөг хүртэл аз жаргалын төлөө явж байгаа. Бүгд аз жаргалын төлөө дайн хийж байна. Хэрвээ яг миний энэ хуваарилалтаас харвал хүн төрөлхтөний аз жаргалтай үе ард хоцорсон уу, өмнө байна уу гэдэг асуудал гарч ирнэ л дээ.

  • Таныхаар ард хоцорсон уу, эсвэл бидний өмнө байна уу. Үүнийгээ хүн төрөлхтөн ухаарах  болов уу?

Хэдий чинээ байгалиа ухаарна төдий чинээ өөрөө ухаарна шүү дээ. Байгаль, хүн хоёрынхоо харилцааг ойлгоогүй цагт  үүнийг ухаарахгүй. Манай Балхжавын алдартай дуу байна. Талын Монгол айл, тайван амгалан гэж. Энэ бол энхтайвны бэлгэдэл, энэ бол төгс зохиролын бэлгэдэл. Тайван амгалан байна гэдэг аз жаргалын дээд биш үү.

  • Таны түрүүн ярьсан зүйлээс би нэг зүйлийг гайхаад байна л даа. Бид дээр үеэсээ л нүүдлийн соёл иргэншилтэй, одоо суурин соёл иргэншил рүү шилжсэн гэж ярьдаг шүү дээ. Гэтэл таны ярианаас бид иргэншлээ буруу тодорхойлсон юм байна гэж ойлголоо. Одоо тэгээд бид цааш яавал хөгжих вэ. Залуучууд бид юу гэж ойлгох вэ. “Би сүүлчийн нүүдэлчин” гээд шүлэг хүртэл бий шүү дээ?

Бид тодорхойлоогүй. Европын эрдэмтэд тодорхойлсон. Улаанбаатар хотын 50 хувь нь хөдөөнөөс махаа авч байгаа. Хэрвээ тэр нүүдэлчин гэдэг ойлголт нь одоо хүртэл байгаа бол бид нүүдэлчин л байгаа байхгүй юу. Мал дагасан, тэнгэрийн аясыг харсан нутаг сэлгэх гэж би дээр хэлсэн. Тэнгэрийн аясыг хардаггүй бол бид тэнгэр шүтэх шаардлагагүй л байхгүй юу. Тэгэхээр би тэр их сургуулийн эрдэмтдийн семинарт ямар асуудал хөндөх ёстой байсан бэ гэхээр, монголын соёл урлагийн мөн чанарын асуудлыг ярих ёстой байсан. Харин би ямар асуудал тавьсан бэ гэхээр, монголын соёл урлагийн мөн чанарыг гаргаж, асуудлыг тавихын тулд монголын соёл иргэншлийнхээ мөн чанарыг ухаарах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол монголын соёл урлагийн мөн чанарын тухай ярих ямар ч утгагүй. Цаашилбал, монголын соёл иргэншлийнхээ мөн чанарыг ухаараагүй цагт Монгол Улсын хөгжлийн тухай ярих нь утгагүй болж хувирч байгаа юм. Энэ зөвхөн миний ухаарлаар.

  • Энэ талаар та хэдий үеэс бодож эхэлсэн юм бэ?

Сүүлийн үед л энэ тухай их боддог болсон л доо. Жишээлбэл, бид нүүдлийн сонгодог соёл иргэншлийг авч яваад суурин соёл иргэншилтэй давхар хослуулж байгаа гэж ярьж байна. Үнэн чанартаа нүүдлийн гээд байгаа соёл иргэншлээ монголын төр хаясан. Нутаг сэлгэдэг, суурьшмал соёл иргэншил шүү дээ.

  • Хэзээнээс хаясан гэж?

