...
...

Т.Солонго: Би удаан гуниглаж чаддаггүй

"Эмоушн" хамтлагийн экс гишүүн, дуучин Т.Солонготой гуравдугаар сарын 18-ны өдөр болох “Хотын болзоо” анхны бие даасан тоглолтынх нь талаар болон түүний хувийн амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа. Тэрээр бүх асуултанд тун ч нээлттэй хариулж, чин сэтгэлээсээ ярилцсан юм.

 -Хэвлэлийнхэнтэй өнгөрсөн хугацаанд тийм ч ойр байсангүй.  Энэ хугацаанд Солонгоо маань ээж болсон. Уран бүтээлийн ургац арвин уу, сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ?

 -Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Эмэгтэй хүмүүсийн хувьд карьер, эсвэл хувийн амьдрал хоёрын аль нэгийг нь хөөхөөр нэг нь яах ч аргагүй орхигддог шүү дээ. Түүнтэй л адил өнгөрсөн хугацаанд хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрч хувийн амьдралдаа анхаарсан он жилүүд байлаа. Хоёр хүүхдээ ч төрүүллээ. Том охин маань гуравдугаар анги, бага хүү маань ой зургаан сартай. Хүү маань хэдий нялх байгаа ч гэлээ бурхан шиг ижий, аав болон халамж, түшигтэй хань минь миний ар талд байгаа учраас оны сүүлээс уран бүтээлдээ эргэн орсон гэж хэлж болно. 4-5 шинэ дуугаа бичүүллээ, Хурд хамтлагийн Отгоо ах маань надад гурван дуу өгсөн. Мөн Б.Дашдондог ахтай хамтарч дуу дуулсан. Мөн дахин шинэ дуу гаргахаар бэлдэж байна. Урлагаас хөндий байсан дээрх хугацаанд тодорхой хэмжээгээр хэдий уран бүтээлээ хийж байсан ч гэлээ  олон нийтэд хүргээгүй хэд хэдэн шинэ бүтээлүүд бий. 

-Хүүхэд нас гэдэг амьдралын хамгийн жаргалтай үе шиг санагддаг. Харин таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв, тэр сайхан үеэ эргээд дурсвал?

-Тийм шүү. Хүний амьдралын хамгийн гэгээлэг, хөгжилтэй үе нь яах аргагүй хүүхэд нас болов уу. Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн. Хөгжим бүжгийн коллежтой миний хүүхэд насны гэгээн дурсамжууд салшгүй холбоотой.

-Эмоушн хамтлагаас та гэнэт гарах болсон. Тухайн үед хүмүүс янз бүрийн л таамаг дэвшүүлж, ярьж байлаа. Гэтэл та энэ хамтлагт бүхэл бүтэн 9 жилийг өнгөрүүлсэн шүү дээ. Яагаад тэр үед хамтлагаасаа гарсан юм бэ?

-Хүний амьдралд гуниг зовлон, баяр хөөр гээд бүх зүйл тохиолддог шүү дээ. 2003 онд миний амьдралд маш хэцүү зүйл тохиолдож байсан. Энэ тухай олон хүн асуудаг ч тэр болгонд хэлээд явах хэцүү. Намайг АНУ-д байхад 21 настай ганц охин дүү минь нас бараад би Монголдоо ирсэн. Үүнийг одоо ч дурсан ярихад хүнд байдаг. Энэ үед ээжийнхээ дэргэд хэсэгтээ байж байгаад, Америк руу буцаж явах гэтэл визний асуудлаас болоод явж чадаагүй л дээ. Тэгээд удалгүй охиноо олсон, ээж ч болсон. Амьдрал таахын аргагүй байдаг шиг хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч таашгүй. Үүнтэй л адил ар гэрийн асуудлаас болоод хамтлагаасаа гарсан. Түүнээс биш гадуур хүмүүсийн ярьдаг шиг муудалцаад салсан юм  огт байхгүй. Бид өнөөдөр өөр өөрсдийн зурсан зургаараа л явж байгаа. 

