...
...

БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах шаардлагатай юу?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг өчигдөр /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа.

Иймд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй УИХ-ын гишүүдээс “Засгийн газрыг огцруулах шаардлагатай юу?” гэсэн асуултад хариулт авсан юм.


Сенсааци үүсгэж байгаад Засгийн газраа унагадгийг зогсоох ёстой

УИХ-ын гишүүн Н.Учрал: -Засгийн газрыг огцруулах гэж шүүхээр тогтоогдоогүй асуудлуудыг хөндсөн байсан. Нэг ёсондоо гадуур явж байгаа мэдээллийг өлгөж аваад Засгийн газрыг огцруулах үндэслэл болгоно гэдэг бол байж болшгүй зүйл. Ер нь цаашдаа нам нийлж, сэм хуйвалддаг, тэгээд хэвлэл мэдээллээр сенсааци үүсгэж байгаад Засгийн газрыг унагах ажлыг зохион байгуулдаг явдлыг зогсоох ёстой. Залуучууд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэх ёстой болж. Энэ байдал үргэлжлэх юм бол төр засаг, түмэн олны эрх ашгаар тоглодог байдал хэрээс хэтэрнэ.

Би үргэлж улс орныхоо эрх ашгийн төлөөх байр суурин дээрээ байна. Өвөл болж байна. Улаанбаатар хотод утааны асуудал яригдаж эхэллээ. Тэгэхэд өнөөдөр Засгийн газрыг огцруулах тухай ярьж байна. Дараа жил бүтээн байгуулалтын олон ажлууд төлөвлөсөн. Энэ ажлуудаа явуулмаар байхад нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэх үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс албан тушаалтай зууралдан байж зохион байгуулж байгаа нь зохимжтой биш.


Засаг огцрох шаардлагагүй. Тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдээх гэж байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Яг энэ цаг үед Монгол Улсын төр тогтвортой ажиллах ёстой. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандаж, Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого нь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм жишээ гадны маш олон улсад байдаг. Өнөөдөр монголчуудад хамгийн чухал байга зүйл бол төр засаг нь тогтвортой ажиллах явдал. Тийм учраас энэ Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй. Аливаа асуудалд бид ул суурьтай хандах ёстой. ЖДҮ-ийн асуудлыг шүүмжилж байна. Би ЖДҮ-ийн асуудлыг өмөөрөөгүй. ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг яригдаж байна. Гэтэл АСЕМ-ийн хэрэг 400 тэрбум, утааны асуудал 800 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой шүү! Цаашилбал, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой 2 тэрбум ам.долларын асуудал яригддаг!

Тэгэхээр нийгмийн анхаарлыг ЖДҮ гэдэг нэг цэг рүү хандуулж байгаад тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдэх гэж байна. Шударга ёсыг хэзээ ярих юм бэ? Энэ Засгийн газрын үед л бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг, нүүрсний хулгайн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, утааны асуудлыг, “Чингис”, “Самурай” бонд, Монголбанкинд мөнгө хэвлэсэн асуудлыг ярилаа. Энэ нь УИХ-ын гишүүдэд таалагдахгүй байх шиг байна. Таалагдахгүй байгаа учраас тараая гэж байна. Ийм байдал руу улс орныг түлхэн оруулж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна.


Ерөнхий сайд түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Засгийн газар огцрохыг шаардсан нь улайн цайм эрх ашиг харсан үйлдэл гэж үзэж байна. Энийг зөвхөн нэг нам доторхи асуудал гэж бодохгүй байгаа. Улс төрийн намууд хоорондоо хамтарсан эрх ашгийн бөөгнөрөл үүсгээд удаж байгаа. МАНАН гэж ярьдаг зүйл бодитой. Энэ парламентад 65 суудал авсан нь тооцоонд байгаагүй залуусыг шинээр гаргаж ирсэн. Тиймээс залуус үүргээ ухамсарлах хэрэгтэй. Урьд нь 20 хүн дээр уул уурхайн компаниуд бооцоо тавьдаг, дараа нь өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад ашигладаг байсан. Энэ тогтолцооноос гарах ёстой. Нам хамтын үнэт зүйл дээр явах ёстой. Монголд парламентат ёс байх уу, үгүй юу гэдэг том асуудал үүсч байна. Тийм учраас Ерөнхий сайд түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа гэж би үзэж байна.

М.Бүүвэй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