Нэгдэлжих хөдөлгөөнөөс хойш л жаахан хэцүү болсон доо. 90-ээд оны өөрчлөлтөөс хойш бүр хаясан. Хөдөөг ерөнхийд нь аж ахуй гэж ойлгоод байна. Арьс шир, мах ноос бэлтгэдэг, сүү, цагаан идээ боловсруулдаг аж ахуй л гэж ойлгоод байгаа юм. Амьдралын хэв маяг гэж ойлгохгүй байна. Тэгж ухаарахгүй байгаа юм. Малчид малаа үнэтэй зарах ёстой гэдэг ч юм уу, ийм л юм яриад байна. Мотоциклоор мал маллаад л, ийм байхаар монгол өв уламжлал үлдэхгүй ш дээ. Монголын төр энэ малчин соёл иргэншлийг хэдий чинээ сайн хадгалж үлдэнэ төдий чинээ монголын ирээдүй илүү гэрэлтэй байх ёстой. Гэхдээ ухарна гэсэн үг биш шүү дээ. Үйлдвэр, заводоо устгаад бүгд мал дээр гарна гэсэн үг биш. Хэдий чинээ төрийн бодлогын төвд авчраад түүнийгээ илүү ухаалаг хөтөлж чадна түүгээр монголын хөгжлийн хэмжүүр хэмжигдэх ёстой. Энэ байшин барилга бариад, тунел ухаад, төмөр зам тавиад байгаа чинь тодорхой цаг хугацаатай эд шүү. Уурхай энэ тэр нэг л өдөр хэрэггүй. Байгаль, хүн хоёр л үлдэнэ. Тэр үед манайх тэр сонгодог, малжих соёл иргэншлээ хүчтэй авч хоцорсон цагт торойгоод л үлдэнэ. Би яаж төсөөлж байна гэхээр, монголын малчны хот айл гэдэг бол өөрөө аялал жуулчлал, соёлын нэг цогцолбор байх ёстой. Зүгээр нэг төл авдаг, сааль сүү саадаг биш.

Цогцолбор болгохын төлөө монголын төр явах ёстой.

Өөрөөр хэлбэл, малчны гадаа гоё үхэр тэрэг, тэмээн тэрэг байж байдаг. Малчин хоёр, гурван жуулчны гэртэй. Халуун ус гардаг, усанд орох бололцоотой, интернэттэй, сумаас эхлээд засмал замтай, сум нь маш сайн эмнэлгийн үйлчилгээтэй, мөн л интернэттэй, ийм байдлаар явах ёстой гэж төсөөлдөг. Монголын жуулчин гэдэг бол тусгайлан бий болсон жуулчны баазуудад буудаллахаас гадна бүх хот айл жуулчны жижигхэн обьект. Монгол гэрт амьдруулна, ямаа саалгаж сургана, аргал түүнэ 10 доллар, Цайгаа өөрсдөөр нь хийлгэнэ, хээрийн цай уулгана, хэчнээн гайхамшигтай. Орой нь хонь өрлөж, муулна, гэдэс арилгуулна, тэгээд таван цулын шөл хийж өгнө, 1000 доллар за юу. Тэр хүн интернэтээр Америктайгаа харьцчихна, усанд орчихно, бие нь өвдвөл түргэн тусламж дуудна. Тэгээд өдөржин тэмээн тэргээр явж болно. Хэрвээ ингэж чадвал малчных орлого гэж замбараа байхгүй. Гадаадыхан цувж өгнө. Монголд л очиж ямаа сааж, аргал түүж, галлаж үзэхсэн. Ийм л зүйл рүү явах ёстой. Тэгэхгүйгээр мах, сүү, ноос бэлддэг хэдэн хүн хөдөө байгаа гээд л хаячихлаа шүү дээ бид. Ингэхээр мах нь үнэ муутай, хонины нэхий хоёр бохины ч үнэ хүрэхгүй. Тэгээд тэд чинь ийм байхаар хот руу явахгүй яахав. Хотод л амьдрахыг бодно шүү дээ. Гэтэл одоо ямар ч бодлого байхгүй. Хэчнээн аймаг шүлхийтэй ч гэнэв. Хэзээ бид нар малын шүлхийд ингэж өвөлжин, зунжин баригдаад сууж байсан юм. Бүх вакциныг нь хийгээд л дарчихдаг байсан. Одоо болохоор аймгийн төв хүртэл шүлхийтэй. Бүгдийг бодлогоор хаясан байна.

  • Хоёулаа аль болох л эзэн биетэй зүйл ярихсан гэж бодож байна. Бид уг нь 60 сая малтай гэсэн шүү дээ. Харамсалтай нь арьс, мах нь чанаргүй гээд гадныханд төдийгүй дотоодын үйлдвэрүүддээ гологддог гэх юм билээ. Гэтэл чанарт биш тоонд анхаараад байгаа нь төрийн буруу юм уу, малчны буруу юм уу?

