Зочны өрөөнд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, гал тогооны өрөөнд дүү охин нь зогсох нэгэн гэрэл зураг цахим хуудсаар нэлээд тархсан байдаг.
Гэрэл зургийг нягталж сайн харвал номонд тулгаж авсан нь анзаарагдана.
Хатуу хавтастай номны үдээс ч бас харагддаг. Гэр бүлийн цомгоос нь авсан байх, эсвэл гадны зурагчны л гаргаж чадах өнцөг байна хэмээн хүмүүс олон янзаар таамагладаг боловч цаад жинхэнэ эзэн нь өдгөө 60 гарч яваа Япон өвгөн гэдгийг бараг хэн ч мэддэггүй аж.
1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Монголд ирэхдээ 1000 гаруй өнгөт гэрэл зураг буулгасан Хироюки Үсамитай уулзаж суухад ширээн дээр нь нүүрэндээ С.Зоригийн хөрөг бүхий хатуу хавтастай ном байв. Дотор нь өнөөх зураг хэвлэгдсэнийг хараад "Би энэ зургийг интернэтээс харсан юм байна" хэмээн түүнд сонирхуултал өвгөн зурагчин маань гайхаж байлаа.
С.Зориг агсны 1990-ээд оны эхэн үеийн зургуудаас бүрдэх тэр ном ердөө дөрвөн хувь л байдаг аж. Тэдгээр нь хэн хэнд байдгийг асуутал "Хоёр нь Зориг сангийн тэргүүн С.Оюунд. Нэг нь энд. Нөгөө нь Японд байгаа" гэсэн юм. Тэгэхээр С.Зоригийн мөнөөх алдартай "Зургийг" энэ дөрвөн номны аль нэгээс л дарсан бололтой.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250