...
...

Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал гэж юу вэ?

Та бүхэн гэгээрэлд хүргэдэг янз янзын арга, бясалгалын тухай сонссон байх. Үнэхээр ч олон янзын арга байдаг. Гэхдээ төгс гэгээрэлд хүргэж чадах цорын ганц арга л бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм. Гэвч хэрэв та оргилд хүрэхийг хүсэж байгаа бол энэ зам мөрт л орох хэрэгтэй болно. Энэ арга бол чанагуухи ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон гаргах аргагүй юм.

Бясалгалын энэ эгэл жирийн аргатай танилцахаас өмнө би өөр олон янзын аргыг туршиж үзсэн. Тухайлбал: Түвдийн Бурханы шашны нууц тарнийн ёс, Тайланд, Бирмийн янз бүрийн бясалгалын сургаал гэх мэт… Энэ бүхэн маш их цаг хугацаа авахаас гадна ийм аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог. Харин Дотоодын Гэрэл Аялгууны /Гуань Инь/ бясалгалд ийм зүйлс хэрэггүй. Энэ арга бусдыгаа бодвол хамгийн энгийн нь. Та хаана дуртай газраа цэцэрлэг, автобус, галт тэргэнд бясалгал хийж, Бурханы энергитэй нэвтрэлцэж болно. Агуу их аврал хамгааллыг мэдрээд зогсохгүй, Бурхантай нүүр нүүрээ харалцах болно. Би та бүхнийг надад итгэ гэж гуйж ятгахгүй. Гагцхүү та өөрөө өдөр бүр бясалгаж, туршиж, амсаж мэдэрч үз…

Намайг Гэрэл Аялгууны бясалгалыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань байгаа энэ их юу гээчийн хүч вэ, өөрөө мартаж орхисон юу гээчийн авъяас чадвар вэ, оюун ухааныхаа ямар хэсгийг ашигладаг байв, та хэн юм бэ, ертөнц дахинд ямар байр суурь эзэлж байна гэдгээ дотоод талаасаа эрэн хайх болно. Та эрэн эрсээр, нэгэн цагт олно…

Энэ ертөнцийн болон чанагуухи ертөнцийн гэсэн хоёр төрлийн дуу авиа байдаг. Энэ ертөнцийнх нь бидний сонсгол ба сэтгэцийн ая тухтай байдалд чухал. Харин чанагуухи ертөнцийн дуу аялгуу нь биднийг Бурхан руу эргэн очиход хөтөлдөг. Хэрвээ бид энэ Үг буюу аялгууны урсгалтай ямар нэг харилцаа холбоо тогтоож чадвал тэр цагт Бурханыг яаж олохоо мэднэ эсвэл холбоо тогтоож чадна. Энэ дуу аялгуутай холбогдож чадсан хүмүүсээс амьдралд нь асар их хувирал өөрчлөлт гарахыг үзээгүй хүн нэг ч үгүй. Үүнийг л бид “гэгээрсэн хүн” гэдэг. Бид зөвхөн оюун санааны хувьд төдийгүй материаллаг болон ер нь бүх талаар хөгжин дэвждэг юм.

ЯАГААД ЗААВАЛ АМЬД БУЙ ГЭГЭЭРСЭН БАГШ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бясалгал хийх хүнд эрхбиш сайн Багшийн удирдамж хэрэгтэй. Шалтгаан нь 2 буй.

1-рт: Багш бидэнд бясалгал хийхийн бүхий л үндэс дүрэм юу болох, бясалгалын ёс суртахуун ямар байх, сэтгэл цэвэр ариун, хүсэл эрмэлзэл нэн өндөр байх хэрэгтэй гэдгийг хэлж жолоодно. Ингэвэл бясалгал буруутаж ад оршихгүй, адад мэхлэгдэхгүй.

