...
...

“Популистуудыг үр удмаар нь устгаж даран сөнөөх - Цор ганц арга"

Популист хэмээх үг , яг хэзээнээс Монголын нийгэмд орж байршин, Монголын Иргэдийг  дээшээ доошоо ангилан ялгах болтол нь Хүчийг олсон үг болоо вэ? Чухам яагаад ийм үгийг бид сонгон хэрэглэх болов. Хэн гээч нь энэ үгийг Монгол хэлний Үгсийн санд бүртгэгдэн  ортол нь нутагшуулж чадваа?

Энэ талаар жоохоон тайлбар хийх гэж оролдоод үзье.

Юуны өмнө “Популист”  гэдэг үгийг одоогийн хөрвөх хэлбэрээр нь махчлан орчуулбал  “Монгол Улс –Монгол Орны хөгжил дэвшилд , урвагчийн муу санааны үүднээс Садаа бологч , Нэр төр хөөцөлдсөн муу муухай, явдалтай, Өмхий муу санаатай, Хүний адаг - Хөсрий шаарыг  хэлдэг. Энэ хүмүүсээс болж улс орон огт хөгжихгүй , эдийн засаг нь элгээрээ хэвтээд байдаг” юмаа гэж бид Ойлгодог, Бидэнд ойлгуулдаг болсон юм.

Тэгвэл хэн тэгвэл энэ үгийг хамгийн их хэрэглэдэг вэ ? Эндээс л чухам энэхүү үгийн эх сурвалж , зориулалт нь тодорч эхэлнэ.

Жирийн ард иргэд бол энэ үгийг барагтай хэрэглэхгүй. Жирээс арай дээгүүр хэсэг нь ч бас л яаран хэрэглэхгүй. Учир нь тэдэнд энэ үг бараг шаардлагагүй.

Чухамхүү Эрх баригчид буюу, Улсын Төсвийг захиран зарцуулах эрхтэй, улс дамнасан гэрээ хэлэлцээр батлах эрх бүхий хүмүүсийн амны уншлага болдог тийм нэг Сонгодог хэлбэрийг олсон үг юм.

За одоо та нарт "Нээрээ  юу билээ" гэсэн бодол орж ирж байгаа биз.

Хэн тэгвэл ийм үгийг , ямар учир шалтгааны улмаас бий болгон Нийгмийг талцуулан бужигнуулах хүртэл нь Хүчирхэгжүүлэн хоногшуулваа?

Гарал үүсэл нь ердөө л Оюу Толгойн гэрээ бүтэлгүйтэж илэрхий луйвар ханхалсан тэр л цаг үеэс л эхтэй юм. Өмнө нь Монгол хэлэнд энэ үг байгаагүй. Тухайлбал Популист гээчийн Сонгодог жишээ болсон Босоо Ганбаа, эсэргүү Уянга нар бол энэ давхаргын буюу ОюуТолгойн гэрээг эсэргүүцэгчдийн шилдэг төлөөгч нар. Ер нь бол чухамдаа эд нарт л зориулж, эдгээр , энэ мэт хүмүүсийг дарж авахын тулд  л гаргасан үг болж таарч байна.

Чухам яах гэж ?

Юуны түрүүнд нийгмийн давхаргад анализ хийх гээд үзье. Өдрийн хоолоо чадан ядан залгуулж буй ядуу зүдүү хэсэгт нь бол түй ч хамаагүй үг хэллэг.

Арай жоохон гэгээлэгдүү амьдралтай , нийгмийн харилцаанд идэвхтэй оролдцдог хэсэгт нь бол маш их хүндээр тусдаг үг юм. Чухам энэ идэвхтэй дундаж давхарга нь "Сонгуулийн масс цөм"-ийг бүрдүүлдэг тул эдгээр хүмүүсийн чихэнд хоногштол нь чийрлүүлж залхаах үүргийг энэ үг өөртөө агуулна.

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэхүү үгийн тайлал маш сайн харагдана лээ .

Хэрвээ үг хэлэх боломж таарвал хуралдаан дээр галзуу юм шиг , шүлс үсчүүлэн , сэгсэгнэн орилж загнадаг байсан Баянсэлэнгийг өчигдөр үдэш бид сайн бүгд харав.

 Ихээ сайхан томоожсон харагдана билээ. Өшөө ч намба суух биз. Цаашдаа бүр өнөө нэр муут 2-ыгоо ч “Муусайн Поп-ууд больцгоо та нар” хэмээн зандрах ч биз. Одоо учир нь олдож эхлэх гэж байна уу?

Яагаад Баянсэлэнгэ гишүүн ийн намба заав аа???

