...
...

МХЕГ: Эрчим хүчний аюулгүй байдлыг хангуулах тухай сэрэмжлүүлж байна

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР, ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ, ХАНГАГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД:

Эрчим хүчний системийн оргил ачаалал эхэлж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аваарь, ослоос урьдчилан сэргийлэх, байгалийн гэнэтийн болзошгүй нөхцөл байдлын үед эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга, эрчим хүчний үйлдвэр, дамжуулах, түгээх, хангагч аж ахуйн нэгж, байгууллагуудад СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:

1. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь өөрийн эзэмшлийн тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангуулан ажиллах, шугам сүлжээний ашиглалтын хугацаа, төлөв байдлыг тодорхойлон судалгаа гаргаж үнэлгээ дүгнэлт өгөх, эрсдэлийг тодорхойлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

2. Эрчим хүчний тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний өвлийн бэлтгэл болон их, дунд, урсгал засварын ажлуудыг яаралтай хийж дуусгах.

3. Тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээнд аваарь, саатал гарсан тохиолдолд нөхцөл шалтгааныг бүрэн тодорхойлж устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

4. Аваарийн нөөц сэлбэг, материалын бэлэн байдлыг хангуулах.

5. Эрчим хүчний хангамжийн хэвийн найдвартай байдал алдагдах болон техникийн аваарь, саатал, осол гарсан үед мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, холбогдох мэдээллээр ханган ажиллах.

6. Цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний цас, мөс тогтолт, утас ба троссын унжилт таталт, тулгуур, металл хийцийн бат бэх байдалд тогтмол хяналт тавьж, урьдчилан сэргийлэх шалгалт, хэмжилт хийж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

7. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрын дэглэм сахиулалтыг чангатгах, гарч болзошгүй зөрчил дутагдлаас урьдчилсан сэргийлэх.

8. Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчид болзошгүй гэмтэл, саатлын үед ажиллах цахилгааны нөөц эх үүсвэрийн бэлэн байдлыг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авах, бэлтгэл эх үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш, сэлбэг материал, багаж, хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэх, тогтоосон хугацаанд туршилт тохируулгыг хийж шалган баталгаажуулах.

9. Дулааны цахилгаан станц, дулааны станц, халаалтын зуухны газруудад уурхайгаас ирсэн нүүрсний хангамж, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах.

10. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн өөрийн аж ахуйн нэгж байгууллагын “Дотоод хяналтын журам”-ыг боловсруулан баталж, мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулж, техник ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажиллах шаардлагатай байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