Төрийн буруу. Худлаа тоо байхгүй юу. 60 сая мал байгаа нь үнэн. Жишээлбэл, 1990-ээд оноос хойш ноолуурыг үнэд оруулсан. Ямаа бол 1989 оны мал тооллогоор сүргийн бүтцийн 10 юм уу 15 хувиас давж байгаагүй. Одоо бол сүргийн бүтцийн 40-өөд хувийг эзэлж байна. Ямааны ноолуур үнэтэй болохоор зэрэг ямаа өсгөөд эхэлсэн. Бүх нутгаа ямаагаар баллуулаад л, одоо бараг 20 гаран сая ямаатай болсон байх.

  • Ингэж байж л манай ноолуурын салбар нэлээн дээшээ гарч, хөл дээрээ тогтсон юм биш үү?

Түүнээс олсон бүх мөнгөөр ямааны тахалсан бэлчээрийг дахиж сэргээх ямар ч боломж байхгүй. Сүргийн бүтцэд л бодлого алдагдсан. Уг нь ямаа 15 хувийг эзэлдэг бол манайх 40-өөд сая л малтай байхгүй юу. Тоо хөөцөлдсөн нь үнэн. Тухайн үед манайх 10-аад сая мал хөлөөр нь гадагш нь гаргаж байсан. Тэгээд өөрсдөө иддэг байсан. Ерөнхийдөө 25,26 сая малтай л байсан. 1990 оноос хойш малаа гадагш нь гаргаж чадахаа байсан. Малаа экспортолж чадахаа байхаар мал хурдан өснө биз дээ. Үүнийг ашиггүй өсөх гээд байгаа юм. Тэгээд малаа хувьдаа өгөөд, улс мал эмнэлгээр яах юм гээд мал эмнэлгээ устгасан. Энэ чинь том бодлогын алдаа. Малчид малаа яаж эмчлэх болж байна вэ? Ингээд л сүүлийн 20 жил хамаг өвчинд нэрвэгдчихэж байгаа юм. Одоо улсын мал эмнэлгийг босгох ёстой. Хүн мал хоёр адилхан биздээ. Мал эмнэлэг нь малаа, хүн эмнэлэг нь хүнээ хариуцдаг болъё. Чадахгүй бол хариуцлага тооцдог болъё. Тэгж байж энэ баахан өвчнөөс чинь сална биз дээ. Малаа экспортолж чадахгүй бол энэ олон мал, мал аж ахуйгаар чинь яах юм. Хэдэн баян улсууд мал уралдуулаад дуусах болж байна уу. Улс төр, эдийн засаг хоёрыг дэндүү салгаж ойлгосноос л энэ алдаа гарсан.

  • Хэзээнээс тэр вэ?

Тэр 90-н хэдэн оноос л.

  • Таныг ингэж ярихаар нэг зүйл бүр асуумаар санагдах юм. Төрийн жолоогоо өгсөн, төрийн жолоо атгасан тэр процессын хооронд чухам ямар алдаа гарав. Өгсөн, авсан хоёрын хоорон дахь зөрүү. Тэр зөрүү өнөөдөр бидэнд юу авчрав?

Яг тэр шилжилтийн зөрүүн дээр ямар ч түүх, ямар ч үе алдаа гаргадаг.  Жишээлбэл, тун саяхны түүх байна. Ардын хувьсгал ялаад тэгээд л хар, шар феодалуудын хөрөнгийг хураагаад бүгдийг улсынх болгосон. Нийтийн өмч болгох гэж зүтгэсээр байгаад л 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж дуусаад бүх улс орон даяар хувийн өмчгүй болгож байгаа юм. 40 хэдэн жил зүтгэсэн ш дээ. Тэр хооронд сүм хийдээ устгаад, лам нараа алаад, бүгдийг нь хурааж авсан. 1961 оны сонгууль гараад социализмийг бүтээн байгуулж байтал 1990 онд энэ чинь чинь нийтийн өмч биш, хүний эрх чөлөө гээд нэгдлийг тараагаад бүх зүйлийг хувь хүн өмчлөөд авчихаж байгаа юм. Ингээд л нугалаа гарсан. Октябрийн хувьсгал ч тэр, Францын хувьсгал ч тэр хаана ч нугалаа гардаг. Одоо нугалвал хувийн өмчийг хурааж, улсын өмч л болгох байх даа.

