...
...

Ж.Гончигсүрэн: Шороон гахай жилд ҮР ХҮҮХЭД төрүүлэхэд сайн

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан монгол зурхайн "Түвдэнпэлжээлин" хийдийн хамба, гэвш лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


 

-Сайхан өвөлжиж байна уу, Та. Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын ач холбогдлын талаар яриагаа эхэлье гэж бодож байна?

 

-Их Монгол оронд минь залран буй "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн мэндийг монгол түмэндээ өргөн дэвшүүлье. 
 

Монголчуудын хамгийн сайхан баяр бол уламжлалт цагаан сар юм. Энэ тухайд нэгдүгээрт, нас нэмсний баяр, хоёрдугаарт, ахмадуудаа хүндэтгэдэг, баян, хоосон ялгаагүй бүгд ахмадаа хүндэлж золгодог. Гуравдугаарт, ах, дүүсээ мэдэлцэх ураг төрлийн баяр юм. Дээрээс нь энэ баярын үеэр уламжлалт соёлоо сэргээн санах, үндэсний дээл хувцсаа өмсөх, уранхай цоорхой хувцас өмсдөггүй, бэлэгтэй үг хэлэлцдэг гэх мэтээр бага ч гэсэн бидний оюун, соёлын дархлаа нэмэгдэж байдаг. Уламжлалт зан заншил, түүх, соёлоо авч үлдэх нь монголчуудын эрхэм зорилго байх учиртай. 
 

-Гарч буй жилийн өнгийг "Шороон үхэр"-ийн зурлагаар шинжсэн байдаг. Гахай жилд улс орон маань ямар өнгөтэй байх вэ?
 

-Ер нь улс орны жилийн төлөв, өнгийг "Шороон үхэр"-ийн зурлагаар шинждэг. Түүнийг төр засаг нь анхаарах нь уу, үгүй юу гэдэг тэр улсуудын л хэрэг. Төгс буянтын шинэ зурхайгаар шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байна. Ирэх намар илүү сартай, намрын дунд сар нь хоёр байна. Ерөнхий зурлагын хувьд, хур бороотой, элбэг сайхан жил гарах төлөвтэй. Шарагчин гэдэг нь шороон гахай буюу эм гахай жил гарч буй учир үр хүүхэд төрүүлэхэд мөн сайн. 

 

XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн  "Шороон үхэр"-ийг хаврын амьсгал орсон өдрийн махбодийг гол болгон дүрсэлбэл "Үхэр" нь шар толгойтой эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж, сүүлээ зүүнтээ шарвасан байна.  "Үхэр хариулагч" нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна. 

 

Дээрх зураглалаас жилийн байцыг ажиглавал, өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байх нь. Хур ус элбэг, хүйтэн болон бадгана өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Ихэс дээдэс, өвгөд хөгшид амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна.
 

-Өвгөдөд амгалан, залуус, нялхаст ширүүн гэдгийг энгийнээр тайлбал юу гэж ойлгох вэ?
 

-Бурханы шашны үндсэн онол нь амьтныг хайрлах, энэрэх, туслах үзэл юм. Зурхайн судар бичигт ч ялгаагүй хүнийг айлгах, гарцаагүй үнэн гэж хүнд тулгахыг хатуу хориглодог. Өөрөөр хэлбэл, бэрийн зурхайд сайн зүг нь давах боломжгүй цастай даваа байхад заавал давахыг шаардаж болохгүй. Харин түүний оронд зүгийн заслын ном айлтгаж, засаад өөр зүгээс ирүүлдэг учиртай.
 

Түүнчлэн зурхайн ухаанд үгийг уламжлалт, далд утгаар хэрэглэдэг. Өвгөдөд амгалан (өндөр дээд суудалтан), залууст ширүүн (дунд суудалтан), нялхаст (ард иргэд) машид ширүүн ажээ. Энгийн ардад айж мэгдэх явдал гарна гэдэг бол хэн нэгнийг аялдан дагаж болохгүй, өөрийн бодолтой, сэрэмжтэй байгаарай гэсэн санаа. 
 

-Монголчууд бид шинийн 15-ны дотор жилийнхээ засал номыг хийлгэхийг чухалчилдаг. Заавал энэ өдрүүдэд багтаах ёстой юу?
 

-Буддын шашинд заавал тэгэх ёстой гэсэн номлол байдаггүй. Тухайн хүний сэтгэлийн л асуудал. Хүн бүрийн төрсөн гараг, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс бид сайн талаа арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. 
 

Бүх сүм хийд хуучны 25-наас эхлээд балин тахилаа шинээр сольж, дараа өдрөөс нь түүнийгээ адислан, сахиусуудаа тахидаг. Ер нь шинийн 1-15 бол их буяны өдрүүд юм. Бүх хийд дацан шинийн 15-ны ерөөл хурдаг. Үүнд даган баясвал засал хийлгэсэнтэй адил болно. Энэ өдрүүдээс хойш заслаа хийлгэхэд болохгүй зүйлгүй. 
 

-Гарч байгаа жилд тусгай засалтай жилтнүүд гэж байдаг. Хүн бүр засал хийлгэх учиртай юу?
 

-Жил орсны заслыг  13, 25, 37, 49, 61, 73, 85 97 зэрэг насандаа хийлгэдэг. Энэ жил гахай жилтнүүд засалтай гэсэн үг.  Мөн мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийн давхцалтай хүмүүст тусгай засал ном хийдэг. Энэ заслуудаа хийлгэчихвэл гараг, сарын аюулд өртөхгүй болж байгаа юм. Тусгай засалтай хүмүүсээс бусад нь өөрийн жилийн заслыг хийлгэхэд болно. 
 