- Одоо хамтлагийнхантайгаа хэр холбоотой байдаг вэ, хамтарсан уран бүтээл гаргах бодол ч юм уу төлөвлөгөө байгаа юу?

-Бид байнга холбоотой байдаг. Эмэгтэйчүүд болсон хойно зав зай л гарвал уулзаж буу хална шүү дээ. Бид одоо хүүхдийн ээж, хүний эхнэр болцгоосон учир тус тусдаа амьдралаа зохиогоод завгүй л явцгааж байна даа.  Магадгүй хэсэг хугацааны дараа нэгдээд уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Үүнд болохгүй гэх шалтгаан байхгүй ээ. 

- Урлагийн хүний ар талын бат найдвар нь гэр бүлийн хүн нь болов уу,  нөхөр тань хэр ойлгодог вэ?

-Ойлголгүй яахав. Урлагийн хүнд ар гэр хамгийн чухал байдаг. Мэдээж нөхөр маань бүх л зүйл дээр миний хамгийн дотны зөвлөгч, туслагч, найз байж чаддаг.  Нөхөр маань намайг ойлгож дэмждэггүй бол би ингээд явж чадахгүй шүү дээ. Мөн ээж, аав маань их туслана. Манай урлагийн амжилттай яваа бүсгүйчүүдийн ард дандаа сайхан гэр бүлийнхэн нь байдаг. Танай сайтаар дамжуулаад нөхөртөө болон аав ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “урлагийн хүнтэй  л суухгүй” гэж хэлсэн байсан. Үнэхээр урлагийн хүнтэй суугаагүй байна шүү.  Яагаад тэгж боддог байсан юм бол, нөхрийнхөө ямар зан чанарт нь татагдсан бэ?

-Тиймээ, Би өөрөө багаасаа хөгжим бүжигт сурсан. Тэгээд харж байхад урлагийн ангийн хөвгүүд их хөнгөмсөг юм шиг санагдсан. Тиймээс л урлагийн хүнтэй суухгүй гэж боддог байсан байх. Нөхрийн маань маш хүлээцтэй зан чанар нь намайг татсан. 

-Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Сайн гэрийн эзэгтэй гэж хэлмээр байна. Онгирч байгаа юм биш. Сүүлийн хэдэн жил чимээгүй байсны хэрэг юу билээ. Энэ хугацаанд гэрийн эзэгтэйн үүргээ маш сайн гүйцэтгэлээ. Гэхдээ нөхөр маань энэ асуултанд надаас илүү хариулт өгөх болов уу. Ер нь аль болох гэр бүлдээ цаг зав гаргаж, эхнэр болон ээжийн үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэмлэдэг.

-Урлагийн бүсгүйчүүд, ээж болсноор дууг чин сэтгэлээсээ мэдэрч дуулдаг болсон гэж ярьдаг л даа. Таны хувьд ээж болоод юу өөрчлөгдөв?

-Ээж болсон эмэгтэй хүн маш зөөлөн болчихдог юм байна лээ. Миний нүдний харц их өөрчлөгдсөн. Бас их тогтуун, тайван болсон юм уу даа. Хаа нэгтээ сэтгэл хөдөлгөсөн  нэвтрүүлэг үзчихээд хүртэл амархан уйлчих гээд байх жишээний, тийм л уяхан болсон мэт санагддаг. Тэр утгаараа дуугаа илүү мэдэрч, уярч дуулдаг байж болох юм л даа.

-Төрөөд удаагүй гэхэд биеийн жингээ маш сайн барьсан байна шүү.  Үүний нууц нь юу байна вэ?