  • Гэхдээ ямар ч улсын нийгэм Ардчиллын дараа өөр нийгэм рүү шилжээгүй шүү дээ?

Шилжээгүй. Тэгэхээр одоо эвтэйхэн л орох ёстой л доо.

  • Юу руу?

Дундын хувилбар луу. Өөрөөр хэлбэл, төрийн өмч гэхээсээ илүү нийтийн өмчийн асуудал ярих хэрэгтэй. Олон нийтийн өмчийн тухай ярих ёстой.  Тэр нь хоршоолол байна уу, нэгдэл байна уу хамаагүй. Дундын өмчийн асуудлыг л ярилцах ёстой. Төрийн өмч гэж ийм эзэнгүй өмч байж болохгүй шүү дээ.

  • Манайд тэгээд хувийн өмч нь давамгай юм уу, төрийн өмч нь давамгай юм уу?

Төрийн өмч гэж нэрлэчихээд төрд байгаа хүмүүс хулгайн аргаар баяжаад байгаа байхгүй юу. Гэтэл олон нийтийн өмч гэж байх ёстой шүү дээ. Харин олон нийт гэдгээ яаж томъёолох юм. Үнэн чанартаа хувьцаа эзэмшинэ гэдэг бол олон нийтийн өмчийн хэлбэр лүү орж байгаа хэрэг. Төр гээд хэдэн нөхдүүд бариад байж болохгүй ш дээ. Уг нь компанийг хувьцаа эзэмшигчидтэйгээ удирдлага нь өөрсдөө ажлаа явуулмаар байгаа юм. Гэтэл захирлыг нь төрөөс томилчихно. Тэр захирал нь хэн нэгэн даргын юм уу, намын нөхөр байгаад байгаа юм. Эрдэнэтийн захирлыг нэг нам гарч ирэхээрээ булаацалдаад байдаг чинь тэр байхгүй юу.

  • Төрд гишүүнээр сонгогдсон хүмүүсийн дийлэнх нь нэг нэг том компанийн захирлууд байх болжээ. Хэзээнээс төрийг бизнесмэнүүд удирддаг болчихсныг хэлж мэдэхгүй байна. Зөв ч юм уу, буруу ч юм уу. Өнөөх төрийн хар хүн гээд байдаг ойлголт манайд бүр байхгүй болчихоо юу даа?

Би түрүүн хэлсэн ш дээ, төр, эдийн засаг хоёрыг ялгаж ойлгож болохгүй ээ. Бид бол төрийг эдийн засаг гээд ойлгочих шиг боллоо. Тиймээс нам ч эдийн засаг, төр ч эдийн засаг л болж хувирч байгаа юм. Манай намууд ч нам биш болж хувирсан. Нам гэдэг ойлголтын сонгодог утга манай намуудад бүр мөсөн алдагдсан. Би бүр улаан цайм хэлж байна. Тэгэхээр энэ нам, төрийн хүн энэ тэр чинь эдийн засгийн институц болж хувирсан. Тийм дээ ч том компанийн эзэд сайд болох, дарга болох зам руу явж байна.

  • Намууд болон төр өөрөө мөнгөтэй болох гээд ийм зам руу орчихсон юм биш үү?