2-рт: Бид бясалгал хийх үед одоогийн Багшаа олж үзвэл Түүнийг танина. Учир нь бид Багшийнхаа гадаад дүрийг таньдаг. Гэтэл одоогийн Багшгүй бол, бясалгал хийж байх үед урьд үеийн Их Багш ирээд биднийг дагуулан аваачих буюу ном тайлж сонсговол энэ нь өнгөрсөн үеийн жинхэнэ Их Багш мөн эсэхийг бид мэдэхийн аргагүй. Учир нь тэднийг бид ерөөс үзээгүй. Шагжамуни Будда нөгчөөд нэгэнт 2500 жил болж буй, Есүс Христ яваад бас бараг 2000 жил болж буй. Бидний олж үзсэн нь хүмүүс дүрслэн бодсоноороо зурсан зураг, эсвэл гэрэл зураг болно. Иймээс бясалгалын үед Тэд бидний дотор илэрч үзэгдвэл, үнэн худлыг нь бид мэдэх аргагүй. Гагцхүү одоогийн багшаа олж үзвэл сая үнэн худлыг мэднэ. Зөвхөн өөртөө найдаад сохроор бясалгаж, балраар боловсроод олж үзсэн өнгөрсөн үеийн Их Багш бүхэн найдвартай биш. Асурийн оронд тэр мэт мэхлэх дүр зөндөө байдаг.

ЖИНХЭНЭ БАГШИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Энэ маш амархан. Бурхан зөвхөн өгөхөөс биш хэзээ ч авдаггүй учраас жинхэнэ Багш бол юуны өмнө өөрийн ашиг тусын төлөө ямар ч өргөл барьц авдаггүй. 2-рт: Багш танд гэгээрлийн ямар нэг нотолгоо баталгаа өгөх ёстой. Тийм биш бол тэр танд ямар нэг зүйл өгөх чадвартай гэдгийг та хэрхэн мэдэх билээ? Хуурамч Багш нар ямагт өөрийн бага сага ид шидээ зарлан гайхуулдаг бол жинхэнэ Багш хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Зөвхөн оюун санааных нь дэвшилд юм уу санаа сэтгэлийн хувьд нь туслах, өвчин эмгэгийг нь анагаах, аюул осолтой нөхцөл байдлаас мултлан гаргах хэрэгтэй болсон тийм тохиолдолд л шавь мэддэг. Тэр үед л Багшийнхаа учир холбогдлыг, Багш нь үнэн хэрэгтээ хэн гээч болохыг таньж мэднэ. Жинхэнэ Багш хэзээ ч авахгүй. Гагцхүү өгч л мэднэ.

Бясалгал хийгээд ямар нэг хүслэнт ахуйд хүрвэл тэд яг гэрийн дээвэрт тулсан юм шиг болж, хэчнээн хүчлэвч түүнийг гэтлэн давж чадахгүй болдог. Ямар ч юм биднийг дагуулан гарч чадахгүй. Зөвхөн Багш ирээд биднийг татаж, энэ түр зуурын харш саадыг гэтлүүлэхээс өөр аргагүй байдаг. Тэгсний дараа бид үргэлжлүүлэн цааш явна… Багш тусалж хаалга онгойлгон биднийг оруулах болно. Тэр бол орчин тойрны байдлыг сайн мэддэг замч шиг, гэр маань хаана байгааг сайн мэдэх бөгөөд бас цоожийг онгойлгох түлхүүртэй. Хаалга хаана байгааг Багш мэддэг болохоор хаалгыг онгойлгомогц дээд хүслэнт ахуйн дуу аялгуу болон ахуйн байдлын талаар ойлголттой болно.
Бид угаас гэрэлтэй, дотоодын дуутай байдаг. Үүнийг бидний “Уг чанар”, эсвэл “Будда чанар” гэж хэлсэн ч яг адил… Дотоодын Будда чанараа харъя гэвэл мэс засал хийж харах биш, харин түлхүүрээр онгойлгох хэрэгтэй. Хэрэв онгойлгож чадахгүй бол Төгс Гэгээрсэн Багш биш. Төгс Гэгээрсэн Багшийн удирдлагагүй бол ямар дуу аялгуу нь үнэн бөгөөд хүнийг туулан ангижруулж чадах, ямар дуу аялгуу нь худал бөгөөд хүнийг туулан ангижруулж чадахгүй гэдгийг бид тааж магадлахын аргагүй.
Багш яагаад хүмүүсийг мацаг хоол идүүлэх гээд байдаг вэ? гэж олон хүн асуудаг… Мах иддэг бясалгагч 2-р зэргийн гэрлийг олдог боловч жинхэнэ үнэнийг олдоггүй. Тэд яаж бясалгасан ч бүгд л зургаан муу заяаны сансрын хүрдэн дотор байдаг. Учир нь сахилгүй бол жинхэнэ “Самади” байхгүй, жинхэнэ Самади үгүй бол жинхэнэ “Билгүүн ухаан” байхгүй. Хамаг амьтан бүгд дотооддоо аялгуутай, билэг ухаантай байтлаа яагаад энэхүү дуу аялгууг “ажиж” чаддаггүй вэ? Учир нь түлхүүргүй болохоор дуу аялгуу хаана байгааг мэддэггүй. Тиймээс хаалгыг онгойлгож өгөх Багшийг эрэх хэрэгтэй байдаг…Хэрвээ та хамаг л Бурхан болон гэгээнтнүүдэд мөргөж залбираад энэ нь тус болоогүй бол дараа нь туслуулахын тулд намайг дуудаж болно. Энэ нь би өөрөө өөрийгөө алдаршуулан мандуулж байгаа мэт сонсогдож байж мэднэ. Гэвч… учир нь гэвэл би хамгийн ойр байгаа учраас тэр юм. Та бид адилхан л дэлхийн соронзон талбайд оршиж байгаа учраас би та нарт ойрхон байгаа юм. Нэг нэгэндээ ойр байгаа болохоор энерги маань бас бие биедээ амархан үйлчилнэ, бидний энерги нэг давтамж дээр хэлбэлзэж байдаг. Хэрэв та одоо буй амьд Их Багштай бол бясалгалд тань саад бэрхшээл гарахад чимээгүйхэн даатган залбирч Багшаасаа зөвлөгөө гуйж хүсэж болно. Бид сургаал номлол сонсож бус , харин ингэж л үнэнд суралцдаг юм. Үүнээс өөрөөр өнгөрсөн үеийн Багш таныг сургаж чадахгүй. Гараас тань хөтлөн асуултад тань хариу өгч чадах эдүгээгийн Багшийг эрж олох хэрэгтэй.