-Урлагийн хүн гэдэг олны өмнө ил байдаг. Тэр ч утгаараа бүх л зүйлээ анхаарах хэрэгтэй болдог. Урлаг гэдэг өөрөө үзэж, харах зүйлтэй байх ёстой. Тиймээс тайзан дээр гарахдаа үзэгчдээ хүндлээд сайхан хувцаслана. Нөгөө талаараа гоё сайхан байхын үндэс нь эрүүл мэнд. Таргалалт гэдэг хүний биед ашигтай тал бараг байхгүй. Миний хувьд зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршлыг бий болгохын тулд  сүүлийн найман жил маш их хичээж байна. Тиймээс “Сарангоо” фитнест тасралтгүй явж байгаа. Сүүлийн төрөлт дээр нэлээн их жин нэмсэн учир фитнестээ явсны үр дүнд гурван сарын хугацаанд арав гаруй кг хаслаа. Хэвийн жиндээ очихын тулд өөрөөс багагүй хүч хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм байна. Дан ганц дасгалаар турахгүй, хоол хүнсэндээ ч гэсэн анхаарах хэрэгтэй. Би тамирчдын хөдөлмөрийг их үнэлсэн.Тэд ямар их цаг хугацаа, хичээл зүтгэл гаргаж байж амжилтанд хүрдэг болохыг биеэрээ мэдэрч ойлгосон шүү.

-Бие даасан “Хотын болзоо” нэртэй анхны тоглолтоо цэргийн баяраар хийхээр болсон гэсэн. Тоглолтынхоо тухайд яривал?

-Тиймээ, энэ бол миний анхны бие даасан тоглолт. Тоглолт маань үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь амьд хөгжмийн, уянгын жазз болон миний өөрийн уран бүтээлүүд болох киноны дуугаа амьд хөгжмийн шинэ найруулгатайгаар дуулна. Тоглолтын дунд хэсэгт урилгаар  ирсэн найзууд маань өөрсдийн уран бүтээлийг хүргэнэ. Тодруулбал, дуучин Б.Дашдондог, төгөлдөр хуурч, продюссер Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Э.Энхзол гээд та бүхний хайрлаж, хүндэтгэдэг олон уран бүтээлчид дуулна. Тоглолтоо хийх санаа оны сүүлээр төрсөн. Тэгээд бага багаар тоглолтын бэлтгэл ажил хийгдээд явж байсан учир өнөөдөр тоглолтын маань бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууслаа. Тоглолт болох өдрөө тэсэн ядан хүлээгээд л байж байна даа.

-Анхны тоглолтын гол онцлог нь юу байх вэ, үзэгчдэд таны зүгээс барих бэлэг ч юм уу?

“Хотын болзоо” тоглолтын гол онцлог гэвэл амьд хөгжмөөс бүрдсэн амьд тоглолт гэдгээрээ онцлогтой.  Мөн Солонгоо гэж хэн бэ, ямар чадвартай,  яг ямар дуунууд дуулдаг юм бэ гэдгийг л миний тоглолтыг үзээд гарсан хүн тэндээс  мэдрэх болов уу гэж бодож байна. Уг нь тоглолтоо эмэгтэйчүүдийн баяраар хийх бодолтой байсан. Тэр үед гадуур олон тоглолт байсан учир хойшлуулсан. Эрчүүдийн баярын өдөр тоглолт маань болж байгаа учир мэдээж эрчүүддээ зориулсан гэнэтийн бэлэг байгаа. Тоглолт Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах "Salm Pub and Bar"-д 20.00 цагт эхэлнэ. Хүрэлцэн ирсэн үзэгчдээ уух зүйлээр дайлахаас гадна азтан шалгаруулж ивээн тэтгэгчийн гарын бэлгийг гардуулна.

-Тоглолтын нэрний тухайд үнэхээр содон, өвөрмөц санагдлаа л даа?

-Нэрний тухайд хот, хөдөөгийн ялгаа огт байхгүй. Урин дулаан болохоор гадаа нэг л  гоё уур амьсгал бүрддэг шүү дээ. Залуус нь  болзоод л, нөгөө талаас Б.Дашдондог ахтай хамтран дуулсан уран бүтээлийн нэр л дээ.  Дашка ах өөрөө зохиосон, их гоё дуу байгаа.

