...
...

Ц.Цогзолмаа дүрмийн дагуу ОГЦОРНО

Дүрмийн дагуу өргөдлөө өгөх ёстой сайд бол Ц.Цогзолмаа байсан. Өөрийн ажиллаж байгаа танхимынхаа эсрэг гарын үсэг зурж, түүнийгээ кнопоороо баталгаажуулсан хүнд энэ Засагт багтах зай байхгүй нь мэдээж. Гэтэл дүрмийн дагуу Ц.Цогзолмаа сайд өргөдлөө өгсөнгүй. Харин Ерөнхий сайд түүнийг огцруулах шийдвэр гаргав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах хүсэлтээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэр даруйд нь дэмжиж, “УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв байна” гэсэн хариу өгөөдөхөв. Үндсэндээ Ц.Цогзолмааг сайдаас буулгах ажил шуударчихав.

Түүнийг танхимын гишүүд нь, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь, улсын Ерөнхийлөгч нь огцрох нь зөв гэж үзэж байна. Мэдээж УИХ-ын гишүүд олонхийн саналаараа огцруулахыг дэмжих чигтэй байна. Гэтэл эрхэм сайд энэхүү “эсэргүү” ажиллагаандаа гэмшихгүй байгаа бололтой. Тэрбээр “Би улстөрчийнхөө хувьд өөрийнхөө гаргасан шийдвэрт ёс зүйн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч тэр, зарчмын хувьд ямар нэг байдлаар Засаг чинь үлдчихлээ, намайг аваад үлдээч гэдэг үг хэлэхгүй” гэж мэдэгдэв. Үйлдэлдээ эзэн байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ Ц.Цогзолмаад У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах нь ёс зүй, зарчмын хувьд таарахгүй байсан юм бол яагаад бүтэн жил гаруйн хугацаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг удирдсан болж таарч байна вэ. Монгол Улсын нийгмийн суурь болсон салбаруудыг энэ хүн ямар сэтгэлээр удирдаж байсан болж таарах вэ?

Засгийн газар багийн зарчмаар ажилладаг. Гэтэл үүнийгээ дагаж чадахгүй, өөрийнхөө ажиллаж байгаа танхимын үйл ажиллагааг дэмжиж чадахгүй байна гэдэг нь тухайн сайдыг ажлаа чин сэтгэлээсээ хийх боломжийг хаагдуулахгүй гэж үү.

Муугаар бодоход У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эсэргүүцэж, муухай харагдуулахын тулд өөрийн салбарынхаа сайн ажлыг унагахгүй гэх баталгаа байхгүй. Тэгээд ч төрийн өмчийн их сургуулиудын захирлын томилгооноос эхлээд ард олны эсэргүүцлийг хүлээсэн олон шийдвэр гаргаж байсан байж болох талтай. Ер нь өнөөдөр боловсролын салбар бүхэлдээ шүүмжлэлийн бай болоод байна. Харамсалтай нь Ц.Цогзолмаа сайдын боловсролын салбарт хийсэн ажлуудыг нь Засгын газраа эсэргүүцэх гэсэн оролдлого байжээ гэж ойлгохоос өөр арга алга.

Б.Гал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