Төрд мөнгө хэрэггүй ш дээ. Төр бол мөнгө байгаа газрыг хэвийн байдлаар Монгол Улсын эрхэм дээд зорилгод нийцүүлэн, зохицуулах орчинг нь бий болгох ёстой болохоос төрд мөнгө хэрэггүй. Харин хүмүүс өөрсдөө сайн баяжихын тулд их мөнгөөр сонгууль хийгээд дараагаар нь тэр шатсан мөнгөө нөхөх гээд л үзчихэж байгаа юм. Төрийг бий болгож байгаа хүмүүс бол өөрийгөө золиослогчдын оромж байхгүй юу. Өөрийгөө аварч тэтгэгчдийн оромж биш. Сайн дураараа өөрийгөө золиослодог хүмүүсийн очдог газар. Би мөнгөтэй баян хүн байхыг хүсэхгүй байна, би эрх мэдэлтэй, өөрийн гараар эдийн засгийг хөдөлгөдөг хүн байхыг хүсэхгүй байна, би өөрөөсөө бусдыг ханамжтай амьдруулахын төлөө оюун ухаанаа зарж, өөрийгөө золиосолж байна гэдэг хүмүүсийн очих газар. Тийм учраас зарим бэхжсэн парламентийн засаглалтай улсууд парламентийн гишүүдийн ахуйн дэг журам гэж гаргадаг. Хүн амын дундаж хүмүүсийн хэрэглэдэг цаг, хослол, эмэг, бөгж хэрэглэдэг. Түүнээс дээш хэрэглэх эрх байдаггүй, хязгаарласан байдаг. Манайд болохоор хэчнээн түмэн мянгын цаг зүүгээд л, машин унаад л, том чулуу өвөртлөөд, хөөрөг гэж данхалзаад л байж байдаг.

  • Манай төрд ийм золиослогч байсан уу. Байсан гэвэл та хэнийг нэрлэх бол?

Байх боломжтой, байсан гэж хэлнэ. Жишээлбэл, хамгийн сүүлд Ю.Цэдэнбал даргын үеийн улс төрийн товчоо байна. Монгол Улсыг 40 жил барьсан, бараг Монгол Улсын эзэн хүний банкнаас гурван сая төгрөг гарсан байдаг билүү дээ.

  • Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэх үг энд тэнд дуулдах л юм?

Дахиад л өнөөх тогтолцооны асуудал ярина. Төр золиосолсон хүнийг хамгаалдаг тогтолцоо байх ёстой. Манайх шиг Их хурлын гишүүний бүрэн эрх гэсэн тийм заваарсан юмны тухай яриагүй шүү. Тэр хүн мөнгөтэй байсан бол мөнгөө бүгдийг хаяад төрд орох хэрэгтэй. Дахиж мөнгөтэй харилцахгүй. Мөнгөгүй бол мөнгөгүй чигээрээ л орж ирнэ. Тийм учраас дээр үед сайд нарын дэлгүүр, сайд нарын эмнэлэг, сайд нарын тусгай тэтгэвэр энэ тэр гэж байсан. Тэр байх ёстой. Одоо сайд яаж байна. Тэмцэлдэж, тэмцэлдэж сайд болно. Дээд тал нь дөрвөн жил болно, тэгээд л хэнд ч хэрэггүй. Чиний хийснийг ч үргэлжлүүлэхгүй, чи ч хэнд ч хэрэггүй. Тэгэхээр чинь тэр дөрвөн жил жаахан идэх юм олж аваад л салахыг бодно биз дээ. Өөр яах юм бэ? Уг нь сайд байсан хүн шударгаар ажиллах ёстой, түүнийг хянадаг байгууллага байх ёстой, нэг ч улаан мөнгө идэхгүй байх ёстой, нэг ч улаан мөнгө хувиасаа гаргахгүй байх ёстой. Одоо манай гишүүд яаж байна, хувиасаа цэцэрлэг байрьсан л гэх юм. Ямар баян юм бэ. Би хувиасаа сонгогчдодоо бэлэг өгсөн ч гэх шиг. Хувиасаа мөнгө гаргах эрхгүй ш дээ. Тэгэхээр яах ёстой вэ? Эндээс харахад өөрийгөө золиосолсон хүний амьдралыг баталгаатай болгох ёстой. Чи сайд хийсэн бол орон сууцтай, насаараа эмнэлэгт үзүүлэх тэтгэврийн мөнгөтэйгөө үлдэх ёстой. Хятад бол ганц намтай учраас жишээ татахад хэцүү. Гэхдээ насаараа сайд хийсэн хүн насны тэтгэвэрт гарахдаа өнөөх авлига, мөнгө  төгрөгний хэрэгт холбогдоогүй бол машинтай, жолоочтой, байр, орон сууцтай, тогоочтой, эмчтэй, өндөр тэтгэвэртэй үлдэж байна. Тэгэхээр чинь улс эх орныхоо төлөө зүтгэхгүй яах юм.