-Магадгүй дуучин Соког чимээгүй болчих вий, уран бүтээлээ орхигдуулчих вий гэж фэнүүд тань санаа зовж байгаа байх, цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ?

-Цаашдын уран бүтээлийн маань эхний алхам энэ тоглолтоор эхэлж байна гэж хэлж болно. Тоглолтын дараачаас шинэ шинэ уран бүтээлээ маш эрчимтэй гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Хүний амьдралд болж бүтэхгүй бэрхшээл тохиолдох нь бишгүй л байдаг.  Тэр үед амьдралынхаа эрч хүчийг юунаас олж авдаг вэ?

-Би аль болох өөдрөг байхыг хичээдэг. Өглөөний мандах нарнаас ч гэсэн эрч хүчийг авч чаддаг. Би удаан гуниглаж чаддаггүй. Сэтгэлээр унасан тохиолдолд хагас өдөр л үргэлжилдэг. Тэгээд л дараа нь төгөлдөр хуураа тоглоод л тайвширдаг. Эсвэл сайхан хувцаслаад алхах дуртай. Мөн амьдралын ямар ч үед дэргэд минь байж чаддаг хэдэн сайхан найзууд надад бий. Тэд нараасаа, үр хүүхдээсээ, нөхрөөсөө, төгөлдөр хуураасаа гээд л олон зүйлээс эрч хүчийг авч байдаг даа.

-Чөлөөт цаг гарвал юу хийх, юунд илүүтэй цагаа зарцуулдаг вэ?

-Ном унших маш дуртай. Хүүхэд байхын л номонд дуртай байсан. Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд бараг мэднэ дээ.  Гудамжаар номоо уншаад л алхаад байна шүү дээ.  Нэг өдөр зам гарч байхдаа номоо уншиж байхыг ээж, аав харчихаад их загнаж билээ. Тийм л ном унших их дуртай байж, тэр бүү хэл орон дотроо хүжийн галд хүртэл уншиж байсан. Номноос би маш их юм сурсан. Ном уншдаг хүн олон хүний амьдралаар амьдарч үздэг гэдэг шүү дээ. Энэ үгтэй би санал нийлдэг. Номын гол баатрын дүрд өөрийгөө орлуулж бодно. Ном бол ертөнцийг харах цонх мөнөөсөө мөн. Бидний үед одоогийнх шиг интернет, гар утас гэж байсан биш. Зурагттай айл хүртэл цөөхөн байсан. Хоёрдугаар ангиасаа өнөөдрийг хүртэл номын амтанд орж байна гэж хэлж болно. Орчин үед google, youtube багш бол миний багш ном л байсан. Одоо ч гэсэн цаг зав гарвал номын дэлгүүр орж шинэ ном худалдаж авах дуртай. Одоо Хятадын алдартай сонгодог зохиолуудыг уншиж байгаа.

-Эмэгтэй хүн гоёл  чимэглэл цуглуулах дуртай байдаг бол өөрийн тань хувьд ном цуглуулах сонирхолтой байх нь ээ?

-Ном цуглуулахаас гадна мөн л адил гоёл чимэглэлийн зүйл цуглуулах үнэхээр дуртай шүү. Ээмэг, бөгж, зүүлт, үсний хавчаарнаас авахуулаад чамин, тансаг, дэгжин, энгийн гээд төрөл бүрийн чимэглэлтэй. Анхандаа хобби болгоно гэж бодоогүй, нэг л мэдэхэд гэрээр дүүрэн акссесуар болчихсон байсан. Энэ тэнд явж байхад ээмэг, бөгж нүдэнд тусах л юм бол худалдаж авахаас буцдаггүй.

-Таны хэлэх дуртай үг?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” энэ үгийг хэлэх дуртай. Зарим хүмүүс бурхны зурсан хувь төөргийг хэн ч өөрчилж чадахгүй гэж ярьдаг. Гэвч тухайн хүн өөрөө хичээх юм бол хувь тавилангаа өөрчлөх боломжтой гэж боддог.