Ер нь засал хийлгэх эсэх нь тухайн хүний оюун санааны асуудал. Хүчээр хий гэж байгаа юм биш. Гарч байгаа жилдээ сайн сайхан байхыг ерөөн, аливаа цээрийг арилгаж, засал ном хийлгэдэг уламжлалтай. 
 

-Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах гэсэн чухал асуудал байна. Мөрөө хэрхэн гаргах учиртай вэ?
 

-Хуучин уламжлалаар бол мориныхоо уяан дээрээс мөрөө гаргадаг байсан. Морины уяа тэр зүгт байна гэж тогтсон зүйл байхгүй шүү дээ. Уяан дээрээс мордоод, өөрийн цог хийморийн зүг рүү зүглэн, буян хишгийн зүгээсээ ирдэг. Мөн зүүн хойшоо нохойн ам байдаг гээд зүглэдэггүй байсан. 
 

-Гэрийн гишүүд бүгд зүг мөрөө гаргах хэрэгтэй юу?
 

-Урьд цагт гэрийн эзэн тэргүүтэй хүмүүс мөрөө гаргадаг байлаа. Яагаад сүүлийн үед эмэгтэйчүүд мөрөө гаргадаг болчихоод байна гэхээр ажил амьдрал, цаг үетэй холбоотой юм. Одоо цагт эмэгтэй хүмүүс бизнес хийх, гадагш сургуульд явах, аялал жуулчлал зэргээр чөлөөтэй нийгмийн харилцаанд оролцдог болсон. Үүнтэй холбоотойгоор зүг мөрөө гаргах нь ихэссэн. Үүний буруу гэж үгүй, мөн хүчээр гарга гэсэн үг биш. Тухайн хүн "Би энэ жил зүг мөрөө гаргачихлаа, заслаа хийлгэчихлээ" хэмээн бодож, оюун санаагаа ариусгаж байгаа нэг хэлбэр.
 

-Байр, орон сууц зэргээр суурин газар амьдардаг хүмүүс зүг мөрөө гаргахад хүндрэлтэй, ойлгомжгүй байдаг. Энэ тохиолдолд хэрхвэл зохих вэ?
 

-Морины уяа гэдэгтэй ижил, хашаа, байрныхаа гадна тодорхой нэг цэг аваад, тэндээсээ мөрөө гаргаж болно. Түүнээс өглөө босоод хаалгаараа гараад л урагшаа, хойшоо гарчихлаа гэсэн үг биш шүү.
 

-Нийслэлчүүд маань Шинийн нэгний өглөө Хийморийн овоо гарна гэж их ажил болдог. Энэ ямар учиртай вэ. Ер нь бурханы шашинд овоон дээр гарвал ингэнэ, тэгнэ гэж заасан зүйл байдаг уу?
 

-Бурханы шашинд заавал тэг, тэгэхгүй бол муу гэсэн юм байхгүй. Хүний сэтгэлийг сэргээж байгаа "Би уул овоон дээрээ гараад хийморийн дардцгаа хийсгэчихье. Эрч, энерги авъя" гэсэн хувь хүмүүсийн асуудлууд юм. 
 

-Жилийн зурлага гаргахад багагүй хугацаа зарцуулдаг байх. Энэ жилийн зурлагыг хэр хугацаанд гаргасан бэ?
 

-XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн зурлагыг зурахад гурван сарын хугацаа зарцуулсан. Бид багш нарынхаа зааж, уламжлуулж ирсэн тооцоолон бодох арга барилаар зурлагаа зурж, олон сарын хугацааг зарцуулдаг. Ханш нээгдэх, хүйтний улирал хэзээ эхлэх, ямар барилдлагатай, ямар мэнгэтэй өдөр байна, давхацсан ямар өдрүүд байна гэх мэтээр нарийн тооцоолж гаргадаг. Үүгээрээ сүсэгтэн олондоо энэ жил иймэрхүү байх магадлал өндөр байна шүү, үүндээ анхаарай гэсэн зөвлөгөөг өгч байгаа юм.
 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН МӨР ГАРГАХ ЁСОН 

/Түвдэнпэлжээлин хийд/

 

/Жил, сар өдрийн хар нохойн амыг зөрүүлэн тооцсон болно/

 

 

СУУДАЛ

УНШИХ ТАРНИ, ГАРАХ, ИРЭХ ЗҮГ

ХҮЙС

ТӨРСӨН ОН

ГАЛ

Зүүн урд зүгт гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарныг 7-21 удаа уншаад урд зүгээс ирнэ.

 

Эр

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм

 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

ШОРОО

Баруун хойд зүгт гарч, “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгээс ирнэ.

Эр

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм

1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

ТӨМӨР

Баруун урд зүгт гарч, “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгээс ирнэ.

Эр

1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Эм

1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ОГТОРГУЙ

Зүүн хойд зүгт гарч, “Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгээс ирнэ.

Эр

1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм

1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

УС

Урд зүгт гарч, “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгээс ирнэ.

Эр

1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975,1983, 1991 1999, 2007, 2015

Эм

1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

УУЛ

Баруун хойд зүгт гарч, “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгээс ирнэ.

Эр

1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Эм

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

МОД

Зүүн зүгт мөр гарч, “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгээс ирнэ.

Эр

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Эм

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

ХИЙ

Урд зүгт гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгээс ирнэ.

Эр

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Эм

1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