 Намба суух нас нь аль хэдийнээ болчихсон атал  намба суугаагүй байсан  хүн чинь ямар шумууланд хазуулчихаараа ганц хоёрхоон сарын дотор налайтал намба сууж,Тохь тухтай Төрийн Түшээ болон төлөвшиж,улсын төлөө санаа зовж, угшил гарал нэгтнүүддээ зааж залж , загнан буруушааж суух болов.

Шалтгаан нь их энгийн. Ердөө л  “Сайдын суудал”...

Одоо энэ хүн алдах юмтай болж эхэлж байна. Хэрвээ арцалдаад өнөөх муу нэртүүдийнхээ  талд ороод хашгичаад эхэлбэл “Сайдын сэнтий” мулт.  Сайдын сэнтийгүй болчихвол гишүүний ганц муу сая төгрөг, цалингийн зээл мээл бол эргээд л проблем болж эхэлнэ шүү дээ.

Одоо энэ үгийн учир жанцан бүр тодорхой болж эхэлж байна.

Тэгэхээр алдах юмтай, тэрийгээ алдахыг огтхон ч хүсэхгүй хүмүүс энэ үгийг хэрэглэж  эхэлдэг нь анзаарагдав уу?

Харин Ганбаатар, Уянга нарт алдах юм үгүй. Тэд бол жагсаалтаар бус, тойргоос мөнчгөрөөрөө гарч ирэгсэд. Тэдний ард сонгогчид нь байгаа. Сонгогчид бол Ард Түмэн.

-Ард түмэн тэгвэл юу хүсдэг юм бол оо?

Ард олон нийтлэг нэг л зүйлийг хүснэ.

Тайван амгалан амьдрал, тоглож өссөн газар шороо, нутаг нуга , нуур цөөрөм, хашаа сууц гээд бүх юм нь л сайн сайхан байгаасай  гэж хүснэ, мөрөөднө , шаардана.

Дээрээс нь мэдээж хангалуун сайхан амьдрах мөнгө???

-Тэгээд одоо Ард Түмэнд тэр бүхэн нь байгаа юу?

-Байхгүй.

-Яагаад байхгүй байгаа юм ? ...

Огтоос байгалийн баялаг байхгүй , газар нутаг гэж тохмын чинээхэн Синга Хонг - Конг хүртэл хөгжлийн дээдэд хүрчээд байхад дэлхийд гайхагдах газар нутаг, байгалийн баялагтай Монгол улс яахлаараа юу ч гүй хоосон хоцроод байдаг юм. Усан тэнэг л биш юм бол дэлхий хавтгайрсан өнөө цагт захын эргүү ч үүнийг ойлгоод эхэлж байна .

Энэ ойлголтыг баялгийн тэгш хуваарилалт гэж Дэлхий дахинаа нэрлэнэ. Дээрээс нь саяхан өөртэй нь адилхан гүйж явсан нэг муу амьсгаа , хэн нэг даргын  бөгсийг тас тэвэрч , долоосоорон байгаад дээшээ гарч ,харц нь сүүмгэр гэдэс нь цондгор, бас ч гүй албаны унаа машаан хэрэглээд , зан гэж зангуу болоод ирэхээр чинь дотор нь арзганадаг юм байгаа биз дээ. Одоо нөгөө муу Баянсэлэнгийн л бэлээхэн жишээ шүү дээ.

Хамгийн түгээмэл жишээ нь өнөө муу “Баярцогт Хужаа”-г аваад үзье. Нэг муу сая долларыг мартах болтлоо томорсон түүнд хэн дуртай байх вэ? Яахаараа ч  түүнд хээв нэг мартаж чадах сая доллар байдаг юм гэж бодохоор л өөрийн эрхгүй дотор арзганана. Ингээд л мэдээж тэр хүн өөрийнхөө үгийг хэлэх хашгирах хэрэгтэй болно. Хуулиараа түүнд ийм эрх нь  бий.  

Тэгвэл :

-Яагаад би үгээ хэлж болдоггүй юм. Яахлаараа та нараас айж амаа хамхих ёстой юм?? 

-Яахлаараа төрж өссөн газар нутгийг нь барьцаалан хаа байсан Рио Тинтод хээв нэг тэрбум тэрбумаар нь зарчихаж чаддаг юм. Хэн зөвшөөрсөн юм ер нь ???

Бүхэл бүтэн Улс Монголын баялгийг ганц муу Сайханбилэг өөрөө дурандаа гүйж очоод "Дубайдчихаад" ирэхэд хэн дуртай байх билээ.

Хэн нь Популист вэ гэдэг Асуултын цор ганц гогцоо нь ердөө л энд л байгаа юм. Монголчууд тэгвэл яг юу хүсээд байгаа юм бэ ?

Ердөө  шударга наймаа хийхийг л хүссэн.

-Бидэнд баялаг байна уу? Байна.

-Бид баялгаасаа өгөөж авч чадаж байна уу? Үгүй.