-Хүн авьяастай төрдөг юм уу, эсвэл авьяасыг төрүүлдэг юм уу. Өөрийн тань хувьд аль нь вэ?

-Нэг хувь нь авьяас, 99 хувь нь хөдөлмөр гэж  Чулуун гуайн хэлсэн алдарт афоризм байдаг. Үүнтэй би санал нийлдэг. Төрмөл авьяастай байлаа гээд түүнийгээ хөгжүүлэхгүй залхуураад л байвал юу ч биш болно. Тэгэхээр хөдөлмөр зүтгэлтэй хүн л илүү их амжилтанд хүрч, аливааг бий болгох боломжтой гэж бодож байна. Миний хувьд ч тэр өөрийн хичээл зүтгэлээр л үүнийг бий болгож чадсан.

-Хөгжмийг өөр зүйлтэй жишвэл юутай зүйрлэх вэ?

-Хөгжим хүнд сэтгэлийн цэнгэлийг өгдөг. Маш гоё хөгжим сонсчихоод хэдэн ч өдөр өнгөрсөн бай, тэр гоё мэдрэмж нь сэтгэлд байсаар л байдаг. Энэ ертөнцөд хөгжим эсвэл урлаг гэж хэрэв байгаагүй бол амьдрал их уйтгартай байх байсан болов уу. Хөгжмийг өөр юутай ч  зүйрлэж чадахгүй, тийм л агуу зүйл.

-Урлагийн хүн болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Энэ талаар ер бодож байгаагүй юм байна шүү. Магадгүй зураач болох байсан байх. Багадаа хэдэн цагаар ч хамаагүй зураг зураад л суучихдаг хүүхэд байсан. Эсвэл багш болох байсан байж магадгүй. Манай ээжийн зургаан эгч нь бүгдээрээ багш. Би ёстой багш болохгүй шүү гэж боддог байсан. Гэтэл тэгж бодож болдоггүй л юм байна. Өнөөдөр хөгжмийн багш болчихсон л явж байна шүү дээ. Хамгийн гэгээлэг зүйл болох хүүхэдтэй харьцаж байдаг гэдэг утгаараа багшийн мэргэжил гоё. Тэднээсээ үргэлж сайхан энергийг авч байдаг.

-Солонгоо хувь хүн талаасаа ямар хүн бэ. Жишээ нь найзууд чинь таныг хэрхэн дүгнэдэг бол?

-Найзуудын маань ихэнх нь намайг шулуун шударга зантай, эршүүд гэдэг. Зарим нь хэтэрхий өөрийнхөөрөө гэж загнана. Урлагийн хүн гэдэг нэг талаараа жүжиглэх ёстой байдаг юм шиг байгаа юм л даа. Миний хувьд дүр эсгэж чаддаггүй. Ямар ч үед байгаагаараа л байдаг.

-Зарим үед үнэхээр уурлаж, бухимдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг шүү дээ. Та тэр үед ямархуу зан араншинтай болчихдог вэ?

-Хүн л болсон хойно уурлана, гомдоно, баярлана шүү дээ.  Хүнд байдаг тэр бүх мэдрэмж л гарна. Уурласан үедээ дуугаа хураачихдаг. Энэ нь зөв байдаг л даа. Уурласан хүнээс хэзээ ч ухаантай үг, ухаантай үйлдэл гардаггүй. Ууртай үед санаандгүй хэлсэн үг хүний сэтгэлд хүрсэн л бол түүнийг дахин буцаах боломжгүй. Тэгэхээр хүн аль болох уураа барьж, тэвчих хэрэгтэй.

-Сайхан хайртай учирсан хүнээс хайрын тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны бодлоор хайр гэж чухам юу юм бэ?

