...
...

Азийн бүс нутгийн боломж Монголын бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо Их Тэнгэр цогцолборт зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, нээлтийн үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа. Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна. Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна.” гэдгийг онцолсон юм.

Арга хэмжээнд нийтдээ 250 орчим олон улсын болон дотоодын төрийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож Азийн бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо. Монголын эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Иймд МБЗ-ийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд тус хэлэлцүүлэгт оролцож, ҮХГ-ын үйл ажиллагаа, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, дэд бүтэц, тээвэр, ложистикийн салбарын хөрөнгө оруулалтын талаар сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