  • Сүүлийн үед ийм яриа гадуур их явах болсон. Орос саяхан В.Путиныг ерөнхийлөгчөөрөө дахин сонгосон, бараг л хаантай болчихлоо. Хятад бол Ши Жиньпинээ насаар нь удирдагчаараа сонгочихсон. Тэгэхээр хоёр их гүрэн маань хаантай болчихсон, бид яах вэ гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв ч гэх хүмүүс байна. Одоогийн Ерөнхийлөгчийг үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн засаглалтай болох гээд хөдөө орон нутгаа тойроод байна гэж ч ярих хүмүүс байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?

Хуулиндаа байна уу үгүй юу гэдгээ сайн бодох хэрэгтэй л дээ. Манай Үндсэн хууль тийм муу хууль биш. Харин хуулийнхаа боломжийг шахаж чадсан уу гэвэл, үгүй гэж хэлнэ. Надад бол энэ хоёр том улсын дунд байгаа манайд Парламентын засаглал зохиж байгаа юм шиг санагддаг юм. Тэгэхээр дахиад л энэ намыг нам  шиг болгох хэрэгтэй л гэж ярина. Энэ намуудыг бүр мөсөн шинэчлэх ёстой. Тэгэх юм бол манай хууль тийм бололцоогүй биш. Заавал хаантай болох ёстой ч биш. Одоохондоо Монгол Улс ерөнхиийлөгчтэй байна гэхээр батлан хамгаалах хүчин чадал их муутай ш дээ. Жишээлбэл, Хойд Солонгос уулзвал уулзъя, боливол болил доо гэж байгаа биз дээ. Бид тэгж чадахгүй. Ийм нөхцөлд нэг хүний толгойгоор асар их юм шийдэх боломжтой. Энэ шийдвэрүүд дандаа зөв байх уу, үгүй юу гэдэг их эрсдэлтэй. Манайх чинь ер нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай орон шүү дээ. Бүх ард түмнээс сонгогддог хамгийн их эрхтэй.

Уг нь Ерөнхийлөгч тангараг өргөөд л хуулиараа нам бус болдог.

Гэтэл манай бүх Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн намаасаа Тамгын газар, бүх зөвлөхүүдээ сонгодог. Тэгэхээр чинь энэ намын үүр байгаа биз дээ. Үүнийг би Ерөнхийлөгчийн институц сул гэж хэлээд байгаа юм. Н.Багабандийн үед МАН-ын, Ц.Элбэгдоржийн үед АН-ын л үүр байсан. Одоо бүр Ардчилсан намын дарга байсан хүн нь Тамгын газрын дарга хийж байгаа биз дээ. Ийм байхад яаж эв нэгдлийн бэлгэ тэмдэг, үндэсний аюулгүй байдлын тэгш бодлого гэж юу байх юм. Намын зүтгэлтнүүдээр зөвлөхөө хийлгэчихэж байгаа юм чинь. Тэгээд л энэ парламентын засаглалыг муу, муу гээд хашгираад байдаг.

Манай ерөнхийлөгч яагаад ингээд орон нутгаар гүйгээд байна гэхээр зөвлөхүүд муу байна. Зөвлөхийнхөө заримыг нь өөрөө, зөримыг нь нам нь сонгож өгч байгаа шд. Тэгэхээр нам нь далдуур юу гэж бодож байгаа юм, ямар сценар боловсруулж байгаа юм түүнийгээ л явуулж байгаа шүү дээ. Түүнээс биш Х.Баттулгын буруу гэж юу байхав. Улс орноороо явах бүрэн эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэхээр ерөнхийлөгчийн зөвлөхүүд нэг ерөнхийлөгч ирсэн ч солигддог байж болохгүй. Тэр зөвлөхүүд ямар ч намыг төлөөлдөг биш, биеэ хаясан, зөвхөн хааныхаа төлөө зүтгэдэг байх ёстой. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, манай төрд өнөөх “Мандухай сэцэн хатан” киноны Сатай сайд л үгүйлэгдээд байна гэж хэлэх гээд байгаа юм. Сатай сайд яадаг билээ, Мандуул хаанд Цоросын сайхан охин байна, эрэгтэй үр гарахгүй байна, тэгэхээр тэндээс л тэр Мандухай гэдэг охиныг авсан дээр байх аа гэж зөвлөдөг. Тэгээд гэр бүл болгодог. Сатай чинь төр байхгүй юу. Мандуул хаан бол төр биш. Мандухайг хатан болгоод авчирсан чинь би энд чинь байж чадахгүй, явна гэхэд Сатай сайд очоод тэгж болдоггүй юм, хаан хүний хатан ингэж болохгүй гээд үлдээчихдэг.

