...
...

“Нефть боловсруулах үйлдвэрийг урагшлуулдаггүй “үл үзэгдэгч гар” дахин гарч ирсэн үү?

Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, ард иргэдийн өдөр тутмын амьдралд “ус” мэт хэрэгцээтэй шатахууны хангамж өнөөдөр 100 хувь ОХУ-аас хараат байдалд байна. Монголчууд бид “Made in Mongolia” гэх шошготой шатахуун мөрөөдөөд удаж байгаа билээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал олон удаа яригдаж байсан ч амжилт олоогүй. Зарим хүмүүс нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг урагшлуулдаггүй “үл үзэгдэгч гар” ажилладаг гэж ярьцгаадаг. Манай улсыг өөрийн эрхшээлд байлгахыг хүссэн хөрш гүрнүүдийн сонирхол, улс төрийн оролцоо нефть боловсруулах төслүүдийг “тушаад” байна уу?
Ямартай ч Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Нефть боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол хүн бүрийг баярлуулсан. Одоогоор төслийн ТЭЗҮ боловсруулах үйл явц эцсийн шатандаа орж, Дорноговь аймгийн Сайншанд хотоос Алтанширээ сум хүртэл барих авто зам, төмөр зам, цахилгаан шугам сүлжээний ажлууд энэ зунаас эхлэх аж.

Олон жил яригдсан нефтийн үйлдвэр барих ажил ашгүй нэг бодиттойгоор хэрэгжиж эхлэхэд төслийг урагшлуулдаггүй “үл үзэгдэгч гар” гарч ирсэн гэх бор шувуу нисэх боллоо. БНХАУ-ын “China Oil”-ийн охин компани болох “Зүүн баян нефть” компани нь Багахангай дүүрэгт жилд 2 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг барихаар идэвхтэй ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн хөрөнгө оруулагч нар Монголд саяхан ирээд үйлдвэр барих газраа үзэн холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээр хийгээд буцсан байна. Тус компани Багахангай дүүрэгт байгаа өөрийн эзэмшлийн газрын төлбөрөө төлж, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд тус төсөлд БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дэмжлэг үзүүлж байгаа гэх. Өмнө нь “Зүүн баян нефть” компани Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдэд саад учруулдаг байсан талаар хэвлэл мэдээллээр гарч байсан.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар мэдэж байгаа болов уу? Эсвэл түүнд мэдэгдэхгүй тусгай зөвшөөрөл олгуулчихсан юм биш биз?
Манай улсын нефтийн бүтээгдэхүүний зах зээл жижиг учраас хоёр үйлдвэр манай улсад ямар ч хэрэггүй, тэр тусмаа ХЯТАДЫН үйлдвэр бүр хэрэггүй. Уг хятад компани манай улсад нефть олборлогч хятад компаниудаас түүхий тос худалдан авах гэрээ байгуулан манай үйлдвэрийг түүхий эдгүй болгочих юм биш биздээ. 
“Зүүн баян нефть” ХХК-ийн хэрэгжүүлэх гэж буй төслийн үйл явцын талаар цаашид мэдээлэл хүргэх болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