-Миний хувьд хайр гэж бие биедээ итгэх итгэлцэл, мөн биенээ хүндлэх хүндлэл гэж боддог. Ингэж байж л тэр хайр удаан оршин тогтоно. Нэг, нэгэндээ итгэх итгэл, хүндлэл  үгүй бол тэр хүнтэй хамт байгаад яах юм бэ.

-“Хайртай бол хартай” гэх үгтэй санал нийлэх үү?

-Бага зэрэг санал нийлнэ. Аливаа зүйлийн тунг нь зөв тааруулах хэрэгтэй. Огт хардахгүй хаагуур, хэнтэй, юу хийгээд явж байх нь сонин биш бол бас утгагүй шүү дээ. Хардах гэхээсээ илүүтэй бусдаас харамлах, өмөөрөх сэтгэл бол байлгүй яахав. Түүнээс биш чи одоо яг таван цагт ирэх ёстой, ирэх цаг чинь өнгөрчихөөд байхад хаагуур, юу хийгээд яваад байгаа юм бэ гээд байвал энэ бол хар биш дарамт болно биз дээ. Товчхондоо, алтан дунджийг олно гэдэг агуу ухаан юм л даа.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ, ер нь орчин үеийн охид залуучууд таны нүдээр ямар харагдаж байх юм. Юун дээр илүү анхаараасай гэж бодож байна вэ?

-Эмэгтэйчүүд өгч чаддаг байх юм бол өгөхийн хэрээр авч чаддаг гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим залуучууд сонин хандлагатай болчихсон байна. Жишээ нь, ажилд орох ярилцлаганд орж байхдаа хүртэл өөрийн ур чадвар, нөөц бололцоогоо харуулаагүй байж л цалин хэд вэ гэж асууна. Үнэхээр чадвартай хүнийг бол ямар ч байгууллага алдахыг хүсэхгүй биз дээ. Мөн хайр сэтгэл дээр хүртэл өнгө мөнгийг харж сууж байна гэх шүүмжлэл нийгэмд их байна. Хэрэв өөрөө хичээгээд эсвэл хүнээр хайрлуулъя гэж байгаа бол эхлээд хүнийг хайрлаж сурах хэрэгтэй. Амар хялбар амьдралыг илүүд үзэж, хайр сэтгэлээ сонгох ч тохиолдол байна. Зөөгч хийгээд ч хамаагүй өөрийнхөөрөө хичээж байгаа хүнийг амьдрал шагнадаг болов уу. Би тэгж л боддог. Нөгөө талаар залуучууд хэтэрхий гадаад үзэмждээ анхаараад, дотоод гоо сайхнаа орхигдуулаад байх шиг. Гоё сайхан байна гэдэг харагдах байдлаараа гоё байхыг хэлэхгүй. Нэг үгээр хэлбэл,  царайгаараа биш ухаан, боловсролоороо чимсэн эмэгтэйг би гоё эмэгтэй гэж хэлнэ.

-Сонгуулийн жил гэдэг утгаараа нийгэм болон улс төрийн амьдрал халуухан өрнөж байна. Үүний нэг тод жишээ болох дуучин Нара улс төрд орно гэдгээ албан ёсоор хэлсэн. Хэрэв Нараг улс төрд орвол дэмжих үү?

-Нарагийн хувьд маш зоримог алхам. Нара ч бай өөр хэнийг ч бай  улс төрд дэвштэл нь нөлөөлж байгаа хүмүүс бол тэр Их хуралд сууж буй нөхөд. Бараг хүн бүхэн л болохгүй бол УИХ-ын гишүүн болъё гэж ярьдаг болжээ.  Энэ нь улс төр ямар хямд болсон байна вэ гэдгийг илтгэж байна. Уг нь улс төр хэн дуртай нь хүрээд байдаггүй өндөр оргил байх ёстой биз дээ.

-Чин сэтгэлээсээ ярилцcанд  баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье!

-Баярлалаа. Тоглолтыг маань ивээн тэтгэж байгаа бүх байгууллагууддаа талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