Исмэл тайш Хаан, Жонон хоёрын хооронд хов зөөхөд бас л Сатай сайд ингэж болохгүй гэдгийг хэлдэг.

Тэгээд Мандуул хаан үрэгддэг. Мандуул хаан үрэгдсэний дараа хэнээр хаан тавих вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхэд Сатай сайд Мандухайд хэлдэг, Баянмөнх жононгийн хүү байна гэнэ, түүнийг л олбол гэдэг. Өнөөх л төр чинь шүү дээ. Зөвлөхүүдийн танхимыг төлөөлж байгаа юм, түүнээс Сатай сайд ганцаараа биш. Ингээд Батмөнхийг олж ирдэг. Явсаар байгаад Сатай нас барахад, маргааш нь л төр үймдэг. Тэгэхээр Сатай бол Ерөнхийлөгчийн институц. Батмөнх хааныг хаан ширээнд суухын өмнө яаж тэр номын санд суулгаж, яаж алтан урагтай танилцуулж байна. Ийм байгаа цагт Баттулга ерөнхийлөгчийг хаашаа явахыг тэд зөвлөнө. Баттулгыг цорын ганц ухаантай эх оронч гэж бид сонгоогүй. Баттулгыг ухаантнуудыг ашиглаж ухаантнуудын толгойгоор монгол төрийн тамгыг барь гэж л явуулсан. Түүнээс өөрийг нь гүйгээд бай гэж хэлээгүй байхгүй юу. Гэтэл одоо өөрийг нь л гүйлгээд байх юм. Явж явж өөрийг нь хэрэгт хийнэ, өөрсдөө цэвэрхэн хоцорно. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд гэдэг бол сонгогдсон, шилэгдсэн, бэлтгэгдсэн тийм томчууд байх ёстой. Тэгээд тэр зөвлөхүүд нь дороо хоёр юм уу, гурван хүн бэлдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонирхлын зөрчилгүй хүмүүсийг бэлдэх ёстой гэсэн үг.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (19)
  • ядуу хүнд эх орон байхгүй.

  • Өөрийгөө Сатай л гээд байна. Уран бэлэн үгтэй нь ухаантны дүрд хувирдаг цөвүүн цагаа гэж. Урианхай, Шарав, Түдэв мэт дуугүй бүтээлээ нухаад л уран яруу үгсээ цууриатуулж, нэр алдарт дурлах Жанцанноров, Лхагвасүрэн, Хулан мэт ягисаар л байх юм зайлуул.

  • МОНГОЛЫН ТӨР Исмэл тайЖУУДААР ДҮҮРЧЭЭ ....................................

  • uneheer sod uhaantai hun shuu

  • Үнэхээр агуу хүн дээ.

  • Жанцанноров гуай аргагүй л агуу соён гэгээрүүлэгч хүн дээ. Монголчууд бид 1990-ээд оноос л бүх талаар харанхуй сохор болсон, тэгээгүй бол анхны ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Түдэв гуайг сонгосон бол арай л өөр замаар явах байсан байж мэдэх юм. Аливаа улс орныг ийм л сэхээтнүүд толгойлон авч явдаг юм билээ.

  • зөвлөхүүд гэж хөгийн юм. нэр хүнд ч байхгүй. бөөн өшөө хорслын үүр., зи гэх мэт. сатай сайд шиг хүн л төрд хэрэгтэй байгаа юмдаа.