Бид яагаад бясалгал хийх ёстой вэ гэвэл Бурхан, Диваажин эсвэл Дээд ертөнцөөс ном сургаал хүлээн авч, сүнсээ амаржуулахын тулд юм. Бид цаг үргэлж “надад билэг ухаан хайрла, надад түүнийг, үүнийг өгч хайрла” гэж гуйж залбирдаг боловч Бурханыг бидэнтэй ярин харилцах гэхээр бид өөрсдөө үргэлж зав чөлөөгүй байдаг учраас түүнд бидэнтэй ярих боломж байдаггүй. Бид яриад гуйгаад байхаас биш өөрсдөө сонсдоггүй. Бясалгал гэдэг бол сонсох цаг юм… Чимээгүй суугаад илгээлт хүлээж авна. Тэгэхгүй бол Бурхан түм буман юм хэлье гэсэн ч та бүхэн түүнийг нь сонсох завгүй байх болно. Хэрэв нийгэмд чухал байр суурь эзэлж, аль нэг салбарт амжилт олъё гэж хүсвэл ухаан санааныхаа энергийг бус харин жинхэнэ энергийг түшиглэн ажиллах ёстой юм. Энергийн 2 түвшин байдаг. Нэг дэх ухаан санаа, хоёр дахь нь нэн өндөр түвшин буюу нигүүлсэл хайр ба ид шид юм. Ид шид гэдгээр би цаг агаарыг өөрчлөхийг хэлж байгаа биш ч бид үүнийг ч бас хийж чадна!Бясалгалын үедээ та муу нөлөөлөл саад түйтгэртэй учирч болох бөгөөд, тэр цагт л намайг ид шид бүтээж чаддагийг мэдэх болно. Би чадна. Гэхдээ та бүхэн намайг хэчнээн агуу их болохыг ойлгуулахын төлөө бол үүнийг би хийхгүй. Надад тийм юм хэрэггүй.

ҮЙЛИЙН ҮР ГЭЖ ЮУ ВЭ?