-Бидний хүсээд байгаа юмыг Засгийг бүрдүүлэгчид өгч чадаж байна уу? Үгүй.

-Бидний газар нутгийг гадаадын этгээдэд гэрээлж зарсан улсууд өөрсдөө баян цатгалан Атаархмаар байна уу? Тийм.

-Монгол Улс арай ашигтайгаар гэрээ хийж болох байсан уу? Байсан .

-Тэгээд яагаад хийж болоогүй юм?

-Бүү мэд???

-Хэн тэгээд мэдэх юм?

-Мэдэхгүй?...

Байдал ийм байгаа болохоор хэн Сайханбилэг болон Засгийн Эрхийг залагчдад дуртай байх билээ. Арай л хэтэрхий . Цааш нь нэг их тайлбарлаад хэрэггүй юм.

Яг үнэндээ бидний орлогоос бүрдсэн Төсвийн мөнгийг чөлөөтэй хуваан идэх мөртөө , бидний газар нутгийг хүссэнээрээ зарж үрж , харсаар байтал хагартлаа баяжиж буй явдлыг яагаад бид нар, ард иргэд нь дотроо нууж , дотогшоогоо бэтгэрч явах ёстой юм.

Чухам үүнийг нь ил тодоор хэлж, ард олондоо ховлосон хүнийг  тэд Эрхтэн дархтнууд  “Популист” гэж цоллодог юм. Чөлөөтэй ууж идэхэд нь садаа болоод байгаа хүмүүсийг ийн нэр хоч өгч , муу муухай харагдуулах л гэдэг юм.

Явж явж Ардчилсан Нийгмийн сул тал нь чухам энэ билээ л .

Эрх баригч болсон л бол Ард Түмэн чамайг хянах болно. Эрх барихыг хүссэн л бол “Чи шударга үнэнд гүйцэгдэх ёстой”

Шударга байж чадаагүй бол хаанаас ч л гэсэн "Поп"-ууд гараад л ирнэ.

Өөрөөр хэлбэл чи нийгмийн баялгаас халбагадсан л бол бусаддаа яг адилхан амсуулах ёстой. Үгүй бол Чи Луйварчин, Адгийн Авилгачин.

Хэн ч чамд Монголын газар нутгийг чөлөөтэй зарж үрэхийг зөвшөөрөхгүй. Бүр заяа нь таалагдахгүй.

Тийм учраас Эрх баригчид нууж хаах юмыг нь хэлсэн хүнд зориулан бодож гаргасан үг бол “Популист” гэх үг хэллэг юм. Энэ үгийг хүч оруулан дэвэргэж муухай харагдуулдаг цалин бүхий албатууд бий. Тэд бол энэ механизмын эрэг шураг нь. 

Хэрвээ чи Популистуудыг дуугүй болгоё гэвэл тэдэнд адилхан хувь өг. Нийгмийн гал тогооны халбагыг хүн бүрийн аманд хүргэ. Тэгвэл Популистууд төрөн гарахгүй.

Тэр л цагт Чи-Та-Ч.Сайханбилэг- З.Энхболд-Ц.Элбэгдорж  та бүхэн хэзээ ч Популистуудаас айж эмээж , нууж хаах шаардлагагүй болно.

Яаж ч хайсан эрх мэдэлтнүүд та нарын дундаас Популистууд  төрөхгүй л байгаа биз дээ?

-Яагаад?

-Та нар тийм мундаг хүмүүс үү?

Учир нь та нар ард олноосоо тусдаа нэг  завин дээр сууж, нэг л түрийвчнээс хоолныхоо мөнгийг олж байгаа хүмүүс юм.

Явж явж Популистууд чинь “АРД ТҮМЭН” гэдэг нөгөө завин дотроос чинь гарч ирээд байгаа юм шүү?

Одоо тэгээд яахав гэж үү? Их амархан. Би зааж өгье.

-Халбагаа 3 сая болго!!!

-Хүн бүрийн ам руу нийгмийн гал тогооноос адилхан хэмжээгээр хий!!!

-Гадагшаа дотогшоо зөөсөн аяга таваг халбага сэрээгээ одоо олж ир!!!

Ердөө ингээд л боллоо.

Хэрвээ ингэж чадах л юм бол Нийгмийн Дайсан, Хүний адаг, Хөсрий Шаар гэгдэх Популистууд ахин хэзээ ч төрөхгүй.

“Популистуудыг үр удмаар нь устгаж үгүй хийх цорын ганц арга бол , нийгмийн гал тогоог чадвал бүгдэд нь , чадахгүй бол дийлэнх олонд нь хүртээмжтэй болгох явдал юм”

/Жич : Энэ сургаал эцсийн үнэн болохыг З.Баянсэлэнгэ батлан өгүүлнээ /

Б.Төр

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