  • Uneheer ene hunii helj bgaa ni unen. Odoo bol tord Icmailuud olon bna. Huntei ajillaj uzeegui, ajlaa meddegui nohduud namiin, taniliin, bulegleliin, nutag usnii, guilgiin, mongonii tuslamjtaigaar yamar neg alban tushaald ochood tuhain toriin albanii ner hundiig unagaaj, mergejliin chadvarlag ur chadvartai alban haagchdiig ni solisnoos toriin buh shatand sahilga hariutslaga sularch, ter hemjeegeer tosviin mongo urgui zartsuulagdaj, hashij bgaa alban deeree dooshoogoo haan met aashildag, deesheegee golog tsaraildag nohduud l olshirchee. Ajliin dadlaga turshlagagui huniig zovhon gadaadad deed surguuli togsson, heltei gej ajild avdag ni tuiliin buruu. Ezemshsen mergejil, hiij baigaa ajildaa ezen baij chaddag humuus l chuhal. 2-3 deed surguuliin rombo zuusen, ajil hiij chaddaggui, amar hyalbar argaar mongotei boloh setgelgeetei zaluus olon bolj. Toriig tor shig bailgah uudnees namuud negdmel bodlogotoi boloh hergtei tsag ue boljee. Medeej bichvel ih yum bna. Ingeed duugaya

  • tsaanaasaa ni neg l ih undargatai hun snuu, ene hunii uariaug sonsoh, unsnih tusam neg l saihan

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮД ГЭЖ АЖИЛГҮЙ БОЛСОН ХЭДЭН АВГАЙЧУУД, ХОВ Л ЗӨӨДӨГ БАЙХ

  • Жанцанноров гуай бол үнэхээр агуу даа Тэр бол агуу хөгжмийн зохиолч төдийгүй асар өргөн хүрээнд сэтгэдэг төрийн хүн юм билээ дээ Даанч бид чинь сайхан хүмүүсээ зөв таньж зөв ашиглаж чадахгүй л байгаа юм Энэ хүний ой ухаанд урлаг соёлын төдийгүй улс орны хувь заяаны асуудал тэр чигтээ маш оновчтой бөгөөд алсын хараатайгаар багтдаг л юм даа Магадгүй тэр Сайтай сайд нь энэ хүн өөрөө байх шүү

  • ҮАБЗ ийн талаар маш зөв ойлголт өгөхөөр юм хэлсэн бна. Зи эсрэг юм хэлнэ Же түүнийг үнэн гэж бодно хөөрхий дөө төр минь.

  • Үнэхээр үнэн үг хэлдэг хүн шүү.Баттулга үүнийг уншаад 1 юм бодох хэрэгтэй дээ.Хүрэлсүх мөн адил.Төрийг түрэмгийгээр удирдаж манлайж болохгүй гэдгийг мэдэрч ажиллаасай Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2.Зөвлөж байгаа хүмүүс нь зөв зөвлөж байх хэрэгтэй санагдах юм.Бие биенээ шүүмжлэх хэмлэх халах солихыг зөвлөдөг юм шиг л хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг хэллэг нь энэ 2 эрхэмд илт давмгайлж харагдаад байх юм.Хүн хэлэхээс наашгүй гэдэг үгийг санаж ажиллах хэрэгтэй байна даа Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа.

  • Ямар сайхан унэнг уншив аа. Шудрага, зарчимч, эх оронч , удирдагч улс торч нэг ийм л байх естой гэсэн нэг бие хунийг буюу бидний хусээд байгаа улс торчийг дурслээд огчээ. Дутагдлаа дээрхийг уншаад нэмээд Жанцанноров гуайгаас зовлогоо аваад засаарай улс торчдоо

  • Ээ мөн сайхан сэдэв хөндөж их сайхан хариулт унших ямар сйахан юм вэ? Надад бол АН-ын Ерөнхийлөгч юм шиг л загнаад байгаа нь утгагүй байдаг. Монгол төрийг алтан аргамж алдагдаж байна гэдэг тодорхой л байдаг....

  • Zov yarilaa.Uxaangvi noend uragshgvi albat zayadag gedeg shig.Manai Eronxiilogchiin zovloxvvd gevel Tsoodoliin Xulan bna,bas ard tvmnii oxin geed bgaa G.Uyanga bilvv zovlox ni bxaa.Oor goe goe alia salbadai nar bnaa bna.Satai Setsen Said shig l xvn xeregtei dee ug ni!!!!

  • Бүх шатанд ах дүүгээ найз нөхдөө нууц амрагаа аваачаад тавьчихсан тэд нь хов зөөдөг тэрийг нь зөвлөж бна гэж боддог юм шиг байгаа зайлуул ядаж байхад тэд нар нь юу ч мэдэхгүй хоосон толгой

  • ХУЛАН ГЭЖ инээдтэй зөвлөх

Онцлох мэдээ