Ертөнцийн ба хүмүүний гэсэн үйл үрийн 2 хэв маяг байдаг. Ойлгоход амаргүй үл үзэгдэх хүч хүмүүний хуулиудыг жолоодож байдаг. Авшиг хүртсэний дараа урьд насны үйлийн үр арилж алга болно. Гэхдээ Багш энэ амьдралын тань үйлийн үрийг хөндөлгүй үлдээдэг юм. Эс тэгвэл та тэр дороо л ангижирчихна шүү дээ. Бид найз нөхдөдөө тусалж, дэлхий ертөнцөө адислахын төлөө энд хэсэг хугацаанд үлдэх ёстой юм. Дараа нь бид тэнгэрт гарч болох бөгөөд хэрэв та хүсэж байвал дуртай цагтаа эргэн ирж болно. Үйлийн үр гэдэг бол нэн шударга, нэн хүчтэй үл үзэгдэх хүч юм. Хийж үйлдсэн бүхэн маань эргээд өөрсдөд маань буцаж ирдэг… Энэхүү бодисын ертөнцөд болж байгаа бүхнийг бичиж тэмдэглэх зориулалттай уураг тархи, ухаан бодол, энэ компьютер байгаа учраас бидэнд үйлийн үр байдаг юм.

Үйл түйтгэр гэж… бидний анхны төрөлдөө хийсэн зүйл бүрийн муу явдал болон төрөл төрөлдөө гаднах үзэгдлээс олсон муу бүхнийг хэлж байгаа юм. Багшаа харах буюу Багштайгаа хамт байхад бүдүүлэг үйл түйтгэр угаагдан арилах нь тодорхой. Гэвч нарийн үйл түйтгэр харагдахгүй мөртлөө баригдахгүй, мэдэгдэхгүй болохоор түүнийг заавал харагдахгүй мөртлөө баригдахгүй нарийн дуу аялгууны урсгалаар угаан цэвэршүүлэх хэрэгтэй. Энэ аялгууны урсгал сэтгэгдэшгүй их хүчтэй байдаг…

Хүн бүр байдал адилгүй болохоор соронзон талбай нь бас адилгүй байдаг. Бид өөрийн соронзон талбайгаа халах гэдэг бол хялбархан явдал биш. Амьсгалаа тоолох юм уу йогийн дасгал хөдөлгөөнөөр халчих явдал огт биш. Зөвхөн чакрын хүрээгээ ажих, ясаа ажих, ус ажих, амьсгалаа ажих зэрэг нь тус болохгүй. Гагцхүү Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал л хамгийн сайн арга юм… Авшиг хүртэхүй гэдэг бол урьд үеийн бүх үйлийн үрийг үгүй болгох явдал бөгөөд аливаа амьтны, ирээдүйд эргэж буцаж ирэх боломжийг тасалдаг юм.

ЯАЖ БЯСАЛГАХ ВЭ?

Ердөө л анхаарлаа мөнгө зоос юм уу өөр зам руу биш, Бурхан руу хандуул. Бясалгах чадвар танд угаасаа байж байдаг. Тиймээс ердөө л анхаарлаа Бурханы орон руу л чиглүүл… Нам гүм газар хөлөө завилж суусаар ямар нэг зүйл олж чадахгүй. Юуны өмнө та дотоод хүчтэйгээ харилцаатай болсон байх ёстой. Тэр үед л дотоодын жинхэнэ “Би” тань бясалгал хийж, өөрөө өөрийгөө сэрээх болно. Хэрвээ та нэгэнт сэрчихсэн бол таны жинхэнэ “Би”, дотоодын тань Бурханы хүч бүхнийг хяналтдаа авна. Жинхэнэ бясалгал гэж юу болохыг гагцхүү жинхэнэ Багш таныг сэрээж, арга уламжилж өгсний дараа л та мэдэх болно. Тийм биш бол энэ зөвхөн өөрийн бие махбод хийгээд сэтгэл ухамсартайгаа тэмцэлдэж цаг барсан хэрэг болно…
Бясалгах үедээ өөрийн энергиэ нээгээд тэр хэвээр нь орхичхоос болгоомжил. Гэхдээ танд одоо амьд буй Багш байгаа бол Багш тань таныг муу нөлөөнөөс хамгаална.

Хэрвээ амьдрал тань амар хялбар бус, та гай гамшгийг хүлцэн тэвчиж, Бурхан өөрийг тань орхичихсон, Бурханыг үзэж харж чадахгүй байх шиг санагдаж байвал Бурханыг олоход тань туслахыг бидэнд зөвшөөрнө үү!

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ
”Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” цоморлогоос

Онцлох мэдээ